Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 883

 

“А.банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00670 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А.банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ч, Н.Д нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 39.660.584,83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавхлан, З.Баярбилэгт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “А.банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Ч, Н.Д, Ч.Б нар нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 2107002914 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг хувийн хэрэглээ зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Хариуцагч Ч.Б-с татгалзсан. Харин Ж.Ч, Н.Д нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээ хугацаанд нь төлөөгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 25.773.237,17 төгрөг, хүү 6.018.423,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.755,81 төгрөг, нийт 31.880.416,73 төгрөг, нотариатын зардал 15.700 төгрөг, нийт 31.896.116,73 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хохиролыг барагдуулж өгнө үү. Уг иргэний хэрэгт нэхэмжлэгч А.банк нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг доорхи байдлаар нэмэгдүүлэн тооцож байна. Үүнд: зээлийн хүү 7.270.171,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494.296,81 төгрөг, нийт 7.764.468,10 төгрөгөөр нэхэмжлэлийнхээ үнийн дүнг нэмэгдүүлж, нийт 39.660.584,83 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас нийт 39.660.584,83 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Ч, М.Д, Ч.Б нар нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 36 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Хариуцагч нар нь зээлийн гэрээний төлбөрт 8.348.800 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч “А.банк” ХХК нь 6 удаагийн эргэн төлөлтийг хийхгүй хуваарь зөрчсөн гэж үзээд гэрээг цуцалсан. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан бөгөөд хариуцагч нарын зүгээс үүнтэй маргаагүй. Харин гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалчихаад, нэмж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт болон гэрээнд заасны дагуу аль нэг талын гэрээнээс татгалзсан, талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар болон түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан тохиролцож, буцааж авах үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа 7.764.468 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зээлийн хөрөнгийн гол зарцуулалтыг Ч.Б хэрэглэсэн. Тиймээс хариуцагч М.Д, Ж.Ч нар бус Ч.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийнэтгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ч, Н.Д нараас бүгд 31.880.416,73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А.банк” ХХК-д олгож, үлдсэн 7.780.168 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Д нар энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 29 дүгээр байр, 34 тоот, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526.812,07 төгрөгөөс 426.374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100.437 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Ж.Ч, М.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 387.552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А.банк” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс “хамтран зээлдэгч Ч.Б-с татгалзах хүсэлтийг гаргаж байна" гэсэн хүсэлтийг гаргаж анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32019/01440 дүгээр шүүгчийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь хариуцагч Ч.Б-с яг юу шаардаж байгаа нь нэхэмжлэлд дурдаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тусдаа шийдвэр гаргасан нь нэг хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хоёр тусдаа шийдвэр гаргасан нь алдаатай болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй хэдий ч уг хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдсэн процесс ажиллагаа нь хууль бус, хариуцагч Ч.Б-с татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээнээс татгалзаж, цуцалсан огноо нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бөгөөд үүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг анхан шатны шүүх хасч тооцох ёстой байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч "А.банк" ХХК нь хариуцагч Ж.Ч, Н.Д, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 660 584,83 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 2107002914 дугаартай  Зээлийн гэрээ байгуулагдаж,  уг гэрээгээр зээлдүүлэгч "А.банк" ХХК нь 30 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгч Ж.Ч, Н.Д, Ч.Б нарт зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ж.Ч-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Зээлдэгч нар нь гэрээнд зааснаар зээл, зээлийн хүүд нийт 11 071 265.81 төгрөгийн эргэн төлөлт хийсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь Н.Д-д хүргүүлсэн 2 удаагийн мэдэгдэл, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдсон байна.

 Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр  шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25 773 237.17 төгрөг, зээлийн хүү 6 018 423.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88 755.81 төгрөги, нийт  31 880 416.73  төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн  байна.

 Мөн зээлийн гэрээ хугацаанаас өмнө нэгэнт цуцлагдсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 7 764 468 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  үндэслэлтэйгээс гадна энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй  байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь Улсын бүртгэлийн    Ү-2203004051 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 29 дүгээр байр, 34 тоот, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг бичгээр байгуулсан нь хуульд заасан хэлбэр, агуулгын шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаа явуулах этгээдийг шүүхээс томилсон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч "А.банк" ХХК нь хариуцагч Ж.Ч, Н.Д, Ч.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Ч.Б-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан хүсэлт гаргасан ба шүүх шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын    29-ний өдрийн 181/ШЗ2019/01440 дүгээр захирамжаар Ч.Б-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхийг эдэлдэг тул зарим хариуцагчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан Ч.Б-ийг хамтран хариуцагчаар зайлшгүй оролцуулах ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт нийцэхгүй байна.

            Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлийн агуулгаас  үзэхэд шүүхийн байгууллагад шилжүүлэх болсныг мэдэгдсэн болохоос зээлийн гэрээ цуцлах талаар уг мэдэгдэлд заагаагүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагчид тухайн магадлалыг хүргүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж үзэж, уг хугацаанаас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцвол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах ёстой гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 319 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ