Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0041/З |
Дугаар | 242 |
Огноо | 2018-04-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 242
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Т, шүүгч Д.Х нарын бүрэлдэхүүнтэй нэхэмжлэгч “М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д /итгэмжлэл хх 2-р хавтас х 64/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ц /гэрээ хх 2-р хавтас х 65/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /итгэмжлэл 3-р хавтас х 1/, Д.М /итгэмжлэл хх 2-р хавтас х 67/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А /итгэмжлэл хх 2-р хавтас х 149/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.О /гэрээ 1-р хавтас х 109/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М м” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга /хх 1-р хавтас х 1-2,77-78, 2-р хавтас х 42, 243/:
Манай компани 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хэц нэртэй талбайд /ХА-19..0-001Е, 267../ дугаартай өргөдөл гаргасныг хүлээн авч, 38 дугаарт манай өргөдөл бүртгэгдсэн болно.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрөл шинээр авах өргөдлийг зураг зүйн шүүлтэд тэнцэхгүй буюу улсын тусгай хамгаалалттай газартай хэсэгчлэн давхацсан гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авахаас татгалзсан талаар хариу өгсөн нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дүгээр заалтыг зөрчиж байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийж, улсын тусгай хамгаалалттай газартай 0,99 га хэмжээтэй давхацсан гэсэн байх хэдий ч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасны дагуу Геологи, уул уурхайн талбайн кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна /10 м/ гэснийг манай компани зөрчөөгүй болно.
Улмаар нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай дээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хууль бус захиргааны актыг үндэслэн яг энэ талбай дээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Ф” ХХК-д шинээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус талбайд гаргасан “М м” ХХК-ийн /ХАРИУЦАГЧ-1..50-001Е, 267../ өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”, мөн хуулийн 106.3.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэрийг тус тус гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хариу тайлбарын агуулга /хх 1-р хавтас 36-37, 80-81, 52/:
“М м” ХХК нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 10230.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.
Уг өргөдөл нь NE-0267.. өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14.15-14.30 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэлийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд тухайн талбай нь Улсын тусгай хамгаалалтад авсан “Б******* б*******” нэртэй газартай 0.99 га талбайгаар давхацсан болох нь тогтоогдсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт хүсэлтэд дурдсан талбай нь “...ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон...” талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан шаардлагыг нэхэмжлэгчийн гаргасан уг өргөдөл хангаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дугаартай шийдвэрээр “М м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
Энэ шийдвэрийн талаар мөн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8568 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэж биечлэн танилцуулсан боловч гардаж аваагүй тул түүний хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийсэн баримтад улсын тусгай хамгаалалтад авсан газартай 0.99 га хэмжээтэй давхацсан талаар дурдсан байгаагаас үзэхэд Кадастрын зураглал бу газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу Геологи, уул уурхайн талбайн кадастрын зураглалын нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй гэдгийг 10м гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасан нь ашигт малтмалын кадастрын зураглалаар нарийвчлал нь тухайн масштабын 1 метрт ногдох хэмжээнээс ихгүй байна гэж тайлбарлан зураг зүйн шүүлтэд хэрэглэдэг.
“М м” ХХК нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 10230.61 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 940 дугаартай шийдвэр гарахаас өмнө тухайн талбайтай хэсэгчлэн давхцуулан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ф” ХХК нь 14146,74 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч бүртгэж NE-0268.. дугаартай өргөдлийн дугаар олгосон.
Уг “Ф” ХХК-ийн NE-0268.. дугаартай өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу 5 өдөр бүртгэсэн бөгөөд мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу 1 өдөр уг өргөдлийг хянан шийдвэрлэж байх явцад “М м” ХХК-ийн Хариуцагч-019.../NE-267../ дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 940 дүгээр шийдвэр гарсан байна.
“Ф” ХХК-ийн /NE-26805 дугаартай өргөдөлд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.
“...Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Замт нэртэй 14146.74 га талбайд “Ф” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийг хүлээж авсны дараа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тухайн өргөдлийн материалд зураг зүйн шүүлт хийсэн байна. Ийнхүү шүүлт хийж үзэхэд тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.2-т заасан шаардлагыг хангаж байсан тул тухайн талбай байрших Дорноговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8953 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Дорноговь аймгийн Засаг даргаас дээрх мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.6-д тус тус заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай шийдвэрээр “Ф” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын ХҮ-019... дугаартай тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иймд “М м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга /хх 1-р хавтас х 50, 2-р хавтас х 81/:
“...53792.. регистрийн дугаартай, “Ф” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газарт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Замт нэртэй талбайд Х201510263311 тоот дугаартай өргөдөл гаргасан болно.
Энэ талбайн солбицол нь аливаа хуулиар хориглосон талбайтай давхцаагүй тул хариу шийдвэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6/445 тоот албан бичгээр манай компанид олгох болсон тухай албан ёсоор мэдэгдсэн юм. Иймд манай талбайтай холбогдуулан “М м” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч “М м” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсныг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, тус талбайд гаргасан “М м” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ /хх 1-р хавтас, х 26-27/.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ /хх 2-р хавтас 42/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус талбайд гаргасан “М м” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, мөн хуулийн 106.3.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ /хх 2-р хавтас х 243-244/.
2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 940 дүгээр шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар:
2.1.Хариуцагч захиргааны байгууллагын 2015 оны 940 дүгээр шийдвэр хуульд заасан шаардлага, журамд нийцсэн эсэх:
Нэхэмжлэгч “М м” ХХК нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хэц нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаар цахимаар ХА201510263221 дугаар /хх 1-р хавтас, х 7/-ыг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авчээ.
Өргөдлийн дугаарыг үндэслэн нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл өгснийг хариуцагч байгууллагаас хүлээн авч NE-0267.. өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэж, зураг зүйн шүүлт хийж, тодорхойлолт /хх 1-р хавтас, х 5-6/ үйлджээ.
Уг зураг зүйн шүүлт /хх 1-р хавтас, х 5/-ээр нэхэмжлэгч компанийн өргөдөлд дурдсан талбай нь “Б******* б*******” нэртэй Улсын тусгай хамгаалалттай газартай 0.99 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай гэж тодорхойлжээ.
Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэр /хх 1-р хавтас, х 45/-ээр “улсын тусгай хамгаалалттай газартай хэсэгчлэн давхцалтай” үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ.
Энэ шийдвэрийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8568 тоот албан бичиг /хх 1-р хавтас, х 4/-ээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ашигт малтмалын газарт гомдол гаргаж, уг өргөдлийн хариуг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/8908 тоот албан бичгээр “Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэр хууль үндэслэлтэй” гэсэн хариу /хх 1-р хавтас, х 15/-г хүлээн авч, улмаар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх 1-р хавтас, х 15-17/.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад бүртгэгдсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-т “анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээний ... талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийх”, 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;” 19.2.3-д ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хуулийн 19.1-д заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан хүсэлт дурдсан талбай нь ашигт малтмал эрх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ ... талбайтай хэсэгчлэн давхцсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай мэдэгдэхээр зохицуулжээ.
Дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу хариуцагч төрийн захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “М м” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөдлийг хүлээн авч, бүртгэж мөн өдөр өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийж, тодорхойлолт үйлдэх ажиллагааг хийжээ. Энэхүү анхан шатны шүүлтээр нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т “өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх” гэж заасан шаардлагыг хангаагүй буюу улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Б******* б*******” нэртэй газартай 0.99 га талбайгаар давхцалтай гэдгийг тогтоожээ.
Улмаар хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг хариуцагч байгууллагаас бичгээр мэдэгдсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан талбай нь тусгай хэрэгцээнд авсан талбайтай хэсэгчлэн давхцсан учир хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй үндэслэлээр зураг зүйн шүүлт хийсэн өдрөөс 3 өдрийн дараа маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр маргаан бүхий актыг бичгээр мэдэгдсэн гэдэг нь хавтас хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнээс үзэхэд маргаан бүхий Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Дүгнэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, хянан шийдвэрлэх, өргөдлийн талаар шийдвэр гаргах журмыг тусгайлан зохицуулсан заалтууд бөгөөд хариуцагчаас маргаан бүхий 2015 оны 940 дүгээр шийдвэрийг гаргахдаа энэ хуульд заасан өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах журмыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
2.2.Нэхэмжлэгчээс хариуцагч захиргаанаас гаргасан 2015 оны 940 дүгээр шийдвэрийг хуульд нийцээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй эсэх:
2.2.1.Маргаж буй давхцлын талаар:
Нэхэмжлэгчээс “өргөдөл гаргасан талбай нь давхцалгүй байхад давхцалтай болгосон 1:100000 масштабаар давхцалгүй, маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон зураг зүйн шүүлтийг хийхдээ нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т заасан “уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар кадастрын зургийг үйлдэх” шаардлагыг биелүүлээгүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэсэн шаардлагыг зөрчиж, зураг зүйн шүүлтийг буруу хийсэн, өмнө нь хариуцагч байгууллагаас зарим компанид бага хэмжээний давхцалтай гэж үзэн тусгай зөвшөөрөл олгож байсан үндэслэл манайд хамаарна, хэрэгт цугларсан баримтаар давхцлын хэмжээнүүд өөр өөр гарсан” гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн өргөдөлд тусгагдсан талбай нь улсын тусгай хамгаалалттай газар болох “Б******* б*******” хэмээх газартай 5-6-р цэгээр 3.2 км-ийн урт 2.8-3.3 метр өргөнтэй зурвас хэлбэрээр 0,99 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай гэдэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгүүд /хх 2-р хавтас х 47, 68, 182, 209, 3-р хавтас х 75/, тойм зураг /хх 2-р хавтас х 69, 183/ зэргээс тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн өргөдөлд тусгагдсан талбай нь улсын хамгаалалттай газар болох “Б******* б*******” хэмээх газартай 11177.7 м.кв талбайгаар хэсэгчлэн давхцалтай гэдэг нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1:1800 масштабтай зураг /хх 2-р хавтас х 236/-аар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өргөдөлд тусгагдсан талбай нь улсын хамгаалалттай газар болох “Б******* б*******” хэмээх газартай 5-6-р цэгийн хооронд өргөнөөрөө 3-4 м, уртаараа 3,2 км газарт 11378 м.кв буюу 1,1 га талбайгаар, хэсэгчлэн давхцалтай гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 1:1000 масштаб бүхий зураг /хх 3-р хавтас х 22-24/-аар тогтоогдож байна.
Дээр дурдсан хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээний “Б******* б*******” хэмээх газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг нь хариуцагч байгууллага болон зураг зүйн шүүлт хийх мэдээллийн санг ашиглан зураг зүйн шүүлт хийж, кадастрын зураг үйлддэг бусад мэргэжлийн 2 байгууллага / Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам/-аас ирүүлсэн лавлагаанаас тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчээс “өргөдөл гаргасан талбай нь давхцалгүй байхад давхцалтай болгосон” гэж маргаж байгаа нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т зааснаар өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг тавьсан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3-д хүсэлтэд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргагчид мэдэгдэхээр заасан. Өөрөөр хэлбэл, бага хэмжээгээр тусгай хамгаалалттай давхцсан нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болон давхцлын хэмжээнээс хамааран тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хуульд байхгүй байна. Хэрэв хариуцагч байгууллагаас хуулиар зохицуулаагүй нөхцөл, журмыг баримталж шийдвэр гаргавал энэ нь хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болох юм.
Иймд нэхэмжлэгч талаас “өмнө нь хариуцагч байгууллагаас зарим компанид бага хэмжээний давхцалтай гэж үзэн тусгай зөвшөөрөл олгож байсан үндэслэл манайд хамаарна, хэрэгт цугларсан баримтаар давхцалын хэмжээнүүд өөр өөр гарсан учир маргаан бүхий акт хуульд нийцээгүй” гэж маргаж байгаа үндэслэл хуульд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт цугларсан мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн тайлбараас “Ашигт малтмалын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Байгаль орчны яам нь ялгаатай программ хэрэглэдэг, давхцлын хэмжээ ялгаатай гарч байгаа нь таслалаас хойш оронгоор гаргаж байгаагаас шалтгаалж өөрчлөгдсөн зэрэг нь давхцлын хэмжээг нэгэн ижил хэмжээтэй байх боломжгүй гэдгийг харуулж байгаа бөгөөд энэхүү давхцлын хэмжээ ялгаатай байдал нь нэхэмжлэгчийн өргөдлийн талбай улсын тусгай хамгаалалттай “Б******* б*******” хэмээх газартай хэсэгчлэн давхцалтай нөхцөл байдлыг үгүйсгэх нөхцөл байдал биш гэдгийг мөн дурдах нь зүйтэй.
2.2.2.Зураг зүйн шүүлтийг кадастрын зураг үйлдэх шаардлагад нийцээгүй байдлаар үйлдсэн гэж нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийн талаар:
Маргаж буй үндэслэлийн хууль зүйн үндэслэлийг тодруулбал, Геодези, зураг зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “кадастрын зураг” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад шаардагдах дэвсгэр зураг зохиох, газрын зургийн мэдээллээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой хийсэн бусад зургийг ойлгох”-оор заажээ.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг; 3.1.2-д “кадастрын зураглал” гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг; 3.1.6-д ”тодруулалт” гэж газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагааг; 3.1.7-д “кадастрын зураглалын мэдээллийн сан” гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг ойлгохоор тус тус заажээ.
Цаашлаад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбилцлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргах”-аар, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад бүртгэгдсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”-ээр, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээний ... талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийх”-ээр тус тус заажээ.
Харин Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар үйлдэх”-ээр, 5.4.”Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж зохицуулжээ.
Нөгөө талаас маргааны үйл баримтаас маргаж буй үндэслэлийг тодруулбал, хариуцагч байгууллагаас гаргасан зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт /хх 1-р хавтас х 5/, уул уурхайн кадастрын программ буюу мэдээллийн санд шүүхээс хийсэн үзлэг /хх 1-р хавтас 145, 146/, хариуцагч талаас бичгээр “цахим систем болох ArcGis зургийн программын функц ашиглан солбицлын дагуу автоматаар давхцлыг шалгаж гаргадаг, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн W*******-84 солбицлын тогтолцоо болон UTM тусгагийг хэрэглэж, уул уурхайн компьютержсэн кадастрын системийг ашигладаг” /хх 3-р хавтас х 75/ гэсэн тайлбар, “програм хангамж автоматаар шууд шүүлт хийдэг, тус програм хангамж нь W*******-84, уул уурхайн компьютержсэн систем, ArcGis програм дээр суурилсан бөгөөд солбицлоор нь талбайгаа шалгадаг. Монгол хэлээр Уул уурхайн компьютерийн кадастрын систем программд солбицлоо үүсгээд улмаар автоматаар давхцал шалгаад гаргадаг” гэсэн тайлбарыг хариуцагч талын зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн /хх 3-р хавтас х 42/ гаргажээ. Мөн “...тусгай хамгаалалттай газрын кадастрын зургийн, байр зүйн зургийн зэрэг бүх төрлийн газрын зургийн мэдээлэлийн сан нь газар дээрх бодит хэмжээгээрээ буюу солбицлоороо дүрслэгдсэн байдаг. Иймд мэдээллийн сангаас шүүлт хийхэд масштаб хамаарахгүй бөгөөд масштаб хэд байхаас хамааран давхцлын талбайн хэмжээ ялгаатай байна гэсэн ойлголт огт байдаггүй, харин тухайн зургийг хэвлэх үед масштабыг хэрэглэдэг.” гэсэн тайлбарыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас /хх 3-р хавтас х 15/, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******гээс “хэргийн материалд хавсаргасан баримт зөвхөн өргөдөлд бүртгэж авахад хэрэгтэй масштабын тойм зураг буюу өргөдлийн бүрдэл материалд хэрэгтэй зураг байгаа. Энэ зургийг харж зураг зүйн шүүлт хийхгүй.” гэсэн тайлбар /хх 2-р хавтас х 126/-ыг тус тус гаргажээ.
Дээрх хуулийн заалтууд болон бодит нөхцөл байдлуудаас дүгнэхэд, хариуцагч байгууллагаас өргөдлийн талбайд анхан шатны шүүлт /зураг зүйн шүүлт/ хийж байгаа ажиллагаа нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.4-д заасан кадастрын зураг үйлдэх ажиллагаа биш харин уул уурхайн компьютержсэн кадастрын систем /программ/ дээр хийгдэж байгаа ArcGis зургийн программын функц, W*******-84 солбицлын тогтолцоо болон UTM тусгагийг ашиглан өргөдлийн талбайн солбицлын дагуу автоматаар бусад газартай өргөдлийн талбай давхцаж байгаа эсэхийг шалган тогтоож, тодорхойлдог үйл ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын кадастрын цахим систем буюу мэдээллийн санд өргөдлийн талбайн байр зүйн болон солбицлын мэдээллийг оруулахад уг мэдээллийн сан нь өөрийн мэдээлэлд байгаа бусад газруудын солбицлын мэдээлэлтэй тулган автоматаар хайлт хийн давхцлыг илрүүлэн гаргадаг цахим програмд суурилсан компьютержсэн шүүлт хийх ажиллагаа байна.
Маргааны тохиолдлын хувьд тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс өргөдлийн талбайн кадастрын зураг /1:137,220 масштабтай/ өргөдөлдөө хавсарган өгсөн. Уг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зураг болон өргөдөлдөө дурдсан солбицлуудыг үндэслэн хариуцагч байгууллагаас өөрийн байгууллагын компьютержсэн кадастрын программд хийж, уг программ нь автоматаар бусад талбайтай давхцалтай эсэхийг шалган “Б******* б*******” нэртэй тусгай хамгаалалттай талбайтай 0,99 га-гаар давхцаж байгаа талаар тогтоосон. Үүнийг үндэслэн зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт үйлдсэн, уг шүүлтийг үндэслэн хариуцагч байгууллагаас өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Хариуцагчаас зураг зүйн шүүлт хийх ажиллагаанд аливаа төрлийн зураг үйлдээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж байгаа этгээд кадастрын зураг гаргах үйлдэх үүрэгтэй байгаа харин хариуцагч байгууллагыг анхан шатны шүүлт хийхдээ кадастрын зураг үйлдэх талаар зохицуулалт байхгүй байна.
Үүний учир нэхэмжлэгч талаас “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т заасан “уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар кадастрын зургийг үйлдэх” шаардлагыг биелүүлээгүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэсэн шаардлагыг зөрчиж зураг зүйн шүүлтийг буруу хийсэн,” гэж хариуцагчийн зураг зүйн шүүлт хийсэн ажиллагааг буруутган маргаж байгаа нь хууль зүйн болон бодит нөхцөл байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
2.2.3.Нэхэмлэгчийн маргаж буй масштабын талаар:
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т “Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар үйлдэх”-ээр, 5.4 “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж зохицуулжээ.
Харин хавтас хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийн өргөдөлд тусгагдсан талбай нь улсын хамгаалалттай газар болох “Б******* б*******” хэмээх газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн 1:137,220 масштаб бүхий кадастрын зураг /хх 1-р хавтас х 13, 2-р хавтас х 49/, 1:273,936 масштаб бүхий тойм зураг /хх 1-р хавтас х 100/, 1:1,185 маштаб бүхий тойм зураг /хх 2-р хавтас х 48/, 1:100 масштаб бүхий тойм зураг /хх 2-р хавтас х 69, 183/, 1:100000 масштаб бүхий тойм зураг /хх 2-р хавтас 210/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1:1800 масштабтай зураг /хх 2-р хавтас х 236/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 1:1000 масштаб бүхий зураг /хх 3-р хавтас х 22-24/ зэргээр тогтоогдож байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас “Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлд бүртгэгдсэн шинээр тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.4-т хуульчлагдсан ажиллагааг явуулж хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай эсэхэд УУККСистемийн мэдээллийн баазад тулгуурлан 1:100 (1 см=1м) масштаб хүртэл шүүлт хийдэг.” гэсэн тайлбар /хх 2-р хавтас х 47, 68/-ыг: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Масштаб гэж “Газрын гадаргын хотгор гүдгэр ба түүн дээр байгаа биет юмсыг газрын зураг ба агаарын зураг дээр тодорхой хэмжээгээр жижигрүүлж дүрсэлснийг илтгэх” хэмээн тодорхойлсон байдаг. Иймд дээр дурдсан 11177.7 м.кв талбайтай давхцал нь зургийг томруулахад харагдан, жижигрүүлэхэд харагдахгүй болж байна. Өөрөөр хэлбэл, тухайн давхцал нь жижигрүүлэхээр давхцалгүй болж байгаа хэрэг бус харин харагдахгүй болж байна.” гэсэн тайлбар /хх 2-р хавтас х 234, 235/, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “...тусгай хамгаалалттай газрын кадастрын зургийн, байр зүйн зургийн зэрэг бүх төрлийн газрын зургийн мэдээллийн сан нь газар дээрх бодит хэмжээгээрээ буюу солбицлоороо дүрслэгдсэн байдаг. Иймд мэдээллийн сангаас шүүлт хийхэд масштаб хамаарахгүй бөгөөд масштаб хэд байхаас хамааран давхцлын талбайн хэмжээ ялгаатай байна гэсэн ойлголт огт байдаггүй харин тухайн зургийг хэвлэх үед масштаб хэрэглэгддэг.” гэсэн тайлбар /хх 3-р хавтас 15/-ыг тус тус ирүүлжээ.
Дээр дурдсан Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн заалтууд болон хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлаас дүгнэхэд хуулийн шаардлага нь кадастрын зураг үйлдэх нөхцөлд масштабын хэмжээсийн шаардлагыг тавихаар заасан, хариуцагч байгууллагын ашигладаг уул уурхайн мэдээллийн сангаас зураг зүйн шүүлт хийхэд 1:100 (1 см=1м) масштаб хүртэл шүүлт хийдэг, мэдээллийн санд зураг зүйн шүүлт хийхэд масштаб хамаарахгүй бөгөөд масштаб хэд байхаас буюу масштаб өөрчлөгдхөөс шалтгаалж давхцлын талбайн хэмжээ өөрчлөгддөггүй, масштабыг кадастрын зургийг хэвлэх үед хэрэглэдэг байна.
Үүнээс үзэхэд кадастрын зураг хэвлэх, үйлдэх нөхцөлд тавигддаг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5.3.2-т “Кадастрын зургийг уул уурхайн талбайд 1:100000-аас багагүй масштабаар үйлдэх”, 5.4.”Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэх шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр кадастрын зураг хэвлээгүй, үйлдээгүй харин программ дээр зураг зүйн шүүлт хийсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай нь “тусгай хамгаалалттай талбайтай хэсэгчлэн давхцалтай” гэсэн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан олон төрлийн хэмжээстэй масштабаар үйлдэгдсэн кадастрын тойм зургууд үгүйсгээгүй гэдгийг дардах нь зүйтэй.
3.Гуравдагч этгээд компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Гуравдагч этгээд “Ф” ХХК нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Замт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаар цахимаар Х201510263311 дугаарыг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу нэхэмжлэгч компанитай нэг өдөр авсан гэдэг нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн цахим өргөдлийн хуулбар /хх 1-р хавтас, х 7, 55/-ыг харьцуулахад тогтоогдож байна.
Харин гуравдагч этгээдийн өргөдлийг хариуцагчаас хүлээн авах өдөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу нэхэмжлэгчийн өргөдөл хүлээн авах өдрөөс 3 өдрийн дараа байсан нь мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн цахим өргөдлийн хуулбар /хх 1-р хавтас, х 7, 55/-ыг харьцуулахад тогтоогдож байна.
Гуравдагч этгээд өргөдлөө хүлээлгэн өгөх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 940 дүгээр шийдвэрийг хариуцагчаас гаргасан гэдэг нь тогтоогдов /хх 1-р хавтас х 55, 65, 91/.
Гуравдагч этгээд компанийн өргөдлийн дагуу хариуцагч байгууллагаас зураг зүйн шүүлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийж /хх 1-р хавтас, х 64/, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлж /хх 1-р хавтас 63/, Дорноговь аймгийн Засаг даргаас дээрх мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6-д тус тус заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай шийдвэр /хх 1-р хавтас, х 82/-ээр “Ф” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын ХҮ-019... дугаартай тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус компанид мэдэгджээ /хх 1-р хавтас, 62/.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваад бүртгэгдсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 19.1.4-т анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ. Цаашлаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хуулийн 19.1-д заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэхээр, 19.3-д Энэ хуулийн 19.2.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр, 19.4-д аймгийн Засаг даргын саналыг 30 хоногийн дотор авахаар, энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзэхээр, 19.6-д аймгийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар тус тус зохицуулжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, хянан шийдвэрлэх, өргөдлийн талаар шийдвэр гаргах журмыг тусгайлан зохицуулсан заалтууд байна.
Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, бүртгэн, өргөдлийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа дээр дурдсан хуульд заасан Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийг хүлээн авч бүртгэх, хянан шийдвэрлэх, өргөдлийн талаар шийдвэр гаргах тусгайлан зохицуулсан журмыг зөрчсөн бөгөөд хууль бус шийдвэр гаргасан байдал тогтоогдохгүй байна.
Дүгнэхэд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын нэхэмжлэгч “М м” ХХК-ийн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэр, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд “Ф” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Энэхүү шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ, ТОГТООХ” хэсэгт баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд нь тус хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх хуулийн заалтууд гэдгийг дурдах нь зүйтэй.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.4, 19.6, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м” ХХК-ийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 940 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, тус талбайд гаргасан “М м” ХХК-ийн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах, мөн хуулийн 106.3.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.С
ШҮҮГЧ С.Т
ШҮҮГЧ Д.Х