Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00757

 

М- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 206 дугаар магадлалтай

М- нэхэмжлэлтэй

“Ф” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр, алданги 5 909 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч Д.Уранчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Ф” ХХК нь тус ордны 215 тоот өрөөг конторын зориулалтаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сард 1 003 200 төгрөгийн төлбөртэйгөөр, төлбөрийг улирал бүрийн эхний сарын 10-ны дотор бөөнд нь төлж байх нөхцөлтэйгөөр Байрны түрээсийн гэрээг байгуулж түрээслэсэн юм. Уг гэрээний 5.2 дахь заалтаар 5.1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд тооцож алданги төлүүлэхээр тохиролцсон.

Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 1 сард гэрээг сунгаж нэг cap нэмж түрээсийн өрөөг эзэмшүүлсэн. Хариуцагч нь 2016 оны 3, 4 дүгээр улирлын төлбөрөө 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөлгүй 8 936 480 төгрөгийн хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болон 2017 оны 1 сарын төлбөр болох 1 003 200 төгрөгөө мөн оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хугацаанд нь төлөлгүй нийт 9 939 680 төгрөгийн өр үүсгэсэн байсныг ордны санхүү арга хэмжээ авч, эд зүйлсийг нь борлуулж өгөн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөгийн өрийг нь барагдуулснаас хойш одоог хүртэл 3 939 680 төгрөг төлөгдөлгүй үлдсэн.

Иймд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүн 9 939 680 төгрөг боловч төлбөр төлөгдөх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 939 680 төгрөг гэж багасган тооцож, мөн Иргэний хуулийн зохих заалтыг үндэслэн энэхүү төлөгдөөгүй төлбөрийн тавин хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож, нийт 5 909 520 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ф” ХХК нь 2015 онд М- Спорт цогцолборын 2 давхарт 215 тоот 38 м.кв 2 өрөөг сарын 1 103 520 төгрөг төлөхөөр эзэмшиж, ашигласан. Тус компани нь шинээр ажлын байр бий болсонтой холбогдуулж захирлын өрөөний тавилгыг Говь хангай мебель дэлгүүрээс худалдаж авсан. Мөн БНХАУ руу явж үүдний өрөөний ком тавилга, даргын арьсан сандал зэргийг тус тус худалдан авч тохижилт хийсэн. Ингээд түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин 1 жилээр үргэлжлүүлэн сунгасан юм.

М- зүгээс Олон улсын хүүхдийн шатрын тэмцээн зохион байгуулагдахтай холбогдуулан Спорт цогцолборт иж бүрэн засварын ажлыг 2016 оны 1 дүгээр улиралд эхлүүлж, энэ нь ямар ч орц гарцгүйгээр бизнесийн үйл ажиллагааг тодорхой 1-3 сарын хугацаанд явуулах боломжгүй болгосон, дээр нь бизнесийн хэвийн ажиллагааг алдагдуулж эхэлсэн. Спорт цогцолборт гадны түрээслэгчдээс ганцхан манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан ба дээрх засварын ажлаа бидэнд учирлаж хэлсэн ч, энэ хугацааны түрээсийн төлбөрийг авахгүй байх боломжтой байсан ч олон удаагийн уулзалт, гуйлт, хүсэлтийн улмаас 20 хувийн хөнгөлөлт үзүүлсэн юм.

Манай байгууллага худалдааны алдагдлаас болж түрээсийн өрний хуримтлалд орж, улмаар ажлын байраа хүлээлгэж өгсөн ба түрээсийн өрийг яаралтай төлөх шахалт их байсан тул дараагийн түрээслэгчтэй нь би өөрийн биеэр уулзаж, 2 өрөөний тавилгыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур, өөрт маш их алдагдалтайгаар зарахаар тохиролцож, 6 000 000 төгрөгийг тушаалгасан. Түүнээс М- зүгээс миний тавилгыг зарж борлуулж өгсөн асуудал байхгүй.

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэлээн багассан боловч энэ төлбөрийг төлж барагдуулах нөхцөл байдал үүсэхгүй өдийг хүрлээ. Учир нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ээжийгээ Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгүүлэн онош тодорхойлуулахаар хэвтүүлсэн боловч тэр өдрөө яаралтай хагалгаанд оруулан, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ээж минь нас барж Сонгдо эмнэлгийн зүгээс 15 сая төгрөгийн төлбөр тооцооны асуудал гарч ирсэн юм. Ийм учир шалтгаантайгаар түрээсийн үлдэгдэл 3 939 680 төгрөгийг төлж чадахгүй өнөөдрийг хүрлээ.

М нь бизнесийн байгууллага биш, хөдөлмөрч нийт олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бидний байгууллага гэж би хувьдаа ойлгодог. “Ф” ХХК-ийн үйл ажиллагаа одоо зогсонги байгаа ба М- нь нэхэмжлэлдээ алданги гаргуулахаар тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй, дээр нь төлөх ямар ч боломжгүй байна. 2017 оны 1 сарын төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “Ф” ХХК-иас 5 909 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М-оос 2017 оны 10 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф” ХХК-иас 109 502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 206 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 027 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 206 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус компани 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2 936 480 төгрөг үлдсэн. Ажлын байрыг цаашид үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтийг М- хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өмнөх гэрээг сунгаагүй. 2017 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээ бичгээр хийгдээгүй байхад 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 003 200 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээ хийгээгүй хугацааны төлбөрөөс алданги бодсоныг эс зөвшөөрч, мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж байгаад гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М- нь хариуцагч “Ф” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нийт 5 909 250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Байрны түрээсийн гэрээ” байгуулагдсан, тус гэрээгээр түрээслүүлэгч М- нь тус ордны 215 тоот өрөөг конторын зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар, түрээслэгч “Ф” ХХК нь түрээсийн төлбөрт сард 1 003 200 төгрөгийг улирлаар төлөх ба төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.3%-иар бодож алданги төлөхөөр тохирч, гэрээг нэг жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байна.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

Гэрээний хугацаа дуусахад түрээслэгч гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгах хүсэлт гаргасан, түрээслүүлэгч түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүйг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд түрээслэгч нь 2017 оны 02 дугаар сард түрээслэсэн өрөөг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Түрээсийн төлбөрт 3 939 680 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигчид маргаагүй, харин гэрээний сунгалтын гэрээг бичгээр байгуулаагүй үндэслэлээр хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийг, мөн алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлсон боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарны 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны гэрээг бичгээр байгуулсан бөгөөд түрээслэгч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр түрээслүүлэгч үлдэгдэл төлбөрт алданги тооцсон нь буруу биш байна.

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д “эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэсэн тул гэрээний хугацаа дууссан боловч түрээслэгч түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүйг түрээслүүлэгч зөвшөөрч байсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Энэ тохиолдолд түрээсэлсэн эд хөрөнгийн үнийг өмнөх гэрээнд тохирсноор төлөх үүрэг түрээслэгчид хэвээр хадгалагдана. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш түлхүүрийг хүлээлгэн өгөх хүртэлх нэг сарын түрээсийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Харин түрээсийн гэрээг сунгасан тухай гэрээг бичгээр үйлдээгүй тул гэрээний хугацаа дууссанаас хойших төлбөрт алданги тооцогдохгүй. 

Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр 3 939 680 төгрөг, энэ төлбөрт ногдох алданги /3 939 680 :2 / 1 969 840  төгрөг, нийт /3 939 680 +1 969 840/ 5 909 520 төгрөгөөс 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 003 200 төгрөгт ногдох алданги болох 501 600 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй тул хасч /5 909 520 – 501 600/ 5 407 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 206 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02865 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5 909 520 төгрөгийг...” гэснийг “...5 407 920 төгрөгийг...” гэж, 2 дахь заалтын “...109 502 төгрөгийг...” гэснийг “...101 477 төгрөгийг..” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч Д.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 027 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД