Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/00463

 

2017 оны 02 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00463

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаан хуаран “Гэнд трейд” ХХКомпанийн байранд байрлах “Централ эйшиан цемент” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 67 тоот хаягт байрлах “Нью констракшн” ХХКомпанид холбогдох  цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 908 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Нью констракшн” ХХКомпаний сөрөг нэхэмжлэлтэй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Централ эйшиан цемент” ХХК нь Нью констракшн компанитай  цемент худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2012 оны 09-р сарын 19-нөөс 2012 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17 удаагийн бэлтгэн нийлүүлэлтээр 489,76 тн цементийг худалдсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсан. Хариуцагч нь 2012 оны 11-р сарын 20-ны байдлаар  төлбөрийг бүрэн төлнө, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээ байгуулсан. Хариуцагч компани цемент авсан төлбөрөө төлдөггүй, цемент аваагүй гэж шүүх дээр маргаж ярьдаг. “Централ эйшиан цемент” ХХК-иас бэлтгэн нийлүүлсэн цементийн төлбөр болох 90 605 600 төгрөг, алданги 45 302 800 төгрөг нийт 135 908 400 төгрөгийг Нью констракшн ХХК-иас  гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Централ эйшиан цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 компани гэрээ байгуулан цемент нийлүүлсэн учир төлбөрөө төл гээд үндсэн мөнгө болон алданги нийт 135 908 400 төгрөг нэхэмжилсэн байгаа. “Нью констракшн” ХХК-тай гэрээ байгуулсан гэж байгаа боловч манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лхагваням гарын үсэг зурсан гэрээг хавсаргасан байна. Энэ гэрээг үндэслээд нэхэмжлэлээ гаргаж байгаа гэж тайлбарлаж байна. Манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Лхагваням гэх хүн манай компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Лхагваням гэдэг хүнийг манай  захирлын зүгээс компанийг төлөөлж “Централ эйшиан цемент” ХХК-тай цемент нийлүүлэх гэрээ байгуулах, төлөөлөх эрхийг олгоогүй. Компанийн тухай хуульд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд бол удирдах тушаалтан  байдаг. Захирал  н.Даваасамбуу нь шаардлага хангасан болон аливаа байдлаар “Централ эйшиан цемент” ХХК-тай цемент нийлүүлэх итгэмжлэл, төлөөлөх эрхийг олгосон баримт хэрэгт байхгүй. Гэрээ байгуулагдаагүй тохиолдолд энэ гэрээнээс үүссэн үр дагавар байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани манай компанид цемент нийлүүлсэн, тооцоо нийлсэн ямар ч баримт байхгүй. Энэ маргаад байгаа гэрээ нь 2012 оны 09-р сард байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд ийм их үнийн дүнтэй, ийм их бүтээгдэхүүнийг нэг компани нөгөө компанид нийлүүлсэн тохиолдолд энэ 2-ын хооронд санхүүгийн тооцоо зайлшгүй хийгдэнэ. “Суурь” ХХК-д өгсөн тэр баримтууд нь манай компаний төлөх үүргийг нотлохгүй. Маргаад байгаа гэрээ нь манай хүсэл зоригийг илэрхийлсэн гэрээ биш юм. “Суурь” ХХК-д нэхэмжлэгч компани цемент өгөөд манайх “Суурь” ХХК-иас авсан зүйл байхгүй. Иймд “Централ эйшиан цемент” ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээнээс үүсэх үр дагавар байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                        

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК нь “Нью констракшн” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 908 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, “Нью констракшн” ХХК нь “Централ эйшиан цемент” ХХК-д холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.  

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 90 905 600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин хариуцагч шүүх хуралдааны шатанд сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо. 

 

Централ эйшиан цемент ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Нью констракшн” ХХК-тай “Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 490 тн цементийг тонн тутмыг 185 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч цементийн үнийг сар бүрийн 30-ны дотор төлөхөөр /хх 5-8/ тохирчээ.

 

Гэрээний дагуу Централ эйшиан цемент ХХК нь Нью констракшн ХХК-д 489.76 тн задгай цементийг нийлүүлсэн, харин худалдан авагч үнийг төлөөгүй гэж нэхэмжлэгч маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...ийм гэрээ байгуулаагүй, Лхагваням нь компанийг төлөөлөх эрхгүй, Нью констракшн компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй, гэрээ байгуулагдаагүй тул үр дагавар үүсэхгүй” гэж тайлбарлажээ.

   Нэхэмжлэгчийн 2012 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 15-ны хугацаанд 17 удаа нийт 489.76 тн цементийг Нью костракшн ХХК-д нийлүүлсэн зарлагын баримт /хх 52-68/, цементний үнэ 90 605 600 төгрөгийн нэхэмжлэх  /хх 70-86/ зэрэг санхүүгийн баримтууд, нэхэмжлэгчийн “...Нью констракшн ХХК нь задгай цементийг Суурь компанид хүргүүлж, тэндээс зуурмагаар авч барилгатаа ашигласан” гэсэн тайлбар, гэрч Г.Лхагванямын “...Даваасамбууг 20 гаруй жилийн өмнөөс танина, хувийн найз нөхдийн холбоотой, тухайн үед Яармагт баригдаж байсан барилга дээр зуурмаг хэрэгтэй болсон, зуурмаг олох талаар ярилцаж байгаад Америкт байхдаа Дашдаваа гэдэг хүнийг таньдаг, цементийн үйлдвэртэй гэдгийг хэлсэн, тэр хүнтэй цемент зээлээр аваад төлбөрийг дараа нь өгч болох юм байна гэж яриад гэрээ байгуулж задгай цемент авсан, ... гэрээ хийх талаар аман байдлаар хэлсэн, гэрээгээ хийчих, санхүүжилтээ дараа нь төлнө, бэлэн болсон гэрээнд би гарын үсэг зурсан, цементийг Яармагийн барилгат зуурмаг болгон ашигласан, Суурь компанид задгай цемент нийлүүлж зуурсан, ...Даваасамбуу, Чинзориг нар Суурь компанитай ярилцсан байсан, тэрнээс биш би очиж уулзаагүй, үүнээс гадна нилээн зуурмаг авсан байх, ...албан ёсоор тушаал гарсан юмгүй, Яармагийн урд талын баригдсан барилгыг үндсэндээ хариуцаж байсан, Даваасамбуугийн зөвшөөрлөөр гэрээ хийсэн гэсэн мэдүүлэг /хх 50-51/, гэрч Б.Дашдаваагийн “...Централ эйшиан цемент ХХК-ийг төлөөлж би гэрээ хийсэн, гэрээг Лхагваням ирж байгуулсан, цементийг эдний компани дээр гаргаад Суурь компанид өгсөн, Суурь компани зуурмагийг зуурч өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх 112-114/, хариуцагч Нью констракшн ХХК-ний захирал Э.Даваасамбуу нь “Лхагванямаас зуурмаг авч байсан” талаар маргадаггүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч гэрээ байгуулах, өөрөөр хэлбэл, компани өөрийн байрьж байгаа барилгатаа шаардлагатай цементийг худалдан авах санал, хүсэл зоригоо Г.Лхагванямаар дамжуулан чөлөөтэй илэрхийлсэн гэж үзэхээр байна.  

 

   Нөгөө талаас, “Нью констракшн” ХХК нь Худалдаа хөгжлийн банкин дахь 405008783 тоот депозит дансны  хуулгаар Г.Лхагванямд “зээл, зээлийн төлбөр, шатахууны үнэ”-нд 2012.05.15-наас 2015.08.13-ны хугацаанд 99 500 000 төгрөг шилжүүлсэн /хх 102-108/ байх ба хариуцагч энэ авлагатаа цемент авсныг нотлоогүйгээс гадна хариуцагч болон гэрч Г.Лхагваням нар нь ажил хэргийн хувьд хоорондоо холбоотой байжээ.

 

Үүнээс дүгнэвэл, Г.Лхагваням  нь Нью констракшн ХХК-ний эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

    

Нөгөө талаас, Централ эйшиан цемент ХК нь Нью констракшн ХХК-д цементийг нийлүүлэх, худалдан авагч үнийг төлөх худалдах, худалдан гэрээний гол нөхцөлөөр тохирсон, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Харин худалдагч нь гэрээний үүргээ биелүүлж 489.76 тн задгай цементийг  худалдан авагчийн зөвшөөрснөөр Суурь ХХК-д нийлүүлсэн, худалдан авагч Суурь компаниас цементийг зуурмаг байдлаар хүлээн авсан нь   Суурь компаниас гаргасан лавлагаагаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, Централ эйшиан цемент ХХК-иас Суурь ХХК-д цемент хүргэсэн огноо, цементийн хэмжээ, зарлагын баримтууд зөрүүгүй байх ба Суурь ХХК нь Нью контсракшн ХХК-д тээврийн хөлс тооцсон талаарх баримтыг гаргажээ.

           Эдгээр нөхцөл байдал, баримтуудыг хариуцагч няцааж чадаагүй байна.

            Хариуцагч худалдан авсан цементний үнэ 90 605 600 төгрөг төлөх үүрэгтэй байна.

            Талууд гэрээний 3.2 дахь хэсэгт “..худалдан авагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 1 хувиар бодож алданги төлөх”-өөр тохирсон боловч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангииг хууль болон гэрээнд заасан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрээгүй хэмжээгээр тогтоохоор заажээ.

 

            Харин талууд хуулинд зааснаас их хэмжээгээр алданги төлөхөөр тохирсон нь хууль зөрчсөн байх тул 0.5 хувиар тооцож алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нью констракшн” ХХК-иас 90 605 600 /ерэн сая зургаан зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж “Централ эйшиан цемент” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 45 303 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Нью констракшн” ХХК нь “Централ эйшиан цемент” ХХК-тай байгуулсан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Цемент зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837 492 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 978 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нью контсракшн ХХК-иас 610 978 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА