Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01589

 

Д.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01325 дугаар шийдвэр,                          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1317 дугаар магадлалтай,

Д.М нарын нэхэмжлэлтэй,

Ш-т холбогдох,

Түрээсийн гэрээг цуцлах, гэрээний үүрэгт 77.578.166 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай үндсэн,

254.843.902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл гаргуулах, түрээсийн байранд хийсэн засварт 800.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Мөнхмандахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Д.Мөнхмандах, өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, өмгөөлөгч Э.Золбоо, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Штэй 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 15/02 тоот гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах Баруун сэлбийн үйлчилгээний төвийн Д, Е блокны 2 давхрын 480 м.кв талбайтай Амрита диско клубыг 4 жилийн хугацаагаар сарын 12.000.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслүүлсэн ба гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинэчлэн байгуулсан. Шин Еунг Сүек өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилсан, тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол улсад эргэж ирснийг мэдсэн. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт 71.000.000 төгрөг, мөн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу алданги 35.500.000 төгрөг, ашиглалтын зардал 4.078.166 төгрөг болно. Ийнхүү түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор түрээсийн үлдэгдэл төлбөр болон алданги, ашиглалтын зардал нийт 110.578.166 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, үүнээс барьцаа 33.000.000 төгрөгийг хасч, нийт 77.578.166 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Ш /Shin Eung Suek/ шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Мөнхмандах нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийгөө Амрита клубын эзэн буюу өмчлөгч Д.Батцэнгэлээс итгэмжлэлтэй, уг клубыг түрээслэх эрхтэй гэж итгүүлэн, түрээсийн гэрээг хийж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил н.Цэрэнноров нотариатчоор гэрчлүүлсэн. Шин Еунг Сүек нь ямар учиртай гэрээ болохыг мэдээгүй, танилцуулаагүй. БНСУ-ын иргэн монгол бичиг үсэг мэдэхгүй иргэнтэй байгуулсан гэрээг батлахдаа орчуулагч оролцуулаагүй. Д.Мөнхмандах 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа Д.Батцэнгэлээс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр байгуулсан, итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх эрхийг олгоогүй байхад нотариат түрээсийн гэрээг баталсан нь хууль бус үйлдэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Амрита баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа Хайв ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулан, тус компанийн өмчлөлийн 39 нэр төрлийн 254.843.902 төгрөгийн үнэтэй эд зүйлийг сарын 8.000.000 төгрөгөөр түрээслэн авч, Амрита бааранд тавьж ашиглан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл түрээслэгч Д.Мөнхмандах түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхад хууль бусаар дайрч орж ирэн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зогсоосон. Түрээсийн гэрээг 2020 он хүртэл байгуулсан бөгөөд түрээсийн гэрээг цуцлах бол гэрээнд зааснаар 15 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мөн тус баарыг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа Хайв ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгад засвар хийх гэрээг байгуулан 800.000.000 төгрөгийн үнэлгээтэй засвар үйлчилгээг хийсэн. Иймд Д.М нараас дээрх гэрээний хавсралтад дурдсан 39 нэр төрлийн эд хөрөнгө болон 800.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 4.3-т түрээсийн байрыг чөлөөлөх үед түрээслэгч нь түрээсийн байранд суурилуулсан байрны ашиглалтыг сайжруулсан, салгаж үл болох эд зүйлс тоноглолыг салган авахгүй бөгөөд түрээслүүлэгчид үнэ төлбөргүй шилжүүлнэ. Салгаж үл болох гэдэгт тухайн суурилуулсан эд зүйлс, тоноглолыг салгахад болон түрээсийн байрыг анхны байдалд оруулахад их хэмжээний зардал, хугацаа гарахуйц байдлыг ойлгоно гэж зааснаас бусад зөвхөн салгаж болох эд хөрөнгийг буцааж өгөхөд бидний зүгээс татгалзах зүйлгүй болно. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01325 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Түрээсийн гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ш /Shin Eung Suek/-ээс түрээсийн гэрээний үүрэгт 44 705 097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхмандах, Б.Даваа, Д.Нандинцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32 873 069 төгрөгийн шаардлагыг, мөн түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Д.Мөнхмандах, Б.Даваа, Д.Нандинцэцэг нараас 254 843 902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл гаргуулах, засварын зардал 800 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Шин Еунг Сүекийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752 800 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 5 590 119 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Шин Еунг Сүекээс 381 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1317 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752 800 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхмандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1317 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, энэ хуулийн 57.1, 57.4, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4- заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаас харвал анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж ойлгогдохоор байгаа ба энэ тохиолдолд хариуцагч 5,971,594 төгрөгийг төлөхөөр байгаа юм. Улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үл нийцнэ. Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр зөвлөмж (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал)-ийн 5.2-т “Давж заалдах болон хяналтын гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзана, харин давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзана..” гэжээ. Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т заасан журмын дагуу хэргийг хэлэлцэхээс татгалзаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ гэрч оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2, 3 дугаар хуудаснаас харвал анхан шүүх хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн (хэлбэржүүлээгүй ч) байдаг. Үүнээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй буюу хариуцагчийн нотлох баримт шүүхээр бүрдүүлэх эрхийг зөрчөөгүй гэж үзэхээр байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох ёстойг анхан шатны шүүх түүнийг тодруулаагүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “нотлох” ёстой байсан гэдэг байдлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1317 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01325 дугаартай шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.Мөнхмандах, Б.Даваа, Д.Наранцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түрээсийн гэрээ цуцалж, төлбөрт 77.578.166 төгрөг гаргуулах, түрээсийн байр чөлөөлүүлэх шаардлага гаргажээ. Хариуцагч Шин Еунг Сүек нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 254.843.902 төгрөгийн үнэ бүхий 39 нэр төрлийн эд зүйл болон түрээсийн байранд хийсэн засварт 800.000.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө түрээсийн байранд хийсэн засварын ажлыг хэмжээг тодорхойлуулахаар шинжээч томилуулах, гэрч оролцуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, 660 хуудас нотлох баримт шүүхэд гаргаж өгчээ. Шүүх уг хүсэлтийг өмнө нь гаргах боломжтой байсан гэж үзэж, хангахаас татгалзаж, нотлох баримтыг буцаан өгчээ /хэргийн 2 дугаар хавтас 15-18, 28-29 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3.-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулахаар зохицуулжээ.

2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг тодруулах, түүнээс эд хөрөнгө хүлээлцсэн актыг гаргуулахаар шүүх хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан, нэхэмжлэгч уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэх эрхтэй хэдий ч дээрх нөхцөл байдлыг анхаараагүйгээс хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.1.3.-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсэн, анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1317 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Мөнхмандахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 5.972.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ