Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 142/2018/00392/И |
Дугаар | 001/ХТ2018/01866 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01866
Д.Б-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00557 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаар магадлалтай,
Д.Б-ы нэхэмжлэлтэй,
Б.Ч-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б- түүний өмгөөлөгч О.Энхсаруул, хариуцагч Б.Ч- түүний өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Ч-аас Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 36-4 тоот хаягт байрлах хашаа байшинг худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг 21.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч худалдах худалдан авах гэрээг хариуцагчийн хүсэлтээр 11.000.000 төгрөгөөр байгуулсан. 20.000.000 төгрөгийг хариуцагчийн дансаар шилжүүлж, 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэвч би маргаан бүхий хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станцтай болохыг саяхан олж мэдлээ. Хариуцагч нь анх гэрээ байгуулахдаа 3800 вольтын станц хэмээн худал мэдээлэл өгсөн. Гэрээ байгуулсны дараа Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх станц ТӨХК нь тус газрын айлуудыг 45 хоногийн дотор нүүх шаардлага тавьсан, хэрвээ нүүхгүй бол ямар нэгэн эрсдэл гарвал манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг илэрхийлсэн баримтад гарын үсэг зуруулж авсан болохыг мэдэж авлаа. Б.Ч-тай уулзаад энэ талаар хэлэхэд мэдэж байсан болохоо хүлээн зөвшөөрч өөр хүнд зарчихгүй юу гэсэн хариуг өгсөн. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Орхон аймаг БӨ сум Шанд 36-4 тоот хашаа байшин, газраа зарахаар хашаандаа зар тавьсан байсан ба уг зарын дагуу Д.Б- худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний дагуу би өмчлөлд нь хашаа байшингаа шилжүүлж, Бүрэнсайхан надад мөнгө төгрөгөө төлсөн. Тэрээр хашаа байшинг 2-З удаа ирж үзсэн ба цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна байгаа бөгөөд хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл надад байхгүй, тэгэх ч боломжгүй юм. Харин хашааны гадаа байгаа цахилгаан станцын тухайд бол 380 вт-ын хүчдэл авч ашиглаж блок хийж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл уг байдлыг гуйвуулан 6000 вт-ын цахилгаан станцыг 380 вт-ын цахилгаан станц гэж буруу ойлгуулсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00557 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д.Б- нь Б.Ч- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21.000.000 төгрөг гаргуулах Д.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний 142/ШШ2018/00557 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3 гэсний дараа 243 дугаар зүйлийн 243.1 гэж нэмж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хариуцагч Б.Ч- нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний бусад нөхцөл болох гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж заасан байхад үүнийг зөрчсөн байна. Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй, зориулалтын дагуу ашиглах боломжтой хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Мөн ЭБЦТС-аас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байрлаж газрын ойр орчим байрлаж байгаа айлуудыг “Мэдэгдэх хуудас”-нд гарын үсэг зуруулдаг талаарх мэдээллийг хариуцагч санаатайгаар нуун дарагдуулж нэхэмжлэгчид үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээрээ энэ хэлцэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хажууд байрлах цахилгаан станцыг энгийн хүний нүдээр харахад мэдэх боломжгүй, түүнчлэн 6000 вт станц мөн гэж бичсэн тайлбар, тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй үүнийг зөвхөн мэргэжлийн хүмүүс л мэдэх боломжтой учраас анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн цахилгаан станцыг гаднаас нь харахад 6000 вт-ын цахилгаан станц болох нь харагдах эсэхийг тодруулах зорилгоор тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газарт үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй нь буруу байна гэж Давж заалдах шатны шүүхэд тайлбар болон гомдол гаргасаар байтал нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангалтгүй шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах ажиллагааг гүйцэтгүүлэхийн тулд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийн оронд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцсон нотлох баримт байж болохгүй тухай хуульчилсан хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээс буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Ч-тай 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулж, Орхон аймгийн Баян-өндөр сумын 9 дүгээр баг, Шандын 36-4 тоотын 86.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 672 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 21.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба эд хөрөнгийн үнийг төлж, нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.
Нэхэмжлэгч дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хариуцагчаас 21.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3..-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. гэсэн заалт нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Шүүх зохигчийн хооронд үүсэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “...хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станц байгааг саяхан олж мэдсэн, ...айлуудыг нүүх шаардлага тавьсан байсныг зарах үедээ хэлээгүй, ...Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж тодорхойлон “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 03 тоот мэдэгдлийг шүүхэд гаргаж өгчээ /хэргийн 1-2, 23-25, 40 дүгээр тал/.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан байхад шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар дүгнэлт хийснээс гадна дээрх баримтыг үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо холбоотой өөрөөр хэлбэл, шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээс хамаарч тодорхойлогдох бөгөөд шүүх энэхүү асуудлыг тодруулаагүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тодруулбал, хариуцагч нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгчид худалдахдаа эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлөхийг мэдэгдсэн эрх бүхий байгууллагын мэдэгдлийг танилцуулсан эсэх үйл баримтыг дүгнэх шаардлагатай байжээ.
Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргасан байхад шүүх худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар дүгнэлт хийж, улмаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-т зааснаар доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж, нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэбаярыг гэрчээр асуух хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн 2139 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчжээ. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзвэл хүсэлтэд дурдсан гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байж болохоор байгааг шүүх анхаараагүй байна.
Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00557 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 262.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ