Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 164

 

 

В.О, А.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалтай, В.О, А.Т нарт холбогдох 1710007740014 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ял шийтгэлгүй, О овогт В-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, П овогт А-ны Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх В.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, А.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар В.О-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хохирогч А.У-тай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хохирогч А.У-тай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч В.О-т хохирогч А.У-ын оршин суух газар очих, түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай” гэж өөрчилж, шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заасан тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт өгөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь судлалгүйгээр хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчилсэн.

Хэдийгээр хохирогч А.У, шүүгдэгч В.О нар нь гэр бүлийн баталгаагүй ч гэсэн тэдний дундаас 2015 онд хоёр ихэр хүү төрсөн билээ. Шүүх энэ хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Энэ хууль болон хүний эрхийг зөрчсөн шийдвэрт шүүгч нар анхаарал хандуулаагүй болно. Ялангуяа эцэг хүний үүрэг, үр хүүхдээ тэжээн тэтгэх болон үр хүүхэд нь эцэгтэйгээ уулзах эрхийг хасаж хориглосон.

Иргэний шүүхэд хохирогчийн зүгээс хоёр хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүгдэгч В.О-т Эрүүгийн хуульд заасан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна.  

Учир нь иргэний маргааныг яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй, дундаасаа үр хүүхэдтэй, хүүхдүүд бага насны, үр хүүхэдтэй уулзах, тэжээн тэтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүйгээс гадна А.У-тай уулзахгүй, харьцахгүй байснаар цаана нь хэний эрх ашиг хөндөгдөж байгаа болон ирээдүйд ямар үр дагавар гарахыг шүүх бодоогүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогчийн иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүгдэгч В.О нь яаж оролцох вэ гэсэн асуудал гарч байна. Шүүх хуралд очиж болох эсэх, хэрвээ шүүх хуралд очвол А.У-тай яаж харьцах эсэх нь тодорхой бус болоод байгаа бөгөөд хязгаарлалт тогтоосон хугацаа хэдийд дуусах зэрэг нь тодорхойгүй байна.

Иймд шүүгдэгч В.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэж байгаа юм. Иргэний шүүхийн шийдвэр гараад 2 хүүхдийг хохирогчийн асрамжид өгсөн. Шүүгдэгч В.О-ын хувийн байдлын талаарх нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай цугларсан байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “В.О-ын эхнэр А.У-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, А.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, А.Т-ийн В.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүхээс ял шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд нь хорих ялын санкцигүй хэргүүд байх бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 1 жил өнгөрсөн тул В.О, А.Т нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр хэрэгсэхгүй болгох саналтай байна. Харин эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний тухайд хугацаа тогтоож өгөх тал дээр өмгөөлөгчтэй санал нийлж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд шүүхээс хугацаа тогтоож өгөх зохицуулалт байхгүй. Харин хугацаанаас нь өмнө эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хүчингүй болгох зохицуулалт байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хугацаа тогтоохоор зохицуулагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт шийтгэх тогтоолд “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ”-г шүүх заавал тогтоохоор зохицуулжээ. Тэгэхээр эдгээр зохицуулалтууд хоорондоо зөрчилдөж байгаа тул хяналтын шатны шүүхээс аль нэг талд нь хагалж практик тогтоож өгөх нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн В.О, А.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын 108-13 тоотод эхнэр А.У-тай эр эмийн хардалтын улмаас таарамжгүй харьцаа үүсгэн улмаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гараашийн хажууд эхнэрээ хардсан В.О-ыг эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг шүүхүүд зөв тогтоосон боловч хэргийн талаарх бусад нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийхдээ дараахь алдааг гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг байнга үйлдэхдээ явцдаа хохирогчийн эрүүл мэндэд ядаж нэг удаа хөнгөн хохирол учруулсан байхыг шаардахаар хуульд зохицуулжээ.

Иймээс  В.О-ын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ эхнэр А.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бус эр эмийн хардалтын хувийн сэдэлттэй маргааны явцад учруулсан тул хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болно.

Прокуророос шүүгдэгч В.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У хохирогчтой хэргийн зүйлчлэлийг тухайн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр өөрчилж, түүний үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гараашийн хажууд хохирогч А.Т-ийг эхнэр А.У-тай хамт явлаа гэх мөн эр эмийн хардалтын шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж ялласан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд уг хэрэг гарснаас 10 хоногийн дараа нөхөн үзлэгээр хохирогч А.Т-ийн биед тархи доргилт гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь цаг хугацааны хувьд түүний эрүүл мэндэд учирсан дээрх хохирлыг В.О учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд энэ нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн А.Т-ийн В.О-ын биед хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага нь “ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд шүүгдэгч В.О-ын А.Уянгыг зодсон гэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд анхан шатны шүүхээс авсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хүчингүй болгох тухай өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалд:

“Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч В.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй”,

“Шүүгдэгч В.О-ын хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай”,

“Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН