Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01577

 

Э.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00709 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1260 дугаар магадлалтай,

Э.Агийн нэхэмжлэлтэй

Б.С д холбогдох

Эрүүл мэндэд учруулсан гэм хор хохиролд 4 446 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Хүслэн нь сургууль дээрээ насанд хүрээгүй У.Мөнгөнбаяртай маргалдан түүнийг зодож У.Мөнгөнбаярын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаад насанд хүрээгүй яллагдагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. У.Мөнгөнбаярын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь одоог хүртэл эмчлэгдэж мэс засал хийгдээгүй түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байна. Дээрх гэмтлүүд нь У.Мөнгөнбаярын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд түүний толгой байнга өвддөг, хамар нь бөглөрдөг болсон. У.Мөнгөнбаярын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтад мэс заслын төлбөр нь 3 200 000 төгрөг ба төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож хагалгааг хийнэ гэсэн хариуг эмнэлгээс бидэнд өгсөн. Иймд хамрын ясны мэс заслын төлбөр 3 200 000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардалд 300 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 800 000 төгрөг, нийт 4 300 000 төгрөгийг насанд хүрээгүй Э.Хүслэнгийн асран хамгаалагч Б.Сгаас гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг эмчилгээний зардлыг дутуу тооцсон учир баримтыг үндэслэн 146 410 төгрөгийн эм тарианы зардлыг нэмэгдүүлэн тооцож, нийт 4 446 410 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлэн нэхэмжилснийг хариуцагч Б.Сгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Насан хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нар харилцан цохилцож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан насанд хүрээгүй У.Мөнгөнбаяр, Э.Хүслэн нарт холбогдох эрүүгийн 1709000000147 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хэргийн материалд хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ миний хүү Э.Хүслэнг У.Мөнгөнбаярыг л зодож гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичиж, тайлбарлаж байна. Мөн миний хүү Э.Хүслэнд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тодорхой зардал гарсан ба Э.Хүслэн сэтгэл санааны хямралд орж арьсны архаг харшил псохиаз нь сэдэрч эмчилгээ хийлгэж байна. Нүдэндээ цохиулсан хөхрөлт нь 3 долоо хоногийн дараа арилсан ба ер нь нүдний хараа муутай хүүхдийн хараанд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлд 3 200 000 төгрөгийн хагалгаа хийлгэнэ гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд төлөвлөсөн зардлаа нэхэмжилсэн байна. У.Мөнгөнбаяр одоо ямар ч зовиургүй хамар нь хугарсан, мурийсан зүйлгүй сургуульдаа явж байгаа. Өмгөөллийн зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасны дагуу иргэн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулахаар заасан байдаг. Өмгөөлөгчийн зардлыг биднээс нэхэмжлэх эрхгүй тул зөвшөөрөхгүй байна. У.Мөнгөнбаярын хамрын яс хугарсан, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн Э.Хүслэнгийн цохилтоос үүссэн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00709 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Сгаас 75 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4 341 410 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 842 төгрөгийн 86 093 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 749 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Сгаас 4 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1260 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Агаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэуэглэсэн тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас хохирол учирсан гэх У.Мөнгөнбаяр нь хаана ямар эмнэлгийн эмчид хэдийд үзүүлж, ямар эмчилгээ хийлгэсэн болох, хийгдэж байгаа эсэх нь тодорхойгүй, эрүүл мэндийн картыг хэрэгт бичгийн нотлох баримтаар өгөөгүй, хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтууд нь худалдан авагч нь хэн болох, хэн гэдэг хүнд хэрэглэгдсэн, тухайн маргаанд хамааралтай эсэх нь тодорхойгүй, эмчийн жоргүй, тухайн маргаанаас өмнөх хугацааны сар, өдөртэй баримт өгсөн зэрэг үндэслэлээр Анхан шатны шүүх нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 /шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй/, 38.1 /Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй/, 38.5 /Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн-үндэслэл болохгүй/ гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзнэ. Харин нэхэмжлэгч тал 2018 оны 01 сары 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хоёр сарын дараа шүүх хурал болсон, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох бүрэн нотлож чадаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн талаар хүсэлт гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан баримтуудтай танилцаж гарын үсэг зурсан, хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “ЭМ БИ ЖИ” эмнэлэгийн тодорхойлолттой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаад шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байхад Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.2, 25.1.2, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

            Хариуцагч Б.Сд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хор хохиролд 4 446 410 төгрөгийг гаргуулахыг хүссэн Э.Агийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийх боломжгүй байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг төлөөлж тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хэргийн материалтай бүрэн танилцаагүй, нэхэмжлэл, татгалзлын үндэслэлийн талаар мэтгэлцэж чадаагүй байна.

Магадлалд заасан үндэслэлээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нарын насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан, гэм хор учирсанд аль алины гэм буруу байгаа эсэхийг анхан шатны шүүх анхаараагүйгээс гадна хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхийг шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасан зохицуулалтыг хэрэглэх эсэхийг шүүх дүгнээгүй нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.

            Иймд магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1260 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА