Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 37

 

                                                           Д.Х-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ч.Батбаярын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 56 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Х-т холбогдох эрүүгийн 201725010666 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овогт Д.Х-, 1960 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух,

            -  Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, үүнээс 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 3 жилийн хорих ялыг биеэр эдлүүлсэн,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1977 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 178 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Барилгын цэргийн тусгай шүүхийн 1982 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 151 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1984 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил нутаг заан суулгаж, 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 73 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйл, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 54 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             -  Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 346 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            -  Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдон, 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 жил 11 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоныг хүчингүй болгосон,

            - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан /РД: /,

            Д.Х- нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 83 дугаар гудамжны 2402 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзаяагийн гэрээс “Acer” загварын иж бүрэн компьютерийг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 2 дугаар гудамжны 43 тоотод оршин суух иргэн Ш.Баярмаагийн гэрээс монетон гинж, “Samsung S-2” загварын гар утас, пүүз, архи, аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж, 641.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Х-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Х-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Д.Х-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Х-ийн цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Д.Х-т урьд авсан цагдан хорих цагдан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ч.Батбаяр тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

            1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...эд хөрөнгийн хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

            Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байхад шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

            2. Д.Х- урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэн хянан харгалзагдсан байхдаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байхад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх нийт ялыг тогтоолгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан.

            Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1” гэж бичсэн нь хуулийн зүйл, заалт бичиглэлийн хувьд алдаатай болсон.   

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

            Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлж, шүүгдэгч Д.Х-т оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Энэ нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Х-ийг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлснаас хохирогч Б.Мөнхзаяад 480.000 төгрөгийн, хохирогч Ш.Баярмаад 641.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн, Д.Х-ийн үйлдсэн гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ” хэмээн дүгнэж шийдвэрлэхдээ Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “давтан үйлдэл” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халсан талаар дүгнэлт хийсэн атлаа “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Х-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчлөхдөө тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хэрхэн хөнгөрсөн, эсхүл эрх зүйн байдал нь хэрхэн дээрдсэн талаар тодорхой хууль зүйн дүгнэлтийг хийлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2. Хэргийн материалд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гарын хээний нэгдсэн папилон сангийн бүртгэл мэдээлэл /хх-ийн 82-85/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51/ зэргээс үзэхэд Д.Х- урьд нь 12 удаа ял шийтгүүлсэн талаар тусгагджээ. Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсгүүдэд түүний урьд ял шийтгүүлсэн тухай мэдээллийг бүрэн гүйцэд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлагад тус тус нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-т ял шийтгэл оногдуулахдаа, түүний хулгайн үйлдэл дээрээ баригдаж, алдагдсан эд зүйлсийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн байхад учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэмээн хөнгөрүүлсэн, мөн урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Мөн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж оногдуулахаар хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Д.Х- нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байхдаа 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, ял шийтгэл оногдуулахдаа түүний хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд прокурор Ч.Батбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Д.Х-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.