Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 517

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж,

Н.Мөнхтөр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05931 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, Н.Мөнхтөр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Журмак” ХХК-д холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч “Журмак” ХХК болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Оюунхишиг 

хариуцагчийн өмгөөлөгч  Э.Уянгасайхан

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнайгийн тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, Н.Мөнхтөр нар 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 12-ны өдрүүдэд БНХАУлсын Эрээн хотын гаалийн хашаанаас "Журмак" ХХК-ийн газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг том оврын машинаар тээвэрлэхээр тохирч дээрх ачааг ачсан бөгөөд уг ачааг мөн сарын 22-ны өдөр тээвэрлүүлэгчийн заасан газар буюу Увс аймгийн Малчин сумын нутагт буулгасан. Анх тээвэр хийх үед нэг машины тээврийн хөлсийг 7 300 000 төгрөгөөр тохирсон бөгөөд ачаа ачих үед "Журмак" ХХК-ийн Эрээн хот дахь төлөөлөгч Өвөр Монгол Улсын иргэн н.Мэндээ болон захирал Т.Мяндагмаагийн нөхөр хоёр урьдчилгаа 4 000 000 төгрөг жолооч тус бүрт бэлнээр өгч, үлдэгдэл 3 300 000 төгрөгийг ачаа буулгасны дараа авахаар тохиролцсон. Ингээд ачааг тогтоосон газар нь хүлээлгэн өгч дагалдах бичгийг "Журмак" ХХК-ийн оффис дээр аваачиж өгсөн ба "Журмак" ХХК-иас үлдэгдэл хөлсөө нэхэхэд "та нар үлдэгдэл төлбөрөө н.Баярбилэгээс ав. Бид түүнд өгсөн" гэсэн тайлбарыг хэлдэг. Жолооч нар н.Баярбилэгтэй уулзаад үлдэгдэл төлбөрөө нэхэхэд тус компаниас мөнгө аваагүй, өмнө нь битум зарах гээд авсан мөнгийг нь дутуу өгсөн байгаа, та нарын тээвэрлэлтийн хөлсийг миний авсан битумын мөнгөнөөс суутгасан юм байлгүй" гэж хэлсэн.

н.Баярбилэг нь зөвхөн жолооч нарт "Журмак" ХХК Увс аймгийн Малчин сум руу ачаа ачуулна гэж байна гэдгийг хэлж хариуцагч компанитай холбон өгч, ачаа олж өгсөн хүн болохоос жолооч нарыг төлөөлөх эрхтэй хүн биш. Нэхэмжлэгч нар "Журмак" ХХК-ийн ачааг ачсан учраас тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөрийг тус компаниас нэхэмжилж байгаа.

Mөн Эрээн хотын гаалийн хашаанаас ачаа ачаад гаргахад зогсоолын төлбөрт нэг жолоочоос 500 юань буюу ойролцоогоор 150 000 төгрөг авсан. Ингээд нийт 4 жолоочоос 600 000 төгрөгийн төлбөр авсан байдаг. Иймд тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 13 200 000 төгрөг, зогсоолын төлбөр 600 000 төгрөг, нийт 13 800 000 төгрөгийг "Журмак" ХХК-иас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, Н.Мөнхтөр нарт тус бүр 3 450 000 төгрөг болж байгаа гэжээ.

 

Хариуцагч "Журмак" ХХК-ийн тайлбарт:

Манай компани 2015 оны 8 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум руу тоног төхөөрөмжийн тээврийг иргэн н.Баярбилэгтэй үнэ тохиролцон хийлгэсэн. Тээврийн хөлсний урьдчилгааг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдлийг н.Баярбилэг урд өмнө нь манай компаниас авч төлбөрийг нь хийгээгүй байсан 54.8 тонн битумны үнэд шилжүүлэн тооцож зөрүүг тохирсон. Тэгэхэд н.Баярбилэг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд манай компаниас 68.0 сая төгрөг битумны төлбөрт авсан. Бид жолооч нарыг танихгүй, тухайн тээвэрт явсан жолооч нар мөн эсэхийг ч мэдэхгүй бөгөөд манай компани нэхэмжлэгч нарын хэнтэй нь ч ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй.

Нэхэмжлэгч нар н.Баярбилэгээс захиалга авч, ачаа ачсан. Мөн түүнээс урьдчилгаа мөнгөө авсан. Манай компаниас урьдчилгаа төлбөр аваагүй. 2015 оны өвөл манай компани дээр хэдэн жолооч нар ирээд "н.Баярбилэгээс авлагатай, түүнтэй холбоо барьж чадахгүй байна, бид танай компанийн ачааг тээвэрлэсэн" гэж байсан. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч нарыг танихгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан хариуцагч "Журмак" ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, Н.Мөнхтөр нарт тус бүр 3 300 000 төгрөг олгон, нэхэмжлэлээс үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч "Журмак" ХХК-иас 223 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Журмак" ХХК-ийн давж заалдах гомдолд: Бид тээвэрлэлт зуучлан гүйцэтгэдэг Л.Баярбилэгтэй 15 машин тээвэрт явуулахаар тохиролцсон. Уг тохиролцоог хийхдээ Л.Баярбилэг нь манай компанийг Увс аймаг руу ачаа тээвэрлэх талаар мэдээлэл авсан байсан бөгөөд би машинуудаа оруулъя олон машинтай тээвэрлэлтэд оролцох хүсэлтэйгээ утсаар мэдэгдэж захирал Т.Мяндагмаатай ачаа тээвэрлэн зуучлан хүргэх хэлцэлийг утсаар ярьж хийсэн. Тус хэлцлийг хийхдээ тээвэрлэлтийн ажлыг Л.Баярбилэг нийт үнэ 125 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Л.Баярбилэг өмнө нь манай зарим ажлыг хийдэг байсан, өөрөө ямар ч асуудалгүй тээврийн хэрэгслүүдээ зохицуулдаг байсан. Л.Баярбилэг нь манай компаниас өмнө нь буюу 2015 оны 6 сард замын компаниудад зарж борлуулж өгье гэж нийт 54.8 тонн авто замын битумны төлбөрт нийт 64 000 000 төгрөг авсан байснаас санхүүжилт нь шийдэгдээгүй өнөө маргаашгүй орж ирнэ гэж хэлж удааж байсан бөгөөд тус битумны төлбөрийг дээрх авто тээвэрлэлтэд урьдчилгаа төлбөрт авсаны дараа үлдэгдэлд шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Л.Баярбилэг нь тохиролцсон төлбөрт тээвэрт явсан машинуудын урьдчилгаа гэж авсан 68 000 000 битумын 64 000 000 төгрөг, нийт 132 000 000 төгрөг. Үүнээс тээврийн 125 000 000 төгрөгийг хасч үлдэгдэл 7 000 000 төгрөгийг манай компанид төлөөгүй, харин дээр нь нэмж жолооч нарын төлбөр гэж мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байгааг хүлээн авна уу.

Л.Баярбилэг нь уг тээвэрлэлтэд машинуудаа түлшээр цэнэглэх гэсэн юм гээд нийт 15 машины урьдчилгаа төлбөр 68 000 000Т төгрөгийг 2015 оны 8 сарын 10-ны өдөр авсан. Жолооч нартай тохиролцсон, ачаа хүргэсэн автомашинууд нь зөвхөн Л.Баярбилэгтэй хамаатай бөгөөд манай компанитай гэрээ болон хэлцэл хийгээгүй зэргийг анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна. Манай компаниас уг нэхэмжлэлийг удаа дараа няцааж байсан бөгөөд нэг ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Мөн нэхэмжлэгч өөрсдийн ярьж байгаагаа нотлох байнга гүтгэлгийн чанартай зүйлийг шүүх хурал дээр ярьсан нь тухайлбал БНХАУ-ын Эрээн хотод Монголын компани байсан гэж илт худал зүйлсийг ярьж байсан зэргийг анхаарна уу. Манай компани БНХАУ-ын Эрээн хотод ажилтан байршуулж үзээгүй болно. Шүүгчийн захирамжаар Л.Баярбилэгтэй нэг удаа утсаар холбогдоход шүүхэд гэрчээр ирнэ гэсэн боловч цаашид утас нь холбогдохгүй байгааг хайхраагүй шийдвэрлэсэн зэргийг харгалзан үзнэ үү.

Бидний зүгээс гол гэрч зуучлагч Л.Баярбилэгийг гэрчээр дуудах ёстой гэж үзсэн.

Шүүгч шийдвэртээ хэт нэг талыг баримталсан өнгөцхөн дүгнэлт гаргасан байгааг хянаж шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Иимд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/05931 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы давж заалдах гомдолд: 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас Л.Баярбилэг дээрх 68.0 сая төгрөгөөс жолооч нарт тус бүр 4.0 сая төгрөг өгсөн болох нь нэхэмжлэлд дурьдсанаас харагддаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 380.1, 386.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл бодит байдлыг дүгнэвэл зохигчдын хооронд хийгдсэн ямар ч гэрээ хэлцэл байхгүй, тодорхой эрх үүргийн харилцаа үүсгээгүй, харин нэхэмжлэгч тал “Журмак” ХХК-тай биш Л.Баярбилэгтэй ажил гүйцэтгэх гэрээний эрх үүргийн харилцаа үүссэнийг үл хайхран шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна. Харин “Журмак” ХХК ачаа илгээгч болон ачаа хүлээн авагчтай тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаанд орсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нар тээврийн ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлын хөлс тохиролцсон байдал болон түүний урьдчилгааг тус компаниас биш, Л.Баярбилэгээс хүлээж авсан байдал хэргийн 28 дугаар талд “Өнгөрсөн хавар 3-4 жолооч манай компани дээр ирж мөнгө нэхэхэд нь би Л.Баярбилэгт бүх тооцоо төлбөрөө төлчихсөн. Бидэнд та нарт өгөх төлбөр тооцоо байхгуй гэж хэлж, Л.Баярбилэг рүү утсаар ярьж, утасны чанга яригч дээр тавьж байгаад манай компани дээр хэдэн жолооч ирээд мөнгө нэхээд байна. Энэ ямар учиртай юм бэ. Би чамтай тооцоо нийлж, ямар ч өр төлбөргүй байгаа гэж ярихад жолооч нар ойлгож манай компаниас явсан” гэх нөхцөл байдал нь хариуцагч компанийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно. Хариуцагч “Журмак” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй тул түүний гаргасан шаардлага, тайлбар бүрийг няцаасан тайлбарыг өгч байсан. Гэтэл шүүх шийдвэртээ хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардлагыг баримтаар няцаагаагүй гэсэн нь нэхэмжлэгч ч өөрийн шаардлагаа баримтаар нотлоогүй байснаас харвал хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ямар ч баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ч “Журмак” компанитай эрх үүргийн харилцаанд орсон болохыг нотлох ямар ч баримт гаргаагүй, түүнчлэн гэрчээр Л.Баярбилэгийг оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасныг хариуцагч дэмжин түүнээс мэдүүлэг тайлбар авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд уг шалтгаан арилаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн талууд өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа зэрэг нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг огт хангаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс уг ажилд явсан жолооч нараас 9 хүнийг
төлөөлөх итгэмжлэл гаргуулсан боловч энэ удаад 4 хүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж
байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл уг ажилд нийт хэдэн тээврийн хэрэгсэл явсан болон хэн хэн гэдэг жолооч ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгч 4 иргэн үнэхээр уг ажлыг гүйцэтгэсэн эсэх ч эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь баримтаар нотлогдоогүй байна. Цаашид ч энэ мэтчилэн гүйцэтгэсэн ажлын хөлс нэхэмжлэх эрхгүй этгээдээс шаардлага гаргах үр дагаварыг бүрдүүлсэн хууль бус шийдвэр гарлаа гэж үзэж байна.                    

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нар “Журмак” ХХК”-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 

 

          Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ 2015 оны 08 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотоос “Жэнтун интернэйшнл” тээвэр зуучлалын компанийн захиалгаар Увс аймгийн Малчин суманд үйл ажиллагаа явуулж буй “Жентун Увс технологи” ХХК-д газрын тосны тоног төхөөрөмжийг тээвэрлэсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, “... манай компани н.Баярбилэгтэй аман гэрээ байгуулсан, түүнд хөлс төлсөн, жолооч нартай гэрээ байгуулаагүй...” гэж маргасан байхад шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, нотлогдвол зохих үйл баримтыг тодруулалгүй,  маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

         Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгч тал тээврийн хөлсийг “Журмак” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар ачаа тээвэрлэх гэрээг “Журмак” ХХК, нэхэмжлэгч талтай эсхүл иргэн Л.Баярбилэгтэй байгуулсан эсэх, уг гэрээгээр хэдэн тонн ачааг, ямар үнэ хөлсөөр тээвэрлэхээр тохиролцсон зэрэг нь тодорхойгүй байна. Хэргийн 4-6 дугаар талд авагдсан итгэмжлэлээс үзэхэд иргэн Н.Энхбат, С.Ганзаяа, Н.Мөнхтөр, Ш.Мягмардорж, М.Сономцэрэн, З.Азжаргал, Э.Алтанбулаг, Л.Батзориг, Ш.Даваадорж нарын 9 хүн шүүхэд тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийг “Журмак” ХХК болон иргэн Л.Баярбилэг нараас нэхэмжлэх эрхийг Д.Баярмагнайд олгосон байх бөгөөд Д.Баяржаргал нь тэдгээрээс Ш.Мягмардорж,  Ш.Даваадорж, З.Азжаргал, Н.Мөнхтөр нарыг төлөөлөн хариуцагчаар дан ганц “Журмак” ХХК-ийг тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, энэ нэхэмжлэл нь төлөөлүүлэгч нарын эрх ашигт бүрэн нийцэж байгаа эсэхт шүүх дүгнэлт хийгээгүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч нарын хариуцагчаар тодорхойлсон Л.Баярбилэгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан байгааг шүүх анхаарч үзэлгүй, хариуцагч талыг Л.Баярбилэгтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулж, төлбөрийн тооцоогоо дуусгасан гэх үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу байна.

          Маргааны үйл баримт буюу нийт хэдэн жолооч, ямар хэмжээний ачааг, хэдэн төгрөгийн хөлсөөр ачихаар хэнтэй тохирсон, хариуцагч тээврлэлтийн хөлс төлөх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, бараа хүлээн авагч тал ачааг хүлээн авсан эсэх, ачаа тээвэрлэсэн автомашины улсын дугаар, марк, хүлээн авсан ачааны хэмжээ, автомашины жолоочийн нэр зэргийг талуудын хүсэлтээр  хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлэх боломжтой байхад хариуцагч байгууллагын албан бичгийг үндэслэн хэргийн оролцогчийн шаардсан баримт эсрэг талд байхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Дээр дурдсанаас дүгнэхэд шүүхээс хэргийн оролцогчид нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүлээх үүрэг, эдлэх эрхийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хангалттай тайлбарлан таниулсан гэж үзэхээргүй байна.

          Хэргийн талаарх нотлогдвол зохих үйл баримт тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                               ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ