| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 184/2016/01049/и |
| Дугаар | 888 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 888
А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/00168 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82 388 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт 1998 оноос хойш Барс зах болон бизнес худалдааны төвд одоог хүртэл гурил, сахар, будааны худалдаа эрхэлж байна. 2001 оноос хойш “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн захирал Г.Цэенмаагийн хүсэлтээр нарийн боовны түүхий эд нийлүүлэн 2014 оны 12 дугаар сар хүртэл хамтран ажилласан. Энэ хугацаанд тухайн сар тутам бараагаа захиалсан хэмжээгээр нь нийлүүлж сардаа тооцоогоо дуусгадаг журамтай явж ирсэн. 2005 оноос эхлэн энэ үйлдвэр өргөжин борлуулалт нь сайжирснаар бараа таталт нь эрс нэмэгдэж сардаа 30-50 тонн гурил авдаг болсон. Үүнээс хойш энэ үйлдвэртэй итгэлцэл улам нэмэгдэж тооцоо нийлсэн акт тухай бүр үйлдэн, бараагаа нийлүүлдэг болсон. Ингээд 2012 оны сүүлчээр “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн үлдэгдэл өр ихээхэн нэмэгдэж бидний бизнесийн харилцаа хоорондын өглөг авлагаас шалтгаалан доголдож эхэлсэн ба нийлүүлсэн барааны өр төлбөр хуримтлагдсаар 2013 оны 6 дугар сарын 01-ний байдлаар үлдэгдэл тооцоо 184 300 000 төгрөг болсон. Би тус компаниас мөнгөө гаргуулахаар байнга шаардаж байсан ба 2013 он гаргаад Г.Цэенмаа нь өөрийн найз Б.Ганзориг, Ш.Түвшингэрэл нарт компаниа, үйлдвэрийн тоног төхөөрөмж, өрийн хамт бүхэлд нь шилжүүлж байгаа энэ хүмүүс асуудалгүй танай өрийг барагдуулна гэж хэлж байсан ба Б.Ганзориг, Ш.Түвшингэрэл нар ч танай өрийг төлж барагдуулна гэж амлалт өгсөн. Үүнээс хойш тус компани 2013 оны 5 дугаар сард 40 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сард 40 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сард 30 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард 20 000 000 төгрөг гэх мэт төлөлт хийж, өр авлагаа барагдуулан цаашид хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ гэж итгэн түүхий эд нийлүүлэлтээ дахин үргэлжлүүлсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар тооцоо нийлж “Өнхрүүш бэйкери” ХХК нь 82 388 500 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоож акт үйлдсэн. Улмаар 2014 оны 12 дугаар сард тус компанийн захирал Г.Цэенмаа, Б.Ганзориг нар компаниа, үйлдвэрээ албан ёсоор эцсийн байдлаар хүлээлцэх гэж байна, хүрээд ир гэж үйлдвэр дээрээ дуудаж, бид ярилцан үлдэгдэл өрийг танилцуулж манайд өгөх 82 388 500 төгрөгийн өрийг компани шилжүүлэн авсан Б.Ганзориг төлөхөөр тохиролцож, тэрээр намайг түүхий эдээ үргэлжлүүлэн нийлүүлэх хүсэлтийн дагуу “Өнхрүүш бэйкери” ХХК-д бараагаа үргэлжлүүлэн нийлүүлсэн. Мөн 2015 оны 01 дүгээр сараас эхлэн үйлдвэр дээр өөрийн биеэр байнга очиж, хэдийд мөнгө орж ирэхийг асуухад мөнгө орж ирэхээр танай мөнгийг өгнө гэж байсан ч сүүлдээ ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй зугтах болсон. Ийнхүү бүтэн жил хуурч, өмнөх захирал Г.Цэенмаагаас ав гэх болсон бөгөөд төлбөрөө төлөхгүй байгаа тул 82 388 500 төгрөгийг “Өнхрүүш бэйкери” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнхрүүш бэйкери” ХХК-ийн захирал Б.Ганзориг нь иргэн Г.Цэенмаа, түүний нөхөр Б.Чойжилсүрэн нарт 2012 онд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн боловч тэд зээлээ буцаан төлөх боломжгүй болсон тул 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулж Г.Цэенмаагийн эзэмшиж байсан компаний хувьцааг 100 хувь, мөн түүний нөхөр Б.Чойжилсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Тухайн үед уг компани бусдад төлөх төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс их хэмжээний өр төлбөр үүсээд байсныгГ.Цэенмаагийн бидэнд гарган өгсөн “Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өглөгийн тооцоо” гэх баримтанд заасан үнийн дүнгээр барагдуулсан. Уг тооцоонд нэхэмжлэгч А.Эрдэнэбатад 104 000 000 төгрөгийн өглөгтэй байсныг төлж дуусгасан. Тооцоо нийлсэн баримтанд дурдсан 82 388 500 төгрөгийг 2014, 2015 онуудад бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн болон бидний гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. Эдгээр баримтаар нийт 98 000 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК-иас 82 388 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 569 893 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Өнхрүүш бейкери” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
1. Хариуцагч нь 2017 опы 01 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкнаас шүүхэд ирүүлсэн нотлох баримттай танилцсан бөгөөд шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэгч талаас шинээр нотлорх баримт, түүнтэй холбоотой тайлбар гаргаж өгснийг хариуцагчид шүүх хуралдааны мэтгэлцэх үед танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-д заасныг зөрчсөн.
2. Хариуцагчаас нотлох баримттай танилцах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарлагын баримтууд хуурамч байх магадлалтай талаар тайлбарлаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Учир нь, өмнө нь байхгүй гэж тайлбарлаж байсан баримтууд гарч ирсэн мөн 158 000 000 төгрөгийн бараа нэмж нийлүүлсэн гэх өмнөх тайлбараа эрс өөрчилж, дансны хуулгын дүнтэй нийцүүлэн 146 000 000 төгрөгийн бараа нийлүүлсэн тухай баримт, тайлбар гаргасан. Эдгээр баримтад манай банкны тамга, тэмдэггүй зэрэг нь уг баримтууд хуурамч гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг хариуцагч талд танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлсэн атлаа, уг баримтуудыг шалгуулах хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зуйлийн 38.6 дахь хэсэг заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3. Нэхэмжлэгчийн гарган өгсөн баримт, тайлбараар сүүлийн тооцоо нийлсэн өдрөөс хойш 146 376 000 төгрөгийн бараа нийлүүлсэн харин хариуцагч 146 296 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн дүн хоорондоо таарч байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээрх үнийн дүн хоорондоо зөрж байгаагаас гадна хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтуудыг бүхэлд нь судлан үзэлгүйгээр зарим хариуцагчид төлсөн төлбөрүүдийг үндэслэлгүй хасч тооцон, үнийн дүнг тааруулж шийдвэрлэсэн. Тухайлбал, 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 532 450 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 000 000 төгрөг шилжүүлсэн дүн дээрх 146 296 000 төгрөг төлсөн гэх үнийн дүнд ороогүй. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82 388 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд тавьж шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэбат хариуцагчийн хүсэлтээр бараа, материал нийлүүлсэн барааны падаан болон харилцан тооцоо барагдуулсан талаарх дэлгэрэнгүй хүснэгт гэх нийт 19 хуудас нотлох баримтууд гаргаж өгснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ /хх-158-160/.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх нотлох баримттай танилцаад уг баримтуудыг хуурамч байх магадлалтай эсэхийг шалгуулах хүсэлт гаргасныг шүүх тодруулаагүй, уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх ба давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/00168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Өнхрүүш бэйкери” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569 893 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.БАЙГАЛМАА