Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

       Д.С, Б.Г нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.С, Б.Г нарт холбогдох 201701070075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн .................., Улаанбаатар хотод 1984 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хаягтай,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ............../

 

2. Буурлынхан овгийн Д.... Д.С, Улаанбаатар хотод 1987 оны  6  дугаар  сарын 26-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны 8 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 1 тоотод түр оршин суух,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. / регистрийн дугаар: ............................./

 

Б.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архидан согтуурч байх үедээ Д.Сыг “чи муу манай найзыг яаж байгаа юм бэ” гэж хэлэн гуя, цээжинд нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Д.С нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах Б.Гийн гэрт архидан согтуурч байх үедээ А.Бодьсүрэнг унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр гуян тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 23 дугаар гудамжны 7 тоот хашаанд байрлах иргэн П.Самбуунямын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Б.Гийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан 6 сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийи 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Сод оногдуулсан 450 нэгжээр торгох ялыг 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг долоон сарын хугацаагаар тогтоож, Д.С, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Гэд оногдуулсан хоёр жилийн хорих ялаас, Д.Сод оногдуулсан долоон сарын хорих ялаас тус тус чөлөөлж, Д.Сын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Гэд оногдуулсан эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г хохирогч Д.Сод 1,200,000 төгрөг төлснийг, хохирогч Д.Самбууням нь Д.Соос эд зүйлээ авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Бодьсүрэн нь Д.Сод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг, шүүгдэгч Д.С, Б.Г нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хохирогч Д.Сын “Бодьсүрэн ах орон дээр цаашаа хараад унтаж байсан. Гансүх ах надад Бодьсүрэн ахыгаа сэрээчих гэхээр нь Сандагаа, Тулгаа хоёртой хамт гаднаас орж ирсэн өндөр залуутай хамт очоод хажууд нь зогсч байснаа санаж байна. Би их согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэг мэдсэн Бодьсүрэн ах гуя руугаа хутгалчихлаа гээд орилоод босоод ирчихсэн ... Гансүх ах над руу дайраад “Хүнийг ингэж хутгалдаг юм” гээд миний худалдаж авсан хар өнгийн эвхдэг хутгаар миний зүүн талын гуя руу хутгалсанаа миний дээрээс дарж хэвтэж байгаад цээж рүү хутгалсан. Над руу улаан галзуу дайраад гуя руу болон цээж рүү хутгалсан. Миний гарны шарх бол хутгалуулахгүй гэж ноцолдож байхад зүсэгдсэн... Би Бодьсүрэн ахыг хутгалсанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан танихгүй өндөр залуу бид хоёр хажууд нь очоод зогссон ба тэрнээс хойш архиндаа согтсон юм уу яасан юм юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд Бодьсүрэн ах босоод ирчихсэн хутгалуулчихлаа гэчихсэн баруун ор руу явж байсан ба Гансүх ах юу, юугүй над руу дайраад намайг хутгалсан. Тухайн үед Гансүх ахаа больё гэсэн чинь чи зүгээр байж бай “хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм” гээд намайг хутгаар хатгасан. Тэр үед гэрт Гансүх, Бодьсүрэн, Тулгаа, Сандагдорж, Идэрлхагва, танихгүй өндөр залуу бид нар байсан” гэсэн мэдүүлэг /хх-37-38, 86/,

Гэрч С.Идэрлхагвын “Д.С, танихгүй өндөр залуу хоёр “Бодьсүрэнг сэрээнэ” гээд хажууд нь очсон, удалгүй Бодьсүрэн ах “ёоё, яаж байна аа, чи намайг шаачихлаа ш дээ” гээд Д.С руу уурлаад босоод ирсэн... Гансүх, Д.С хоёр тоглоод байгаа нь мэдэгдэхгүй муудалцаад байгаа нь мэдэгдэхгүй зүүн талын орон дээр ноцолдоод байсан ба хажууд нь нөгөө өндөр залуу зогсоод салгах гээд байж байхаар нь хажууд нь хүн байгаа юм чинь яав л гэж бодоод би нэг их тоохгүй аягаа угаагаад зурагт үзээд сууж байтал удалгүй тэнд байсан өндөр залуу “чи хүн алчихлаа ш дээ” гээд
хашгирахаар нь эргээд хартал Д.С цээжиндээ хутгалуулчихсан байсан.
Д.Сыг баруун орон дээр аваачсаны дараа Гансүх ахын гарт байсан хар
өнгийн тонгоргон хутгийг нууя гээд нэг нь ярьж байсан. Ямар ч байсан намайг
эргээд харахад Гансүх ахын гарт хутга байсан ба хажууд нь зогсч байсан
танихгүй өндөр залуу орилж байсан. “Бодьсүрэнг хутгаллаа” гээд Гансүх уурлаад
Д.С руу дайраад “чи муу манай найзыг яаж байгаа юм” гээд ноцолдож
байснаа удалгүй “хүн алчихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Н.Гантулгын “зүүн орон дээр Гансүх Д.Сод уурлаад яаж байгаа мангар бацаан бэ гээд ноцолдоод байх шиг байсан. Тэгээд эргээд хартал Д.С футболкоо барьчихсан цээж нүцгэн, цээжнээс нь цус олгойдож байсан. Хутга шөвөг булаацалдсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Би бодохдоо Гансүх Д.Сыг цохиж зодож байна гэж бодсон ба шарх цэвэрлэж байгаад эргээд харахад л хутгалчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 5123 тоот актын “Д.Сын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушгины авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-68/-ээр Б.Г нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Б.Гийн үйлдэл, хор хохиролд болгоомжгүй хандсан нь хохирогчоос хутга булааж авах гэж ноцолдож байх явцад хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Д.С нь хоёр удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Миний цээж рүү хутгаар дүрчихээд Ганаа ахаа, одоо больё оо” гээд өөдөөс нь тэмцэлдээд байхад “байж бай чи, хутгална гэж энийг хэлдэг юм”, ...мөн “хүнийг ингэж хутгалдаг юм гээд гуя руу дараа нь цээж рүү хутгалсан” гэж мэдүүлдэг.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С нь “Манай ах эгч хоёр ажилгүй, эмчилгээний зардалд баахан мөнгө зээлээд хамаг юмаа ломбардчихсан. Тэгээд би Ганаа ахаас эмчилгээний зардал нэхэхэд Ганаа ахын эгч Тунгаа надад “чи болсон явдлыг санахгүй байна гээд хэлээд өгчих, тэгвэл тэр мөнгийг чинь өгье” гэхээр нь би аргагүй эрхэнд өмнөх мэдүүлгээсээ няцаж санахгүй байна” гэж мэдүүлсэн. Тэрнээс биш би Ганаа ах намайг дээрээс хутгалж байхад нь мэдсэн. Ганаа ах тухайн үед дээрээс дараад хутгаа зоочихоод байхаар нь өөдөөс нь тэмцээд “Больё оо, Ганаа ахаа” гээд хутга зоолттой байж байгаад хутгыг авах үеийг санаад байгаа. Тэгээд ухаан алдчихсан” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 21-22 дахь талд авагдсан байна.

Хохирогч Д.С нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд Гансүхийн эгчийг гуйхаар нь мөнгө хэрэгтэй байсан болохоор аргагүй эрхэнд санахгүй байна гэж мэдүүлсэн гэсэн шалтгаанаа шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлдэг. Шүүх энэ мэдүүлгийг огт үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Шүүх тогтоолдоо хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.Гэд ашигтайгаар мэдүүлсэн мэдүүлгийг тогтоолдоо үндэслэл болгож авсан. Мөн зөвхөн шүүгдэгч Б.Гийн мэдүүлгийг үнэлж хэт нэг талыг барьж, ялаас чөлөөлж шийдвэр гаргалаа гэж үзлээ.

Б.Г нь өөрийн үйлдэл бусдын эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдсээр байж, уг хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Д.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэг болон гэрч С.Идэрлхагвын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэргээр хангалттай тогтоогдож байна. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр Д.С, Б.Г хоёр ноцолдоод босч ирэхэд хутга Гансүхийн гарт байсан, мөн хутгаа нуучихья гэж ярилцаж байсан гэдэг.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан 3 тооны зүсэгдсэн шарх, үүссэн шархны байдал зэргээс харахад хохирогч өөрөө өөрийгөө 3 удаа хутгаар хатгаад байх боломж огт байхгүй. Мөн цээжинд үүссэн шарх нь цээжний хөндийг нэвтэрсэн шарх байгаа. Хохирогч өөрөө өөрийгөө зүсэхэд ийм гүн шарх үүсэх үү. Хохирогчийн мэдүүлснээр Гансүх ахаа больёоо гээд байхад байж бай чи ингэж хутгалдаг юм гээд хутгаа улам дараад байсан гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Улсын Дээд шүүхийн тайлбарт “гэмт хэрэг санаатай үйлдэх нь өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг эсхүл учрах боломжтойг мэдсэн хир нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг хэлнэ” гэсэн. Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн обьектив талын шинж нь бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэгэн дүрэм журам зөрчсөний улмаас бусдын биемахбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл буюу эс үйлдэхүй байдлаар илэрдэг. Ихэвчлэн ахуйн болон мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих дүрэм горимуудыг ноцтой зөрчсөн, эсхүл сахиагүй зэрэг хамаардаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаанд холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой. Энэ шинж нь Б.Гийн үйлдэлд огт байхгүй байхад шүүх болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Б.Гийн хувьд хутга бусдын эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдсээр байж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хохирогч Б.Д.С, гэрч Н.Гантулга нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга зэргээр хангалттай тогтоогдож байгаа. Б.Г нь хутга хүний биед хохирол учруулна гэдгийг ухамсарлаж байсан. Хохирогч Д.С нь хутгаараа өөр хэн нэгэнд хохирол учруулах үйлдэл огт хийгээгүй. Тухайлбал бусдад аюултай үйлдэл хийж хутгаа бариад хэн нэгэн рүү дайрах ч юм уу хутгаараа ийш тийш савах, хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаж зүй бусаар харьцсан асуудал огт байгаагүй. Бодьсүрэнгийн гуя руу хутгаараа хатгачихаад юу ч хэлэлгүй орон дээр сууж байсан гэдгийг гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Харин Б.Г нь чи миний найзыг яаж байгаа юм бэ гэж найзыгаа өмөөрч уурлаж босч ирээд хутгыг нь булааж авч Д.Сыг хутгалсан нь тогтоогдсон.

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан “хохирогчоос хутга булааж авах гэж ноцолдож байх явцад хүнд гэмтэл учруулсан” байна гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Б.Г нарт холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

           

            Шүүгдэгч Б.Г “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эсэргүүцэлд тогтоогдсон баримтуудыг бичээд байна. Прокурор хохирогч “эхнээсээ хутгална гэж үүнийг хэлдэг юм гээд намайг дарж байгаад хутгалсан” гэж хэлсэн гэдэг. Хэдийгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн ч ямар ч гэрч үүнийг нотолдоггүй. Зөвхөн “ноцолдож байсан, хутгыг нь авах гэж оролдож байсан” гэх мэдүүлгийг өгдөг. Үүгээр үйлдэлдээ болгоомжгүй хандсан нөхцөл байдал илэрч байгаа. Ер нь бол хохирогчийн мэдүүлэг ямар нэгэн байдлаар гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдох ёстой. Хохирогч тогтвортой мэдүүлж байснаа гэнэт шүүх хуралдаан дээр нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгээсээ буцсан. Б.Гийн эгч нь надад эмчилгээний мөнгө өгье. Тийм учраас чи нүүрэлдүүлэн байцаалтаа аятайхан болгож өгөөч гэсэн хүсэлтийг надад тавьсан учраас би нүүрэлдүүлэн байцаахад миний өгсөн мэдүүлэг худал хэлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл өнөөдөр нотлох баримтын эх сурвалж болж чадахгүй баримтаар шүүхийн шийдвэрийг буруутгаж болохгүй. Хутгалсны дараа “хутгыг нууя” гэж ярилцаж байсан гэдэг. Ийм нотлох баримт хаана ч байхгүй, ямар ч гэрч энэ талаар мэдүүлдэггүй. Шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулах боломжтой гээд өөрийнхөө дүгнэлтийг бичээд байна. Гэтэл шинжээч “энэ гэмтлийг хутга булаацалдаж байх явцад хохирогч  өөрөө өөртөө учруулах бүрэн боломжтой. Мөн түүнчлэн хутга барьж байгаад өөртөө учруулах боломжтой гэмтэл байсан” гэсэн. Ийм үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл нь няцаагдаж байна. Тийм учраас шүүхийн болгоомжгүй хандсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Б.Гэд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

   Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Соос хутгыг салгаж авах гэж ноцолдох явцдаа болгоомжгүйгээр хутгалж, хүнд хохирол учруулсан” гэсэн дүгнэлт хийхдээ улсын яллагчийн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй байдал тогтоогдов.

 

Тухайлбал: Д.Сын “... Гансүх ах над руу дайраад “Хүнийг ингэж хутгалдаг юм” гээд миний худалдаж авсан хар өнгийн эвхдэг хутгаар миний зүүн талын гуя руу хутгалсанаа миний дээрээс дарж хэвтэж байгаад цээж рүү хутгалсан...” /1-р хх-37-38, 86/, гэрч С.Идэрлхагвын “... Бодьсүрэнг хутгаллаа гээд Гансүх уурлаад Д.С руу дайраад “чи муу манай найзыг яаж байгаа юм” гээд ноцолдож байснаа удалгүй хүн алчихлаа гэж байсан...” /1-р хх-41-42/, гэрч Ц.Гантулгын “... Гансүх, Д.Сод уурлаад “яаж байгаа мангар бацаан бэ” гээд ноцолдоод байх шиг байсан...” /1-р хх-45-46/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрхэн үнэлж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Б.Гэд холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөн шийдвэрлэсэн байна.

 

   Иймд дээрх үндэслэлээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.С, Б.Г нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

   Д.Сын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар хуульд заагаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу хорих ялаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэсэн, ингэхдээ хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсний дараа хорих ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг цаашид анхаарвал зохино.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.С, Б.Г нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Д.С, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН