Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01562

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01028 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1259 дүгээр магадлалтай,

   Д ийн нэхэмжлэлтэй,

            “Э ” ХХК, Б  нарт холбогдох

            Гэм хорын хохиролд 92,969,062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

        Хариуцагч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д ь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие АНУ-д амьдарч байхдаа тус улсын Виржина мужийн Тоёота компаниас 37,233.60 ам.доллартай тэнцэх МЛ-350 маркийн Мерседес бенз машиныг худалдан авч 2013 оны 05 сарын 05-ны өдөр Монгол Улс руу ачуулахаар болсон. Ингээд АНУ-ын Лос-Анжелос хотод үйл ажиллагаа явуулдаг “Э ” тээвэр зуучлалын компанид хандсан. Тэнд гүйцэтгэх захирал, газрын ачаа хариуцсан иргэн Б  гэгч нь миний автомашиныг хүлээн авсан ба үлдэгдэл төлбөрийг хийж дууссаны дараа ачуулах нөхцөлтэйгөөр тохирч автомашинаа түүнд орхиод явсан. Ингээд Монгол Улсад ирээд 1 жилийн дараа мөнгөө төлж дуусгаад ачихад бэлдээд явуулаарай гэхэд АНУ дахь захирал Б.Түвшинбаяр, хувь эзэмшигч н.Баасандорж нар нь “...автомашиныг Б од үлдээсэн, тэр учрыг нь олсон, бид болон надад мэдэх юм байхгүй” гэж хэлсэн. Гэвч тэрээр олдохгүй байсан. Харин 2015 оны намар Монгол Улсад ирснийг мэдээд фэйсбүүк хаягаар утсыг нь мэдэж уулзахыг хүссэн боловч элдэв шалтаг тоочиж, зугатааж эцэст нь таны автомашиныг АНУ-ын Лос-Анжелос хотын Тоёота-гийн дилер аваад явсан мэтээр худлаа ярьж, мөн зугтаагаад байсан тул хохирлоо барагдуулахаар арга буюу цагдаад хандсан. Түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсэн шалгахад тэрээр “миний буруутай үйл ажиллагаанаас бусдын хөрөнгийг үрэгдүүлсэн” гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн тул өршөөлийн хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг 2016 оны 11 сарын 18-ны өдөр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг автомашины төлбөрийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр төлж дуусгах бөгөөд сар бүр Тоёота компанид 620.56 ам доллар төлж байсан. Учир нь гэрээний дагуу сар бүр төлдөг маш хатуу хуультай, зөрчвөл торгууль төлбөр болоод АНУ-д амьдрах, цагаачлах эрхтэй холбоотой учраас бид одоо болтол автомашинаа унаж аваагүй мөртлөө төлбөрөө төлж давхар давхар хохирсоор байсан. Иймд миний Мерседес бенз МЛ-350 маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн, бор саарал өнгийн автомашины төлбөр болох 37,233,60 ам.доллар буюу 2016 оны 12 сарын 26-ны өдрийн ханшаар /1 ам доллар 2 490,24 төгрөг/ 92,969,062 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: АНУ-ын Калифорниа мужийн Лос-Анжелос хотын хуулийн этгээдийн бүртгэлийн /компани, аж ахуй нэгж байгууллагын бүртгэл/ газарт бүртгэлтэй, “Э ” ХХК-д 2012 оны 2 сараас 2014 оны 2 сар хүртэл ажиллаж байсан бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч байгаагүй, мөн гүйцэтгэх захирал хийж байгаагүй, зөвхөн цалин авч ажиллаж байсан. Тухайн үед компаниас намайг тушаал гаргаж ажиллуулж байсан. “Э ” ХХК-д 2014 оны 2 дугаар сараас ажиллахаа больж, “Из и эйч” гэх тракны компанид 1 сар гаран ажиллаж, мөн бусад ажил хийж байгаад бие өвдөн 2015 оны 3 дугаар сарын сүүлээр Монгол Улсад ирсэн. Намайг 2014 оны 2 дугаар сард ажлаас гарах үед тус компани түрээсэлж байсан агуулахаа чөлөөлөх шаардлагатай болж, автомашин тэрэг болон Монгол Улс руу тээвэрлэх бусад ачааг өөр агуулах руу зөөх шаардлагатай болж, нэхэмжлэгч Д ийн автомашиныг хашаанд тавьсан байсан. Уг автомашиныг би аваагүй, үрэгдүүлээгүй. Нэхэмжлэгч автомашиныг авч үрэгдүүлсэн гэж байгаа боловч энэ автомашин тус компанийн агуулах, хашаанд байсныг нь харсан болохоос надад хүлээлгэн өгөөгүй. Эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон Б.Баасандорж “...ажлаас гарахдаа надад МL350 гэсэн автомашин байгаа” гэж хэлсэн болохоос надад хүлээлгэн өгөөгүй. Би тухайн үед хүлээн авсан бол тус автомашины худалдах-худалдан авах гэрээ, эзэмшигчийн гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгөөгүй учир би тухай автомашиныг “Э ” ХХК-ийн Монгол Улс руу газраар чингэлэгт явуулах бүртгэлд бүртгээгүй болно. Би уг автомашиныг аваагүй гэдгээ 2015 оны 3 сард Монгол Улсад ирээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудагдаж тайлбар, байцаалт авч байхад тухай бүр нь хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч н.Манлай “чи автомашин үрэгдүүлсэн гэдгээ бичээд өгчих, өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болно” гэж ятгаж би тэр үед нь төлбөр төлөхгүй болж, өршөөлд орох юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл мөрдөн байцаагч надад бичих зүйлийг зааж өгч би 2016 оны 11 сарын 02-ны өдөр үрэгдүүлсэн гэх бичиг хийж өгсөн. Гэтэл Д ь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасныг гардаж аваад Нийслэлийн прокурорын газарт очиж, 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 144 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг авсан. Миний бие буруу ойлгон гэм буруутай гэж хүлээн зөвшөөрснөө мэдэж Нийслэлийн прокурорын газарт 2017 оны 02 сарын 22-ны өдөр тус газрын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 144 дүгээр “Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Миний зүгээс аваагүй автомашин, үрэгдүүлээгүй зүйлийнхээ төлөө Д ьд 92,969,062 төгрөг төлөх боломжгүй. Д ь нь АНУ-ын хуулийн байгууллагад хандаж, МL350 автомашиныг үрэгдүүлсэн этгээдийг олж, түүнээс нэхэмжлэх хэрэгтэй. Иймд Д ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Э ” ХХК нь тухайн улсдаа бүртгэлтэй тамга тэмдэгтэй, тухайн улсдаа татвар төлөгч хуулийн этгээд гэдэг нь тодорхой юм. Нэхэмжлэгч талаас Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Э ” ХХК-ийн салбарыг манай компани гэж тайлбарлаж, тэдний хүлээх үүрэг хариуцлагыг биднийг хүлээх ёстой гэж тайлбарладаг ч энэ тухайгаа нотолсон баримтгүй байхад өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан хэрэв бид Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд болох “Э ” ХХК-ийн салбар байсан бол Монгол Улсад хуулийн этгээдийн эрхгүй, шүүхэд бие даан нэхэмжлэгч, хариуцагч байх боломжгүй, өөрсдийн нэрээр банкан дахь харилцах данс эзэмших эрхгүй, толгой компаниас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид салбарыг удирдах нь тодорхой юм. Монгол Улсын хуулийн этгээд “Э ” ХХК нь 2013 оны 03 сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга тэмдэг авч, банк санхүүгийн байгууллагад данс эзэмшигч эрх зүйн этгээд болж, татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар бүртгүүлэн үүсгэн байгуулагдсанаас авахуулан өнөөг хүртэлх хугацаанд хуулийн дагуу идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн, цаашид ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах болно. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг бид тухайн компанийн салбар, төлөөлөгчийн газар байсан ч салбар төлөөлөгчийн газарт хандаж нэхэмжлэл гаргаж, хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Б  гэгч нь манай компанийн ажилтан биш мөн бидэнтэй ямар ч холбоо хамааралгүй этгээд болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан хамтран хариуцагчаар хэрэг маргаанд татагдахын тулд тухайн харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгч байх шаардлагатай. Б  болон Монгол улсын хуулийн этгээд “Э ” ХХК-иуд нь Д ийн өмнө хамтран үүрэг хүлээж буй тохиолдолд хамтран хариуцагчаар татагдах үндэстэй. Гэтэл энэхүү хэрэгт ямар ч нотлох баримтгүйгээр хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д ийн өөрийн хүсэлтээр 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Б ыг манай компанид ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж байсан эсэх талаарх лавлагааг Гаалийн ерөнхий газраас авахуулахад “Ийм мэдээлэл гаалийн мэдээллийн санд бүртгэлгүй байгаа” тухай хариу ирсэн. Б  нь манай компанид хамааралгүй болох нь мөн “Э ” ХХК нь энэ хэрэгт хамааралгүй болохыг нотолж байна. Д ийн нэхэмжлэлд дурдагдсанаар хэргийн үйл баримт нь Америкийн нэгдсэн улсад болж, нэхэмжлэгч нь Тоёота компаниас худалдаж авсан автомашинаа тус улсын хуулийн этгээд “Э ” ХХК-д ажилладаг Б.Баасандоржид үлдээгээд явсан байх бөгөөд Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн үйл баримтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд хариуцлага хүлээхээр хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэм хорын хохиролд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлээс “Э ” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                              

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01028 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б оос 92,969,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ьд олгож, “Э ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Б оос 622,795 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1259 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э ” ХХК-иас 92,969,062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ьд олгож, Б од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Б оос” гэснийг “хариуцагч “Э ” ХХК-иас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1259 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Магадлалд "... хариуцагч “Э ” ХХК нь АНУ-аас Монгол Улс руу ачаа тээвэрлэх тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд тус компани АНУ-д бүртгэлтэй компани гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс АНУ-ын “Э с” ХХК болон Монгол Улсын “Э ” ХХК-иудыг ялгаж салгаж авч үзээгүй. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар АНУ-ын “Эм ложистикс” ХХК болон Монгол Улсын “Э ” ХХК-иуд нь өөр өөр компаниуд болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д ь нэхэмжлэлдээ “АНУ Лос Анжелос хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Э ” тээвэр зуучлалын компанид хандсан”, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан өргөдөлдөө нэхэмжлэгч Д ь нь “АНУ-ын Лос Анжелос хотын “Э с” ХХК-ийн менежер Б.Баасандоржид машиныхаа үлдэгдэл төлбөрийг хийж дуусаад ачуулах нөхцөлтэйгөөр орхиод явсан”, хариуцагч Б  эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэргээ хүлээж “...би өөрөө АНУ-ын “Э ” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлагагүй байдал тэрчлэн хохирогч Д ийн МЛ-350 маркийн автомашиныг үрэгдүүлсэн нь миний буруу болохыг ойлгож мэдэж байна”, хариуцагч Б  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Америкийн нэгдсэн улсын Калифорни муж улсын Лос Анжелос хотын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлтэй “Э с” ХХК-д 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл ажиллаж байсан...”, 2017 оны 04 сарын 05-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцсон Б.Баасандорж “...2013 оны 08 сард Д ь гэдэг хүн Америкийн нөгөө эрэг Вержина мужаас манай компани руу машинаа унаад ирсэн. Би хүлээж аваад гүйцэтгэх захирал Д.Болдод хүлээлгэн өгсөн...”, АНУ-ын “Э с” ХХК-ийн захирал Б.Түвшинбаяр “...захирал Балдандорж овогтой Түвшинбаяр би 2012 оны 2 сараас 2015 оны 2 сар хүртэл 3 жилийн хугацаатай агуулах түрээслэн Баяржаргал овогтой Болдтой хамтран ажиллаж, Б  нь далайн тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэн ажиллуулж байсан, ...Б  нь манай байгууллагын болоод өөрийн албан тушаалыг ашиглан уг машиныг завшсан байна. Тиймээс МЛ-350 машины асуудал нь “Э ” ХХК болон Монгол дахь “Э ” ХХК-тай огт холбогдолгүй болохыг мэдэгдэж байна”, мөн 2-р хавтаст хэргийн 65-66 дахь талд 2017 оны 03 сарын 20-ны өдөр байгуулсан 2 тоот Хамтын ажиллагааны гэрээ авагдсан байх бөгөөд АНУ-ын “Э с” ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер Э.Цацрал байгууллагаа төлөөлөн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдаг. Дээр дурьдагдсан баримтуудаас үзэхэд хэргийн зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар Б  нь Америкийн нэгдсэн улсын Калифорни муж улсын Лос Анжелос хотын “Э с” ХХК-д ажиллаж байсан болох нь хангалттай нотлогдож байгаа төдийгүй энэ хоёр байгууллага тус тусдаа байгууллага болохыг хангалттай нотолж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар дээрх баримтууд бүхэлдээ шинжлэн судлагдсан баримтууд төдийгүй анхан шатны шүүх эдгээр баримтыг үндэслэн үнэн зөв, үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. АНУ-ын “Э с” ХХК нь 2012 оны 02 сард АНУ-д үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын “Э ” ХХК нь 2013 оны 03 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн байгуулагдсан, тус тусдаа өөр өөрсдийн нэрээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээгч эрх зүйн субьектууд юм.

2. АНУ-ын “Э с” ХХК болон Монгол Улсын “Э ” ХХК нар нь 2016 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл энэхүү хэргийн маргааны зүйл болж буй үйл явдал 2013.05.05-нд Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр өрнөж, Америкад үйл ажиллагаа явуулдаг “Эм ложистикс” компанийн агуулахад нэхэмжлэгч Д ь нь машинаа Б.Баасандоржид хариуцуулан үлдээж явсан байдаг. Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн үйл явдалд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг холбож, хариуцагчаар татаж, төлбөр гаргуулахаар шийдвэрлэж болохгүй. Энэ хэргийн хариуцагч Б  нь ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар удаа дараа АНУ-ын “Эм ложистикс” ХХК-д ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэж магадлал гаргасан.

3. Уг хэргийн хамтран хариуцагч болох Б  нь Монгол Улсын “Э ” ХХК-д ажиллаж байсан, бид нийгмийн даатгал төлж, ажиллуулж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, 1-р хавтаст хэргийн 240-250 дах тал болон 2-р хавтаст хэргийн 1-26 дах хуудсанд манай компанийн талаарх улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа байх ба 1-р хавтаст хэргийн 242 дахь талд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Аюуш, Батзаяа, Ундрал зэрэг хүмүүс ажиллаж байсан болох нь тогтоогдож байгаа. ИХ-ийн 498 дугаар зүйлийн 498.1-ийн дагуу биднээс гэм хорын хариуцлагын төлбөр гаргуулахын тулд Б  нь манай компанийн ажилтан байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ёстой. Гэтэл хэзээ нь хариуцагч Б  манайд гүйцэтгэх захирлаар ажиллаж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болж явсан нь ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх эх сурвалжаа заалгүйгээр “...Хариуцагч “Э ” ХХК-д хариуцагч Б  ажиллаж байсан болох нь хэрэг авагдсан бичгийн баримтууд болон гэрч Б.Баасандоржийн мэдүүлэг, хариуцагч Б ын тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ” гэж үзсэн нь шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 1259 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Ундрал, өмгөөлөгч Г.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1259 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дах хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ. Хариуцагчийн давж заалдах гомдол илт үндэслэлгүй буюу хүлээж авах боломжгүй байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Түүнчлэн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл нэхэмжлэгч миний бие өөрийн нэхэмжлэлдээ “АНУ-ын Лос Анжелис хотод үйл ажиллагаа явуулдаг “Э ” тээвэр зуучлалын компанид хандсан, түүнчлэн хариуцагч Б  эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэргээ хүлээж “...би өөрөө АНУ-ын Э  компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажлын хариуцлагагүй байдал, тэрчлэн хохирогч Д ийн МЛ350 маркийн автомашиныг үрэгдүүлсэн нь миний буруу болохыг ойлгож мэдэж байна” хэмээн дурдсан байдаг. Эндээс үзэхэд хариуцагч Б  нь АНУ-ын Калифорни муж улсын Лос Анжелос хотын “Э ” компанид ажиллаж байхдаа нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хувьдаа завшсан болох нь нотлогдож байна. АНУ болон Монгол Улсад байрлан үйл ажиллагаагаа явуулж буй “Э ” компаниуд нь хоёр өөр байгууллага болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Өөрөөр хэлбэл, МУ-д байдаг манай компани нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг гэх “Эм жи ложестик” ХХК-тай ямар ч хамааралгүй тийм хуулийн этгээд Америк Улсад байдаг гэдгийг мэдэх ч үгүй юм. Мөн хариуцагч Б  нь манай компанид хэзээ ч ажиллаж байгаагүй бөгөөд АНУ-д л ажиллаж байсан гэдгийг шүүх хурал дээр мэдсэн болно. Анхан шатны шүүх дээрх бүх баримтуудыг үнэн зөв, тал бүрээс нь бодитой судлан үнэлж, хуульд нийцсэн шийдвэр гаргасан байна. Харин давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйн учир хууль бус шүүхийн шийдвэр гарч, хариуцагч миний эрх ашиг хохирсон байна. Иргэн Б ын гадаад улсад ажиллаж байхдаа гаргасан хариуцлагагүй үйлдлийг нотлох баримтгүйгээр манай компанид холбон тайлбарласанд гомдолтой байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1259 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д ь нь хариуцагч Б  болон “Э ” ХХК-д  холбогдуулан автомашиныг үрэгдүүлсэн гэм хорын хохиролд 92,969,062.00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргахдаа “...“Э ” ХХК-аар тээвэрлүүлэхээр Б од машиныг хүлээлгэн өгсөн, хохирлыг хамтран хариуцах ёстой” гэжээ.

2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн машин зээлээр худалдан авах гэрээгээр АНУ-д амьдарч байсан Д.Жаргалсайхан нь Виржина мужид “Күүнс Тайсон Тоёота”-аас 2007 оны “Мерседес МЛ-350” маркийн хуучин автомашиныг 37,233.60 ам.доллараар авсан, нэхэмжлэгч Д ь уг автомашиныг 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр АНУ-д тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан хариуцагч “Э ” ХХК-д Монгол Улс руу тээвэрлүүлэхээр тус компанийн менежер Б.Баасандоржид хүлээлгэн өгсөн, машин нь тус компанийн агуулахад байсан боловч алга болсон үйл баримт  тогтоогдсон тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Хариуцагч Б  нь АНУ-д 2012 оны 2 сараас 2014 оны 2 сар хүртэл хугацаагаар “Э ” ХХК-д ажиллаж байжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б од гэм хорын хохирлыг хариуцуулж шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

2014 оны 2 сард “Э ” ХХК түрээслэж байсан агуулахаа чөлөөлөхдөө нэхэмжлэгч Д ийн автомашиныг хашаанд гаргаж тавьсан, нэхэмжлээд байгаа автомашиныг тус компанийн агуулах, хашаанд байсныг харсан болохоос хүлээн аваагүй гэх хариуцагч Б ын тайлбар, гэрч Б.Баасандоржийн нэхэмжлэгчээс машиныг хүлээж аваад гүйцэтгэх захирал Б од хүлээлгэн өгсөн, компанийн агуулахад удаан байсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар маргааны үндэслэл болох автомашиныг нэхэмжлэгч  Д ь нь хариуцагч “Э ” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Д ь хариуцагч “Э ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүссэн, Б  нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ уг автомашиныг үрэгдүүлсэн тул түүний бусдад учруулсан гэм хорыг “Э ” ХХК хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцсэн байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хариуцагч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1259 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч “Э ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,000.00 /зургаан зуун хорин гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН