Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01155

 

 

 

   2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01155

          Улаанбаатар хот

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байгаа, “” ХХК /рд:2111683/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр,  34 тоот хаягт оршин суух, Харьд овогт Жамъянчагнаагийн  /рд:ХЛ59020817/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр,  34 тоот хаягт оршин суух, Барнууд овогт Намдагсүрэнгийн  /рд:ХЛ58040400/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 31,880,416.73 төгрөг, нотариатын зардал 15,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бадамгарав, хариуцагч нарын төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагч Н.гийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж., Н., Ч.Буяндэлгэр нар 2017 оны 01 сарын 27-ны өдөр 2107002914 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг хувийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 31,880,416.73 төгрөгийн өртэй болоод байна.

Иргэн Ж., Н., Ч.Буяндэлгэр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

Иймд зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 25,773,237.17 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6,018,423.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 88,755.81 төгрөг, нийт 31,880,416.73 төгрөг, нотариатын зардал 15,700 төгрөг, нийт 31,896,116.73 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

Мөн хариуцагч нарын зээлийн барьцаанд буй Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Зээлийн гэрээнд 30,000,000 төгрөгийг хувийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатайгаар, зээлийн хүүг 365 хоногоор тооцно гэж заасан байтал өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нарын зүгээс 8,348,000 төгрөгийг одоогоор төлсөн байгаа. Гэрээний үүргээ биелүүлээд явж байсан. Хариуцагч нарын зүгээс хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй ч үүргийн гүйцэтгэлийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байгаа.

Хамтран зээлдэгч Ч.Буяндэлгэртэй холбогдоод явж байгаа. Зээлийн хөрөнгийг Ч.Буяндэлгэрийг гадаад улс руу явуулахад зарцуулсан. Солонгос улсад анх очоод эхний хэдэн сар тогтсон ажил хийх боломжгүй байсан. Одоо бол ажил хийж байгаа. Зээлээ төлөөд явах боломжтой болсон. Сүүлийн төлөлтийг 2017 оны 10 сард төлсөн байгаа.

“” ХХК-иас гурван зээлдэгч хамтраад 30,000,000 төгрөг зээлсэн. 30,000,000 төгрөгийг гол хэрэглэсэн хүн нь Ч.Буянжаргал гээд охин нь байгаа. Тийм учраас шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Ж., Н., Ч.Буяндэлгэр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,773,237.17 төгрөг, хүү 6,018,423.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,755.81 төгрөг, нийт 31,880,416.73 төгрөг, нотариатын зардал 15,700 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК нь гадаад улсад оршин сууж байгаа, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа үндэслэлээр хамтран хариуцагч Ч.Буяндэлгэрээс татгалзсан болно.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, зээлийг цаашид төлөөд явах боломжтой, зээлийн мөнгөн хөрөнгийг Ч.Буяндэлгэр ашигласан хэмээн өөрсдийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргадаг.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Талууд 2017 оны 01 сарын 27-ны өдөр 2107002914 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Н., Ч.Буяндэлгэр нар зээлдүүлэгч “” ХХК-иас 30,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлдэн авах, 2107002914 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүрэгт Н.гийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна /хх-6-11х/

 

Дээр дурьдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаанд тус тус хамаарч байх ба эдгээр гэрээнүүд Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд зээлдүүлэгч “” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Н. нараас шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Н. нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

 

“Зээлийн дансны хуулга”-ыг харьцуулан үзэхэд зээлдэгч нарын зүгээс 2017 оны 10 сарын 24-ний өдөр зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг хийсэн байх ба энэ хугацаанаас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хх-18-19х/

 

Талуудын харилцан тохиролцсон “Зээл, зээлийн хүү төлөх хуваарь”-иас үзэхэд зээлдэгч нар “” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2018 оны 03 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд 6 сар орчим хугацааны буюу нийт 6 удаагийн эргэн төлөлтийг хийлгүй хуваарь зөрчсөн байх тул гэрээг ялимгүй зөрчсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч “” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. /хх-7х-арын нүүр/

 

Ж., Н., Ч.Буяндэлгэр нар “” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид болох тул “” ХХК нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болох учир зээлийн мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч Ч.Буяндэлгэр хэрэглэсэн гэсэн нь Ж., Н. нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Мөн зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ цаашид хэвийн гүйцэтгэж чадна хэмээн тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй, уг тооцооллыг няцаах тооцооллыг өөрсдийн зүгээс гаргаж өгөөгүй учир хариуцагч Ж., Н. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 31,880,416.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Өмнө дурьдсанчлан талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт 15,700 төгрөгийн нотариатын зардал гарсан талаар баримт авагдаагүй учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч Ж., Н. нараас 31,880,416.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, үлдэх 15,700 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж., Н. нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Н.гийн өмчлөлд бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000465284 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,630.58 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж., Н. нараас улсын тэмдэгтийн хураамжид 387,630.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.