Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2017/00093/И |
Дугаар | 15 |
Огноо | 2017-05-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 15
******* банкны нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч С.Өмирбек, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00171 дугаар шийдвэртэй, ******* банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржавын багийн 62 айлын орон сууцны ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын *******ид холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн төлбөр 247.267.776.38 төгрөг, зээлийн хүү 69.828.263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258.32 төгрөг нийт 326.969.298.66 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Д.******* нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож эзэмшлийн газар, ресторан, агуулахын барилга, гурил, Цамбагарав зочид буудал, Мичид хүнсний дэлгүүр, граж, эзэмшлийн газар, цехийн барилга зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч Д.******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223 төгрөг, зээлийн хүү 328,478,454 төгрөг, торгуулийн хүү 2,294,895 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн. Д.******* нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй байгаа ба гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл 326,969,298 төгрөг байна. Иймд Д.*******ээс үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: “Энэ хэргийн талаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай магадлалаар тус тус хянан шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ******* банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлийг дахин хүлээн авч хэлэлцэх гэж байгаа нь Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д заасан шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг дахин авч хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
******* банктай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаартай зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн зориулалт жижиг дунд бизнес гурилын бизнест зориулагдана гэсэн заалт, мөн гэрээний 4.1.1-д зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрэ******* заасан хэмжээний зээлийг авах эрхтэй гэсэн заалт гэрээний 4.2.2-д зээлийн гэрээний 3.5 дахь заалтад зээлийг зориулалтын дагуу ашиглах ба бусдад дамжуулан зээлдүүлэхгүй гэсэн заалт, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх төлбөр тооцоог бүрэн түргэн шуурхай гүйцэтгэх, 5.2.3-д зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх, 5.2.8-д гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх гэсэн заалтуудыг ******* банк зөрчсөн байна.
******* банкнаас иргэн Д.*******ид жижиг дунд үйлдвэр гурилын бизнест зориулан зээл олгоно гэж 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээ байгуулаад миний 203300630 тоот харилцах дансанд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 584,000,000 төгрөг оруулаад мөн өдрөө 585,200,000 төгрөгийн зарлагын гүйлгээг надад мэдэгдэхгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр ******* банк өөрөө дур мэдэж онлайн гүйлгээний түр данс нээж зарлагын гүйлгээ хийсэн нь ******* банкны мөрдөж байгаа дотоод журмын 5.3.4-д заасан хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болох нь тодорхой байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн заалт зөрчигдөж, надад мөнгө олгоогүй, би нэг ч төгрөг аваагүй. ******* банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00171 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс үндсэн зээлийн төлбөр 247,267,776 төгрөг, зээлийн хүү 69,828,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258 төгрөг, нийт 326,969,298 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын төлсөн 1,792,796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 1,792,796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Энэ хэргийн агуулгыг тодорхойлбол Оюу мандал ХХК нь татан буугдсан банкинд өртэй байсан. Өрийг нь банкны эрх хүлээн авагчаас ******* банк өөрт байсан “******* ******* *******” ХХК–ны өрөөр, өөртөө маш ашигтайгаар солилцож аваад, түүнийг төлүүлэхдээ тоо хэмжээ байршлыг нь өөрчлөн, өрийг зээл болгон хувиргаж, хүүтэйгээр төлүүлж хариуцагчийг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулж байгаа үйлдэл юм.
Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, ******* банкны дүрэмд өрийг зээл болгон хувиргаж хүү тооцож мөнгө хүүлж болно, зээлээр зээл төлүүлж болно гэсэн ямар нэг заалт байхгүй тул дээрхи үйлдэл нь хууль, дүрэм, журмыг зөрчсөн үүнийг мөнгө угаах гэмт хэрэг гэнэ.
Анхан шатны шүүх хурлын анхны агуулга мөн чанарыг ойлгохгүйгээр үйлдэлээ халхавчилан хуурамчаар бүрдүүлсэн баримтанд нь хууртан төөрөлдөж хэргийг шийдсэн гэж үзэж байна. Хэргийг шийдэхэд үндэслэсэн баримтууд тухайлбал 153 тоот гэрээний агуулга нь үйлдэл дээрээ огт биелээгүй, кассын орлого зарлагын баримтуудаар ямар нэг бэлэн мөнгөний гүйлгээ хийгдээгүй зэрэг хуурамч баримтууд байна гэж хариуцагчаас тайлбарласаар байтал нотлох баримтуудын агуулга нь үйлдэлтэйгээ нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгахгүйгээр нэхэмжлэгчийн талыг хэт барьж, банкны үйлдэл зөв байсан гэсэн бодол сэтгэлээр урьдчилан шийджээ.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Зээлийн зориулалт жижиг дунд бизнесийн зээл гурилын бизнест зориулагдана гэсэн зээлийн гэрээний 3.4.1-дэх заалтыг банк өөрөө зөрчсөний улмаас хувиараа гурилын худалдаа бизнес хийдэг иргэн Д.******* гурилын худалдаа бизнес хийх боломжгүй болж түүний хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохиролтой байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
******* банкны дүрэмд тусгагдсан банкны үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хохирол, хязгаарлах зүйлийн 5.3.4-д хуульд зааснаас бусад тохиолдолд харулцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно гэсэн заалтыг банк өөрөө зөрчиж хувиараа гурилын худалдаа бизнес хийх ажилтай иргэн Д.*******ийн банкны харилцах дансанд 2011 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд харилцагчид мэдэгдэлгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр зарлагын гүйлгээг хийж банкны дүрэм зөрчсөн үйл ажиллагааг шүүх анхаарч үзсэнгүй.
******* банкны гүйцэтгэх захирлын 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот тушаалаар баталсан зээлийн үйл ажиллагааны журмын 3-д зээл олгоход баримтлах үндсэн зарчим мөн зээлдэгчид тавигдах шаардлагын 3.1.1-д зээлдэгчийн санхүүгийн хэрэгцэ******* зориулан олгоно гэсэн заалтыг банк өөрөө тус тус зөрчиж хувиараа гурилын худалдаа бизнес хийхэд зориулагдах зээл нь Д.*******ийн санхүүгийн хэрэгцэ******* зориулагдаж чадаагүй өөр хуулийн этгээдийн өрийн төлбөрт төлөгдөж хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохиролтой байна. Банк шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн хүүгээ зогсоох үүрэгтэй байдгийг шүүх анхаарч үзсэнгүй.
Зээлийн үйл ажиллагаа журмын зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 14.1-д үндсэн зээлдэгчээс өөр этгээдэд зээл олгох, мөн журмын 14.2-д шинээр олгох, замаар хуучин зээлийн өрийн үлдэгдэлийг төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг банк өөрөө зөрчиж хувиараа гурилын худалдаа бизнес хийхээр банктай харилцан тохирч гэрээгээр авах ёстой байсан 584.000.000 төгрөгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хуучин зээлийн өрийн үлдэгдлийг төлөх зорилгоор харилцагчийн данснаас хуулийн этгээд болох ХХК-ны өрийн үлдэгдлийг банк төлж барагдуулсны улмаас иргэн Д.******* гурилын худалдаа бизнес хийх боломжоор хангагдаагүй буюу зээл олгоход баримтлах үндсэн зарчмын 3.1.1-д харилцан ашигтай байх зарчмаа банк өөрөө зөрчсөний улмаас иргэн Д.******* хохирсон. банкинд өртэй байсан ХХК-ны өрийг иргэн Д.*******ээр төлүүлж улмаар зээлийн хүү бодож 97.000.000 төгрөг иргэн Д.*******ээс гаргуулан авч банк хууль бусаар ашиг олсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн заалтуудыг банк өөрөө зөрчсөн дээрхи үйлдлүүд нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцэл мөн хууран мэхлэж хийсэн хэлцэл юм.
Иймд ******* банкны Ховд аймаг дахь салбарын захирал П.Батбаяр иргэн Д.******* нарын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн 153 тоот гэрээ болон тус банкны салбараас нэхэмжилсэн 326.969.298 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 247.267.776.38 төгрөг, зээлийн хүү 69.828.263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258.32 төгрөг нийт 326.969.298.66 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “банк надад мөнгө олгоогүй, би нэг ч төгрөг аваагүй, ******* банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч ******* банкнаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн капитал банкны зээл хүсэгчийн анкет, мөн өдрийн огноотой зээл хүсэгчийн өргөдөл, 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн иргэн Д.Баасанхүү нь иргэн Б.*******ид өөрийн цехийг банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл, банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбарууд, 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлдэгч Б.*******ийн гараар бичсэн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн хугацааг сунгах тухай хүсэлт, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/25 дугаар албан тоот, иргэн Д.*******ийн гаргасан өргөдлийн дагуу шалгасан тухай ажлын тайлан зэрэг нотлох баримтуудыг гарган өгчээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзах үндэслэлээ нотлохоор “капитал банкны дотоод журам, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, кассын ажиллагааны журам, 2011 оны 11 дүгээр сарын 24, 25-ний өдрийн гүйлгээ хийсэн баримт өөрийн 2033000630 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд хүсэлт гарган гаргуулж хэрэгт хавсаргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэвэл нэхэмжлэгч капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[1] болон Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/25 дугаар албан тоот[2], иргэн Д.*******ийн гаргасан өргөдлийн дагуу шалгасан тухай ажлын тайлан[3], 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн №153 дугаар зээлийн гэрээний хуулбар[4] зэрэг нотлох баримтуудаар ******* банк нь ******* банк банкны өр барагдуулах албаны хамтарсан зээлийн өрийн шаардах эрхийг харилцан шилжүүлэх тухай 2011 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хавсралтын дагуу Оюумандал ХХК-ийн чанаргүй зээлийг худалдан авсан нь тогтоогджээ.
Үүний дагуу иргэн Д.*******ид 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* банк нь 584.000.000 төгрөгийн авлага үүсгэн банкны өр барагдуулах албанд байгаа зээлдэгч Д.*******ийн өмчлөлийн Оюумандал ХХК-ийн 507.326.591.99 төгрөгийн зээл, болон ******* банк дахь иргэн Д.*******ийн нэр дээрх 76.673.408.81 төгрөгийн зээлийг тус тус төлж барагдуулсан байна. Уг зээлийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр судлан олгож, тус өдрөө дээрх 2 зээлийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хариуцагч Д.******* нь банкинд өөрийн өмчлөлийн Оюумандал ХХК-ийн зээл 507.326.591.99 төгрөг, ******* банкинд иргэн Д.*******ийн нэр дээрх 76.673.408.81 төгрөгийн зээлийн өртэй байсан гэх үйл баримттай маргадаггүй бөгөөд харин банк зээлийг зээлээр хаахдаа ******* банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, кассын ажиллагааны журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, мөн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* банк надад 584.000.000 төгрөгийн зээл олгосон боловч би нэг ч төгрөг аваагүй гэж маргаж байна.
Иргэн Д.******* нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний учир холбогдлыг ойлгож, хүсэл зоригоо илэрхийлэн ******* банктай харилцан тохиролцож гэрээ хийсэн болох нь түүний зээл хүссэн өргөдөл[5], зээлийн барьцаанд эд хөрөнгөө барьцаалсан баримтууд[6], зээл авсны дараа иргэн Д.*******ийн 2033000630 дугаартай данснаас нийт үндсэн зээл 336.732.223.62 төгрөг, зээлийн хүү 328.478.454.58, торгуулийн хүү 2.294.895.81 төгрөг төлж байсан дансны хуулга[7] зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэргийн 65 дугаар хуудас дахь ******* банкны мемориалын баримтуудаар 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн тус банк дахь 2033000630 тоот дансанд иргэн Д.*******ийн зээл 76.673.408.01 төгрөг[8], Оюумандал ХХК-ний зээл 507.326.591.99 төгрөг[9]-ийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байна.
Мөн хавтаст хэргийн 64 дүгээр хуудас дахь мемориалын баримтуудаар зээлдэгч Д.*******ийн 2033001618 тоот дансанд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр жижиг дунд бизнесийн зээл 584.000.000 төгрөгийн олголт хийж, түүний 2033000630 тоот зээлийн дансанд 584.000.000 төгрөгийн орлого орсон байна[*******]. Үүний дараа зээлдэгч Д.*******ийн 2033000630 тоот данснаас зээлийн шимтгэл төлсөн байна[11].
Эдгээр банкны гүйлгээний баримтууд дээр харилцагч Д.******* өөрөө гарын үсгээ зурсан байгаа нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн мөнгийг зээлдэгч Д.******* өөрөө гардан авч, өөрийн өмнөх зээлээ хаахаар захиран зарцуулсан болох нь нотлогдож байна.
Зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн 615 хоногийн хугацаанд зээлээ төлөөгүй тул банк шаардах эрхтэй байна.
Харин иргэн Д.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр ******* банктай №153 дугаартай зээлийн гэрээ байгуулахад хууран мэхлэгдсэн, ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 1.792.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2016/00171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.792.800 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
М.НЯМБАЯР
[1] Хавтаст хэргийн 98 дугаар хуудас.
[2] Хавтаст хэргийн *******2 дугаар хуудас.
[3] Хавтаст хэргийн *******4 дүгээр хуудас.
[4] Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас.
[5] Хавтаст хэргийн 20, *******3 дугаар хуудас.
[6] Хавтаст хэргийн 13-17, 22 дугаар хуудас.
[7] Хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас.
[8] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас дээрээсээ 2 дахь баримт
[9] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас дээрээсээ 3 дахь баримт
[*******] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудасны дээрээсээ нэг дэх баримт
[11] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас дээрээс хоёр дахь баримт