Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01542

 

 

“ДЦС-3” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00920 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1351 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МФ” ХХК-д холбогдох,

Шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Төмөрхуягийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“МФ” ХХК-тай харилцан тохиролцож компанийн хөрөнгөнд бүртгэлтэй ашиглахгүй байгаа 100 мкв талбай бүхий шилэн хүлэмж, 12 мкв талбай бүхий 1 өрөө модон байшинг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн өөрийнх нь хүсэлтээр, түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгөөр сарын 582 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж, 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг түрээслэгчид актаар хүлээлгэн өгсөн. Түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл “МФ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 12 мкв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон ба 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгах боломжгүй болсон. Энэ тухайгаа “МФ” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч эд хөрөнгийг хүлээлгэн өгөхгүй байна.

Иймд түрээсийн гэрээний 3.3-т зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасны дагуу 12 мкв талбай бүхий нэг өрөө модон байшинг буулгаж шинээр барьсан тоосгон байшинг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, “МФ” ХХК-ийн эзэмшлээс шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2 жилийн хугацаатай цаашид сунгах нөхцөлтэйгээр “ДЦС-3” ТӨХК-ийн эзэмшлийн 1990-ээд оноос хойш ашиглагдаагүй бүрэн эвдэрч тоногдсон 8 590 074 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хүлэмж, модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслэхээр тохиролцож өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зөвхөн түрээсийн төлбөрт 21 000 000 төгрөг, ашиглалтын төлбөрт 9 000 000 төгрөг, нийт 30 000 000 орчим сая төгрөгийн төлбөрийг тус компанид төлж үйл ажиллагаа явуулж байна. Биднийг зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулсан, өмч хөрөнгө нурааж устгасан, гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн “ДЦС-3” ТӨХК-ийн удирдлагууд манай компанитай байгуулсан гэрээг цуцлах, өмч хөрөнгө хураан авах тухай мэдэгдэл ирүүлсэн. Манай компани гэрээг дуусгавар болгох асуудлаар маргахгүй байгаа бөгөөд харин уг байшинг завсарлахад зарцуулсан хөрөнгөө сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани уг 3х4 хэмжээтэй модон байшинг буулгаагүй бөгөөд яг тэр хэвээр нь арай томсгож, шинэчилж хөрөнгө оруулж засвар хийсэн. Уг засварын ажлыг “ДЦС-3” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй болно.

Иймд “ДЦС-3” ТӨХК-ийн өөрийнх нь удирдах дээд байгуулагынх нь зөвшөөрлөөр оруулсан 68 950 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“МФ” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...хүлэмж модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцож...” гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Тус компани нь “МФ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаатай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба гэрээг жил бүрийн эцэст хоёр тал дүгнэж цаашид сунгах эсэх асуудлыг протокол үйлдэж баталгаажуулахаар харилцан тохиролцсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолоор өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах нөхцөлтэйгээр түрээсийн төлбөрийн доод үнэ буюу хамгийн бага төлбөртэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсөн ба сэргээн засварласан төлбөрийг нөхөн гаргуулахаар тохиролцоогүй тул хөрөнгө оруулсан гэх төлбөрийг олгох боломжгүй юм.

Мөн түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хийх талаар зөвшөөрөл хүссэн, зардал төсвийн талаар танилцуулсан зүйл байхгүй. Хүлэмжийн сантехникийн бүх шугамыг шинээр угсарч суурилуулах ажлыг манай компанийн Засвар механик цехийн сантехникийн бригадын ажилчид компанийн хөрөнгөөр засварлаж гүйцэтгэсэн тул “МФ” ХХК нь нэхэмжлэх эрхгүй юм. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “...Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” гэж заасан тул хөрөнгө оруулсан үнийг буцаан авах эрхгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 68 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00920 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 295 дугаар зүйлийн 295.1, 288 дугаар зүйлийн 288.2.4-т заасныг баримтлан хариуцагч “МФ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас “ДЦС-3” ТӨХК-ийн өмчлөлийн шилэн хүлэмж, тоосгон байшинг албадан чөлөөлж, хариуцагч “МФ” ХХК-ийн 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч “МФ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 502 700 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “МФ” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1351 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...“МФ” ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлслөн авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” гэсний дагуу шаардах эрхтэй гэж байгаа боловч гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй” байхаар гэрээний үлгэрчилсэн загвар болон түрээсийн гэрээнд өөрөөр заасан тул “МФ” ХХК-ийн засан сайжруулалт хийсэн гэх төлбөрийг олгох боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль болон гэрээнд заасан нөхцлийг зөв үнэлж дүгнэлгүйгээр “...талуудын тайлбар үнийн дүнгийн илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх хариуцагчийн оруулсан хөрөнгө бодитой эсэхийг тодруулаагүй шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт түрээсийн гэрээнд Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах херөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй байхаар тодорхой заасан ба “МФ” ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байхад хариуцагчийн оруулсан хөрөнгө бодитой эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар түрээсийн гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан нь харагдаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй илт нэг талыг барьж буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн Ч.Хашчулуунтай 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс, “МФ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 жилийн хугацаатай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-нд дууссан. “МФ” ХХК-ийг түрээсийн гэрээний хугацаанд /3 жил/ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хэдий хэмжээний ашигтай ажиллах боломжтой талаар тооцох, түүнийхээ үр дагаврыг хариуцах эрх зүйн чадвар, чадамжтай этгээд гэж ойлгож байна. Гэтэл түрээсийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг сунгах боломжгүй тухай мэдэгдэхэд 68 950 000 төгрөгийн засан сайжруулалт хийсэн гэж ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн нь хэргийн үйл баримттай илт зөрүүтэй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх ийм нотлох баримтыг үнэлж байгаа нь эргэлзээтэй байна.

Иймд “ДЦС-3” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой тул дээрх үндэслэлийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч “ДЦС-3” ТӨХК нь хариуцагч “МФ” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гэрээний зүйл болох модон байшинг нурааж, тоосгон байшин барьсан тул гэрээг цуцалж, эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Түрээслүүлэгч түрээсийн гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд шүүх  гэрээг дуусгавар болгох эсэх, эд хөрөнгийг түрээслэгчээс гаргуулах эсэх, эд хөрөнгөд орсон засан сайжруулалтыг хэрхэх асуудлыг хянан шийдвэрлэнэ. Түрээсийн гэрээнд эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг түрээслэгч гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасны дагуу 12 мкв талбай бүхий нэг өрөө модон байшинг буулгаж, шинээр барьсан тоосгон байшинг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх, “МФ” ХХК-ийн эзэмшлээс шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлох шаардлагатай болно.

Шинээр барьсан тоосгон байшинг түрээсийн гэрээний зүйл гэж үзэх эсэх, гэрээний зүйл байсан модон байшин үгүй болсон тохиолдолд тухайн байшингийн үнийг гаргуулах эсэх, тоосгон болон модон байшингийн үнийн зөрүүг хэрхэх, хуучин байшинг нурааж, шинэ байшин барьсныг эд хөрөнгөд орсон засан сайжруулалт гэж үзэх эсэх зэрэг эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1351 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН