Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 29

 

 

                                         Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням,

                                 Т.Оюунболд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Эрболотын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Г.Баяржаргал,

шүүгдэгч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Г.Нямхүү,

иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 733 дугаар магадлалтай, 201301020092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Даваасүрэн, С.Алтанцэцэг, Г.Баяржаргал, иргэний нэхэмжлэгч  Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбат нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Секель овогт Бадилханы Эрболот нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хотол овогт Цогтгэрэлийн Давааням нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт Төмөрхуягийн Оюунболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан хулгайлж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрболот, Ж.Алтангэрэл нарыг тус бүрт 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 /арван хоёр/ жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч Ц.Даваанямд 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ял, шүүгдэгч Т.Оюунболдод 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 95-44 УНЗ улсын дугаартай Эксель загварын автомашины үнэ 1.500.000 төгрөгийг Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас, 51-67 УБЗ улсын дугаартай Аксент загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас, 35-37 УБВ улсын дугаартай Гранд Марк-2 загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржид, Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас 20.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Лхагвадоржид, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 16.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 9.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржид, Б.Эрболот, Б.Алтангэрэл нараас 6.990.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Баатарцогтод, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 267.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Оргилбатад тус тус олгон, 48-79 УНО улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн бүртгэлийг хохирогч Б.Оргилбатын нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Ж.Алтангэрэл нь Б.Эрболот, н.Эрдэнэбилэг нартай бүлэглэн 2012 оны 2 дугаар сард “… иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай “Ланд Круйзер-80” загварын автомашиныг хулгайлсан”, Б.Эрболот, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 28-нд “иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 00-82 УНБ улсын дугаартай Ланд Круйзер-80 загварын автомашиныг хулгайлсан”, Б.Эрболот, Т.Оюунболд, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд “иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай автомашиныг хулгайлсан”,

ялтан Ц.Давааням нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 01-03 цагийн үед “… иргэн Т.Ганзоригтын эзэмшлийн “Ланд Круйзер-80" загварын 17-88 УНЗ улсын дугаартай автомашиныг хулгайлсан”, Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд “… иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлсан”,

ялтан Т.Оюунболд нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан “иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн ”Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлсан ...” хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалтыг,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас ялтан Б.Эрболотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснын журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, ялтан Ж.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар,  ялтан Ц.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, ялтан Т.Оюунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн заалтыг тус тус нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Секель овогт Бадилханы Эрболотыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан зохион байгуулагчаар, Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэлийг  бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, давтан хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжигчаар бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг, Хотол овогт Цогтгэрэлийн Даваанямыг бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж хулгайлсан хэрэгт хамжигчаар бүлэглэн оролцож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Монгол овогт Төмөрхуягийн Оюунболдыг бусдын эд хөрөнгийг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, хулгайлсан гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэн оролцож, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай ...” гэж,

2 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрболотыг 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Ж.Алтангэрэлийг 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваанямыг 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оюунболдыг 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэж,

3 дахь заалтыг: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Эрболотод оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг, Ж.Алтангэрэлд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Даваанямд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих, Т.Оюунболдод оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй ...” гэж, 5 дахь заалтыг: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 95-44 УНЗ улсын дугаартай Эксель загварын автомашины үнэ 1.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 51-67 УБЗ улсын дугаартай Аксент загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас хувь тэнцүүлэн гаргуулж, 35-37 УБВ улсын дугаартай Гранд Марк-2 загварын автомашины үнэ 4.500.000 төгрөгийг Б.Эрболотоос гаргуулж тус тус улсын орлого болгосугай ...” гэж,

8 дахь заалтыг: “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар: Б.Эрболот, Ж.Алтангэрэл  нараас 25.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржид, Б.Эрболотаас 20.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Лхагвадоржид, Б.Эрболот,  Ц.Давааням нараас 16.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Бямбасүрэнд, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 9.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржид, Б.Эрболотаас тээврийн хөлс, зардал 6.990.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баатарцогтод, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нараас 267.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Оргилбатад тус тус олгон, 48-79 УНО улсын дугаартай Гранд марк-2 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн бүртгэлийг хохирогч Б.Оргилбатын нэр дээр шилжүүлсүгэй ...” гэж,

10 дахь заалтаас шүүгдэгч Т.Оюунболдод холбогдох хэсгийг хүчингүй болгосугай ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Т.Оюунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 1 сарын хугацаатай оногдуулсан хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Т.Оюунболдыг нэн даруй сулласугай.”, “Ц.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн заалтуудыг нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням, ялтны өмгөөлөгч Д.Ганбат, С.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Г.Баяржаргал, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Амгаланбат нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч С.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Г.Баяржаргал, Г.Ганцэцэг, Г.Нямхүү, Т.Амгаланбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж, Б.Бямбасүрэн нарын өмгөөлөгч Т.Амгаланбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр машины ченж С.Зоригтбаатараас Ланд круйзер 80 маркийн автомашиныг 25 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээг бичгээр байгуулан 25 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн. Иргэний хариуцагч С.Зоригтбаатар нь дээрх машиныг Б.Эрболотоос 18 сая төгрөгөөр худалдан авсан. Д.Лхагвадорж машины шударга эзэмшигч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүхээс Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нараас 25,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржид олгохоор шийдвэрлэсэн нь иргэний хариуцагч С.Зоригтбаатарыг иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлж машины үнийн зөрүү болох 7 сая төгрөгөөр С.Зоригтбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн нэхэмжлэлийг шүүгдэгч Б.Эрболот нарт холбогдох хэрэгт шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг зөрчжээ. Иргэний хуулийн 114 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн дагуу Д.Лхагвадорж нь шударга эзэмшигч байх бөгөөд нэгэнт түүний худалдан авсан эд хөрөнгө хулгайн эд хөрөнгө байсан нь тогтоогдож гэрээ хэлцэл хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байх тул хөрөнгийг шилжүүлсэн этгээд болох С.Зоригтбаатараас автомашины үнэд өгсөн 25 сая төгрөгийг шаардах эрх үүсч байна. Шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, 25 сая төгрөгийг иргэний хариуцагч С.Зоригтбаатараас гаргуулж, Д.Лхагвадоржид олгохоор шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

            Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Б.Эрболот анхны мэдүүлэгтээ ганцаараа хэрэг үйлдсэн гэж байснаа дараагийн мэдүүлгээсээ Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нартай хамтран хэрэг үйлдсэн гэж зөрүүтэй мэдүүлдэг. Ж.Алтангэрэлийн хувьд Т.Ганзоригтын автомашиныг хулгайлах үйлдэлд хамжигчаар оролцсон гэдэг боловч энэ хэрэгт Ж.Алтангэрэл холбогдолгүй. Тухайн үед Ж.Алтангэрэл Ц.Даваанямын машиныг гуйж авч халтуур хийхээр явж байгаад зам тээврийн осолд өртөж тэр шөнөөс үүр цайтал уг зам тээврийн ослыг шалгаж эцэстээ эрүүгийн журмаар шийдвэрлэж дууссан талаарх баримт хэрэгт байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагддаггүй. Ц.Даваанямын үйлдлийг тогтоохдоо гэрч Ч.Нарандэмбэрэлийн мэдүүлгийг үндэслэдэг боловч энэ гэрчийг Б.Эрболот хэрэг болсноос хойш 3 жилийн дараа олж ирсэн ба мөрдөн байцаалтын шатанд таньж олуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн, таньж олохдоо ч зөрүүлж таньдаг. Т.Оюунболдын хувьд Б.Эрболот нь автомашины бичиг баримтыг ганцаараа очиж худалдаж авчихаад Ж.Алтангэрэл, Т.Оюунболд нартай хамт очиж авсан гэж худал мэдүүлдэг ба гэрч Цогтбаатар Б.Эрболот ганцаараа ирж авсан гэдгийг нотолдог. Мөн гэрч Бямбажав хэрэг болсноос хойш 3 жилийн дараа таньж олсон гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “... яг үнэнийг хэлэхэд би сайн санахгүй байна ...” гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ёстой байхад анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж” шүүх хуралдаанаар нөхөн гүйцээснээр эдгээр гэрч нарын мэдүүлэг хууль зөрчиж цугларсан тул нотлох чадвараа алдах үндэслэл болно. Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн мэдүүлэг өгөөд байсан Б.Эрболот мэдүүлгээсээ буцсан байхад түүний мөрдөн байцаалтын шатанд өгч байсан худал мэдүүлгүүдийг үндэслэн, хэрэгт шууд хувийн сонирхол хамааралтай, бичиг баримт, арлын дугаар зарсан, гагнасан гэх гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлэг, эх сурвалжаа зааж чадаагүй, хулгайн гэмт хэргийн салшгүй нэг шинж шунахайн сэдэлтэй байх ёстой байхад үүнийг тогтоогоогүй буюу автомашинуудыг хэн хэн хулгайлсан, орлогоо хэрхэн хуваарилж, юунд зарцуулсан нь тогтоогдоогүй байна. Өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй шүүгдэгчийн мэдүүлэг болон зөрүүтэй гэрчийн мэдүүлгүүдэд үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай. Иймд хэрэгт цугларсан Б.Эрболотын зөрүүтэй мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй байдлыг харгалзан Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан  тэднийг цагаатгаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч С.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Эрболотын мэдүүлэг, бусад нотлох баримт, эх сурвалжууд эргэлзээтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Эрболотын мэдүүлэг зөрүүтэй, бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Алтангэрэл нь Эрболотын зааж зөвлөснөөр бусдаас машины бичиг баримтыг нэг л удаа худалдан авсан байдаг. Гэтэл Б.Эрболот Алтангэрэлийн энэ үйлдлийг ашиглаж хэрэгт холбогдуулж, үүнийг шүүх үнэлж хулгайн хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн нь шударга бус болжээ. Бичиг баримт худалдан авсан үйлдэл нь хулгайн гэмт хэргийн субьектив санааг тодорхойлж чадахгүй. Мөн хулгайн гэмт хэргийг Эрдэнэбилэг, Алтангэрэл нартай үйлдсэн гэдэг боловч Эрдэнэбилэгийг Алтангэрэл таньдаггүй. Ц.Давааням, Т.Оюунболд нарыг мөн л зөвхөн Эрболотын мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг шийдвэрлэж байна. Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт хулгайн гэмт хэрэгт хамтран оролцож, эд зүйлийг ашиглаж, ашиг олсон ямар ч үйлдэл байхгүй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарын өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Шүүх хохирлыг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн төлөх гэсэн зарчим баримталсан нь хэт нэг талыг барьсан, үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Тухайлбал Ховд аймагт зарагдсан Ланд круйзер маркийн автомашины мөнгийг би өөрийн Хаан банкны дансаар цувуулж авсан гэж Эрболот мэдүүлсээр байхад шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн зөрчил болсон. Мөн Б.Эрболот “Оюунболд тэгж их мөнгө төгрөг тусдаа авсан асуудал байхгүй” гэж мэдүүлсэн байгаа. Сайханбилэгийн Эрдэнэбилэг гэж 22-23 настай шар царайтай 170 см орчим өндөр, цагаан өнгийн 43-51 УБЛ дугаартай аксент маркийн автомашинтай хүн гэж Эрболот тодорхой мэдүүлээд байхад улс орон даяар эрэн сурвалжилсан ажиллагаа хийсэн эсэх талаар материал хэрэгт байхгүй байгаа нь учир дутагдалтай. Миний үйлчлүүлэгч нар Эрболотод гүтгэгдэж гэмт хэрэгтэн болохоос гадна Эрдэнэбилэг гэгчийн идэж ашигласан гэх мөнгийг давхар төлөх болоод байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Эрболот нь миний үйлчлүүлэгч нарыг ямар шалтгаанаар гүтгэсэн, ямар санаа зорилготой байсан талаараа тодорхой мэдүүлж байхад шүүх уг мэдүүлгийг авч хэлэлцээгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Эрболот анхны мэдүүлэгтээ ганцаараа хэрэг үйлдсэн гэж байснаа яллагдагчаар дахин байцаасан үеэс Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нартай хамтран хэрэг үйлдсэн гэсэн мэдүүлэг өгч бусдыг онц хүнд гэмт хэрэгт тодорхой санаа зорилготойгоор гүтгэсэн гэж үзэж байна. Б.Эрболот нар нь миний үйлчлүүлэгч нарыг гүтгэснээс гадна хэргийн бодит байдлыг гуйвуулах, мөрдөн шалгах ажиллагааг сунжруулах зорилгоор Эрдэнэбилэг гэгч хүний талаар мэдүүлдэг. Б.Эрболот нь ямар зан чанартай зальтай гүтгэгч болох нь өмгөөлөгч Н.Ганбаттай 3 сар гаруй хугацаанд хамтран ажиллаж, өмгөөллийн туслалцаа авч байсан мөртлөө Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбатыг үндэслэлгүйгээр адилхан нэртэйг нь ашиглан гүтгэн хэлмэгдүүлж, өмгөөллийн эрхийг нь 7 сар гаруй хугацаанд хасуулж хохироож байснаар тодорхойлогдоно. Б.Эрболотын гүтгэсэн мэдүүлгүүдийг хасаад үзэх юм бол миний үйлчлүүлэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч шууд нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.Эрболот хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... би өөрийн эрх ашгийн төлөө хэргийг шалгах явцыг удаашруулж, цаг хугацаа хожих зорилгоор Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж хилсээр гүтгэж худал мэдүүлэг өгсөн. Хууль бус шийдвэр гаргахад хүргэсэн гэрч Л.Батсайхан, Т.Алтанхуяг, Ч.Нарандэмбэрэл нарын мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үндэслэлгүй юм. Ч.Нарандэмбэрэлээс бичиг баримт худалдан авсан хүн бол би байтал яагаад өөр хүмүүс заасан шалтгааныг мэдэхгүй ч 2012 оны 6 дугаар сард миний биеийн жин 65 кг байсан, харин одоо 91 кг болж өөрчлөгдсөн. Миний бие хийсэн хэрэгтээ болон өөрийн эрх ашгийн төлөө бусдыг онц хүнд гэмт хэрэгт хилсээр гүтгэж, бусдад асар их гэм хортой хүнд нөхцөл бий болгосондоо үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Иймд Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарыг гэмт хэрэгт оролцоогүй гэдгийг тогтоож, цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Оюунболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... хэдийгээр намайг өршөөн хэлтрүүлж сулласан нь сайн боловч Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шударга бус байна. Намайг гэм буруутай гэж үзэхдээ хэрэг болсноос хойш 2-3 жилийн дараа Б.Эрболотын дагуулж ирсэн Г.Бямбажав гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн энэ гэрчийн мэдүүлэг нь ч хоорондоо зөрүүтэй. Иймд би автомашины хулгайн хэрэгт холбогдолгүй, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Алтангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 2012 оны 2 дугаар сарын эхээр намайг сургууль дээр байхад Эрболот над дээр ирээд танайхан өндөр тэнхлэгтэй машин сонирхоод байсан хэвээрээ юу, надад нэг Ланд 80 маркийн машин байна гэсэн. Тэгэхээр нь би аав ээж авах авахгүйг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл удалгүй Эрболот хөдөө явж танайханд машинаа үзүүлье гээд бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл суманд очиж манай аав ээжид үзүүлээд худалдан авахаар болж миний өөрийн эзэмшлийн машин дээр 6,500,000 төгрөг өгч наймаа хийсэн. Уг машиныг хэдэн сар хөдөө унаж байтал байн байн эвдрээд байхаар нь 8 сард хотод авчраад Эрболотод муу машин байна, авах хүн мэдэж байгаарай гэж хэлээд машинаа орхиод хөдөө явж байгаад эргээд ирэхэд Эрболот ломбарданд тавьсан байсан. Тэгээд дараа нь Эрболотоос машины талаар асуухад ченжид зараад би мөнгийг нь хэрэглэж байя, өөрийнхөө машиныг зараад мөнгийг нь өгнө гээд таг алга болсон. Удалгүй би мөнгөө нэхэж залгахад он нь хөгшин болохоор зарагдах нь удаан байна, чи он залуу бичиг баримт асуугаад өгөөч гэхээр мөнгөө авахын тулд өөрийн биеэр очиж бичиг баримт авсан бөгөөд мөнгийг нь Эрболот гаргасан. Тэгээд арлын дугаарыг нь гагнуулаад ирээч, би хичээлтэй амжихгүй байна гэхээр нь явж гагнуулсан. Бичиг баримт авах, арлын дугаар гагнуулах нь хууль бус гэдгийг мэдээгүй. Эрболоттой хамтран хулгайн хэрэг үйлдээгүй. Б.Эрболот худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний гэм буруугийн асуудал тогтоогдохгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд тохирохгүй дүгнэлт хийж намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү ... ” гэжээ.

Шүүгдэгч Б.Эрболотын өмгөөлөгч Г.Ганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Өөр саналгүй...” гэв.

Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Г.Нямхүү хяналтын шатны шүүх хуралдаанд: “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллах болон цагаатгах талыг шалгаж тогтоох ёстой байтал үүнийг хийгээгүй. Гэмт хэрэг гарах үед Ж.Алтангэрэл хаана, юу хийж явсан талаар ямар ч мэдүүлэг аваагүй. Б.Эрболотын мэдүүлэг зөрүүтэй болон таньж олуулах ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн. Ж.Алтангэрэл уг гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогддоггүй. Иймд Ж.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Хяналтын шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Б.Эрболот нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд, “хувийн өмчийг гэмт халдлагаас хамгаалах”, “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг гагцхүү Эрүүгийн хуулиар тогтоох”, “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох” зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1, 5, 9, 10 дугаар зүйлүүдэд заасан зорилт, зарчмуудад бүрэн нийцээгүйгээс гадна шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гарахад нөлөөлж болохуйц, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох шаардлагатай дараах ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэв.

Нэг. Монгол Улсын Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрлүүд болох худалдах, худалдан авах, зээл, арилжаа гэх зэрэг гэрээний зүйл нь нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох эдийн болон эдийн бус хөрөнгө байдаг, энэ хэргийн тухайд хулгайлагдсан автомашин нь арлын болон улсын дугаар, өнгө, марк зэргээрээ нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөд хамаарна. Гэтэл хэргийн холбогдогч нь уг шинжийг өөрчлөхдөө тухайн автомашины арлын дугаарыг өөр автомашины арлын дугаараар сольж гагнах, өөрчлөн сольсон арлын дугаар бүхий автомашины бичиг баримтаар худалдан авагч нарыг төөрөгдүүлж худалдан борлуулсан нийлмэл гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай.

Учир нь дээрх нэг бүрийн шинж нь өөрчлөгдсөн автомашинууд хууль ёсоор эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд түүнийг эзэмшигч, өмчлөгчийг хууль ёсоор бүртгэгдсэн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохицуулалтаар хамгаалагдсан эсэхийг шалгах нь зүйтэй. Энэхүү ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд огт хийгдээгүй нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

Хоёр. Автомашин худалдан авсан хүмүүсийг шударга эзэмшигч гэж тооцоод иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоосон атлаа тэднээс эд хөрөнгийг гаргуулан хулгайн гэмт хэргийн хохирогч нарт буцаан олгосон нь зөрчилтэй болжээ.

Учир нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч, нэхэмжлэгч нар уг эд хөрөнгийг шударгаар олж авсан гэсэн Иргэний эрх зүйн дүгнэлт хийгдвэл уг эд хөрөнгө тухайн эзэмшигчдээ үлдэх, эсхүл хуурч мэхлэгдэн эд хөрөнгийг /хууль ёсоор эзэмших бололцоогүй/ эзэмших эрхтэй болсон гэж төөрөгдсөн асуудалд Эрүүгийн эрх зүйн дүгнэлт хийх, шаардлагатай нотлох баримтыг бэхжүүлэх, цуглуулах, үнэлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Хулгайн гэмт хэргийн хохирогч нарт автомашиныг шууд шилжүүлэх нь хууль ёсны эсэх, эсхүл аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмсыг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно. Гэтэл арлын дугаар, бичиг баримт, улсын дугаар нь солигдсон автомашин хөрөнгийн шинжээ хадгалж, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний зүйл болж хууль ёсны дагуу бусдын эзэмшилд шилжиж чадах эсэхэд мөрдөн байцаагч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Мөн гагнуураар тайрч авсан автомашины арлын дугаар, гэрчилгээг бусдад зарж борлуулж буй үйлдлийн зорилгыг тогтоох, улмаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгч нь хэдийгээр өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч мэдүүлэг болон хүсэлт, гомдлууд нь эрс зөрүүтэй, тухайлбал Б.Эрболот давж заалдах шатны шүүхийн шат хүртэл “Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн” гэж тогтвортой мэдүүлж байсан мэдүүлгээсээ эрс буцаж, “... би өөрийн эрх ашгийн төлөө хэргийг шалгах явцыг удаашруулж, цаг хугацаа хожих зорилгоор Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд, Эрдэнэбилэг нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж хилсээр гүтгэж худал мэдүүлэг өгсөн” байгаа гэсэн нь үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоох, бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгах үндэслэл болж байна.

Б.Эрболотын ийнхүү эрс зөрүү бүхий гомдол, хүсэлтийн үнэн зөвийг эцэслэн шалгах, улмаар энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Давааням, шүүгдэгч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 733 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт холбогдох эрүүгийн 201301020092 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ