Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 352

 

 

В.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Т.Мижиддорж,

          шүүгдэгч В.О-,  түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

          хохирогч А.У-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.О-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1710 0077 40014 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн В.О , 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Бухаа трейд” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бэлхийн 96 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хүннү” хорооллын 108 дугаар байрны 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:/;

В.О- нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хүннү” хорооллын 108 дугаар байрны 13 тоотод эхнэр А.У-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: В.О-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар В.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ “... учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч А.У-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг үгүйсгэх нөхцөл байдал буюу 4.1 дүгээр зүйлд заасан “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Хохирогч А.У- болон шүүгдэгч миний мэдүүлгээс үзэхэд, А.У- нь над руу сэрээ, хавчаар барьж дайрсан гэдэг нь тогтоогддог бөгөөд А.У- нь шүүх хуралдаанд барьж байсан сэрээгээрээ миний биеийг гэмтээсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн шинжээчийн 12978 тоот дүгнэлтээр хэдийгээр гэмтэл тогтоогдоогүй ч тухайн дүгнэлтээс үзэхэд миний биед багагүй гэмтэл, зулгаралтууд тогтоогдсон. Энэ нь хохирогч над руу дайрсан гэдгийг мөн давхар нотолж байна гэж үзэж байна.

Гэтэл дээрх зэвсгийн чанартай зүйл барьж дайрсан хохирогчийн үйлдлийг хууль ёсны, эсхүл хууль бус эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас дээрх шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд айлын эхнэр нөхрийнхөө ажлын санхүүгийн баримтыг хараад нөхөр лүүгээ зэвсгийн чанартай зүйл бариад дайрч, нөхрийнхөө эрүүл мэндэд халдах үйлдэл хийж болох мэтээр ойлгогдож байна.

2. Шинжээчийн 12979 тоот дүгнэлтийн, хэсэг газрын үзлэгт гэсэн хэсэгт “духны зүүн доод хэсэг буюу зүүн хөмсөгний гадна хэсэгт 3x3 см товойж хавдсан, эргэн тойрон Зх4 см цус хуралттай, зүүн тохойн доод хэсэгт, зүүн өвдөгний доод хэсэгт, арьс өнгөц зулгарсан” гэсэн байдаг.

Миний бие эхнэрээ тухайн үед цохиж зодсон нэг ч үйлдэл хийгээгүй бөгөөд түүний барьж байсан сэрээ, хавчаар зэрэг зэвсгийн чанартай зүйл болон хуруу хумснаас нь хамгаалсан үйлдлийг хийсэн ба тухайлбал над руу дайраад байхаар нь нэг удаа өөрөөсөө зайлуулан түлхсэний улмаас дээрх гэмтлүүд учирсан байх боломжтой бөгөөд зүүн талаараа унасан гэдэг нь харагддаг. Гэтэл намайг эхнэрийгээ шилдэж дараад шал мөргүүлсэн мэтээр анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд миний өөрөөсөө зайлуулан нэг удаа түлхсэн гэсэн мэдүүлэг нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэргийг тал бүрээс нь хянаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг дүгнэн үзэхэд хууль бус хохирогчийн довтолгоон эхэлсэн байна, үүнээс хамгаалж В.О- нь аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна ...” гэв.

Хохирогч А.У-гын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч В.О-т оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээр шийтгэх ёстой ...” гэв.

Хохирогч А.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өдөр тутам айдас, түгшүүртэй байна. Өмгөөлөгчтэй санал нэг байна, ял хөнгөдсөн гэж үзэж байна ...” гэв.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтаар В.О-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “В.О-ыг А.У-гын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэж” шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заажээ.

 

Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ...” гэж, 5.1.1-т “... “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...” ойлгохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч В.О- нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.У-гын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтай гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй шалгаж, тодруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ...” гэж, тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ...” гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус зохицуулжээ.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, яллагдагч, хохирогч нарын харилцааны түүх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтооход нөлөөлж болох нөхцөл байдлыг дутуу шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.О-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч В.О-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч В.О-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч В.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЧМАНДАХ

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ