Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01920

 

 “Н К ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01211 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1758 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Н К ББСБ” ХХК

         Хариуцагч: “... союз” ХХК-д холбогдох

         Зээлийн гэрээний үүрэгт нийт 492 693 437 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Д.Жы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “... союз" ХХК-ийн захирал Д.Ж нь "Н К ББСБ" ХХК-д зээлийн хүсэлт гарган "Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех төсөл арга хэмжээний багц-2 буюу Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил"-ийн зардалд 2017 оны улсын төсөвт тусгагдсан тендерийн зардал 2.9 тэрбум төгрөгийг барьцаалж, Батлан даалтын гэрээ болон зээлийн гэрээ байгуулан нийт 444,900,000 төгрөг зээлсэн. 2017-09- 25-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгуулан 250сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.98 хувийн хүүтэй зээлсэн. 2017-11- 20-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгуулан 155сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.98 хувийн хүүтэйгээр, 2017-12-04-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгуулан 45сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.98 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Зээлийн гэрээнүүдийн барьцаа хөрөнгө болох нийт 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй төслөөс орж ирсэн тендерийн зардал болох улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийг Хас банкаар дамжуулан авахдаа 1.7 тэрбум төгрөгийг дур мэдэн хувьдаа ашиглаж, үлдэх 1 тэрбум төгрөгийг Чингис хаан банкны дансанд шилжүүлэн байршуулсан байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 444 900 000 төгрөг, зээлийн хүү 40 272 348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 791 089 төгрөг, нийт 492 963 437 төгрөг, мөн нотариатын зардал 34 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: “... союз” ХХК нь 2014-10-28-ны өдөр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучнаар/-тай Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг тооцон 2017-09- 25-ны өдөр Н К ББСБ-аас зээл олгохыг хүсэж, зээл олгон гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа сунгахад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хууль болон гэрээнд тусгаагүй гэрээ сунгалтын шимтгэл төлсөн байх шаардлагатай тухай хэлж хоёр талаас тооцоо нийлж бүгдийг төлсөн учир гэрээний хугацаа сунгах хүсэлтээ бичгээр гаргасан. Бид зээлийн гэрээний дагуу төлөх ёстой тооцоогоор нийлсэн болон нэмэгдүүлсэн хүү болон гэрээнд огт дурдагдаагүй гэрээ сунгалтын шимтгэл гэх 11,974,500 төгрөгийг хүртэл төлсөн.Бичгээр хүсэлт гаргасаар байтал цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Чингис хаан банк, Хас банкны дансны гүйлгээг хязгаарлуулсан байсан. Гэтэл өнөөдөр Н К ХХК нь дээрх эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэгт холбоотой зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулна гэж давхар иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 444,900,000 төгрөгтэй маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөр өөр цаг хугацаанд хэд хэд тасалж авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг авсан үеэс хүү тооцогдох ёстой. Барилга, хот байгуулалтын яамнаас 2.7 тэрбум төгрөг авахдаа Хас банкаар дамжуулан авсан байгаа. Чингис хаан банкинд байгаа 1 тэрбум төгрөгийг ямар нэгэн байдлаар зарцуулах боломжгүй байгаа. 2018-01-02-ны өдрөөс хойш 444,900,000 төгрөгөөс зээлийн хүү төлөхгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр эрүүгийн журмаар гомдол гаргаснаас болж данс битүүмжлэх арга хэмжээ авагдсан учир төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01211 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч "... союз" ХХК-иас 492 997 437 төгрөгийг гаргуулан "Н К ББСБ" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 622 938 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, "... союз" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 622 938 төгрөгийг гаргуулан "Н К ББСБ" ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1758 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хугацаа хэтрүүлсэн гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар: Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Эрх бүхий байгууллага хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хуульд заасны дансны хөдөлгөөнийг хязгаарласан явдалд нэхэмжлэгч “Н К ББСБ” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Үүссэн нөхцөл байдлын талаар товч дурдвал: Манай компанийн Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2017.11.10-ны өдрийн 143 тоот гэрээний дагуу тус яамнаас холбогдох төлбөрийг манай компанийн Чингис хаан банкин дахь дансанд шилжүүлэх ёстой байсан боловч Барилга хот байгуулалтын ажилтны алдаанаас болоод Хас банкны дансаар шилжүүлсэн байсныг бид ч тухайн үедээ мэдээгүй байсан юм. Ингээд тус яамнаас төлбөр шилжүүлэгдсэнийг мэдсэн даруйдаа 2018.12.28-ны өдөр 813,190,000 төгрөгийг, 2018.01.02-ны өдөр 500,000,000 төгрөгийг тус тус Н К ББСБ-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа байршуулах данс болох Чингис хаан банкны дансны зээлийн төлөлтөд зориулж шилжүүлж байсан. Гэтэл Номин Юнион ХЗХ-ны зүгээс 2018.01.02-ны өдөр өөрсдийн буруу, ташаа ойлголтын үндсэн дээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандан эрүүгийн журмаар захирал Д.Ж намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж, хөрөнгө битүүмжлэх хүсэлтийг гаргаж Чингис хаан банкинд дахь дансыг битүүмжлүүлсэн. ...Нэхэмжлэгчийн тайлбарлаж, гүтгээд байгаа шиг залилах, хууран мэхлэх, нэхэмжлэгчийг хохироох санаа зорилго огт байгаагүй юм. Үүнийг ч эрүүгийн журмаар шалган тогтоож надад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улсын Ерөнхий Прокурор газрын 2018.04.13-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн хэрнээ манай компанийн Чингис хаан банкны ...., Хас банкны .... дугаартай харилцах дансны хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг иргэний хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хэвээр үлдээсэн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Манай компани Н К ББСБ-аас авсан зээлээ төлөхөөр банкинд хандахад гүйлгээ хийх ямар ч боломж нөхцөл байхгүй, 2018.05.11-ний өдөр албан ёсоор хандахад ч Чингис хаан банкнаас “Энэхүү албан бичгийг хүргүүлж буй өдрийн байдлаар хязгаарлалтыг цуцалсан талаар аливаа шийдвэр ирээгүй, төлбөр тооцоо хийх боломжгүй байна.” гэсэн. Тодруулж хэлбэл, Н К ББСБ-аас авсан зээлээ төлөх л зорилгоор тус ББСБ-тай тохирсон дансанд 2018.12.28-ны өдөр 813,190,000 төгрөгийг, 2018.01.02- ны өдөр 500сая төгрөгийг тус тус шилжүүлсэн нь маш тодорхой буюу энэхүү төлбөрөөс Н К ББСБ-ын зээлийг бүхэлд нь төлчих боломжтой байхад данс битүүмжилснээс болоод чадаагүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйл “Зээлдэгчийн хариуцлага”, мөн хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн явдалд хариуцагч гэм буруугүй тул 2018.01.02-ны өдрөөс хойш тооцож нэхэмжилсэн хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 48,063,437 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 222.2-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруутай эсэх талаар бус харин үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн гэм бурууд дүгнэлт хийх ёстой байтал ийнхүү хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Н К ББСБ” ХХК 2018-03-23-ны өдөр “... союз” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 444 900 000 төгрөг, зээлийн хүү 40 272 348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 791 089 төгрөг, нийт 492 963 437 төгрөг, мөн нотариатын зардал 34 000 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       “Н К ББСБ” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ201711000378 дугаартай гэрээгээр 250,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногийн 3.98 хувийн хүүтэй, 2017 оны 11 сарын 20-ны өдрийн ЗГ201711000509 дугаартай гэрээгээр 155,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 30 хоногийн 3.98 хувийн хүүтэй, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн ЗГ201711000530 дугаартай гэрээгээр 45,000,000 төгрөгийг 30 хоногийн 3.98 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэх, "... союз" ХХК зээлийг авч, гэрээнд заасан нөхцөлөөр төлөх үүрэг хүлээсэн байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна.

       Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

       “Н К ББСБ” ХХК нь гэрээнд заасны дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлсэн, “... союз” ХХК гэрээний зүйлийг хүлээн авсан боловч зээлийг хугацаандаа буцааж төлөөгүй нь тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451,453 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

        Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ нь хариуцагч зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс хойш хийгдсэн ажиллагаа байх тул энэ тухай гомдол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т нийцэхгүй байна. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01211 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1758 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 398.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

         ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ