Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00725

 

"А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02267 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ам” ХХК-д холбогдох

НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн төлөөлөгч О.Баямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд харилцан тохиролцож тооцоо нийлж 2016 оны 6 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр “Ам” ХХК нь 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг “А” ХХК-д өгөх, “А” ХХК-д төлөх төлбөр болох 140 000 000 төгрөгийг 2 хувааж, 50 хувийг нь 2016 оны 6 сарын 25-нд, үлдэгдэл хувийг 2016 оны 7 сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний 3 дугаар зүйлд хариуцлагын талаар тохирсон. Гэтэл хариуцагч компани нь одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2016 оны 7, 8 сард төлбөрөөс 70 000 000 төгрөгийг л төлж бусад үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлж хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд үүнээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, ажил тасалдаж асар их хохирол учирсан. Хариуцагч “Ам” ХХК нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан 2 өрөө 2 айлын орон сууцыг Э.Солонго, Б.Гантогоо нарын нэр дээр шилжүүлж, гэрчилгээ гаргуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцнууд бусдын өмчлөлд шилжсэн, “Ам” ХХК-иас нэхэмжлэх боломжгүй болсон тул “Ам” ХХК-д шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгах шаардлагаа хэвээр үлдээж, гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70 000 000 төгрөгийн төлбөрт хариуцагч компанийн барьж байгаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгаас 1 давхрын 45.26 м.кв бүхий В, С байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлагыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн. Иймээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК нь дээрх барилгад хөрөнгө оруулсан гэх 140 сая төгрөгийн баримт тооцоогоо “Ам” ХХК-д гаргаж өгөх ёстой. Гэтэл “А” ХХК нь өнөөдрийг хүртэл уг 140 сая төгрөгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн баримт материалыг гаргаж өгөөгүй, барилгад оруулсан Лексус 570 маркийн машиныг 85 сая төгрөгөөр тооцож оруулсан боловч уг машиныг 50 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавьж барилгад зарцуулсан. Иймд “А” ХХК-иас нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй.

2015 оны 8 сарын 13-ны өдөр “Ам” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх 15/09 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар барилгын ажлын санхүүжилтийг ажлын үе шаттай уялдуулан хавсралт 2-т заасан байдлаар хийнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК нь дээр дурдсан гэрээний аль ч үүргээ биелүүлээгүй. “Ам” ХХК-ийн зүгээс барилгын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгэсэн хэдий ч “А” ХХК-ийн зүгээс ажлын үе шатны санхүүжилтийг хийгээгүйн улмаас авах байсан санхүүжилтийн оронд бусад гуравдагч этгээдээс мөнгө зээлж, зээлийн хүү төлөх болон бусад байдлаар хохирсон. Гэвч “А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээр үл барам ор сураггүй алга болсон. Улмаар Сонгинохайрхан дүүргийн зүгээс “А” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан тухайгаа мэдэгдэж, манай байгууллагатай гэрээ байгуулсан.

Гэрээний үүргээ зөрчсөн этгээдэд мөнгө нэхэмжлэх эрх байхгүй. Гэрээний 1.1-д “А” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын тамгын газрын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүргийг, хариуцлагыг “Ам” ХХК-д шилжүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй заалт байсан. Сонгинохайрхан дүүргийн зүгээс “А” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, “Ам” ХХК-тай 2015 оны 12 сарын 25-нд гэрээ байгуулсан байсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга баталж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий этгээд гэрээ байгуулан уг барилгыг барих эрхийг “Ам” ХХК-д олгосон ба харин “А” ХХК нь уг барилгын талаар эрх эдлэх, үүрэг хүлээх боломжгүй болсон байсан. “А” ХХК нь 2016 оны 6 сарын 22-нд барилга барих эрхгүй байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл “А” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа л тооцоо нийлсэн байсан гэж худал зүйл бичиж, шүүхийг төөрөгдүүлэх гэж оролдсон.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд хавсаргаж өгч байгаа нь үндэслэлгүй байна. Нийт 167 334 958 төгрөгийн зардал гараад түүнээс 149 183 378 төгрөгийг нь нэхэмжилж байгаа мэтээр харагдуулахаар тооцоо гаргасан байна. Мөн хавсаргасан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэгч “Ам” ХХК нь тэнхлэгээр нь тооцож 1 м.кв-ыг 700 000 төгрөгөөр гүйцэтгэж, 2015 оны 11 сарын 15-ны өдөр захиалагч “А” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу гүйцэтгэгч “Ам” ХХК нь барилгын ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажил гүйцэтгэж эхлэхэд “А” ХХК нь барилгын ажлын зураг төслийг өгөөгүй, санхүүжилтийг тогтоосон хуваарийн дагуу хийгээгүй удаа, дараа шаардуулж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлын эхний санхүүжилтэд зориулж 2009 онд үйлдвэрлэгдсэн 02-33 УНЛ улсын дугаартай Тоёота Лексус-570 маркийн авто машиныг 85 000 000 төгрөгт тооцож авах санал тавьсан бөгөөд ажил хангалттай гүйцэтгэлтэй байсан тул арга буюу зөвшөөрч, уг машиныг 185 000 000 төгрөгт тооцож авсан. Уг машин мөргөлдөж байсан тул 35 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Ингээд барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд “А” ХХК-ийн зүгээс санхүүжилтээ хийгээгүй, ажлыг хаяж явсан. Ингээд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах захиалагчгүй болсон. Манайх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хандахад “А” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажлыг “Ам” ХХК-иар гүйцэтгүүлэх саналыг тавьж, гэрээ байгуулж ажилласан. “А” ХХК нь сураггүй байж байгаад гэнэт барилга ашиглалтанд орох үед буюу 2016 оны 6 сард гарч ирээд, сонгуульд нэр дэвшиж байгаа Засаг дарга М.Чинболдыг Сонгуулийн ерөнхий хороо болон шүүхэд өгнө гэж сүрдүүлж, хохирол шаардах болсон. “А” ХХК-ийн захирал С.Батсайхан Лексус-570 автомашины үнэ 85 000 000 төгрөгөөс өөр үндэслэлгүй мөнгө нэхэхгүй, дахин энэ гэрээнээс үүрэг үүсэхгүй, гэрээнд дурдсан мөнгийг баримтад үндэслэж авах боломжтой, бидэнд баримт байхгүй тул дахиж мөнгө нэхэхгүй, ямар ч үр дагавар үүсэхгүй гэж тайлбарласан. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдын гэрээнд заавал гарын үсэг зур гэх шахалтаас үүдэж, арга буюу 2016 оны 6 сарын 22-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиапагч “А” ХХК нь мөнгө шаардах эрхгүй бөгөөд захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх хуулийн зохицуулалттай. Захиалагч “А” ХХК нь “Ам” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх үүрэгтэй бөгөөд мөнгө шаардах эрхгүй. “А” ХХК болон “Ам” ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 сарын 13-ны өдрийн 15/09 дүгээр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нээс өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байхад гэрээний үр дагавар болгож дахин гэрээг байгуулах замаар бусдыг төөрөгдүүлэх нь хууль бус үйлдэл юм. Манай зүгээс барилгын санхүүжилтэд зориулж өгсөн Лексус-570 авто машины үнэ 85 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Бусад төлбөрийг шилжүүлэх үүрэггүй тул мөнгө шилжүүлээгүй. “Ам” ХХК-ийн хувьд тохиролцооны зүйл нь зөвхөн автомашин гэж бодож ноцтой төөрөгдөж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул “А” ХХК болон “Ам” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Барилгын ажлыг цаг алдахгүй явуулах үүднээс ажлын зургийг хэсэгчлэн өгч байсан. Ажлын зураггүй барилгад юу ч хийх боломжгүй тул цэвэр гүтгэж байна. Авто машиныг анхны ажил гүйцэтгэх гэрээнд санхүүжилтэд өгөхөөр тохиролцож, өөрөө шаардаж авсан. Авсныхаа дараа 7 хоног унаж байгаад нэр шилжүүлж эзэмшилдээ авсан ба унаж байх хугацаандаа ямар нэг байдлаар машины талаар гомдол санал хэлээгүй. Шилжүүлэг хийгдсэн үеэс автомашины өмчлөх эрх өөр хүний өмч болсон учраас машинаа хэрхэх нь тэр хүний л асуудал. 2015 оны 12 сарыг дуустал хариуцагч талтай байнгын холбоотой байсан. 2016 оны 6 сарын 22-ны гэрээг 2 талаас харилцан тохиролцож байгуулсан. Бид 3 сараас хойш дүүрэг болон “Ам” ХХК-ийн захирал О.Бямбадоржтой уулзах гэж их хөөцөлдсөн боловч зугтаад байсан. Харин 2015 оны 8 сарын 13-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх /туслан гүйцэтгэх/ гэрээг О.Бямбадорж хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж өөрөө төөрөгдөж байна. Хамтран ажиллахаар болсон бол 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай хөрөнгийн чадамжгүй компани сонгохгүй. О.Бямбадорж барилгыг өөрийн эзэмшлийнх гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох шаардлагатай. Манай байгууллага ерөнхий гүйцэтгэгчийн үүргээр захиалагчдаас захиалга болон санхүүжилт авч, туслан гүйцэтгэгч болох “Ам” ХХК-д санхүүжилтийг өгч, ажил гүйцэтгүүлэх болсон. О.Бямбадорж нь хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хийсэн гэж төөрөгдөн одоог хүртэл залилан мэхлэх ажиллагаа тасралтгүй явуулж байна. 2015 оны 10 сарын 7-ны өдрийн 15/10-01 албан бичгээр барилгын ажлын гүйцэтгэлийг О.Бямбадорж өөрөө зогсоосон шийдвэр гаргасан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02267 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2, 186 дугаар зүйлийн 186.1 дахь заалтыг баримтлан 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэл, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “Ам” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 15 000 төгрөг, 2016 оны 11 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 580 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 сарын 3-ны өдөр урьдчилан төлсөн 857 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02267дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Ам” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 37 тоот магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал:

Магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг шаардаж байгаа боловч үндэслэл нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь эхний шаардлагын үндэслэлийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны барилгад 140 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 140 000 000 төгрөг гэрээний үнэ байсан гэж 2 өөрөөр тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойгүй гэж үзнэ. Хэрэв хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа бол хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр хэрхэн оруулсан, гэрээний үнэ гэж үзсэн бол хэрхэн тооцоолж 140 000 000 төгрөгөөр тогтоосныг тодруулах нь зүйтэй...” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр (удаа дараа) зохигчдод эрх, үүргийг нь тайлбарласан. Тиймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч нь анхан шатны хоёр, давж заалдах шатны хоёр, хяналтын шатны нэг (шийдвэрээ гаргаснаар нь тоолов) шүүх хуралдаан дээр үндэслэлээ тайлбарласан төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохын тулд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлээ зөрүүтэй тайлбарласан бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүх рүү буцаана гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Хэрэг УДШ-ээс буцсанаас хойш нэхэмжлэгчийн байр суурь өөрчлөгдөөгүй байтал яагаад ийнхүү буцаах үндэслэл болгоод байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэлээ өөр өөрөөр тайлбарлахаас гадна хэрэгт ач холбогдолгүй баримт материал гаргах, баримт нотолгоогүй тайлбар өгөх зэргээр шүүхийг төөрөгдөлд оруулах хэргийг шийдвэрлүүлэхгүй удаах зэрэг үйлдлийг байнга хийж ирсэн. Эхний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг 140 сая төгрөгийг захиалагч нарын өгсөн мөнгө гэж тайлбарласан бол түүний дараа нь өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан нар зардал гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн билээ. Магадлалд дурдаад байгаа шиг тодруулах шаардлага байхгүй. Учир нь нэхэмжлэгч нь холбогдох тооцооллоо болон түүнд хамаатуулан нотлох баримтаа шүүхэд хангалттай гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүхийн энэхүү үндэслэлтэй адил гэж болох тайлбарыг нэхэмжлэгч талаас өмнө нь хяналтын шатны шүүх хуралдаан дээр хийж байсан ба УДШ-ээс анхан шатны шүүх рүү буцааж, нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг нотлохын тулд хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй олон зүйлийг баримт болгохын тул шүүхэд өгсөн байдаг. Тиймээс заавал тодруулах шаардлагагүй.

Магадлалын хянавал хэсэгт “... талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцсэн, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэсэн нь үндэслэлгүй. Зохигчид нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, удаа дараагийн шүүх хуралдаан дээр шүүх хурлын дэгийг зөрчилгүйгээр нэхэмжлэлийн шаардлага болон татгалзалын талаарх тайлбараа ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, чөлөөтэйгээр, бүрэн, хангалттай хийсэн. Давж заалдах шатны шүүхийн зүгээс ямар үндэслэлээр талуудыг мэтгэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр өмнө нь болсон гурван шатны шүүхийн шүүх хуралдаануудыг хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа бололтой юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлээгүй, үүргийг хүлээгээгүй юм бол зохигчид яаж нотлох баримтуудаа гарган өгч, яаж шүүх хуралдаануудад тайлбар хийж, яаж эрх зүйн туслалцаа авч, яагаад шүүхийн дуудсанаар шүүх хуралдаануудад хүрэлцэн ирсэн байх вэ. Давж заалдах шатны шүүхээс энэ мэтчилэн энгийн хүн ч ойлгохоор зүйлийг илт буруу, ойлгомжгүй, үндэслэлгүй тайлбарлаж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгож байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Нэхэмжлэгч нь ямар ч хамааралгүй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж, ямар ч хамаагүй аргаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор улайрч байхад давж заалдах шатны шүүх түүнд нь нэмэр болох гэсэн байдалтай үндэслэлгүйгээр хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч НӨАТ-ын баталгаажуулалтыг хариуцагчаас авах ёстой байсан гэх шаардлагын үндэслэлээ нотлохоор Татварын ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06/2002 тоот албан бичгийг ирүүлсэн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна” гэсэн нь үндэслэлгүй. Хуульд зааснаар нэхэмжлэгч нь бичмэл нотлох баримтын эх хувийг эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй...” гэж заасан. Түүнээс нотлох баримтын шаардлага хангахгүй бол дахин гаргуулна гэсэн зохицуулалт байхгүй. Магадлалдаа шаардлага хангахгүй байна гэдгийг буцаах үндэслэл болгоод байгаа мөртлөө шаардлага хангаагүйн улмаас хууль яаж зөрчигдсөн, хэрхэх тухай огт дурдаагүй. Мөн уг бичмэл баримтыг заавал хэргийн материалд хавсаргах шаардлага байхгүй буюу хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол байхгүй. Учир нь ТЕГ-аас 2017.7.03-ны өдөр авсан “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хэргийн материалд өгсөн байх боловч уг баримт нь НӨАТ-н өртэй, төлөх ёстойг нотлох баримт бус харин хууль тайлбарласан агуулгатай байдаг.

Магадлалын хянавал хэсэгт “... 2-р хавтаст хэргийн 49, 50, 51, 52, 56, 57 дугаар талд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн, 58-75 дугаар талд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтууд авагдсан боловч агуулга нь харагдахгүй, бүдэг байх тул ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зохицуулсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлтийг бол зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх ч шийдвэрийн үндэслэл болгоогүй. Харин яагаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болгож байгаа мэт Магадлалын хянавал хэсэгт тусгаад байгааг л ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө нотолж чадахгүй байгаа зүйлийг шүүх нь ямар нэгэн байдлаар заавал нотлуулах гээд л зүтгээд байгаа юм шиг л харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 1-д “Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараах байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана” гэж заасан бөгөөд 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байхад хэргийг анхан шатны шүүх рүү буцааж байгаа нь үндэслэлгүй. Мөн ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийг үндэслэл болгох ёстой гэж үзэж байна. Гэтэл уг зүйлээс нэг ч заалтыг удирдлага болгоогүй байж шийдвэрийг хүчингүй болгож байна. Сүүлийн үед Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 1.11 дэх заалтыг үндэслэн “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж, иргэн хуулийн этгээдийн цаг хугацаа, хөдөлмөр, мөнгөөр нь хохироож байгаатай утга нэг магадлал болсон гэж үзэж байна.

Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 37 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“А” ХХК нь “Ам” ХХК-д холбогдуулан НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэн даруй “А” ХХК-д хүргүүлэхийг даалгуулах, 70 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “А” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгчээр ажиллахаар үүрэг хүлээж, улмаар тус барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Ам” ХХК-тай №15/09 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, захиалагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ.

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар “А” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, “Ам” ХХК-тай гэрээ байгуулж, тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2016 оны 10 дугаар сард “Ам” ХХК барилгыг комиссын актаар ашиглалтанд оруулсан байна.

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохигч “Гэрээ” байгуулж, “А” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 20 айлын орон сууцны гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг захиалагчдын урьдчилгаа төлсөн баримт болон гэрээ дагалдах бичиг баримтын хамт “Ам” ХХК-д шилжүүлж, “Ам” ХХК нь “А” ХХК-ийн тухайн барилгад оруулсан бүх хөрөнгө оруулалт болох 140 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр, “Ам” ХХК-д шилжүүлсэн 149 000 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг “А” ХХК-д хийж өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. 

“А” ХХК нь дээрх гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон бөгөөд хариуцагч нь тус гэрээ хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, барилгын ажилтай холбоотой гарсан зардлын баримтууд, банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, Татварын Ерөнхий газрын албан бичгийн хуулбар хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх “...зохигч хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй...” гэх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, ...нэхэмжлэгчээс гаргасан Төрийн банкны шилжүүлэг, нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбаруудын агуулга нь харагдахгүй, бүдэг, уншигдахгүй, Татварын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс дээрх баримтууд нотлох чадвараа алдах тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.

Анхан шатны шүүх үнэлэх боломжгүй дээрх баримтыг шаардлага хангасан хэлбэрээр шаардаж авах эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар эдгээр баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг дурдаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгосон байх тул  магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцжээ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч О.Бямбадоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 593 150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ                             

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД