Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01625

 

“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00063 дугаар магадлалтай,

   “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            А эд холбогдох

            Байрыг  албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны нэхэмжлэлд: Манай компани эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 2900 м.кв газар эзэмшдэг. 2017 оны хавраас эхэлж зочид буудал, үйлчилгээний зориулалттай 9 давхар барилгыг уг эзэмшил газарт холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барьж байна. Гэвч барилга барих ажил эхлэхээс өмнө бидний эзэмшил газарт ямар ч зураг төсөвгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, зөвшөөрөлгүйгээр Бай-Өлке үйлчилгээний төвийн эзэн А  нь 3 х 7 метрийн хэмжээтэй зуухын байрыг дур мэдэн өргөтгөж барьсан. Манай компанийн зүгээс хариуцагчид эдгээр зуухын байрыг сайн дураар буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл өгч ирсэн. Тухайлбал, манай барилга баригдахаар төлөвлөгдсөн ухаж бэлтгэгдсэн газарт өөрчлөлт орж, тухайн шороог буцааж булсан зэрэг төлөвлөгдөөгүй ажлууд хийгдэж илүү зардал гаргаж багагүй хэмжээний материаллаг хохирол амссан. Нөгөө талаас ингэснээр цаг хугацаа алдаж чирэгдэл боллоо. Иймд “Б ” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031304202 дугаар бүхий 2900 м.кв талбайтай хууль ёсны эзэмшил газарт барьсан хариуцагч Бай-Өлке үйлчилгээний төвийн зуухын байрыг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагын зохих шийдвэрийн дагуу 2900 м.кв газрыг эзэмшдэг. 2017 оны 5 сараас эхлэн холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийн дагуу зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилгыг барьж байгаа. Гэвч барилга эхлэхээс өмнө бидний эзэмшил бүхий газарт ямар ч зураг төсөвгүй, эрх бүхий байгууллагын шийдвэргүй Бай-Өлке үйлчилгээний төвийн эзэн нь 17,42 метр квадрат зуухны байрыг дур мэдэн өргөтгөж барьсан. Манай байгууллагын зүгээс тус байрыг сайн дураараа буулгаж газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэсэн хуулийн заалт байгаа. Уг хуулийн дагуу “Б ” ХХК нь 2013 онд иргэн Нурлат гэж хүнээс худалдан авч хуулийн дагуу 2900 м.кв газрыг эзэмшиж байгаа. Олгосон огноо бол 2013 оны 11 сарын 20-ны өдөр байгаа. 2-р үйл баримт бол маргаан бүхий газартай холбоотой асуудал байгаа. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөөд энэхүү газрыг надад шилжүүлсэн, худалдсан байсан гэдэг тайлбарыг тавьдаг. Хариуцагч байгууллагын эзэн А  нь 2017 оны 4 сард энэхүү зөвшөөрөлгүй барьсан зуухны байрын доорх 17,42 м.кв газрыг түүнчлэн явган хүний зам болох 32 м.кв газрыг тус тус худалдах саналыг тавьж байсан. Энэхүү саналыг манай байгууллага судалж үзээд явган хүний замыг метр квадратыг нь 150,000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргаад 4,800,000 төгрөгөөр худалдсан байгаа. Энэхүү газартай холбоотой маргаан байхгүй. Гэтэл 2 дахь санал болох зуухны доорх газрыг компанийн зүгээс зарахгүй байх шийдвэр гаргасан. Тухайн үед зарах боломжгүй юм байна гэдэг тайлбарыг хариуцагчид өгч байсан. 2-рт газрыг нэн даруй чөлөөлж өгөх тухай мэдэгдэл, тайлбар, шаардлагыг тавьсан. Нийт 2 газар байсан. 1 газрын хэрэг нь тусгаарлагдаад шийдэгдсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан “Б ” компанийн эзэмшлийн өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж “Б ” ХХК-ийн газарт баригдсан Бай-Өлке үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 17,42 м.кв зуухны байрыг албадан буулгахыг хүссэн шаардлага гаргаж байгаа. Бас нэг тайлбар хэлэх нь зүйтэй байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлээд 6 сар гаруйн хугацаа өнгөрсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзлын нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т бол “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн заалт байгаа. Өнөөдрийн байдлаар хариуцагч талаас хуулийн энэ заалтыг хангасан гэрчилгээг хэрэгт авчирч чадаагүй. Эсрэгээрээ хариуцагч байгууллага 2008 онд UB palace гэж байгууллагаас 100 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшиж авсан байна. Хариуцагч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар өгсөн байдаг. Уг тайлбараас үзэхэд би энэ маргаан бүхий газар зуухыг зөвшөөрөлгүй барьсан юм. Энэ газар бол миний эзэмшлийн газарт багтахгүй байгаа гэдгийг тайлбарласан байгаа. Тэр бол нотлох баримт болж байгаа. Хэрэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргын тайлбар байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгч байсан тайлбар. Эндээс харахад маргаан бүхий газар нь бүхэлдээ “Б ” ХХК-ийн газар болох нь нотлогдож байгаа. Бусад нотлох баримтын хүрээнд ч гэсэн хангалттай нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч А ийн хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй юм.

1. Миний бие “Б ” ХХК-ийн эзэмшлийн газарт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр зуухны байр барьсан гэдэг нь үндэслэлгүй. Би зуухны байрыг барих үед нэхэмжлэгч Х.Жангабыл нь амаар зөвшөөрсний үндсэн дээр 2013 онд уг байрыг барьсан. Хэрэв тухайн үед зөвшөөрөөгүй байсан бол би уг зуухны байрыг барихгүй байх байсан. Энэ зуухны байрыг барихад надаас нийт 7,600,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Хэдийгээр бид бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй ч тэдний эзэмшлийн газар дээр зуухны байр барих миний хүсэлтийг тухайн үед нэхэмжлэгч тал хүлээн авч зөвшөөрсөн тул бидний дунд хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Иймд бидний амаар тохиролцсоны үндсэн дээр үйлдэл хийгдсэн тул энэ хэлцэл хүчинтэй юм. Хэрэв миний тэдний эзэмшлийн газар дээрх зуухны байр барих хүсэлтийг нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн авахгүй байсан бол тухайн үед тэд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байсан. Гэвч тэд энэ талаар ямар нэгэн асуудал хөндөж байгаагүй бөгөөд эндээс үзэхэд тэд миний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэдэг нь нотлогдож байна.

2. “Б ” ХХК-ийн зүгээс надад хандаж зуухны байрыг сайн дураараа буулгаж, газар чөлөөлөхийг удаа дараа шаардсан гэдэг нь мөн үндэслэлгүй. Харин ч надтай зуухны байр барьсан тухайн газрыг авсан үнээр аваарай гэж “Б ” ХХК нь хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр миний бие 2017 оны 04 сарын 06-ны өдөр Голомт банк дахь “Б ” ХХК-ийн 5805011280 тоот дансанд 4,800,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тийм учраас надад хандаж газар чөлөөлөх тухай албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Хэргийн материалаас харахад “Анеж-Од” ХХК-нд газар чөлөөлөх тухай албан бичиг явуулж байсан ба надад хандаж газар чөлөөлөх тухай нэг ч албан бичиг, шаардлага ирүүлж байгаагүй. Энэ баримтуудаар надад уг зуухны газрыг харилцан хэлэлцэн тохиролцож худалдсан гэдэг нь нотлогдож байна.

3. Харилцан тохиролцоод зуухны байр бариулаад, газрын үнийг надаас авсан хэрнээ одоо газар чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа “Б ” ХХК нь миний Иргэний хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байна. Тэд хэлцлээр тохиролцсон үүргээсээ татгалзаж байгаа бол энэ хэлцлийн улмаас надад учирсан гэм хорыг бүрэн арилгах ёстой. Уг газарт зуухны байр барихад гарсан 7,600,000 төгрөг болон газрын үнэд шилжүүлсэн 4,800,000 төгрөг, уг мөнгийг банкны зээлээр авсан тул зээлийн хүүд /7,600,000 х 1,9%=144,400.58/ сараар бодоход 8,375,200 нийт 20,775,200 төгрөгийн нөхөн төлбөрийг надад өгсөн тохиолдолд миний бие тэдний шаардлагыг хүлээн авах болно. Зуухны байрыг барьсан гэх газар нь бохирын цооногтой газар тул үзлэг хийж өгнө үү.

4. Миний бие уг үйлчилгээний байр барьсан газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 11 сарын 12-ны өдрийн 357 тоот шийдвэрээр авсан. Харин “Б ” ХХК нь уг газрыг 2013 онд авсан байгаа. Газар эзэмших, ус хангамж, хот суурин ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу цэвэр шугамын гол тэнхлэгээс 2 тийш нь 5 метр, бохир усны гол тэнхлэгээс 2 тийш нь 6 метр байх хамгаалалттай байна гэсэн заалтыг зөрчиж цэвэр, бохир шугамтай газрыг хууль бусаар “Б ” ХХК-д газар буруу нэмж олгосон байна гэдгийг хэлье. “Б ” ХХК нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй бол миний бие газар буруу олгогдсон энэ асуудлын талаар холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргах болно.

5. Мөн “Б ” ХХК нь эзэмшлийн газартай хөрш залгаа миний өмчлөлийн Бай-Өлке үйлчилгээний төв байгаа юм. Иргэний хуульд зааснаар хөршүүд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй. Гэтэл “Б ” ХХК нь тэдний эзэмшлийн газраар дамжин орж өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлын талаарх миний эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч А ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие энэ газарт дураараа барилга бариагүй. Тухайн үед би энэ газар дээр зуухны байр барих гэж байгаа гэхэд Мурат гишүүн зөвшөөрч бариулсан юм. Дараа нь Жанхабыл ирж яагаад байр барьсан бэ гэж хэлсэн. Би энд бохирын шугамтай юм байна, сул газар байхаар нь зуухны байр барчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд одоо нэмж битгий байр бариарай гэж хэлчихээд явсан. Түүнээс хойш 3-4 жил болж байна. Ямар ч шаардлага тавиагүй. Анеж од компанид 3-4 удаа шаардлага тавьсан байгаа. Надад ерөөсөө шаардлага тавьж байгаагүй. Бас тэр бохир цэвэр усны шугамтай газар. Тэрийг хэн ч ашиглах боломжгүй. Саясат надад би амьд байвал танд энэ газрыг авсан үнээрээ зарна гэж хэлж байсан. Дараа нь Саясат над руу 3-4 удаа залгасан байсан. Би ажлын ачаалалтай байгаад утсаа авч чадаагүй. Тэгээд Толхын дэлгүүрийн Ержан надруу мессеж бичсэн байсан. Танд энэ газрыг Саясат өгөхөөр болж байгаа юм байна та утсаа аваач ээ гэж бичсэн байсан. Тэгээд би Саясат руу залгахад та энэ 2 газрыг 7,400,000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Энэ газарт бохир, цэвэр усны шугам явж байгаа. Саясат руу залгахад “би Б ийг даргалахгүй байгаа одоо дарга нь Жанхабыл гэж хүн болсон. Тэр хүн шүүхэд өгсөн байх би мэдэхгүй” гэсэн. Бариад эхэлж байхад хэлж зогсоож болох л байсан шүү дээ. Байрыг барих гэж багагүй хэмжээний мөнгө төгрөг зарцуулсны дараа шүүхэд өгсөн байна. Хуульд гэрээг бичгээр ч амаар ч байгуулж болохоор заасан байгаа. Иргэний хуульд ч гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Би энэ амаар тохиролцсон хэлцэл хүчинтэй гэж үзэж байна. Газрын албанаас шаардлага ирж байгаагүй. Жанхабыл утсаар яриад та зуухны байр барьж байгаа юм байна одоо битгий нэмж бараарай гэхэд би тэр газар бохирын цооногтой газар юм байна хэн ч ашиглах боломжгүй юм байна. Би зуухны байр барьж байгаа гэдэг учраа хэлсэн. Тиймээс үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                               

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан “Б ” ХХК-ийн эзэмшлийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв талбайтай газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, “Б ” ХХК-ийн газарт баригдсан Бай-Өлке үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2.6 х 6.7 метрийн хэмжээтэй зуухны байрыг албадан буулгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

                                   

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00063 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-т заасныг баримтлан “Б ” ХХК-ийн хариуцагч А эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 2900 м.кв талбайтай газрын 17.42 м.кв талбайтай газрыг А ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Бай-Өлке үйлчилгээний төвийн хойд талд баригдсан 2,6 х 6,7 метрийн харьцаатай, 17.42 м.кв талбайтай зуухны байрыг албадан буулгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00063 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. “Б " ХХК-ийн зүгээс А эд зуухны байрыг барихыг зөвшөөрсөн тухайд: Хариуцагч талаас өөрийн татгалзлын нэг үндэслэлээ “...маргаан бүхий газарт зуухны барилгыг дураараа барьсан асуудал байхгүй, тухайн үед зуухны байр барихаар болоход Д.Мурат гишүүн зөвшөөрсөн, дараа нь “Б ” ХХК-ийн захирал Х.Жангабыл утсаар ярьж, нэмж өөр барилга байгууламж барихгүй байхыг сануулсан...” гэж маргаж, шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2014 онд “Б ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Мурат, иргэн н.Жуков нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн иргэн н.Саясатыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэхүү хэргийг тал бүрээс нь судалж, хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэх боломжгүй байдалд хүргэсэн. Учир нь тухайн зуухны барилга барих үед нэхэмжлэгч нарын зүгээс зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэх нь энэ хэрэгт чухал нотлох баримт болох байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчаас тухайн зуухны барилгыг хэдэн онд барьсныг шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд асуухад, 2014 онд баригдсан болохыг хэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан 2017 оны 10 сарын 26-ны өдрийн тайлбартаа “...хариуцагч А  нь маргаан бүхий газарт зуухын байрыг нэхэмжлэгчид огт хэлж мэдэгдэлгүйгээр барьсан байдаг. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь үүнийг мэдмэгц тус маргаан бүхий газрыг нэн даруй чөлөөлж өгөхийг хариуцагч А ээс шаардсан...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд дараах бичгийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

“Б ” ХХК-ийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “Анеж-Од” үйлчилгээний эзэнд хандсан 05 тоот шаардлага, “Б ” ХХК-ийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан 06 тоот албан бичиг, “Б ” ХХК-ийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан 07 тоот албан бичиг, “Б ” ХХК-ийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Мэргэжпийн хяналтын газарт хандсан 11 тоот албан бичиг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн иргэн С.Алтанцоожид хандсан “Газар чөлөөлөх тухай” мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн боловч энэхүү баримтууд нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй А эд удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан гэдгийг нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтууд нь зөвхөн “Анеж-Од” үйлчилгээний төвийн эзэнд хамааралтай баримтууд болохыг дурьдаж байна. Мөн 2014 онд “Б ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Мурат нь 2014 онд Сум дундын 2 дугаар шүүхэд “Анеж-Од” үйлчилгээний төвийн эзэн С.Алтанцоож хууль бусаар бусдын газар барилга барьсан тул албадан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ. Энэхүү нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд, А ийг 2014 онд зуухны барилгыг мөн оны 8 сард барьж дуусгасныг мэдсэн ба “Бай-Өлке” үйлчилгээний төвийн хойд талд баригдсан байрыг албадан буулгах нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн “Анеж-Од” үйлчилгээний төвд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан гэдгээрээ, түүнчлэн хууль бусаар баригдсан байрыг албадан буулгах шаардлагуудыг зөвхөн “Анеж-Од” үйлчилгээний төвд холбон гаргаж байсан тул А тэй харилцан тохиролцсон, зөвшөөрсөн болох нь хангалттай нотлогдсныг шүүх анхаараагүй.

2. Газрын тухай хуульд зааснаар арга хэмжээ аваагүй тухайд: Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.4-т “...мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймгийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна...”, 63 дугаар зүйлийн 63.1.4-т “...энэ хуулийн 56.5-д заасан журмыг зөрчсөн бол ...торгож, албадан нүүлгэх...” гэж тус тус заасан байдаг. Газрын тухай хуулийн дагуу газрыг албадан буулгах арга хэмжээ авах эрх бүхий этгээд, албан тушаалтныг шууд заасан бөгөөд уг арга хэмжээг авах, хуулийн хариуцлага хүлээлгэх шат дарааллыг хуульд тусгажээ. Гэтэл шүүхээс эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд шууд хөндлөнгөөс оролцож шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн. Учир нь, газар чөлөөлөхтэй холбоотой асуудал салбар хуульд тусгайлан зохицуулагдсан байх бөгөөд эхлээд мэдэгдэл хүргүүлэх, дараа нь тодорхой хугацаа тогтоосны үндсэн дээр биелүүлээгүй бол албадан нүүлгэх гаргах хэмжээ авах, албадан нүүлгэх арга хэмжээг биелүүлээгүй нөхцөлд торгох, цагдаагийн байгууллагын тусламжтайгаар аймгийн Засаг даргын шийдвэрийг албадан биелүүлэх зэрэг хуулийн зохицуулалт харагдаж байна. Харин дээрх хуулийн арга хэмжээ эс биелэгдвэл шүүхэд хандах боломжтой байтал шүүхээс албадан буулгаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

3. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Иргэний хууийн 92 дугаар зуйлийн 92.1-д “...Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй...”, 106 дугаар зүйлийн 106.1-д “...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй..., 106 дугаар зүйлийн 106.2-т “...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй...” гэж тус тус заажээ. Тэрээр шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...А ийн барьсан гэх байр нь барилга хоорондох зай, барилга байгууламжийн норм ба дүрмийг зөрчсөн эсэх, “Б ” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын цонхыг хаах, байгалийн гэрлийн тусгал тусахгүй байх, эсхүл явах хүний зам, машин орж, гарах хаалгыг хаах, өөрөөр хэлбэл эзэмшил газраа ашиглахад ямар хэлбэрээр саад болж байгаа талаар тодруулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан “...тийм зүйл байхгүй, гагцхүү хууль ёсны эзэмшил газраас хууль бусаар баригдсан байрыг л чөлөөлүүлэх хүсэлттэй байгаа...” гэж хариулсан. Дээрх Иргэний хуулийн эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд нь хэн нэгэн этгээд бусдын эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байхыг шаардаж байгаа ба А ээс зуухны барилгыг барьж 2014 онд барьж, 2018 он хүртэл 4 жилийн хугацаанд ашиглахад явцдаа ямар нэгэн хэлбэрээр саад учруулсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд, нэхэмжлэгч талаас хариуцагчийн буруутай үйлдэл, саад учруулж байгаа нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй боловч нотолж чадаагүй, ийм зэргийн байдал нотлогдохгүй байгаа, ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэсэн нь буруу болжээ. Түүнчлэн, газар нь хөрөнгө биш, үл хөдлөх хөрөнгө байх тул хөрөнгө гэх нэр томьёог үл хөдлөх хөрөнгөтэй холбож, адилтган үзэх боломжгүй.

4. Хөршийн эрхийн талаар: Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “...Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдпөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. “Бай-Өлке” үйлчилгээний төв болон “Б ” ХХК-ийн шинээр баригдаж буй барилга, тэдгээрийн эзэмшил газар нь хил залгаа оршдог буюу “Б ” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын урд талд “Бай-Өлке” үйлчилгээний төв оршдог байх тул үүнийг хөрш залгаа байдлаар тодорхойлогдоно. Хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “...Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй...”, 135.5-д “...Хөрш залгаа газар дээрх барилга байгууламж нурж нөгөө талын эзэмшил газарт унах аюул тулгарвал уг аюулыг зайлуулах бүхий л арга хэмжээ авахыг хөрш нь барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигчээс шаардах эрхтэй...” гэжээ. Тэрээр нэхэмжлэгч талаас хариуцагч бусдын газарт хууль бусаар барилга байгууламж барьснаар ямар хохирол учрах, зуухны байрыг барьснаар нэхэмжлэгч талын барьж буй барилга байгууламж нурж унах аюул тулгарч байгаа эсэх, тэдний барилгын доор эсхүл дээр нь баригдсан эсэхийг тодоорхойлж чадаагүй буюу хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй бөгөөд дээрх нөхцөл байдал бодит байдалд хэрхэн бий болсныг нотолж чадаагүй болохыг дурьдаж байна. Мөн хуулийн 137.1-д “...Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөшөөрөх үүрэгтэй...” гэж заасан. Ер нь бол хөршийн зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан гэж үзвэл эсхүл зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй шаардлага хүргүүлэхээр байгаа ба нэхэмжлэгч талаас “Бай Өлке” үйлчилгээний төв зуухны барилга хууль бусаар баригдсаныг 2014 онд мэдсэн болохыг дээр дурьдсан. Нөгөөтэйгүүр, “Бай-Өлке” үйлчилгээний төвийн эзэнд ямар ч шаардлага хүргүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Тиймээс, барилга байгууламж баригдах явцад уг үйлдлийг зогсоохыг шаардаагүй, түүнчлэн барилга байгууламж барьж байсныг мэдэж байсан тул уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Хөршийн эрхийн тухай хуулийн зохицуулалт нь энэ хэрэгт хамааралгүй гэж Тогтоох хэсгийг уншсаны дараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан хэдий ч анхан шатны шүүх энэ талаар шийдвэртээ тусгаагүй, огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 134, 135-т заасныг уг хэргийг шийдвэрлэхэд хэрэглээгүй нь буруу. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй, хариуцагчийн татгалзлыг няцаагаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар бүрэн дүүрэн харагдаж байна.            Нэмж хэлэхэд, А  үйлчилгээний байр барьсан газрыг аймгийн Засаг даргын 2008 оны 11 сарын 12-ны өдрийн 357 тоот шийдвэрээр авсан. Газар эзэмших, усан хангамж хот суурин ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтад цэвэр усны шугам нь тэнхлэгээс 2 тийш 5,5 метр, бохир усны гол тэнхлэгээс 2 тийш 6,6 метр хамгаалалттай байна гэсэн заалтыг зөрчиж, цэвэр бохир усны шугамтай газрыг “Б ” ХХК-д олгосон нь нууц биш юм. Энэ байдлыг анхаарч үзнэ үү. “Б ” ХХК нь хөршийн хилийн заагийг зөрчсөнийг мэдсэн боловч хориглосон шаардлага тавиагүй, уг зуухны байр барих үйлдлийг тухайн үед хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээний мөнгөн төлбөр авсан. Энэ байдал нь 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Голомт банк дахь дансанд 4,800,000 төгрөг шилжүүлсэн хуулгаар нотлогддог. Ер нь бол барилгыг дураараар барьсан асуудал байхгүй, өөрсдөө зөвшөөрсөн болохыг дээр дурьдсан бөгөөд тэд дахиж нэмж барилга барихгүй байхыг хүссэн. Уг явдлаас хойш 3-4 жил өнгөрсөн боловч ямар ч хуулийн дагуу шаардлага тавиагүй. Тэрээр, одоо барилгыг буулгах асуудал биш, нэгэнт барьж байхад хүлээн зөвшөөрч бариулсан нь нотлогдож байгаа, энэ талаарх асуудлыг нэхэмжлэгч тал зөвшөөрдөг, нөгөөтэйгүүр, тэдний барилга барьж байгаа ажилд ямар ч саад учраагүй болно. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 130/ШШ2018/00132 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 212/МА2018/00063 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч А эд холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, нэгж талбарын 031301202 дугаар бүхий 2900 м.кв талбайтай эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, уг газарт барьсан зуухны байрыг албадан буулгахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...зуухны байрыг зөвшөөрөлтэй барьсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхыны  “...шүүхэд “Б ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Мурат, иргэн н.Жуков нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн иргэн н.Саясатыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т нийцсэн байна.

Хариуцагч нь зуухны барилгыг нэхэмжлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр барьсан тухайгаа нотлох зорилгоор 2014 онд нэхэмжлэгч компанийн захирлаар ажиллаж байсан Д.Мурат болон түүнтэй хамт байсан н.Жуков, Саясат нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан байна. Захирамжид “нэр бүхий гэрч нарыг гэрчээр асуух шаардлагагүй” гэж дүгнэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангахаас анхан шатны шүүх үндэслэлгүйгээр татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг зөрчсөн тул хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2018/00132 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00063 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН