Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2015/09778/и |
Дугаар | 001/ХТ2018/01497 |
Огноо | 2018-10-25 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01497
“Х Б”ХХК дахь Э Х Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00710 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1096 дугаар магадлалтай,
“Х Б”ХХК дахь Э Х Аийн нэхэмжлэлтэй
Э.Т, “Б” ХХК-д тус тус холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 55 333 016 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 168 493 080 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөрийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар Хадгаламж банкны банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, банкны Э Х Аийг томилсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А175 дугаартай тушаалаар “Х Б”ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэснээр тус банкны хувьд олгосон бүхий л тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Өнөөдрийг хүртэл Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны Э Х Аийн хувьд бүрэн эрхийн хугацаа сунгагдаад явж байгаа. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э Х Аийг томилсноор банкны эрх бүхий албан тушаалтан болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх шилждэг. Банкны Э Х Ааас Хадгаламж банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамжны 27 дугаартай байрны 2 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ү-0000000000дугаартай гэрчилгээг авсан. Энэ үл хөдлөх хөрөнгө Хадгаламж банкны өмчлөлд шилжихээс өмнө буюу 2013 оны 03дугаар сарын 27-ны өдөр өмнөх өмчлөгч буюу хариуцагч Э.Т нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэхүү гэрээгээр 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээсийн төлбөрт сард 10 000 доллар төлөхөөр тохирсон байсан. Иргэний хуульд зааснаар “Х Б”өмчлөгч болсноор түрээслүүлэгчийн эрх үүргийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн. Т.Тэлмэн нь 2014 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 10 000 ам.доллар, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 10 000 ам.доллар, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 854.70 ам.доллар нийт 21 854.70 ам.доллар буюу 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханш 1410.60 төгрөгөөр тооцож нийт 30 830 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн. Үлдэх түрээсийн төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргасан. Иймд Э.Т болон ”Б” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөр 8 145.20 ам.доллар, 2014 оны 6дугаар сарын түрээсийн төлбөр 10 000 ам.доллар, 2014 оны 7 дугаар сарын 20-ныг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 6 451.61 ам.доллар нийт 24 596.81 ам.доллар, алданги 3 169.10 ам. доллар нийт 27 765.91 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны 1 ам.долларын ханш 1 992.84 төгрөгөөр тооцож 55 333 016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 03дугаар сарын 27-ны өдөр З.Анхбаяр, Э.Т нар түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл 2014 оны 1 дүгээр сард түрээсийн зүйл нь эрхийн зөрчилтэй болохыг мэдсэн. Өмчлөгч нь солигдож Хадгаламж банкны Э Х Ааас байрнаас гарах тухай мэдэгдсэн албан бичиг ирснээр өмчлөгч солигдсоныг мэдсэн. Түрээсийн объектыг ашиглаж байхдаа үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд засварын ажил хийсэн. Тухайн үед объект засварын ажил явагдаж байсан учраас хариуцагч нарын зүгээс түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналуудыг нэхэмжлэгчид өгөөгүй. Аль болох засварыг дуусгаж үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах сонирхолтой байсан учраас түрээсийн мөнгийг төлсөн. Ингээд засварын ажил дууссаны дараа Суоно Лоунж караоке үйл ажиллагаагаа явуулсан. Тухайн үед хариуцагч талаас нэхэмжлэгч талтай гэрээн дээр нэмэлт заалт оруулах, гэрээний үүргээ биелүүлэх, бүртгүүлэх тал дээр санал солилцоогүй. Аман байдлаар ярилцсан бөгөөд шийдэлд хүрээгүй байж байгаад 2015 оны 1 дүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Хариуцагч нарын зүгээс н.Анхбаяр гэж хүнтэй уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, үй ажиллагаа явуулах тал дээр гэрээгээр тохирсон зүйлүүд байсан. н.Анхбаяр тухайн объектыг эрхийн доголдолтой байсан талаар мэдэгдээгүй байсан учраас ийм асуудал үүссэн. Нэхэмжлэгч нь хариуцагч н.Энхмаад удаа дараа мэдэгдсэн гэдэг боловч н.Энхмаа нь Т.Тэлмэн, н.Э.Т нарын ээж, энэ хэрэгтэй холбоотой субъект биш. Тэгэхээр энэ гэрээг хуульд зааснаар бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн А157 тоот тушаалын гол зорилго нь чанаргүй зээлийг нөхөн төлүүлэх зорилгоор Э Х А томилсон. Хадгаламж банкны Э Х А Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой субъект. Түрээсийн гэрээний үр шимийг нэхэмжлэгч авах ёстой гэж маргаж байна. Чанаргүй зээлийг төлүүлэх зорилгоор томилогдсон Э Х А түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00710 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”Б”ХХК, Э.Т нараас 55 333 016 төгрөг гаргуулахыг хүссэн “Х Б”ХХК дахь банкны Э Х Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Т нь “Х Б”ХХК дахь банкны Э Х Ааас 168 493 380 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 065 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1096 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтөр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. 1. Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй, энэ нь түрээслүүлэгч, түрээслэгч нар аль аль нь бүртгэл хийлгэх бүрэн эрхээ зөрчсөнөөс үүссэн үр дагавар байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо дурдсан. Гэхдээ түрээслэгч эзэмшил ашиглалтандаа байлгасан, зарим төлбөрийг төлж, үйл ажиллагаа явуулж байсан гэдэгтэй маргадаггүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, тэмдэглэлээр нотлогдоно. Тиймээс Иргэний хуулийн 56, 492 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан байдлыг түрээслэгчээс түрээслүүлэгчид биет байдлаар буцаах боломжгүй бөгөөд түрээслэгч нь хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул үнийг төлөх үүрэгтэй гэж үзээд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл үндэслэлгүй болсон. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” банк хэмээн тодорхойлсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А-175 дугаартай тушаалаар “Х Б”ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэснээр Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу “Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно” гэж заасны дагуу “Х Б”ХХК энэ өдрөөс эхлэн банкны эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэх боломжгүй үр дагаварт хүрсэн. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Х Б”ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар “Х Б”ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу хийж гүйцэтгэхийг Банкны Э Х Аид даалгасан. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны Э Х Аид шилждэг зохицуулалттай. Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасны дагуу “Х Б”ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд татан буулгах ажиллагаа нь дуусгавар болоогүй байгаа тул үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулиар зохицуулагдахаар байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “Х Б”ХХК дахь Банкны Э Х Аийг арилжааны банк гэж үзэн “...арилжааны банк нь ...түрээсийн үйл ажиллагааг 2014 оны байдлаар эрхлэх эрхгүй нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.
Нэхэмжлэгч “Х Б”ХХК дахь банкны Э Х А нь хариуцагч Э.Т, “Б” ХХК-д тус тус холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 55 333 016 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 168 493 080 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ татан авсныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ багасгах, ихэсгэх, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэйн нэгэн адил нэхэмжлэлээ татан авах эрхтэй боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй тул хуульд заагаагүй ажиллагааг шүүх явуулах эрхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч болно” гэсэн зохицуулалт нь мөн хуулийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх ойлголт болно. Харин шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй болохыг зөв дүгнэсэн тул энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд “Х Б”ХХК дахь банкны Э Х А нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр З.Баярхүүтэй гэрээ байгуулж зээлийн гэрээний үүрэгт түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан, уг эд хөрөнгийг өмнөх өмчлөгч нь хариуцагч нартай 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нар эзэмшиж, сар бүр 10 000 ам.долларыг төлж байсан, хариуцагч нарын зүгээс шинэ өмчлөгч болох “Х Б”ХХК дахь банкны Э Х Аид 2014 оны 3, 4 сарын түрээсийг, 5 сарын түрээсийн төлбөрийн зарим хэсгийг төлсөн, хариуцагч нар 2015 оны 01 сард үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.
Хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнэсэн боловч гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар арилжааны банк нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд түрээсийн үйл ажиллагааг эрхлэх эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлаж чадаагүй байна.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.” гэж заасан ба түр эзэмших гэх ойлголтод зээл төлүүлэх зорилгоор өөрөө эзэмших, бусдад эзэмшүүлэх аль аль нь хамаарна. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь ашиг олох зорилго агуулсан гэх байдал тогтоогдоогүй, хуульд нийцсэн ажиллагаа явуулсан байна.
Нөгөө талаар хариуцагч нар бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг зөрчинө. Иймд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэдий ч хариуцагч нь эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашиглаж, ашиг шимийг хүртсэн тул зохих төлбөрийг өмчлөгчид төлөх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь 2014 оны 05 сарын төлбөрийн дутуу 8 145 ам.доллар, 6 дугаар сарын төлбөр 10 000 ам.доллар, 07 дугаар сарын 20 хүртэлх хугацааны 6 451 ам.доллар нийт 24 596 ам.долларыг гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханш 1992.84 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн хүрээнд 49 015 892 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1096 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э.Т, “Б” ХХКомпаниас 49 015 892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б”ХХК дахь банкны Э Х Аид олгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтад ...1 065 000.... гэснийг ...403 029...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА