Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 964

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Н, Г.Н нарт холбогдох

 

1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие 2017 оны 02 дугаар сард зарын дагуу Гурван гал оффис центр, 5 давхар, 511 тоотод байрлах Nandinway билетийн касст захирал ажилтай Г.Н-тэй уулзахад тухайн үед худалдаанд гараад удаагүй байсан I рhоnе 7 гар утсаа хэрэглэж байсан учраас хямдхан 1 500 000 төгрөгөөр худалдана гэсэн. Тухайн үед утсыг асааж үзэхэд асч байсан, үнийн хувьд тухайн үеийн зах зээлийн ханшаас хямд байсан тул 1 400 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, Г.Н-ийн өгсөн Хаан банкны 5011328375 тоот дансанд 1 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Гар утсыг хэрэглэж эхэлсэнээс хойш долоо ч хоноогүй байтал унтарсан, цэнэглэж үзсэн боловч дахин асаагүй тул унтарсан шалтгааныг тодруулахаар гар утас засварын газарт үзүүлэхэд, өмнө нь задалсан, засвар орсон байна, аваад удаагүй байгаа бол баталгааны хуудсыг нь үзүүлээд авсан газраар нь засуулсан нь дээр гэж зөвлөсөн. Тухайн гар утсыг худалдсан Г.Н-ийн ажил дээр очиж уулзахад утас эвдрээд таньдаг хүнээрээ засуулж байсан гэж хэлэхээр нь засварчингийн утасны дугаар болон уг утасны баталгааны бичгийг өгөөч гэхэд утасны дугаарыг нь өгөхгүй, баталгааны бичиг байхгүй гэж хэлээд өгөөгүй тул утсаа буцаагаад ав, мөнгөө буцааж авъя гэхэд нэгэнт зарагдсан тул буцааж авч чадахгүй гээд бидний хооронд маргаан үүссэн. Г.Н асч байсан утас өгсөн тул ядаж асаачихаад аваад ир, тэгвэл мөнгийг чинь буцааж өгье гээд намайг оффисоосоо хөөж гаргасан. Би утсыг нь асдаг болгочихоод Г.Н-т эргүүлэн өгч мөнгөө авах зорилгоор засварчдад дахин хандсан боловч Монгол Улсад засварлах боломжгүй гэсэн тул 2017 оны 7 дугаар сард Япон улсад, 2017 оны 8 дугаар сард БНХАУ-д зорчихдоо авч явж засуулахыг хичээсэн боловч хэрэв тухайн утсыг засвал шинэ утасны үнээр засагдана, усанд унагаасан утас байна гэсэн тул засуулж чадалгүй буцаан авч ирсэн. Г.Н нь тухайн утсыг надад худалдахдаа эвдэрч засвар орж байсан гэдгийг нь хэлэлгүй нуун дарагдуулсан, дахин эвдэрч, асахгүй болж магад гэдгийг нь мэдсээр байж надад худалдсан нь намайг хуурч мэхлэх санаа зорилготой байсан, мөн засуулаад авья, засварчингаа заагаад өгөөч гэхэд туслах нь бүү хэл, маргаж, хэл амаар доромжлон хөөж гаргасан зэргээс үзвэл Г.Н өөрөө л хохиролгүй болж байвал бусад хүн хохирох эсэх нь түүнд хамаагүй байсан гэдгийг харуулж байна. Иймд худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж I рhоnе 7 гар утсыг буцаан өгч, гар утасны үнэ 1 400 000 төгрөгийг Г.Н-ээс гаргуулан өгнө үү гэжээ.

 

Харицагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Н нь нэхэмжлэгчид ямар нэг утас зараагүй, хэрэгт энэ талаар ямар нэг баримт /зар, гэрээ, хэлцэл/ байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар татах нь өөрийнх нь эрх, нэхэмжлэгчээс хариуцагч Г.Н мөнгө аваагүй. Хэрэгт байгаа мөнгө /төлбөр/ шилжүүлсэн баримтаас үзэхэд хэнд шилжүүлсэн нь тодорхой бус Г.Н-т ийм данс байхгүй талаар баримтаар өгсөн. Г.Н нь ямар нэгэн доголдолгүй, хэвийн ажиллаж байсан гар утас зарсан ба нэхэмжлэгч өөрөө шалгаж хүлээн авсан. Хэрэв доголдолтой гэмтэлтэй утас бол хүлээн авахдаа шалгахад мэдэгдэх нь ойлгомжтой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, гэрээнээс татгалзсан уу, гэрээнээс учирсан хохирлоо нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Ц.Б нь утсыг аваад 3 хоног хэрэглэж байсан гэдгээ өөрөө тайлбарлаж байна. Гар утсыг хүлээж аваад, 3 хоног хэвийн ажиллуулж байсан. Үүнээс хойш юу болсныг хэн ч мэдэхгүй. Плат нь шатсан бол 3 хоног ажиллахгүй байх байсан. Одоо энэ утас нь ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, эвдэрсэн утас өгсөн талаар хэрэгт баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Г.Н-ээс 1 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т, нэхэмжлэгч Ц.Б-с I рhоnе 7 гар утсыг буцаан гаргуулж хариуцагч Г.Н-т тус тус олгон, Г.Н-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Н-ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 243.1, 205.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн ба үндэслэлдээ мөн хуулийн 253, 254.1, 254.6, 254.7 дахь хэсгийг тус тус заасан ба хуулийг буруу тайлбарласан. Учир нь шүүх дээр дурдсан зүйл заалтуудыг тухайн маргааны зүйл болсон буюу худалдсан эд хөрөнгө доголдолтой гэдэг нь, тэрхүү доголдол нь нэхэмжлэгч буюу худалдан авагч Ц.Б-т хөрөнгө шилжихээс өмнө байсан гэдгийг нотолж, тогтоосон тохиолдолд хэрэглэх заалтууд юм. Нэхэмжлэгч өөрөө хөрөнгийг шалгаж хүлээн авсан, ямар ч асуудалгүй хэвийн ажиллаж байсан, 3 хоногийн дараа, 7 хоногийн дараа эвдэрсэн гэдэг. Энэ нь хөрөнгө шилжихдээ доголдолгүй байсан гэдгийг нотолно. Анхан шатны шүүх баталгаат хугацааны дотор доголдол үүссэн учир доголдолтой гэж үзнэ гэж дүгнэсэн байх бөгөөд гар утас гэдэг эд хөрөнгөний шинж байдал, гадны нөлөөнд эвдрэл гэмтэл орох магадлал боломжийг авч үзвэл энэ хугацаанд хөрөнгө хүлээн авсан этгээдийн өөрийн үйл ажиллагаанаас хамаарсан эвдрэл үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр маргааны зүйл болсон гар утсанд яг ямар эвдрэл гэмтэл байгаа, уг эвдрэл гэмтэл нь юунаас үүссэн нь хэрэг хянан шийдвэрлэхэд тодорхойгүй буюу түүнийг тогтоосон ямар ч баримт, дүгнэлт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч доголдолтой гэдгээ нотлоогүй. Иймд анхан шатны шүүх тухайн хөрөнгө долголдолтой эсэх, доголдолтой бол уг доголдол нь юунаас үүдэж үүссэн, гар утсыг шилжүүлэхээс өмнө байсан, тэр нь баталгаат хугацаанд илэрсэн эсэхийг тогтоосон, нотолсон ямар ч баримтгүйгээр Иргэний хуулийн 253, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 254.7 дахь заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь алдаатай болжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Н, Г.Н нарт холбогдуулан 1 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г.Н нь I phone 7 маркийн гар утасыг надад худалдахдаа эвдэрч засвар орж байсан гэдгийг хэлэлгүй нуун дарагдуулсан, дахин эвдэрч, асахгүй болох магадлалтай гэдгийг мэдсээр байж худалдсан нь намайг хуурч мэхлэх санаа зорилготой байсан тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж гар утасны үнэд төлсөн 1 400 000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсныг хариуцагч тал эс зөвшөөрч “ямар нэгэн доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа гар утас худалдсан, нэхэмжлэгч өөрөө шалгаж хүлээн авсан, хэрэв доголдолтой, гэмтэлтэй гар утас байсан бол хүлээн авахдаа шалгахад мэдэгдэх байсан, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна” гэж тайлбарласан байна.

 

Зохигчид худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан I phone 7 маркийн гар утасыг доголдолтой байсан эсэх талаар маргасан байх бөгөөд шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох талуудын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргааны зүйл болох I phone 7 маркийн гар утасны одоогийн байдалд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн нотлох баримтаар хэрэгт хавсаргах, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн оройн 22 цаг 13 минутад хамтран хариуцагч Г.Н-тэй ярьсан 6.17, 0.33, 0.21, 4.43 секундын нийт 4 хэсэг ярианы бичлэгийг цаасан дээр буулгаж бэхжүүлэн нотлох баримтаар хэрэгт хавсаргах тухай хүсэлт гаргасныг шүүх гар утас худалдаж авсан талаар талууд маргадаггүй тул уг утасны одоогийн байгаа байдалд үзлэг хийж харагдах төлөв байдлыг бэхжүүлэх, тэдний хооронд ярьсан гар утасны бичлэгийг бэхжүүлэх шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Н-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ 

           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ