| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2016/01510/И |
| Дугаар | 001/ХТ2018/01168 |
| Огноо | 2018-09-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01168
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дүгээр шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 744 дүгээр магадлалтай
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
У, М.Гнарт холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 718 567 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,
Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 67 062 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ургах наран бүрэн дунд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь хариуцагч Утай 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь 1151 м.кв талбайг түрээслэхээр тохирсон боловч хариуцагч тал санхүүгийн байдал хүндрэлтэй болсон тул эхний ээлжид жижиг талбай түрээсэлэх санал тавьсан. Ингээд2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж 562 м.кв талбайг 1 сарын 12 645 000 төгрөгөөр төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлөхөөр тохиролцож, түрээсийн байрыг акт үйлдэн хариуцагч талд хүлээлгэн өгсөн.
Хариуцагч эхний төлбөрийг хугацаандаа төлсөн, түүнээс хойш төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж хугацаа хожимдуулан, төлж байсан. Хариуцагч тал 2015 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх талаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр амлалт өгсөн боловч төлбөрөө төлөхгүй байсаар 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5 290 000 төгрөгийг, мөн сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэж өгсөн.
Иймд хариуцагчаас 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 49 315 500 төгрөг, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар тооцон 24 657750 төгрөгийг болон түрээсийн гэрээний 2.3-т зааснаар ашиглалтын зардал 245 317 төгрөгийн хамт нийт 74 218 567 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнээс барьцаа 3 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцон 69 718 567 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч М.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч У, М.Гнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулах үед манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байсан. Түрээсийн байрыг сургалтын үйл ажиллагааны зориулалтаар ашиглахын тулд байранд засан сайжруулалт хийх, анги танхим бий болгох шаардлага гарч ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тул түрээслэх талбайг багасгасан. Түрээсийн төлбөрийг багасгасан тохиолдол байдаг. Хэрэв 9 дүгээр сарын 01-нээс хойш үйл ажиллагаагаа эхлэх юм бол 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд зааснаар 1 м.кв-ийг нь 17.500 төгрөгөөр түрээслэнэ гэсэн аман тохиролцоо хийгдсэн. Хичээлийн жил эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэхэмжлэгч байгууллага түрээсийн байрны талбайн 1 м.кв-ыг 22 500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол гарсан. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 000000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжилж байгаа 74 218 567 төгрөгөөс манай төлсөн 3 000 000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. 3 000 000 төгрөгийг үндсэн төлбөр болох 49 315 500 төгрөгөөс хасаад түүний 50 хувийн алданги, ашиглалтын төлбөрийг нэмээд нийт 69 718 567 төгрөг болно гэжээ.
Хариуцагч У, М.Гнар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус. Анхнаасаа 1151 м.кв талбай түрээслэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу барилгад засан сайжруулалт хийсэн. Гэтэл хүчин төгөлдөр бус гэрээний дагуу талбайг багасган, төлбөрийг нэмсэн гэрээ байгуулсан, тог цахилгаан тасалж сургуулийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулснаар их хэмжээний хохирол учирсан. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн зардалд 66 162 950 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 900 000 төгрөг нийт 67 062 950 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн боловч хариуцагч биелүүлээгүй. Түрээсийн гэрээг бүртгүүлээгүйгээр хүчин төгөлдөр бус болно гэж байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, төсөв зардал хоёр нь өөр байна. Хариуцагч өөрөө сайн дураараа засан сайжруулалт хийж, гэрээний дагуу түрээслээгүй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Мөн манай байр нийт 2380 м.кв талбайтай бөгөөд хариуцагч тал нийт байрыг түрээслээгүй зөвхөн 562 м.кв талбайг хэсэгчлэн түрээслэн тул бүртгэлд хэсэгчлэн бүртгүүлэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ургах наран бүрэн дунд сургуулиас 69 473 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдэх 245 317 төгрөгийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Гээс 69 718 567 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас 38 626 850 төгрөгийг гаргуулан, хариуцагч Уд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 28 436 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529 060 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 505 316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 351 084 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 744 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Ургах наран бүрэн дунд сургуулиас 69 473 250 /жаран есөн сая дөрвөн зуун далан гурван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-иас 51 380 307 /тавин нэгэн сая гурван зуун наян мянга гурван зуун долоо/ төгрөг гаргуулан хариуцагч Уд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 338 260 /арван найман сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун жар/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтын “351 084” гэснийг “414 852” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 744 дугаартай магадлалд өөрчлөлт оруулуулах тухай.
Шүүхүүд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдолтой байгаа хэдий ч нэгэнт хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн эсэхийг хэлэлцэхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримтад хуулийг буруу тайлбарлаж, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөр, алданги нийт 69 473 250 төгрөгөөс зохих хэсгийг хасч шийдвэрлээгүйг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар:
Нэг. Анхан шатны шүүх “үл хөдлөх эд хөрөнгийн нийт талбай 2380м.кв бөгөөд 562 м.кв талбайг түрээсэлсэн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг газар бүртгүүлэх боломжгүй тул түрээсийн гэрээг байгуулагдсан” гэж дүгнэснийг давж заалдах шатны зөв гэж үзсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаар тушаалаар “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэхэд баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баталсан. Тус тушаалын 1 дүгээр хавсралтын 2.12.1-д ...түрээсийн байр ашиглах бол “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдсэн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”-ыг сургалт явуулах барилга байгууламжийн танилцуулгад хавсаргана” гэж заасан байдаг.
2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсан ба энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар сургалтын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох ажлыг 2015 оны 04 дүгээр сараас эхлэн зохион байгуулсан байдаг.
Хариуцагч У дээрх шинэчилсэн бүртгэлд хамрагдахын тулд “Э” ХХК-тай 2015 оны 04 сарын 21-ний өдөр бичгээр байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Үүний тулд Ургах наран бүрэн дунд сургуулийн зүгээс 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/14 тоот албан бичгээр түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан байдаг. Гэвч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс түрээслэх эд хөрөнгийн өмчлөгч “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний эх хувь, түрээслэх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээж авалгүй буцаасан байдаг.
Улмаар Ургах наран бүрэн дунд сургуулиас түрээслүүлэгч “Э” ХХК-д хандан компанийнхаа гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар өгөхийг хүссэн боловч өгөлгүйгээр түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс санаатайгаар зайлсхийн Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг хариуцагчид огт олгохгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Түрээсийн гэрээ цуцлагдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, түрээслэгч У түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зорилготой байсан, энэхүү хүсэл зоригоо түрээслүүлэгч тал илэрхийлж байсан, мөн ийнхүү түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангах нь түүнд ач холбогдолтой байгаа тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус зарим хэсгийг нь түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэх нь Иргэний хуулийн 56.1.8, 318.3-т заасантай нийцэхгүй гэж үзэж байна.
Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд алдангийг Иргэний хуулийн 232.3-т зааснаар бичгээр тохиролцоогүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал 23 157 750 төгрөгийн алдангийг хариуцагч талаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Хоёр. Хэрэв шүүхүүд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд түрээсийн гэрээ дуусгавар болсон үйл баримтыг дүгнэх байсан.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 24/15 тоот албан бичгээр түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар цуцалж байгаагаа мэдэгдэн түрээсийн үндсэн төлбөр 53 991 935 төгрөг, алданги 15 930 700 төгрөг, нийт 69 922 635 төгрөг төлөхийг түрээслэгчээс шаардсан байдаг. Үүний дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр түрээслэгч У 20 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байдаг. Мөн түрээслүүлэгч “Э” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 69 922 635 төгрөг нэхэмжлэхдээ Ургах наран бүрэн дунд сургуулиас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийн төлбөрийг хасч тооцоогүй байдаг.
Түрээслүүлэгч 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжилсэн 69 922 635 төгрөгөөс түрээслэгчийн төлсөн 23 000 000 төгрөгийг хасвал 46 950 946 төгрөг болж байна.
Ийнхүү түрээслүүлэгч 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлээр 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тасалбар болгон гэрээг цуцалсныг албан ёсоор мэдэгдсэн тул талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээг энэ өдөр цуцлагдсан гэж үзэхээр байна.
Түрээсийн гэрээ цуцлагдсанаар гэрээ дуусгавар болох буюу үүргийн эрх зүйн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болох бөгөөд түрээслүүлэгч 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи хугацаанд түрээсийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг түрээслэгчийн эсрэг хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.
Иргэний хуулийн 225.1, 227.1-д зааснаар гэрээг цуцалснаар талууд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй ба харин гэрээг цуцалсантай холбогдуулан хохирол шаардах асуудал яригддаг. Мөн Иргэний хуулийн 295.4-т “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй" гэж нарийвчлан заажээ. Иргэний хуулийн энэ заалтаас үзэхэд гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгч түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээний үүрэг буюу түрээсийн төлбөр биш, харин түрээслэгчийн төлбөл зохих түрээсийн төлбөрөөр тооцож өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй талаар тодорхой заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээслэгч түрээсийн зүйлийг буцаан өгөх хүртэлх хугацаанд (2015.10.11-2015.11.16) түрээслэгчээс хохирол шаардаагүй, зөвхөн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан, мөн түрээслүүлэгч түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цуцалсан мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алданги тооцож нэхэмжилсэн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөр, алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл шүүхүүд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр үзэж байгаа тохиолдолд түрээсийн гэрээ цуцлагдсан хугацааг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тооцож уг өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангид 46 950 946 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх 22 522 304 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байсан.
Иймд хяналтын шатны шүүх түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00189 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 744 дугаартай магадлалд заагдсан 69 473 250 төгрөгөөс 23 157 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх тохиолдолд 69 473 250 төгрөгөөс 22 522 304 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь Уд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 718 567 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, түрээслэсэн байранд хийсэн засан сайжруулалтын зардал, шинжээчийн ажлын хөлсийн хамт нийт 67 062 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 69 473 250 төгрөгийг хангаж, үлдэх 245 317 төгрөгийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Гээс 69 718 567 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 38 626 850 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч М.Гээс татгалзсаныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж дүгнэн, шийдвэрийн нэг дэх заалтыг Уд холбогдуулан шийдвэрлэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 51 380 307 төгрөгөөр хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үнийн дүнг бичилгүй орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Э” ХХК Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжны 36/1 хаягт байрлалтай, 2380мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны 562 мкв талбайг Уд түрээслүүлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ББ/01 дугаартай “Түрээсийн гэрээ” байгуулжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т “..үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр”, 318.4.-т “...энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус түүний зарим хэсгийг түрээслэхээр харилцан тохиролцсон байх тул тус гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэн хариуцагч нь түрээсийн эд хөрөнгийг буцааж өгөх хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээгээр тохирсон хариуцлага буюу алдангийг шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5., 289 дүгээр зүйлийн 289.1.5., 295 дугаар зүйлийн 295.4., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6. дахь заалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байх боловч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооны алдаа гаргасан байна.
Түүнчлэн, шүүхээс томилогдсон шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч 900 000 төгрөг төлсөн ба шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлыг энэ хэмжээгээр хуваарилах нь зүйтэй.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийг засан сайжруулахад гарсан зардлын 77.6%-ийг шүүх хангасан тул шинжээчийн зардалд төлсөн 900 000 төгрөгийн 77.6% болох 698 400 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хангасан 51 380 307 төгрөг дээр шинжээчийн зардал 698 400 төгрөгийг нэмж нийт 52 078 707 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 984 242 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 744 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245 317 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “...51 380 307 /тавин нэгэн сая гурван зуун наян мянга гурван зуун долоо/ төгрөг...” гэснийг “...52 078 707 төгрөгийг...” гэж, “...18 338 260 /арван найман сая гурван зуун гучин найман мянга хоёр зуун жаран/ төгрөгт...” гэснийг “...14 984 242 төгрөгт...” гэж , “414 852” гэснийг “418 343” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД