Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 63

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00147/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 264 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Уваши овогтой Б-ы У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Алтай овогтой Б-ийн Э-д холбогдох

            “Гэм хорын хохирол 3.243.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандахын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У-ээс:

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр баг Баяр супер маркетийн өмнөх зам дээр жолооч Б.Э- нь тухайн үед өөрийн эзэмшилд байсан 85-65 ДАР дугаарын акцент маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж миний эзэмшилд байсан 69-24 ДАР дугаарын приус 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж надад 2.610.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн миний машин журмын хашаанд 1 сар гаруй болсон хугацаанд би өөр машин хөлсөлж ажил төрлөө амжуулсны зардал 567.700 төгрөг нийт 3.243.000 төгрөг гарсныг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Э-аас:

Би Б.У-т холбогдох ослын хохирол болох 3.243.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Осол гарах үеийн дүгнэлт 50, 50 хувийн буруу гэж гарсан. Приус-ийн жолоочийг ослын дөрөө гишгээгүй мөн баруун гар талын дүрэм баримтлаагүй хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлийг авч үзээгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг төлөхгүй гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 264 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-ийн “хариуцагч Б.Э-аас 3.243.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандах давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.У-, хариуцагч Б.Э-д холбогдуулж гэм хорын хохиролд 3.243.000 төгрөг гаргуулах хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг ... ослын дөрөө гишгээгүй мөн баруун гар талын дүрэм баримтлаагүй хурд хэтрүүлсэн... гэсэн учир гэм хорын хохирол 69-24 ДАР дугаарын приус 20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд учирсан 2.610.000 төгрөг, мөн нэхэмжлэгчийн 1 сар гаруй хугацаанд машин нь журмын хашаанд байсны улмаас өөр машин хөлсөлсны зардал 567.700 төгрөг нийт 3.243.000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Б.У-ийн хариуцагч Б.Э-аас 3.243.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан эрх үүргийг хуульд заасан журмын дагуу тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалыг танилцуулаагүй зохигчдын эрхийг ноцтой зөрчижмэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

1. Нэхэмжлэгч Б.У- нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр Б.Сүрмандахад итгэмжлэл /хэргийн 32 дугаар хуудас/ олгосон байна. Шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрмандахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байна.

2. Шүүх 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр энэ хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагчийг энэ өдөр хэргийн материалтай танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж /2017.02.24/ гарсны дараа  хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцуулах эрхийг зөрчиж хуульд заасан ажиллагааны агуулгад нийцээгүй хэлбэрийн төдий болжээ. /хэргийн 29 дүгээр хуудас/

3. 85-65 ДАР улсын дугаартай х/акцент маркийн авто машины өмчлөгч буюу эзэмшигчийг шүүх тодруулаагүй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...уг машины өмчлөгч буюу эзэмшигч нь Б.Цэдэндамба болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийн 9 дүгээр хуудсанд буй баримтаас үзэхэд Б.Цэдэндамба гэгч нь 76-54 УБЦ улсын дугаартай Hyudai Accent  маркийн авто машины эзэмшигч гэсэн баримт байх ба 85-65 ДАР улсын дугаартай х/акцент маркийн авто машины өмчлөгч буюу эзэмшигч 85-65 ДАР улсын дугаартай х/акцент маркийн авто машины өмчлөгч буюу эзэмшигч 85-65 ДАР улсын дугаартай х/акцент маркийн авто машины өмчлөгч буюу эзэмшигч 85-65 ДАР улсын дугаартай х/акцент маркийн авто машины өмчлөгч буюу эзэмшигч болох тогтоогдоогүй байна. Шүүх энэ талаар тодруулахгүйгээр Б.Цэдэндамбыг 85-65 ДАР улсын дугаартай х/акцент маркийн авто машины өмчлөгч буюу эзэмшигч гэж дүгнэсэн нь учи дутагдалтай байна.

Хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан “Хос капитал”-ийн Дархан-Уул аймгийн авто тээврийн төвд нэр шилжүүлэх тухай баримт нотариатын баталгаагүй, зохих байгууллагын архивын “хуулбар үнэн” болохыг баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-д заасан шаардлага хангаагүй байгааг тэмдэглэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасан журмаар талуудад эрх үүрэг танилцуулж, маргааны бүхий л үйл баримтыг тодруулж мэтгэлцэх боломжоор хангасны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 264 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 66.860 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 О.НАРАНГЭРЭЛ 

                                              ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ