| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/09011/и |
| Дугаар | 001/ХТ2018/01709 |
| Огноо | 2018-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/01709
Д.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/01292 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1380 дугаар магадлалтай,
Д.Бийн нэхэмжлэлтэй
“Б”ХХК, Б.Анарт холбогдох
2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 35 000 000 төгрөг гаргуулах, Япон Улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөг гаргуулах, “Б”ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж зарцуулсан 8 830 645 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Золжаргалын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Золжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбулгантамир нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Ань Д.Бтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. “Б”ХХК-ийн 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр тогтоох талаар бидний хүсэл зориг уг компанийг байгуулахад Б.А, Ч.Эрдэнэжаргал нар нийтдээ 70 000 000 төгрөгийг хөрөнгө оруулсан, компанийн гол хөрөнгө нь Реаbеrrу бренд юм байна гэсэн мэдээлэлд тулгуурласан. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дээрх гэрээнүүдийгбайгуулах хүртэл хугацаанд “Б”ХХК-д 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Тус компанийн өмчлөлд Реаbеrrу барааны тэмдэг байдаггүй болох нь сүүлд тодорхой болсон учраас Б.Ад хандан хувьцааны үнэд төлсөн 35 000 000 төгрөгийг буцаан авах шаардлага гаргасан. Б.Ань 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх хувьцааны үнэлгээний талаар худал мэдээлэл өгч хууран мэхэлсэн байсан тул эдгээр гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт заасан Хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ад холбогдуулан гаргаж байна. Нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авсаны төлбөрт тооцож Б.Агийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банк ХХК дахь “Б”ХХК-ийн 473010554 тоот дансанд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 35 000 000 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авсан байх бөгөөд тухайн өдөр 15 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4 441 000 төгрөгийг, нийт 19 441 000 төгрөгийг Б.Ахувьдаа авсан нь хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаас нь харагддаг. Үлдэх хэсгийг “Б”ХХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Д.Б нь “Б”ХХК-ийн өмнө ямар нэгэн төлбөр төлөх, өр барагдуулах, зээл олгох зэрэг гэрээний болон гэрээний бус үүрэг хүлээгээгүй байхад Д.Бээс шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг хүлээн авч, буцаан шилжүүлэхгүй зарцуулж дуусгасан. Д.Б нь “Б”ХХК-ийн Япон Улсаас захиалан худалдаж авсан түүхий кофены төлбөрт Б.Агийн гаргаж өгсөн зохиомол баримтад үндэслэж бодит үнэлгээнээс гадна 766 734 иен буюу 17 389 527 төгрөгийг илүү төлсөн. Кофены түүхий эд худалдан авах ажлын хүрээнд буюу түүхий кофе худалдан авахад зориулж Б.Агийн хэлснээр Япон улсаас оруулж ирэх 990 кг түүхий кофены үнэд 1 232 182 иенийг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 240 кг кофены үнэд 301 286 иенийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Япон улсад байх түүний нагац ах Д.Отгонбаатарынх нь дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл дээрх кофег нийлүүлсэн Япон Улсын Катория Филд компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх болон бусад баримтуудаас харахад Б.Аүндсэн үнээс 1 дахин илүү мөнгийг надаас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 665 551 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан иенийн ханш 23.04 төгрөг, ам.долларын ханш 238 845 төгрөг байсан. Нэхэмжлэгч нь Б.Агийн хэлсэн ёсоор тухайн үед компанийн төлөх ёстой байсан эд хөрөнгө худалдан авах, өдөр тутмын түүхий эд худалдан авах, кофе худалдан авах, засварын зардал, түрээсийн төлбөр төлөх, шаардлагатай бусад төлбөрүүдийг цаг алдалгүй хувиасаа төлж байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь заалтын дагуу “Б”ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа гаргасан мөнгөө буцаан авах үндэслэлтэй. Тухайн үед эдгээр мөнгийг Д.Б “Б”ХХК-д зээл хэлбэрээр олгосон тул компани түүнд буцаан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс “Б” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж хувиасаа зарцуулсан мөнгийг дурдвал: Pos system-ийн төлбөрт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1 100 000 төгрөг, хөлдөөгчний төлбөрт 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2 844 000 төгрөг, түрээсийн төлбөрт 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөг, кофены төлбөрт 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, тээврийн зардалд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 312 600 төгрөг, Голомт банк ХХК-д төгрөгийн дансны доод үлдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 000 төгрөг Голомт банк ХХК-д иений дансны доод үлдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5000 иен буюу 115 200 төгрөг, Голомт банк ХХК-д ам.долларын дансны доод үлдэгдэлд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100 ам.доллар буюу 238 845 төгрөг нийт 8 830 645 төгрөг зарцуулсан тул нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А, “Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Б”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Атэй хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан компанийн 51 хувийн хувьцааг худалдан авч, компанийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Анх Д.Б нь компанийн 33 хувийг худалдаж авахаар тохиролцсон боловч гэрээг байгуулахад кофе боловсруулах үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад оруулах хөрөнгө оруулалтаа буцаан авч дуустал 51 хувийн хувьцааг 35 000 000 төгрөгөөр худалдан авч, хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авсны дараа хувьцааны 12 хувийг буцаан өгье гэснийг Б.Ахүлээн зөвшөөрч хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Б.Ань үүргээ биелүүлж компаний 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн, энэ гэрээний зорилго биелж, Д.Б нь компанийн 51 хувийг эзэмших болсон. Уг гэрээний дагуу Б.Ань “Б”ХХК-ийн 51 хувийн хувьцааг Д.Бд шилжүүлэн өгч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагчдын тоог 3 болсныг болон компанийн дүрмийг шинэчлэн баталж Улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн. Д.Б нь Хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 35 000 000 төгрөгийг компанийн хувьцаа эзэмшигч болохдоо Улсын бүртгэлд бүртгүүлсний дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр худалдагч Б.Ад бус өөрийн хувь эзэмших болсон “Б”ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Б нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ компанийг хөрөнгөгүй, peaberry брендийг эзэмшдэггүй байж хуурч төөрөгдүүлж хувьцаагаа худалдсан гэж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээнүүдэд талууд компанийн хөрөнгийн талаар буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа нөхцөлийн талаар тухайлсан тохиролцоог хийгээгүй, Д.Бд”Б”ХХК-ийн хөрөнгийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр өгсөн, үүнийг мэдсэний үндсэн дээр компанид хөрөнгө оруулалт хийхээр болсон. Компаниас нэхэмжилж буй хувьцааны үнэ болох 35 000 000 төгрөг нь түүний бус Б.Агийн хөрөнгө тул Д.Б нь шаардлага гаргах эрхий бүхий этгээд биш юм. Япон улсаас захиалан худалдан авсан кофены төлбөрт нэхэмжлэгчээс 17 389 527 төгрөгийг илүү шилжүүлэн авсан асуудал хариуцагч Б.Ад байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн кофены төлбөрийг шууд Япон улсын нийлүүлсэн компанийн данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс гаргасан баримтуудаас хавтаст хэргийн 30, 36 дугаар талын баримтууд, 31, 37 дугаар талын баримтууд, 35, 42 дугаар талын баримтууд тус тус давхацсан байдаг. Мөн хавтаст хэргийн 30, 31, 34, 35, 36, 37, 38, 42 дугаар тад авагдсан баримтууд нь хариуцагчид хамааралгүй баримтууд байна. Мөн “Б”ХХК-д ямар ч шаардлагагүй байхад хувьцаа эзэмшигчийн хувиар Д.Б нь өөрөө “Б”ХХК-ийн нэр дээр Голомт банк ХХК-д 2015103404 тоот долларын данс нээж дансны доод үлдэгдэлд 1000 доллар буюу 1 992 530 төгрөг, 2015103406 тоот иений данс нээж 5 000 иен буюу 83 450 төгрөг, 2015103403 тоот төгрөгийн данс нээж 20 000 төгрөгийг тус тус байршуулж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3 000 долларыг иенд хөрвүүлэн “Б”ХХК-ийн Голомт банк ХХК дахь 2015103406 тоот иений дансанд шилжүүлсэн байдаг. Дээрх Голомт банк ХХК дахь төгрөгийн болон валютын данснуудыг нээх шаардлага “Б”ХХК-д байгаагүй, хариуцагч огт гүйлгээ хийгээгүй, зөвхөн Д.Б өөрөө гүйлгээ хийж үлдэгдэл нь дансны шимтгэлд авагдсан. Нэхэмжлэгч нь компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар ч, иргэний хувиар ч “Б”ХХК-д зээл олгосон, хөрөнгө оруулсан асуудал огт байхгүй, компанийн зүгээс нэхэмжлэгчийн тавьж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Аболон “Б”ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/01292 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч “Б”ХХК болон Б.Анараас 35 000 000 төгрөг, “Б”ХХК-иас 4 574 045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Япон Улсаас захиалсан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 665 551 төгрөгийг гаргуулах, “Б”ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч хувиасаа зарцуулсан 4 256 600 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 166 640 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөгийг, хариуцагч “Б”ХХК болон Б.Анараас улсын тэмдэгтийн хураамжид 355 820 2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1380 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/01292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Золжаргал хяналтын гомдолдоо: Магадлалыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй болон эрхийн зөрчилгүй зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний зүйл болсон “Б”ХХК-ний 51 хувийн хувьцаа нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн тул хариуцагч Б.Ань гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Мөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан компанийн холбогдох мэдээллүүдийг худал өгсөн гэж үзэх нь үндэслэл байхгүй юм. Учир нь Д.Бийн зүгээс хариуцагч Б.Аг анхнаасаа “Б”ХХК-ний талаар үнэн бодитой мэдээллүүдийг өгөлгүй, хууран мэхэлсэн гэх тайлбар нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээнүүдээр үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл, түүний хууран мэхлэгдсэн гэх тайлбарын талаарх ямар ч талуудын тохиролцоо, нөхцөл хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд тусгагдаагүй байдаг. Түүнчлэн хариуцагч нь “реаbеrrу” дүрстэй барааны тэмдгийг компаний нэр дээр авах талаар бэлтгэл ажлыг хангаж байхад Д.Бийн зүгээс хамтран ажиллах биш хамтран ажиллах гэрээгээр халхавчлан кофе боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өөрийнхөө “Юнайтед ресурс” ХХК /1хавтас 54 хуудас дахь тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээнээс харвал кофе боловсруулах, кофены худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг./-ниас мөнгийг нь шилжүүлэн худалдан авсан, “Б”ХХК-ний түүхий кофег хамтарч ажилладаг байгууллагуудад худалдсан мөнгийг Д.Б нь миний мөнгө гэж “Юнайтед ресурс” ХХК-ний дансаар дур мэдэн хэд хэдэн удаа шилжүүлж авсан гэх мэтээр гэрээгээр хүлээсэн үүргүүдээ удаа дараа зөрчиж эхэлсэн тул талуудын хооронд 2015 оны 11 сарын сүүлээр Д.Бийн дээрх үйлдлүүдийн улмаас маргаан үүсэхэд тэрээр хамтран ажиллахгүй гээд хөргөгч, 200 кг түүхий кофе, 8-9 кг хуурсан кофе, нэг удаагийн аяга зэргийг авч явсан /1 хавтас 166 хуудас дахь гэрчийн мэдүүлэг өгсөн хэсгийн дороосоо 3 мөр хэсэгт / үйл явдал болсны дараа 2015 оны 11 сарын 24-ний өдөр Б.Аболон Ч.Эрдэнэжаргал нар нь “реаbеrrу” дүрстэй барааны тэмдгийг өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барааны тэмдгийн 15613 дугаарт бүртгүүлсэн байдаг. Гэтэл Д.Б 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа 2015 оны 11 сарын 24-ний өдөр хүсэлтээ гарган 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр реаbеrrу дүрстэй барааны тэмдгийг иргэний нэр дээр бүртгүүлсэнд хууран мэхлэгдсэн төөрөгдсөн гэж шүүхээс дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, “реаbеrrу” бренд нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулагдахад хэний ч нэр дээр бүртгэгдээгүй байсан нь тэмдэг нь “Б”ХХК-ийн гол өмч нь гэж надад итгүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлохгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хянаж үзсэнгүй. Д.Б нь дээрх үйлдлүүдийг гаргаагүй байсан бол “реаbеrrу” дүрстэй барааны тэмдэг “Б”ХХК-ний нэр дээр бүртгэгдэх байсан. Анхан шатны шүүхээс “Б”ХХК-иас 4 574 045 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээснийг эс зөвшөөрч буй нь доорх үндэслэлтэй. Үүнд: 1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх хуудсанд 2015 оны 07 дугаар сарын 24 өдөр Д.Бээс Түвшинтөгс гэх хүнд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ мөнгө нь “Б”ХХК-ний дансанд ороогүй байхад ямар үндэслэлээр “Б”ХХК-ниас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, компаний дансаар албан ёсоор орж ирээгүй мөнгийг компани төлөх хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхээс Н.Түвшинтөгсөд шилжүүлсэн кофены үнэ 3 000 000 үнэ бүхий кофег компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж тайлбар, мэдүүлэг өгсөн /хх-хоосон/ Н.Түвшинтөгсөд худалдах, худалдан авах гэрээний дагуу “Б”ХХК төлөх ёстой байсан төлбөрийг нэхэмжлэгч Д.Б хувиасаа төлсөн учраас Иргэний хуулийн 496.1 дэх хэсэгт зааснаар үүргээсээ чөлөөлөгдсөн гэж үзэж уг мөнгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд хэмээн дүгнэсэн. Гэтэл энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч талаас Н.Түвшинтөгсөд шилжүүлсэн 3 000 000 төгрөгийн үнэ бүхий кофег “Б”ХХК ашигласан талаарх тайлбарыг гаргаж байгаагүй бөгөөд тухайн мөнгийг “Б”ХХК-иас нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй байна гэх тайлбарыг л гаргаж байсан болно. 2015 оны 10 дугаар сарын 20 өдөр Голомт банкинд 2015103404 тоот долларын дансыг нээж дансанд доод үлдэгдэл болгон 1000 доллар буюу 1 992 530 төгрөгийг Д.Б байршуулсан байдаг боловч тухайн мөнгө нь хэргийн 2 дугаар хавтасны 1-р хуудсанд авагдсан Голомт банкин дахь “Б”ХХК-ний дансны хуулгаас харвал Дэлгэрсайханы Д.Б нь өөрийн биеэр нэхэмжлэл бичиж 1 удаа 1 794 078 төгрөгийн зарлага гарган /тухайн гүйлгээг ягаан өнгөөр тодруулсан байгаа болно. Өөртөө 90 хувийг нь буцаагаад авчихсан байхад давж заалдах шатны шүүхээс дансны доод үлдэгдлийг хариуцагчаас гаргуулсан нь зөв гэж дүгнэж байгаа нь бодитойгоор хэрэгт авагдсан нотлох баримтыг тулган харьцуулан танилцахгүй, үнэлэхгүй байна гэж үзэж байна. Мөн 2015 оны 10 дугаар сарын 20 өдөр Голомт банкинд 2015103406 тоот иен дансыг нээж дансанд доод үлдэгдэл болгон 5 000 иенийг Д.Б байршуулан мөн оны 10 дугаар сарын 27 өдөр 357 000 иенийг мөн тус дансанд орлогодсон байдаг бөгөөд хэргийн 2 дугаар хавтасны 8 хуудсанд авагдсан дансны хуулгаас харвал Д.Б нь өөрийн биеэр 2015 оны 11 сарын 24 өдөр тус данснаас 211 990 иенийг зарлагадан өөрөө гаргасан байдаг. Д.Б нь өөрөө тухайн дансанд оруулсан мөнгөө өөрөө зарлагадан буцаагаад авсан байхад “Б”ХХК-ниас дахин Д.Бд төлүүлэхээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хамтран ажиллах гэрээ дүгнэгдээгүй буюу гэрээний хугацаан дахь ашиг, алдагдал тодорхойгүй учраас уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Д.Бд “Б”ХХК-ниас нэг ч төгрөгийг буцаан төлөх асуудал яригдах боломжгүй байхад давж заалдах шатны шүүхээс ....”Б”ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан 4 574 045 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 3. Магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас харвал хариуцагч “Б”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа тушаасан 355 820 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь мөн тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч “Б”ХХК болон Б.Анараас 35 000 000 төгрөг, “Б”ХХК-иас 4 574 045 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож гэх хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Б”ХХК, Б.Анарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 35 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, Япон улсаас захиалан оруулж ирсэн түүхий кофены үнийг илүү төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөгийг гаргуулах, “Б”ХХК-иас 8 830 645 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.
Анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч нараас 35 000 000 төгрөгийг, “Б”ХХК-иас 4 574 045 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хариуцагч нарын өмгөөлөгч “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргажээ.
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.
Д.Б, Б.Анар нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээний дагуу Д.Б нь 51 хувийн хувьцааны үнэ 35 000 000 төгрөгийг төлөх, Б.Ань “Б”ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ. Зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
1/ Хоёр шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Д.Б нь дээрх гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Б”ХХК-ийн 473010554 тоот дансанд 18 286 ам доллар буюу 35 000 000 төгрөгийг шилжүүлсэн, “Б”ХХК-ийн 51 хувийн эзэмшигчээр Д.Б, 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.А, 24 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.Эрдэнэжаргал нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээнээс гадна 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хамтран ажиллах гэрээнээс үзвэл талууд хуулийн этгээд байгуулан кофе боловсруулах үйлдвэр байгуулан хамтран ажиллах зорилготой байжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ компанийн дүрмийн санг 70 000 000 төгрөг гэсэн боловч ийм хэмжээний хөрөнгө байгаагүй, Реаbеrrу барааны тэмдэг уг компанийн эзэмшилд бүртгэгдээгүй байхад эзэмших эрхтэй мэт ойлголтыг төрүүлж хууран мэхэлсэн гэж тодорхойлсон, шүүх худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсон байна.
Зохигчдын тайлбараас үзвэл уг компанийг байгуулахад Б.А, Ч.Эрдэнэжаргал нар нь 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, компанийн гол хөрөнгө нь Реаbеrrу бренд гэдгийг хэн аль нь зөвшөөрсөн, хувьцааны үнийг тогтоож, харилцан тохирсон байхад хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Компанийн гол хөрөнгөө Реаbеrrу бренд гэж, дүрмийн санг 70 000 000 төгрөгөөр тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна. Түүнээс гадна гэрээг байгуулах үед Реаbеrrу барааны тэмдэгийн эзэмших эрхийг бүртгүүлээгүй, компанийн нэр дээр бүртгэгдээгүй байсан талаар хэн аль нь мэдэж байсан ба нэхэмжлэгч Д.Б нь хамтран ажиллахгүй гэснээс хойш Б.А, Ч.Эрдэнэжаргал нар нь барааны тэмдгийг өөрсдийн нэр дээр авахаар болсноос үзэхэд хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй байжээ.
Харин аливаа гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулдагаас гадна гэрээнээс татгалзах эрхтэй тул хуулийн этгээд байгуулах замаар, байгуулсан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж болно. Хэрэгт байгаа баримтаас үзвэл талууд хамтран ажиллах боломжгүй болсон, Д.Б нь гэрээнээс татгалзсан агуулгаар хувьцааны үнийг буцаан шаардсан, хариуцагч нар нэхэмжлэгч хувьцаа эзэмшигч хэвээр байх эсэх талаар бус хувьцааны үнэ 35 000 000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй, нэхэмжлэгч нь уг мөнгийг өөрөө захиран зарцуулсан, компанийн үйл ажиллагааны нууцыг мэдэж аваад өөрөө ижил чиглэлийн үйл ажиллагааг явуулсан гэж маргажээ. Талууд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаар Д.Б нь тус компанийн хувьцаа эзэмшигч болсон боловч 2015 оны 11 сард хамтран ажиллахгүй гэж явсан, энэ хугацаанд хамтын үйл ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт байхгүй, хамтын ажиллагаа үргэлжлэх нь тодорхой бус байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу өгсөн авснаа талууд харилцан буцаах үр дагавартай байна. Уг гэрээний талууд нь Д.Б, Б.Анар тул “Б”ХХК-д 35 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл хамааралгүй болохыг шүүх анхаараагүй байна. Энэ талаар зөвтгөх боломжтой юм.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хувьцааны үнэ 35 000 000 төгрөгийг, хариуцагч Б.Ань 51 хувийн хувьцааг буцаан авах эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийн дагуу эрх зүйн дүгнэлт хийдэг тул 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгч захиран зарцуулж компанид хохирол учруулсан эсэх, эсвэл уг мөнгөөр авсан эд хөрөнгийг өөртөө авсан эсэх талаар дүгнэлт өгөх учиргүй байна.
2/ Нэхэмжлэлийн шаардлагаас “Б”ХХК-ийн үйл ажиллагаанд 8 830 645 төгрөгийн хөрөнгө оруулсныг буцаан гаргуулах нэхэмжлэлийн талаар шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй байна.
Хуулийн этгээдийн үйл ажиллагааг дүрмийн дагуу явуулсан эсэх, ашиг, алдагдал зэрэг асуудал нь компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд шийдвэрлэх асуудал бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар хувьцаа эзэмшигч компанийн хариуцлагыг, компани хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг хүлээдэггүй.
Хариуцагч ямар үндэслэлээр 8 830 645 төгрөгийг буцааж өгөх нь тогтоогдоогүй байхад шүүх “Б”ХХК-иас 4 574 045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь хуульд нийцээгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1380 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/01292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Агээс 35 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, “Б”ХХК-д эзэмшиж буй Д.Бийн 51 хувийн хувьцааг Б.Ад буцаан шилжүүлж, нэхэмжлэлээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 766 734 иен буюу 17 389 527 төгрөгийг гаргуулах шаардлагыг болон “Б”ХХК-д холбогдох 8 830 645 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...хариуцагч “Б”ХХК болон Б.Анараас улсын тэмдэгтийн хураамжид 355 820.2 төгрөгийн тус тус ...” гэсэн хэсгийг хасч, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355 820 төгрөг, 507 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА