Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 148/2017/00603/и |
Дугаар | 001/ХТ2018/01788 |
Огноо | 2018-12-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/01788
“В” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183 дугаар шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр магадлалтай,
“В” ХХК-ний нэхэмжлэлтэй
М.Эд холбогдох
Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч “В” ХХК-ийн захирал Ц.Болд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн М.Э нь манай “В” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14/12 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах Хөгжил хотхоны 6 дугаар байрны 10 тоот 49.35 м.кв, 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манай компани М.Эд тус орон сууцыг шилжүүлэн өгсөн болно. М.Э нь орон сууцыг шилжүүлэн авч байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулснаас хойш 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны Ипотекийн зээлээр 37.500.000 төгрөгийг манай компанид төлсөн. Гэтэл үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгө 37.500.000 төгрөгийг огт төлөхгүй манай компанид хохирол учруулж байна. М.Эд төлбөрөө төлж, тооцоо хийх талаар мэдэгдэх гэж гар утас руу нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байгаа болно. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Б тал нь төлбөрөө хуваарийн дагуух хугацаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй ба энэ хугацааны дотор алданги тооцно. Энэ хугацаанаас хоцроосон бол А тал нь гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Иймд манай компани М.Этай байгуулсан тус гэрээг цуцалж, М.Эаас орон сууцаа буцаан авах нэхэмжлэл гаргаж байна. Манай компани нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу М.Эаас 2 жил гаруй хугацааны алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй болно. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах Хөгжил хотхоны 6 дугаар байрны 10 тоот 49.35 м.кв, 2 өрөө орон сууцыг М.Эын өмчлөлөөс гаргуулж, манай компанийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч М.Э нь “В” ХХК, түүнийг төлөөлж менежер н.Гэрэлтуяа, Ц.Болд нартай 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 14/12 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулсан. Тухайн үед М.Э миний бие Таванхан Уул ХХК-д барилгын ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 06 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилладаг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсөө “В” ХХК болон Таванхан Уул ХХК-иудаас авч байсан. Тус орон сууцны барилгыг “В” ХХК нь захиалан бариулж Таванхан Уул ХХК нь гүйцэтгэж барьж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд талуудын тохиролцсон хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх хугацаандаа орон сууцны барилгыг хүлээлгэж өгсөн тохиолдолд 25.000.000 төгрөгийн урамшууллыг хариуцагч М.Э авах нөхцлийг тодорхой заасан байдаг. 2015 оны 1 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам , 7 дугаар багт байрлах Хөгжил хотхон нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаандаа ашиглалтанд орсон юм. Хөгжил хотхоноос 75.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг ”В” ХХК-иас худалдан авахаар тохиролцож улмаар талуудтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт, үйл ажиллагааны цалин хөлс 12.500.000 төгрөгийг орон сууцны төлбөрийн урьдчилгаа болон нийт төлбөрөөс хасуулж үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас 37.500.000 төгрөгийн ипотекийн зээл авч төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Үүнийг нэхэмжлэгч ”В” ХХК нь хүлээн зөвшөөрч төлбөртэй холбогдох тодорхойлолт, баримтуудыг тухайн үед Голомт банканд гаргаж өгсөн байдаг. Үүгээрээ нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн мөн Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлтийг гэрээний дагуу хариуцагчид олгосон болохоор бүрэн нотолсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл 25.000.000 төгрөгийн урамшуулал, хөнгөлөлт эдлүүлэх үүргээ нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ талууд харилцан биелүүлсэн атлаа өөрийн гэрээний үүргээс дангаар татгалзаж байгаа нь нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжихөөр хууль бусаар санаархаж иргэн миний хууль ёсны өмчлөх эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна. Талууд гэрээний үүргээ нэгэнт биелүүлж гэрээ хуулийн дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь надтай байгуулсан гэрээгээ цуцлах боломжгүй юм. Хэрвээ нэхэмжлэгч нь хөнгөлөлт үзүүлсэн мөнгөө орон сууцны төлбөрөөс хасч тооцохгүй нөхцөлд хариуцагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг хангуулж, 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалах болно. Ийм учир миний бие 2 өрөө байрны үнийг бүрэн төлж барагдуулсан, бидний хооронд ямар нэг төлбөр тооцоо байхгүй, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэгч ”В” ХХК, түүний захирлын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 183 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “В” ХХК-ний нэхэмжлэлтэй, М.Эд холбогдох Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 183 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшеөрч хариуцагчийн өмгеөлөгчийн хувьд дараах үндэслэлээр хяналтын томдол гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи байдлууд нь тодорхойгүй байх ба гэрээ зөрчснөөс үүдэн гэрээг цуцлах шаардлага гаргаад байна уу эсвэл хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавараа шаардаад байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэгчийн энэхүү тодорхой бус шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйгээс зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нэхэмжлэгчийн дараах шаардлагатай илэрхий зөрчилдөж байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. “М.Э нь “В” ХХК-тай 2014.10.26 өдөр 14/12 тоот “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7-р багт байрлалтай Хөгжил хотхоны 6-р байрны 10 тоот 49,35 мкв 2 өрөө сууцыг 75 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 11.2 дахь хэсэгт “Б” тал нь төлбөрөө хуваарийн дагуух хугацаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй ба энэ хугацааны дотор алданги тооцно. Энэ хугацаанаас хоцроосон бол “А” тал нь гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Иймд манай компани М.Этай байгуулсан тус гэрээг цуцалж, М.Эаас орон сууцаа буцаан авах нэхэмжлэл гаргаж байна. 2 өрөө сууцыг М.Эын өмчлөлөөс гаргуулж, манай компанийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү”. Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь 14/12 тоот гэрээний агуулгын хүрээнд гаргасан байх ба Иргэний хуулийн 41.1, 198.1-д ...гэсэн нөхцөлийг хангаж “гэрээг цуцлана гэсэн тодорхой утгаар нэхэмжлэлийн шаардлагаа томъёолсон нь нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн эргэлзээтэй байдлыг үүсгээгүй байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн тодорхой үндэслэл дурьдахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тодруулаагүй гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хариуцагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 56, 57, 58, 59-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар ямар агуулга бүхий шаардлага байхгүй бөгөөд 14/12 тоот гэрээг үндэслэж гэрээг цуцлах тухай тодорхой дурьдсан байгааг давж заалдах шатны шүүх илт субьектив байдлаар үгүйсгэж, анхан шатны шүүхииг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй буюу хуульд заагдаагүй чиг үүргийг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу түүний хүсэл зоригоос илэрхий өөр нэхэмжлэлийн шаардлагыг агуулгыг тодруулахыг шаардсан хэт дур зоргын дүгнэлтийг давж заалдах шатны шүүх гаргасан нь ИХШХШТХ-ийн 5.2, 6.5, 6.6, 37.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн. ...Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлээд, харин хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлж чадаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ИХШХШТХ-ийн 6.5-д ...хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч 25 000 000 төгрөгиин хөнгөлөлт үзүүлсэн, 12 500 000 төгрөгийн цалингаас суутгал хийсэн зэргийг нотлох бичгийн нотлох баримт байсныг шүүхийн шийдвэрт нэр заан дурьдсаар байхад давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа дээрх нотлох баримтуудад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг баримталж хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасанд гомдолтой байна. ИХШХШТХ-ийн 6.6-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулиин 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй гэж хуулинд тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “цуцлах” гэсэн шаардлагыг, хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавараа нэхэмжлээд байгаа эсэхийг тодруулахыг анхан шатны шүүхээс шаардаж шийдвэрийг хүчин болгосон нь давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХ-ийг буруу хэрэглэж нэхэмжлэгчид хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө гаргах эрхийг шүүхийн үүрэг мэтээр тайлбарласан болохыг нотлож байна. Нөгөө талаар ИХШХШТХ-иин 38.1-д “3охигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн, хуулиар нэхэмжлэгчид хүлээлгэсэн үүргийг анхан шатны шүүх гүйцээн хийх үүрэгтэй мэтээр тайлбарлан хуулийг зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлан хэрэглэсэн нь ИХШХШТХ-ийн 6.6, 37.2, 38.1, 42.1 дэх хэсгүүдийг илтэд зөрчсөн байна. Иргэний хуулийн 74.1.Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” мөн хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван “жил” байхаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 14/12 тоот гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусаж нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан байгааг хяналтын шатны шүүх анхааралдаа авахыг хүсье. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүйд тооцож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг залруулж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
“В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч М.Э орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, үүргээ зөрчсөн тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах агуулгатай байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд тодорхойлох боломжтой байхад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эрх зүйн хувьд зөв илэрхийлээгүй ч агуулга нь тодорхой нөхцөлд шүүх маргааны харилцааг тодорхойлж, талуудыг мэтгэлцүүлэн шийдвэрлэх боломжтой юм.
Хариуцагч М.Э нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, гэрээг дуусгавар болсон гэж үзэхдээ банкны зээл авч 37 500 000 төлсөн, 2014 оны 06 сарын 01-ний өдрийн Таванхан Уул ХХК, “В” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д зааснаар барилгыг хугацаандаа ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэн тул “В” ХХК-иас үзүүлсэн 25 000 000 төгрөгийн хөнгөлөлт, 2015 оны 01 сарын 04-ний өдөр 12 500 000 төгрөгийг “В” ХХК-д тушаасан баримтаар нотолно гэжээ.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчид нь 25 000 000 төгрөгийн хөнгөлөлт, 12 500 000 төгрөгийг төлсөн эсэх талаар маргасан байна.
Маргааны зүйлээс 12 500 000 төгрөгийг М.Э төлсөн эсэх үйл баримтыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй, хоёр шатны шүүх зохигчдоос тодруулаагүй, хийвэл зохих дүгнэлтийг бүрэн хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Хэргийн 36 дугаар хуудсанд “...М.Эаас 12 500 000 төгрөгийг “В” ХХК-д тушаасан...” гэх баримт байх боловч нэхэмжлэгч нь Таванхан Уул ХХК 2014 оны 6-12 сарын цалингаас 12 500 000 төгрөгийг суутгаж авсан гэсэн бол хариуцагч нь банкны зээлд хамруулахын тулд уг баримтыг хуурамчаар бичиж өгсөн гэсэн тайлбар гаргаснаас үзвэл уг баримт эргэлзээтэй, 12 500 000 төгрөгийг хэрхэн төлсөн үйл баримтыг шүүх тодруулах, зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай гэж үзнэ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Таванхан Уул ХХК-ийн зүгээс М.Эд 2014 оны 6-12 сарын цалинг бүрэн олгосон, сарын цалин 600 000 төгрөг гэж тайлбар гаргасан, харин М.Э нь 600 000 төгрөгөөс гадна 1 900 000 төгрөгийг авдаг байсан нь цалин олгож байсан баримтаар нотлогдоно гэж маргаснаас үзэхэд энэхүү нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолтой байна.
Иймд хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүйгээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй шаардлагатай гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА