Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

Н.Ц, Д.Онарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор                                                                   Г.Энхмаа, М.Гансувд

            Шүүгдэгч                                                           Д.Очирхүү,

           Шүүгдэгч Д.О-нөмгөөлөгч               Э.Ганбат,

           Шүүгдэгч Н.Ц-нөмгөөлөгч      Ж.Тэгшмандал, Г.Тунгалаг,      

           Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Л.Отгонхүү

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Д.Дамдинсүрэн

              Нарийн бичгийн дарга                                       А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2017 оны 10 сарын 13-ний өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Н.Ц, Д.О нарт холбогдох 201219000567 дугаартай 9 хавтас 2004 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 сарын 27-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Алтандорнод хороололд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Н.Ц/РД: ГВ66020214/

 

            Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цэргийн техникийн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 73-03-05 тоотод оршин суух Д.О. /РД: ХИ68032316/

 

              Шүүгдэгч Н.Цнь 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж Э.Октябрийн цээжин тус газарт нь хутгалж шууд санаатай алсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Д.Онь согтуугаар 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08- нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт иргэн Н.Цэрэнпэлжээг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн 311 дугаар шүүхийн тогтоолоор:  Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ц-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүнийг алах” болгон өөрчилж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цэрэнпэлжээг “хохирогчтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хутгалж шууд санаатай хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Ц-г цагаатгаж,

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 20121900567 дугаартай хэргийг /эд мөрийн баримтын хамт/ хэрэг бүртгэлтэнд буцааж,

              Н.Цэрэнпэлжээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

              Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

             Энэ хэрэгт Н.Цнь 974 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

             Шинэчлэн найруулсан 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Д.О-г2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

             Шүүгдэгч Д.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

              Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

              Д.Онь 241 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

              Хохирогч Н.Ц нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

             Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

            Шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ц, Д.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч  шийдвэрлэжээ.

 

             Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “ ...Н.Ц нь 2012 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.Октъябрь нарын хамтаар Э.Октъябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, Э.Октъябрийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон байна. Төв Аймгийн прокурорын газраас Н.Ц-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд хянан хэлэлцээд,

"...яллах дүгнэлтэнд тусгагдсан яллах талын нотлох баримт болох:

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаартай акт, дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмчийн мэдүүлэг, давтан шинжээчийн дүгнэлт зэрэг нь амь хохирогчийг гадны нөлөөтэй цээжний зүүн урд зүүн хэсгээр цээжний хөндийг нэвтэрч, зүүн уушгины дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хохирогчийг амьд ахуй үед нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл ба цээжний хөндийд нэвтэрч улмаар зүүн уушгиний дээд дэлбэнг гэмтээж хатгагдсан шарх гэмтлийн улмаас хурцаар цус алдаж нас барсан гэмт хэрэг гарсныг,

-2012 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл, Д.О-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд нь хэрэг учрал гарсныг сэргээх. хэрэг учрал гарах үед Д.О-г хэрэг учрал гарах үед 99075376 дугаар луу дуудлага хийсэн дээрх дугаараас дуудлага авсан нийт 99075376 дугаарын утас буюу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн утас руу 11 удаа холбогдож ярьсныг,

-гэрч Б.Шаравдоржийн мэдүүлэг нь амь хохирогч, шүүгдэгч Д.Очирхүү, Н.Цнар хамт архи уугаад 2012 оны 07-ны 20.30 минутын орчим Д.Очирхүү, Н.Цэрэнпэлжээ, Октъябрь нар нь 3-лаа хамт салж явсан, явахдаа хоорондоо маргалдаагүй талаар,

-гэрч Н.Энхжаргал, Ц.Оюунчимэг, Э.Мөнхтулга, Ч.Өлзийбаяр, А.Алтанжолоо, Д.Тарважамц. Ү.Саранчимэг нарын мэдүүлгүүд нь хэрэг учрал гарсны дараах үйл баримтын талаар.

-яллах дүгнэлтэнд тусгагдсан яллах талын нотлох баримт болох шинжээчийн 142, 692. 505. 2901, 1241 дугаар дүгнэлтүүд нь амь хохирогчийн биед ямар гэмтэл учирсан болох, түүний амь насыг аврах боломжтой байсан эсэх, уг гэмтлийг аваад үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байсан эсэх, амь хохирогчийн хэрэг учрал гарах үед өмсөж явсан саарал өнгийн цамцанд үүссэн гэмтэл нь хурц ир үзүүртэй, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэнийг, мөн амь хохирогчийг хутгалсан байж болзошгүй гэх хутганд цус илэрсэн. энэ цус нь В/3 бүлгийн харъяалалтай хүний цус буюу амь хохирогчийн цус болохыг нотолсон баримт байх ба дээрх нотлох баримтуудаар Н.Цзрэнпэлжээ нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар шууд санаатай хутгалж алсан гэх үйл баримтыг нотлоогүй байна гэжээ.

1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн үнэлж дүгнээгүй, дээрх дүгнэлтүүдийг хийж, тогтоолын үндэслэл болгосноос хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байгаа

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...замын голд цус мэт улаан хүрэн өнгөөр үүссэн толбонууд 6 ширхэг үүссэнийг хэмжиж баримтжууллаа" гэх,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд "...баруун талдаа жолооны хүрдтэй .уг хүрдний баруун доод хэсэгт 3*3,4см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлэзр бохирлогдсон, жолоочийн суудлын суудал хэсэгт хамгаалалтын бүсний даруулга хэсгээс 2.5 см зайд 18*0,5см, 6 см харьцаатай улаан хүрэн өнгийн цус мэт зүйлс дусаж хатсан шингэн байдалтай байлаа. жолооч талын салхины шилний дотор байрлах бариулын доод дотор тал хэсэгт 2*2 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлс хатаж шингэсэн байдалтай. Мөн дотор талын багананд 12*1 см хэмжээтэй цус мэт зүйлс хатаж шингэсэн байдалтай байв. Жолоочийн урд талын суудлын зүүн талын ар хэсгийн дээд талд 16*6 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон хатаж толбо тогтсон байлаа. ...жолоочийн эсрэг тапьж салхины шилний дотор байрлах бариулын дотор тал хэсэгт 2*2 см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс хатаж шингэсэн байдалтай. Мөн дотор талын багананд 12*1 см хэмжээтэй цус мэт зүйл хатаж шингэсэн байдалтай байв. Жолоочийн урд талын суудлын зүүн талын ар хэсгийн дээд талд 16*6 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон хатаж толбо тогтсон байлаа. ...жолоочиин эсрэг талын буюу машины зүүн урд талын суудлын шалавчин дээр ...хутга байв ...хуттаны ажлын хэсэг 2 талаараа нилэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байв. ...жолоочийн эсрэг талын хаалганы дээр байрлах бариуланд болон дотно гадна хэсэгт 17*4 см хэмжээтэй мөн түүний дээд талд байрлах бариуланд 5*19 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлс нэлэнхүйдээ бохирлогдсон хаалганы дотор талын рам, суудлын бүрээс, дээд бариулын орчмын тааз хэсэгт 14*14 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон байв.” Гэх бөгөөд дээрх цус мэт зүйлсийг шинжилгээнд хүргүүлж шинжлэхэд илэрсэн цус нь В/3 дугаар бүлгийн харъяалалтай хүний цус байсан.

Сэжигтэн Н.Ц-н бие болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: "...майк, сорочкин цамц ...саарал өнгийн ...өмдтэй тус өмдний гуя, өвдөгний дээд тус газарт 4*7см хэмжээний цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон..." гэх бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдээр уг хувцсан дээр илэрсэн цус нь 0/1 бүлгийн харъяалалтай хүний цус ба Н.Ц-н цус нь 0/1 бүлгийн цус байсан.

Сэжигтэн Д.О-н бие болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: "...биед ил харагдах өөр шарх сорви байхгүй. ..хөх өнгийн нимгэн ноосон цамц, энгэр хоёр ханцуйны урд хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон... канттай өмд хоёр гуяны урд хэсгээр, хойд суудлын дээд хэсгээрээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон" гэх бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдээр хувцсан дээр илэрсэн цус нь В/3 дугаар бүлгийн харъяалалтай хүний цус ба талийгаач Э.Октъябрийн цус нь В/3 бүлгийн цус байсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн анхны мэдүүлэгт "...Отгоо би Д.О байна танай нөхрийг Пэлжээ хутгалчихлаа гэхээр нь би аан юу гэнээ хаана байна гэхэд Монполины энд байна гэхэд хэн машин барьж байгаа юм бэ гэхэд Ок өөрөө машинаа барьж байна гэхээр нь чи хаана сууж байгаа юм бэ гэхэд би хажуу талд нь сууж байна Пэлжээ хаана сууж байна гэхэд хойно сууж байна гээд утсаа салгасан ингээд удаа ч үгүй дахиж ...Д.О залгаад энэ айхтар цус алдаж байна Н.П хутгалчихаад хутгалаагүй гээд байна чи Октой утсаар ярь бие нь их муу байнз гэхээр нь миний хөгшин яасан бэ гэхэд миний нөхөр би үхэхнээ гэж ганцхан хэлээд чимээгүй болсон" гэсэн мэдүүлэг,

 Мөн 2016 онд болсон шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Амартүвшингийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг/-т талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн 142 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтэл авсан хүн цус алдаж, даралт буурна, амьсгал давчидна, цус алдалтын улмаас цээжний хөндийд цус хуримтлагдаж уушги шахагдсанаас уушги уналтанд орно. Ийм байдалд орсон хүн цээж өндөр байхыг, агаартай орчинд байхыг хүснэ. бууя хаалгаа онгойлгоё гэсэн нь амьсгал дутагдсантай холбоотой гэж мэдүүлсэн байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Отгонхүү, гэрч Мөнхдэлгэр нарын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт талийгаач их том биетэй, тарган, 100 шахам кг жинтэй, талийгаачийг моорогт 4 хүн өргөж оруулсан гэж мэдүүлдэг,

Шүүгдэгч Д.О-н яллагдагчаар өгсөн: "...намайг сэрэхэд талийгаач хутгалагдчихсан байсан. Пэлжээ намайг хутгалчихлаа гэж хэлсэн, мөн хутгалагдсны дараа талийгаачтай суудлаа сольсон болох, талийгаач машинаас буух гэж оролдсон. буусны дараа өргөж оруулах гэж оролдсон, шүүгдэгч Н.Ц туслаагүй тухай мэдүүлдэг бөгөөд энэхүү мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн гэрч Шаравдоржийн "...энэ хэдийг надаас салаад явахад 23:50-00:00 цаг болж байсан. ...Очирхүү нь ногоон алаг малгайтай, ногоон улаан өнгийн хантаазтай байсан шиг санагдаж байна" гэх, 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгт: "...Очирхүү гэх хүн нь энэ зурган дээрх хувцастай явж байсан санагдаж байна" гэж хэрэгт ач холбогдолтой мэдүүлгийг өгсөн байдаг бөгөөд шүүхээс салж явсан хугацааг 20.30 минут гэж бодит бус дүгнэлт хийжээ.

Хэрэг болох үед Н.Ц нь Очирхүүд цохиулсаны улмаас ухаан алдсан эргэж сэргээд дахин ухаан алдсан гэх мэдүүлэг нь шинжээч эмч Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 283-284 хуудас/. гэрч Алтанжолоогийн мэдүүлэг /хх-ийн 638 хуудас/, гэрч Өлэийбаярын мэдүүлэг /хх-ийн 643-644/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шинжээч эмч Амартүвшингийн мэдүүлэг зэргээр Ц.-н ухаан алдсан гэдэг нь няцаагдаж байна.  Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан

Н.Ц-д учирсан гэмтлээс харахад 2-3 цаг ухаан алдахаар нөхцөл байдал, гэмтэл үүсээгүй байдаг.

Шүүх тогтоолдоо: "харин хэргийн материалаар хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн туршилт, түүний дараа буюу 2016 оны 09 дүгээрсарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн 1240 дугаартай шинжилгээг шүүх яллах нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй" гэжээ.

Шүүх яллах дүтэлтэнд дурьдагдсан нотлох баримтуудын талаар үнэлэлт, дүгнэлт өгсөн боловч нотлох баримт шинжлэн судлуулах шатанд яллах талын нотлох баримт болгож шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхой бус байна. Тодруулбал шинжээч эмч Л.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 283-284 хуудас/ шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байллыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөн тогтоолд яллах талын ганц гэрч болох Д.О-н "Октябрь намайг Н.Ц  хутгалчихлаа" гэж хэлсэн "би хохирогчийн эхнэртэй яриулахад тэр эхнэртээ Пэлжээ намайг хутгалчихлаа" гэж хэлсэн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Д.О-н мэдүүлэг нь шүүгдэгч Н.Ц нь амь хохирогчийг хутгалж алсныг шууд гэрчлээгүй бөгөөд ...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн мэдүүлгээр няцаагдаж байна" гэжээ.

Гэтэл Д.О нь хэрэг болох үед нийт 11 удаа хохирогчийн эхнэр Отгонхүү рүү залгаж холболт хийсэн байдаг бөгөөд түүний мэдүүлгийг нотолсон дамжмал нотлох баримтууд болох гэрч Мөнхтулгын "би тэр хүнээс юу болсон талаар асуухад миний нөхрийг хамт явсан Н.П хутгалчихлаа гэж нөхөр маань над руу ярьсан гэж байсан. Өлзийбаяр офицертой уулзчхаад эргэж гарахдаа дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзаж хэргийн талаар тодруулсан. Тэр үед нас барагчийн эхнэр нөхөр маань Очирхүүгийн утсаар надтай ярихдаа намайг Н.П хутгалчихлаа гэдэг билүү шаачихлаа гэж хэлсэн гэж байсан. Би тэр хүнээс ямар утаснаас ярив гэхэд цуг явсан Очирхүү гэдэг хүний утаснаас ярилаа гэж байсан. О-н утаснаас нөхөр маань ярьсан" гэж өөрөө хэлсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 645-646 хуудас/ Гэрч Өлзийбаярын мэдүүлэг /3 хх-ийн 643-644 хуудас/, түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, утасны дуудлагын түүхүүд /хх-ийн 69-74 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Н.Цэрэнпэлжээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгээр шийдвэрлэж байгаа нь тодорхой бус буюу хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлээ баримтлаагүй байна.

     Иймд Н.Ц, Д.О нарт холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолын Н.Цэрэнпэлжээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлээ.

             Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүх тухайн хэрэгт хамааралтай гэх бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д холбогдох Э.Октябрийг хутгалж алсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

                                                                                                                                                  

           Тухайлбал:  Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Н.Цэрэнпэлжээд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн гүйцэт шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй, улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэм хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг шалган тогтоож ирүүлээгүй байна гэж дүгнэсэн атлаа тухайн хэрэгт хамааралтай  бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна гэсэн хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн байна.

              Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй гэж шүүх үзсэн бол хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан .Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэлээ.

             Түүнчлэн прокурорын газраас Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлсэн  байх ба шүүх Эрүүгийн хуулийг  буцаан хэрэглэж, зүйлчлэлийг өөрчилсөн үндэслэлээ тогтоолд дурьдаагүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Н.Цэрэнпэлжээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа зохих хуулийг баримтлаагүй зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ.

 

            Яллагдагч Н.Ц-г яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг шүүх ямар учраас үгүйсгэсэн, түүнийг цагаатгах үндэслэлийг баталж байгаа нотлох баримтуудыг хангалттай дүгнэж чадаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан  “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг  няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Н.Ц-н сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Шаравдоржийн машин дээр ирээд архийг хувааж уусан, тэгээд 2 тийшээ салсан, энэ үед 21-22 цаг дөхөж байсан болов уу”, гэрч Б.Шаравдоржийн “энэ хэдийг надаас салаад явахад 23.50-00.00 цаг болж байсан”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхүүгийн “шөнө дунд 02 цаг 30 минутын орчимд миний утас руу 9905-тай дугаараас залгасан” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.Октябрь, Н.ЦД.Онар хэдэн цагт Б.Шаравдоржоос салж явсан болох, цаг хугацааг зөрүүг арилгах, салж явснаас хойш Д.О-н Л.Отгонхүү рүү ярьсан 02.30 цаг хүртэлх хугацаанд Э.Октябрь, Н.ЦД.Онар хаанаас хаа хүртэл, хэдэн километр газар явсан, хэдий цаг хугацаа зарцуулсан, Шаравдорж руу буцаж очсон эсэх, талийгаачийн анх хутгалагдсан  гэх газар хаана болох, зам дээр хэвтэж байсан газар, энэ хоорондын орон зай, цаг хугацааг нарийвчлан тогтоож бусад мэдүүлгүүдтэй харьцуулан дүгнэх, Н.Ц Д.О нарын мэдүүлгийн аль нь үнэн зөв болох зэргийг шалган тогтоосны эцэст нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Давж заалдах гомдолд дурьдагдсан “шүүх шинжээч Л.Алтангэрэлийн мэдүүлгийг үнэлээгүй, хэрхэн няцааснаа дүгнээгүй”, “шүүхийн шийдвэр, цагаатгасан үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолтой зарим нотлох баримтыг шүүх анхаараагүй, үгүйсгэж няцаасан үндэслэлээ тогтоолд заагаагүй, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн” зэрэг хэргийн оролцогчдоос гаргасан гомдлууд үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн  дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ц, Д.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ц, Д.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                               Г.БОЛОРМАА