Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01780

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01155 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1592 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Ч, Н.Днарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрт 31.880.416 төгрөг, нотариатын зардал 15.700 төгрөг нийт 31.896.116 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт, А.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, өмгөөлөгч О.Мөнхболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ч, Н.Дэлгэрмаа, Ч.Буяндэлгэр нар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 25.773.237 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6.018.423.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.755.81 төгрөг, нотариатын зардал 15.700 төгрөг нийт 31.896.116 төгрөг гаргуулж зээлийн барьцаанд буй 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ч, Н.Днар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 8.348.000 төгрөг төлсөн. Зээлийг хуваарьт заасан хугацаанд төлж чадаагүй ч үүргийн гүйцэтгэлийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна. Зээлсөн мөнгийг Ч.Буяндэлгэрийг гадаад явуулахад зарцуулсан. Тэрээр Солонгос улсад очоод эхний хэдэн сар тогтсон ажил хийх боломжгүй байсан. Одоо бол ажил хийж байгаа учир зээлийг төлөөд явах боломжтой болсон гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01155 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Днараас 31,880,416.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 15,700 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Днар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Н.Дэлгэрмаагийн өмчлөлд бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000465284 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,630.58 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч, Н.Днараас улсын тэмдэгтийн хураамжид 387,630.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1592 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 1592 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Ц.Энхтөр нь нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх бүхий субьект биш гэж үзэж байгаа бөгөөд Аны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нь тус банкийг төлөөлөн зөвлөн халамжлагч албан тушаалтай Б.Бадамгарав хуулинд заасан нэхэмжлэгч хариуцагчийн бүх эрх үүргийг эдэлж оролцох эрхийг итгэмжлэн олгосон байна./ХХ-5-р хуудас/ Энэхүү итгэмжлэлээс харахад Б.Бадамгарав нь хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд нэхэмжлэл гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй субьект мөн гэж үзэж байна. Гэтэл Ц.Энхтөрд Анаас итгэмжлэл олгоогүй бөгөөд дур мэдэн нэхэмжлэл гаргаж, Ч.Буяндэлгэрээс татгалзах хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн хавтаст хэргийн 3-т Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд Д.Төмөрхүүг Аны гуйцэтгэх захирлаар томилсон бөгөөд Монгол улсын иргэний хэрэг шүүхэд тухай хуулийн 35.1-д заасныг тус тус зөрчжээ. Уг хэрэгт хариуцагчаар татагдсан Ч.Буяндэлгэрээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Ч.Буяндэлгэр нь “Ариг" банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон, “Ариг" банкнаас авсан зээлийг зарцуулсан субъект тул энэ хэрэгт зайлшгүй хариуцагчаар оролцох ёстой.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 1592 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

“Ариг” банк ХХК нь Ж.Ч, Н.Дэлгэрмаа, Ч.Буяндэлгэр нараас зээлийн үлдэгдэл 25.773.237 төгрөг, үндсэн хүү 6.018.423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.755 төгрөг, нотариатын зардал 15.700 төгрөг нийт 31.896.116 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө үүргийг ялимгүй зөрчсөн гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Ч, Н.Днараас зээлийн төлбөрт 31.880.416 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ж.Ч, Н.ДЧ.Буяндэлгэр нар нь Атай 2017 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 29-р байр, 34 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан 30.000.000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлжээ.

Хариуцагч Ж.Ч, Н.Днар зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг эс зөвшөөрчээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах эрхтэй боловч үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй талаар мөн зүйлийн 225.4.1.т зохицуулсан.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ямар хэмжээнд зөрчсөн, энэ нь гэрээ цуцлах үндэслэл болох эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Тодруулбал, шүүх “...зээлдэгч нар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 сар орчим хугацааны буюу нийт 6 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, ...ялимгүй зөрчил гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж байсан талаар дурджээ.

Хэргийн 17 дугаар талд авагдсан баримтаас үзвэл А нь 2017 оны 5 дугаар сарын 22, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Ж.Чд зээл төлөх талаар мэдэгдэж байсан байх ба 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлд хариуцагч нар зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн болох, нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хэдий хугацааных болох талаар тооцож гаргасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Буяндэлгэрт холбогдох шаардлагаас татгалзсан гэж үзэхдээ Ц.Энхтөрд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй байгааг анхаараагүй байна.

Зээлдэгч нарын гүйцэтгээгүй үүрэг буюу төлөөгүй зээлийн хэмжээ тодорхой бусаас гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэ тохиолдолд хэрэгт цугларсан баримтын хэмжээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01155 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1592 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 318.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.           

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ