Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00670

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Ч/РД: /,

 

Хамтран хариуцагч: Н. Д/РД: / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 39 644 884.83 төгрөгийг, нотариатын зардал 15 700 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                             

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэг, А.Жавхлан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Ч, Н.Д, Ч.Буяндэлгэр нар нь 2017 оны 01 сарын 27-ны өдөр 2107002914 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000.00/Гучин сая/ төгрөгийн зээлийг хувийн хэрэглээ зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 31 880 416.73 төгрөгийн өртэй болоод байна.

Иргэн Ж.Ч, Н.Д нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөед энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

2107002914 тоот зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 25 773 237.17 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 6 018 423.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 88 755.81 төгрөг, нийт 31 880 416.73 төгрөг, нотариатын зардал 15 700.00, нийт 31 896 116.73 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хохиролыг барагдуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 387 630.58 төгрөг төлсөн.

          Иргэн Ж.Ч, Н.Д нарын зээлийн барьцаанд буй УБ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 29 байр 34 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.

          Аны нэхэмжлэлтэй зээлдэгч Ж.Ч /РД: XЛ59020817/, Н.Д /РД: XЛ58040400/ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 31 880 416.73/Гучин нэгэн сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг 73 мөнгө/ төгрөг гаргуулах болон Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа билээ.

Уг иргэний хэрэгт нэхэмжлэгч А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг доорхи байдлаар нэмэгдүүлэн тооцох. Үүнд:

Зээлийн хүү 7 270 171.29/Долоон сая хоёр зуун далан мянга нэг зуун далан нэгэн төгрөг 29 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494 296.81/Дөрвөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг 81 мөнгө/ төгрөг, нийт 7 764 468.10/Долоон сая долоон зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун жаран найман төгрөг 10 мөнгө/ төгрөгөөр нэхэмжлэлийнхээ үнийн дүнг нэмэгдүүлж, нийт 39 644 884.83/Гучин есөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун наян дөрвөн төгрөг 83 мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.

Иймд зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас нийт 36,644,880 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэж нэхэмжилсэн. Мөн хариуцагч нарын зээлийн барьцаанд байгаа Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29 байрны 34 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, 28м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ж.Ч, Н.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Ч, М.Д, Ч.Буяндэлгэр нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 36 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Хариуцагч нар нь зээлийн гэрээний төлбөрт 8,348,800 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч “А” ХХК нь 6 удаагийн эргэн төлөлтийг хийхгүй хуваарь зөрчсөн гэж үзээд, Иргэний хуулийн 225.1-д заасныг баримтлан гэрээг цуцалсан. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан бөгөөд хариуцагч нарын зүгээс үүнтэй маргаагүй. Харин гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалчхаад, нэмж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэж байгааг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг талын гэрээнээс татгалзсан, талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар болон түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан тохиролцож, буцааж авах үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа 7,764,468 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зээлийн хөрөнгийн гол зарцуулалтыг Ч.Буяндэлгэр хэрэглэсэн. Тиймээс хариуцагч М.Д, Ж.Ч нар бус Ч.Буяндэлгэр нь зээлийн эргэн төлөлтийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ж.Ч, Н.Д нарын өмгөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01  дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцалсан, татгалзсан асуудал байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс дураа хүрэхээр нэмэгдүүлээд, дургүйгээ хүрэхээр татгалздаг байж болохгүй. Энэ асуудлыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэнтэй хариуцагч талын зүгээс маргаагүй. Энэ мөнгийг Ч.Буяндэлгэр захиран зарцуулсан учраас Ч.Буяндэлгэр төлөх үүрэгтэй. Ж.Ч, М.Д нарын эрх зүйн байдлыг нь авч үзвэл тэтгэврийн хүмүүс байгаа. Барьцаа хөрөнгө буюу 2 хөгшний амьдарч байгаа байраас зээлээ гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 7,764,480 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнээс өөрсдөө татгалзчихаад, дараа нь дураа хүрэхээр нэмэгдүүлдэг асуудлыг хуулиар хориглосон байгаа учраас энэ асуудал үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч Ж.Ч, Н.Д нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 25 773 237.17/хорин таван сая долоон зуун далан гурван мянга хоёр зуун гучин долоон төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг, зээлийн хүүнд 7 270 171.29/долоон сая хоёр зуун далан мянга нэг зуун далан нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 494 296.81/дөрвөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг, нотариатын зардалд 15 700/арван таван мянга долоон зуу/ төгрөгийг, бүгд 39 660 584.73/гучин есөн сая зургаан зуун жаран мянга таван зуун наян дөрвөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж.Ч, Н.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд нь Ч.Буяндэлгэр зээлийн эргэн төлөлтийг төлөх үүрэгтэй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Буяндэлгэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Ч, Н.Д нартай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2107002914 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ болон 2107002914 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний болон Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.10-т зааснаар нэхэмжлэгч нь 30 000 000/гучин сая/ төгрөгийг, сарын 3/гурав/ хувийн хүүтэй, 36/гучин зургаа/ сарын хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг Гэрээ, Зээл, зээлийн хүү төлөх хуваарьт заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний болон Зээл, Зээлийн хүү төлөх хуваарийн хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт 30 000 000/гучин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хүснэгт, Зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “... зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 25 773 237.17/хорин таван сая долоон зуун далан гурван мянга хоёр зуун гучин долоон төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг, зээлийн хүүнд 7 270 171.29/долоон сая хоёр зуун далан мянга нэг зуун далан нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 494 296.81/дөрвөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг, бүгд 39 644 884.83/гучин есөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга найман зуун наян дөрвөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч ... төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 24 дүгээр зүйлийн 1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон ... зээлийн үнэ нь зээлийн хүү болно.” гэж заасан.

 

Гэрээ болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарьт зааснаар хариуцагч нар нь үндсэн зээл, хүүгийн төлбөрт 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 12 357 304/1373033.80х9=12357304/ /арван хоёр сая гурван зуун тавин долоон мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг төлөхөөс 6/зургаа/ удаагийн төлөлтөөр нийт 11 071 265.81/арван нэгэн сая далан нэгэн мянга хоёр зуун жаран таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг төлсөн байх ба хариуцагч нар нь Гэрээ, Зээл, зээлийн хүү төлөх хуваарьт заасан үндсэн зээл, түүний хүүг төлөх хугацааг хэтрүүлэн Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь Гэрээний болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Мэдэгдэл №1 болон 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон ... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй буюу хариуцагч нар нь Гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлж ирсэн болох нь Гэрээний болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Мэдэгдэл №1 болон 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нотлогдож байна.

 

Хариуцагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй болох нь Гэрээний болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь Гэрээнд заасан сар бүр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зөрчсөн нь Гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэл болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд Гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргасан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг Гэрээг цуцалсан өдөрт тооцно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалснаар зохигчид Гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй ба Гэрээг цуцлах хүртэл Гэрээ хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үндсэн зээлд 4 226 762/дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг, хүүнд 6 844 502.98/зургаан сая найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун хоёр төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 26 284.19/хорин зургаан мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг арван есөн мөнгө/ төгрөгийг, нийт 11 097 549/арван нэгэн сая ерэн долоон мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээний болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нотлогдож байна.

 

Хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 25 773 237.17/хорин таван сая долоон зуун далан гурван мянга хоёр зуун гучин долоон төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хүүний үлдэгдэл төлбөрт 6 018 423.75/зургаан сая арван найман мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөрт 88 755.81/наян найман мянга долоон зуун тавин таван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг, бүгд 31 880 416.73/гучин нэгэн сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 7 764 468/39644884-31880416=7764468/ /долоон сая долоон зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Гэрээний болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 15 700/арван таван мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгчид 15 700/арван таван мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас бүгд 31 880 416.73/гучин нэгэн сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 7 780 168/7764468+15700=7780168/ /долоон сая долоон зуун наян мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь Улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот, 28 м.кв талбайтай, 2/хоёр/ өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь Гэрээний болон Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот, 28 м.кв талбайтай, 2/хоёр/ өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ч, Н.Д нараас бүгд 31 880 416.73/гучин нэгэн сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдсэн 7 780 168/долоон сая долоон зуун наян мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Д нар энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот, 28 м.кв талбайтай, 2/хоёр/ өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ч, Н.Д нараас бүгд 31 880 416.73/гучин нэгэн сая найман зуун наян мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдсэн 7 780 168/долоон сая долоон зуун наян мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Д нар энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот, 28 м.кв талбайтай, 2/хоёр/ өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526 812.07 төгрөгөөс 426 374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100 437 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Ж.Ч, М.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 387 552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д тус тус олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ