Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00211

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2101 дүгээр магадлалтай,

Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Гадаад харилцааны яаманд холбогдох

Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Гадаад хэргийн яам нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, cap, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ." гэж заасан бөгөөд Япон Улсын иргэн Нишино Ёошимасагийн гэрийн хаягийг дурдаагүй, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй байна. Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон Улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортад үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Нишино Ёошимасагийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна. Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй, Япон Улсын иргэн Монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын итгэмжлэлийг эх хэл дээрээ үйлдэж, түүнийг албан ёсны орчуулгаар орчуулж, нотариатын үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Иймд Япон Улсын иргэн Нишино Ёошимасагийн Б.Оюу-Эрдэнэд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэгийн тайлбарт: Иргэн Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай, өөрийн овог нэр, бусад мэдээллийг дурдсан байхад хангалттай. Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй. Мөн Токио хотод суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар нь Гадаад харилцааны яамны Консулын Газарт ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цахим шууданд "Япон Улсын иргэдэд иргэний үнэмлэх гэж байдаггүй. Ургийн бичиг, жолооны үнэмлэх, гадаад паспорт нь үндсэн баримт бичиг болдог. Хүн бүрт жолооны үнэмлэх, гадаад паспорт тэр бүр байдаггүй тул Элчин сайдын яам аль байгаа баримт бичгийг үндэслэдэг" гэж бичсэн нь заавал иргэний үнэмлэх гэж Монгол Улсын хуулиар дурдсан баримт бичиг байхыг шаарддаггүйг нотолж байна. Хувь хүнээс хувь хүнд олгож байгаа итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.3, 64.2.4, 64.2.5-д заасан хүчин төгөлдөр байхад шаардлагатай, хуулийн шаардлагыг хангасан байна. Элчин сайд н.Хүрэлбаатарын ирүүлсэн өмнөх 2 итгэмжлэлийн тухай дурдсан цахим шууданд тухайн иргэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 10 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг тус тус өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж хийлгэсэн тухай дурдсан бөгөөд үүнийг дээрх 2 итгэмжлэлийг олгох үед хийгдсэн орчуулга, мөн 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Нишино Ёошимасагийн гаргасан "итгэмжлэлийг дэмжин зөвшөөрөх тухай" тодорхойлолт, уг баримт бичигт зурсан гарын үсэг зэрэг нь нотолж байна. Гадаад паспортыг заавал ард нь хуулбарлах хуулийн шаардлага байхгүй, тусад нь баталсан ч тухайн баримт бичиг хүчинтэй байна, үүнийг нотариатын үүрэг гүйцэтгэж буй Консулын ажилтан, Элчин сайд зэрэг эрх бүхий ажилтнууд бүгд нотолж байна. "Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна" гэж өөрийн бодлыг нэхэмжлэлд дурдсан, үүнийг батлах ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэн Нишино Ёошимаса дээрх 3 итгэмжлэлийг олгож байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан, итгэмжлэл олгогдох бүрт орчуулга хийгдэж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Нотариатын тухай хуулийн 9.1-д заасны дагуу "Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь Монгол хэл байна" гэж хуульчилсан. Мөн 9.2-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг Монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно" гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.3, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Япон Улсын иргэн Нишино Ёошимаса /Nishino Yoshimasa/-raac Монгол Улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд 2016 оны 06 сарын 09-ний өдөр, 2016 оны 10 сарын 25-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдын яамны Консулын хэлтсийн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, үлдэх 2016 оны 10 сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаад хэргийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжмд 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2101 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2101 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч Б.Г-ийн субьектив эрх зөрчигдөөгүй байна” гэжээ. Гэтэл уг итгэмжлэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэгчээр Нишино Ёошимаса, хариуцагчаар Б.Г- оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.Г-өөс их хэмжээний мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөөлөх эрх хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байхад иргэний хэрэг үүсгэсэн ажиллагаанд хариуцагчаар Б.Г- оролцож байгаа нь түүний эрх ашиг зайлшгүй хөндөгдөж байгааг нотлох баримт гэж үзэж байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэгт “...Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, Монгол хэл мэддэггүй эсхүл хараагүй бол орчуулагч/хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх уйлдлийн утга агуулга, хууль зуйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зуйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасан байдаг. Гэтэл гадаад улсын иргэн итгэмжлэл батлуулж байхад тэмдэглэл үйлдээгүй байдаг ба хэрэгт уг итгэмжлэлийг олгохдоо тэмдэглэл үйлдсэн баримт авагдаагүй. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл болон итгэмжлэлийг дэмжин зөвшөөрөх тухай албан бичиг нь бүгд Монгол хэл дээр үйлдэгдсэн байхын зэрэгцээ ямар нэгэн орчуулга болон орчуулагч оролцуулсан тэмдэглэл байхгүй байгаа юм. Монгол Улсын консулын дүрмийн 12.1-д “Консул нь нотариатын тухай Монгол Улсын хууль, эрх бухий байгууллагаас баталсан нотариатын уйлдэл эрхлэн хийх зааврыг удирдлага болгон нотариатын уйлдэл хийнэ” гэж заасан байдаг. Нотариатын тухай хуулийн 31.3-т зааснаар нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж үйлдсэн байх тул нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2016.06.09-ний өдрийн болон 2016.10.25-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, Япон Улсын иргэн Нишино Ёошимасагаас Болдын Оюун-эрдэнэд 2016.06.09, 2016.10.25, 2016.10.06-ны өдрүүдэд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Гадаад хэргийн яаманд холбогдуулан Япон Улсын иргэн Нишино Ёошимаса / Nishino Yoshimasa/-гаас Монгол Улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд олгосон 2016 оны 06 сарын 09-ний өдөр, 2016 оны 10 сарын 06-ны өдөр, 2016 оны 10 сарын 25-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж байна.

Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь 2016 оны 06 сарын 09-ний өдөр, 2016 оны 10 сарын 06-ны өдөр, 2016 оны 10 сарын 25-ны өдөр Япон Улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол Улсын иргэн Болдын Оюу-Эрдэнэд тус тус олгосон итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан эрхийн дагуу гэрчилж, нотариатын үйлдэл хийжээ.

Дээрх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэгч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тухайн эрхийн эзэмшигч өөрөө эсхүл эрх эзэмшигчийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон этгээдийн гаргасан нэхэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан журмын дагуу иргэний хэрэг үүсгэнэ.

Япон Улсын иргэн Нишино Ёошимасагаас Монгол Улсын иргэн Б.Оюу-Эрдэнэд 3 удаа олгосон итгэмжлэлийн зорилго нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлэх тухай шүүхэд хандсан агуулгатай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхээр олгосон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд нь өөрийгөө төлөөлүүлэхээр бусдад олгосон итгэмжлэл нь нэхэмжлэгч Б.Г-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.  

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Г-ийн субьектив эрх зөрчигдөөгүй, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалт тогтоох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг тусгайлан зохицуулсан хууль байхад давж заалдах шатны шүүх тухайн хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2101 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т” гэснийг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-т” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Б.Г-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН