| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2017/0170/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 203.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 29
Ж.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор Г.Яндаг
Цагаатгагдсан этгээдийн
өмгөөлөгч З.Энхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-гийн Б-т холбогдох эрүүгийн 201709000184 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Х- овогт Ж-гийн Б- /РД:ТВ********/ нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 9273 ДАХ улсын дугаартай “Тоёото премо” маркийн авто машин жолоодож явахдаа ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ж.Б-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ж.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “...тухайн бугын арьсыг хэн хэзээ агнасан, зохих зөвшөөрөлтэй агнасан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Ж.Б-ын халиун бугын арьс тээвэрлэсэн үйлдэл нь байгаль экологид 7.500.000 төгрөгийн хохиролтой шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д ...ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан... үйлдлээс гадна мөн тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн... үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд шүүхийн дүгнэсэн шиг мэдсээр байж мөн заавал зохих зөвшөөрөлтэйгээр агнасан ховор амьтаны түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг шаардаагүй гэж үзнэ. Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 заасан “тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн түүхий эдийг цуглуулсан, худалдан авсан, худалдсан, гадаад гаргахыг завдсан этгээдийг тухайн амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж зааснаас үзэхэд Ж.Б- нь зохих зөвшөөрөлгүй ховор аиьтаны түүхий эдийг тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2016 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгтээ “шүүгдэгчид ашигтайгаар” гэж дүгнэснээ “тогтоох” хэсэгтээ өөр дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Мөн анхан шатны шүүх ховор ан амьтны талаар дүгнэлт хийгээгүй. Халиун буга нь ховор амьтны жагсаалтанд хамрагддаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор” заасан байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч З.Энхтуяа: Улсын яллагчийн тайлбарласан эсэргүүцлийн үндэслэлийг сонслоо. Тухайн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар 3 удаа хэлэлцэж байна. Анх анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргахад улсын яллагч саяны хэлсэн эсэргүүцлийг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс прокурор н.Баярмаагийн эсэргүүцлээр хэргийг хянаж байна гэж ойлгож байна. Анх бичсэн прокурорын эсэргүүцлийг Г.Яндаг прокурор дахин ярьж байна, урьд нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн улсын яллагчийн эсэргүүцлийг прокурор Г.Яндаг ярьж байгааг өмгөөлөгч миний зүгээс ойлгохгүй байна. Прокурор эсэргүүцэлдээ “Ж.Б- нь ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Ховор амьтантай холбоотой заалтад “тээвэрлэсэн” гэсэн үг байхгүй байхад прокурор “ховор амьтныг тээвэрлэсэн” гэж яллаад байгаа. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 25 дугаар зүйлийн 25.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгүүдийг төсөөтэй хэрэглэсэн. Хуулийн дээрх 3 заалтад “тээвэрлэсэн” гэсэн үг байхгүй. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл болгож байгаа заалтад “тээвэрлэсэн” гэсэн үг байхгүй учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.Б- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар яллагдаж байгаа гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т “Ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн байхыг шаарддаг”, прокурорын зүгээс шүүгдэгчийг ямар ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн талаар яллах дүгнэлтэндээ дурдаагүй тул хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Хэрэв зөрчсөн бол зөрчсөн талаар яллах дүгнэлтэд дурдсан байх ёстой. Хуульд “ховор ан, амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, худалдсан бол” гэж заасан. Ан амьтныг Ж.Б- агнаагүй, Ж.Б-ын үйлдэл агнасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Зохих зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсныг Ж.Б- мэдсээр байж тээвэрлэсэн бол Ж.Б-ыг “тээвэрлэсэн” гэж үзнэ. Халиун бугын арьс гэдгийг Ж.Б- мэдээгүй, хогон дээр байсан арьсыг олсон. Ж.Б-ын үйлдэл хуучин 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шинэ 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинжгүй. Субъектив талын бүрэлдэхүүн бол шууд санаатай байдлаар илэрдэг. Ж.Б- хогноос арьс олсны улмаас ял шийтгэл эдлэх гээд байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Ж.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 9273 ДАХ улсын дугаартай “Тоёото премо” маркийн тээврийн хэрэгсэл дотроо халиун бугын арьсыг тээвэрлэж явсан үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ж.Б-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож 216 дугаартай цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ж.Б-т холбогдох хэргийг хүлээн авч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 9273 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр халиун бугын түүхий эд болох арьсыг тээвэрлэж явсан болох нь гэрч А.Энхбаатарын “ ...Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхдаа тус багийн нутаг дэвсгэрт явж байсан 9273 ДАХ улсын дугаартай “Тоёото премо” маркийн машиныг зогсоож, багажийн хэсгийг шалгахад машин дотроос ангийн гэмээр үл мэдэгдэх амьтны арьс гарсан. Тэгээд би жолооч Ж.Б-аас “энэ ямар амьтны арьс юм бэ, хаанаас авсан юм бэ” гэхэд Улаанбаатар хотод байдаг н.Идүүр гэж найзынхаа хашаанаас авсан гэж хэлсэн...” гэх, цагаатгагдсэн этгээд Ж.Б-ын “...найз н.Идүүрийн хашаан дотор ямар амьтны арьс гэдэг нь мэдэгдэхгүй арьс хэвтэж байхыг харж байсан. Би дотроо буга юм уу эсхүл хандгайн арьс байна гэж бодож байсан. Тэгээд би саяхан 2017 оны 02 дугаар сард ажил дээрээ хамт ченж хийдэг хэдэн найз нартайгаа юм ярьж суунгаа Улаанбаатар хотод байдаг найзын хашаан дотор буга юм уу эсхүл хандгайн арьс байх шиг байна лээ гэж хэлэхэд манай найзууд надад тэгвэл тэр арьсаар ширдэг хийвэл гоё болдог гэж хэлсэн...” гэх, гэрч Б.Дандарын “...2017 оны 02 дугаар сард... манай эхнэрийн төрсөн ах Ж.Б- над руу залгаад “Шар хад”-ны эцэст байдаг н.Идүүрийн хашаан дотор нэг арьс байгаа түүнийг аваадах би танайд очхоороо авъя гэсэн. Би маргааш өдөр нь гадуур ажилтай явж байгаад замаараа “Шар хад”-ны эцэс рүү явж Ж.Б- ахын яриад байсан арьсыг ...авсан...” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн 08 дугаартай дүгнэлтэнд “... шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно...” гэсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “... хэн хэзээ агнасан, зохих зөвшөөрөлтэй агнасан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Ж.Б-ын халиун бугаын арьс тээвэрлэсэн үйлдэл нь байгаль экологид учирсан 7.500.000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн зөрүүтэй байна.
Цагаатгагдсэн этгээд Ж.Б-ын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтан болох халиун бугын гарал үүсэл нь тодорхойгүй түүхий эд арьсыг тээвэрлэсэн үйлдэл нь дээрх халиун бугыг хэн, хэзээ агнасан, зохих зөвшөөрөлтэй агнасан эсэхээс хамаарахгүйгээр Ан агнуурын хууль тогтоомжийг зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана гэж үзнэ.
Цагаатгагдсэн этгээд Ж.Б- болон түүний өмгөөлөгч З.Энхтуяа нарын давж заалдах гомдолд Амьтны тухай хуулийн 12 дугар зүйлийн 12.1, 25 дугаар зүйлийн 25.3, 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, цуглуулах, гадаадад гаргахыг хориглосон боловч “тээвэрлэхийг хориглосон” зохицуулалт байхгүй учраас Ан агнуурын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж тайлбарлаж, давж заалдах гомдлын үндэслэл гаргажээ.
Хэдийгээр Амьтны тухай хуульд ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэхийг хориглосон зохицуулалт байхгүй байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх зүйлд ...тэдгээрийн гаралтай түүхий эдийг ... тээвэрлэсэн... үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байх тул Ж.Б- нь өөрийн эзэмшлийн авто машинд ачиж явсан гарал үүсэл нь тодорхойгүй, халиун бугын түүхий эд болох арьсыг “хогон дээрээс олсон” гэж тайлбарлаж байгаа боловч Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтанд орсон халиун буга буюу ховор амьтны түүхий эд, арьс гэдгийг мэдсээр байж тээвэрлэж улмаар түүнийг ашиглах зорилготой байснаа тодорхой мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байх тул Ж.Б-т холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар саорын 23-ны өдрийн 216 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-т холбогдох эрүүгийн 201709000184 тоот 1 хавтас хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Ж.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ