Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2101

 

 

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/02101

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдох,

 

Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Г, А.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаад хэргийн яам нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, cap, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ." гэж заасан бөгөөд Япон Улсын иргэн Н.Ё-гийн гэрийн хаягийг дурдаагүй, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл төлөөлүүлэгчийн гарын үсэг илт зөрүүтэй байна.

Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон Улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортад үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Н.Ё-гийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна.

Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй, Япон Улсын иргэн Монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын итгэмжлэлийг эх хэл дээрээ үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна

Иймд Япон Улсын иргэн Н.Ё-гийн Б.О-д 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай, өөрийн овог нэр, бусад мэдээллийг дурдсан байхад хангалттай. Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй.

Мөн Токио хотод суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар нь Гадаад харилцааны яамны Консулын Газарт ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цахим шууданд "Япон Улсын иргэдэд иргэний үнэмлэх гэж байдаггүй. Ургийн бичиг, жолооны үнэмлэх, гадаад паспорт нь үндсэн баримт бичиг болдог. Хүн бүрт жолооны үнэмлэх, гадаад паспорт тэр бүр байдаггүй тул Элчин сайдын яам аль байгаа баримт бичгийг үндэслэдэг" гэж бичсэн нь заавал иргэний үнэмлэх гэж Монгол Улсын хуулиар дурдсан баримт бичиг байхыг шаарддаггүйг нотолж байна.

Хувь хүнээс хувь хүнд олгож байгаа итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.3, 64.2.4, 64.2.5-д заасан хүчин төгөлдөр байхад шаардлагатай хуулийн шаардлагыг хангасан байна.

Элчин сайд н.Хүрэлбаатарын ирүүлсэн өмнөх 2 итгэмжлэлийн тухай дурдсан цахим шууданд тухайн иргэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 10 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг тус тус өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж хийлгэсэн тухай дурдсан бөгөөд үүнийг дээрх 2 итгэмжлэлийг олгох үед хийгдсэн орчуулга, мөн 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Ё-гийн гаргасан "итгэмжлэлийг дэмжин зөвшөөрөх тухай" тодорхойлолт, уг баримт бичигт зурсан гарын үсэг зэрэг нь нотолж байна. Гадаад паспортыг заавал ард нь хуулбарлах хуулийн шаардлага байхгүй, тусад нь баталсан ч тухайн баримт бичиг хүчинтэй байна, үүнийг нотариатын үүрэг гүйцэтгэж буй Консулын ажилтан, Элчин сайд зэрэг эрх бүхий ажилтнууд бүгд нотолж байна. "Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна" гэж өөрийн бодлыг нэхэмжлэлд дурдсан, үүнийг батлах ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иргэн Н.Ё- дээрх 3 итгэмжлэлийг олгож байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан, итгэмжлэл олгогдох бүрт орчуулга хийгдэж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу "Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь Монгол хэл байна" гэж хуульчилсан. Мөн 9.2-т "Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг ионгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно" гэж заасан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.3, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Япон Улсын иргэн Н.Ё- /N.Y/-гaac Монгол Улсын иргэн Б.О-д 2016 оны 06 сарын 09-ний өдөр, 2016 оны 10 сарын 25-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдын яамны Консулын хэлтсийн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, үлдэх 2016 оны 10 сарын 06-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаад хэргийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжмд 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан  гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Япон улсын иргэн Н.Ё-гийн Б.О-д 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон итгэмжлэл нь Монгол улсын Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг болон Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлийг тус тус зөрчсөн хэмээн үзэж байна.

Учир нь итгэмжлэлд төлөөлүүлэгч Н.Ё-гийн хаяг болон тодорхой мэдээлэл бичигдээгүй. Мөн итгэмжлэлд монгол хэл мэдэхгүй этгээд оролцож байгаа тохиолдолд орчуулагч оролцуулна. Ингэхдээ нотариатын үйлдэл хийхдээ заавал тэмдэглэл хөтлөнө гэсэн журмынхаа дагуу нотариатын үйлдлийг явуулаагүй байна. Тухайн ажиллагаанд орчуулагч оролцуулсан гэх баримт байхгүй байгаа нь Япон улсын иргэн Н.Ё- уг итгэмжлэлийн агуулга үр дагаварыг бүрэн ойлгосон эсэхэд эргэлзээ төрөх бүрэн үндэстэй байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийг бүхэлд нь нягталж шалгаагүйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Гадаад хэргийн яаманд холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Япон Улсын иргэн Н.Ё-гаас Б.О-д 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулахаар нэхэмжлэгч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тухайн эрхийн эзэмшигч өөрөө эсхүл эрх эзэмшигчийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон этгээдийн гаргасан нэхэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан журмын дагуу иргэний хэрэг үүсгэдэг.

 

Япон Улсын иргэн Н.Ё-гаас Монгол Улсын иргэн Б.О-д 3 удаа итгэмжлэл олгожээ.

 

Итгэмжлэлийн зорилго нь төлөөлүүлэгч нь хуулиар өөрт олгосон эрхийг төлөөлөгчид олгосон баримт баримт бичиг бөгөөд уг итгэмжлэлийг хүлээн авсан этгээд нь итгэмжлэлийн хүрээнд төлөөлүүлэгчээс олгосон эрх хэмжээг тодорхойлно. Иймд бичгээр олгосон итгэмжлэл нь хуульд нийцсэн байхыг шаардах юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлэх итгэмжлэл нь шүүхэд хандсан агуулгатай байх бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүх итгэмжлэлийн хүчинтэй байдлыг шалгах юм. Ийнхүү итгэмжлэлийг шалгах явцад уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлогдсон этгээд итгэмжлэлийн хүчинтэй байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэх нь нээлттэй.

 

Харин итгэмжлэлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох этгээд нь төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэлд өөрийн нэрийг дурдсан байдал түүний хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчиж болзошгүй гэх байдлаас хандаж итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалт тогтоох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Г-ийн субьектив эрх зөрчигдөөгүй, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА