Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01777

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1596 дугаар магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А.Эт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 95 680 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч А.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Д.Дэнсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард байрлах, улсын бүртгэлийн 18638310407888 дугаарт бүртгэгдсэн, 850 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201042206 дугаарт бүртгэгдсэн 227,69 м.кв засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201013283 дугаарт бүртгэгдсэн 600 м.кв талбайтай үйлчилгээний барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан “Ариг банк” ХХК-иас 150 000 000 төгрөгийн зээл хөөцөлдөх үед “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Э нь мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч, банкинд төлөх ёстой хүүг нь төлнө гэсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Ариг банк” ХХК-тай бичил хөрөнгө оруулалтын зээлийн 2105008806 дугаартай гэрээг байгуулан сарын 2,75 хувийн хүүтэй 200 000 000 төгрөгийн авсан зээлийн 64 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-ийн Ариг банкны 2105008805 тоот данснаас А.Эийн ХААН банкны 5042277070 тоот дансанд А.Эийн хүсэлтээр материалын хөлс гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. “М” ХХК нь А.Эээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдан аваагүй болно. А.Э өнөөдрийг хүртэл 64 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд “М” ХХК нь 64 000 000 төгрөгийн хүүд сар бүр “Ариг банк” ХХК-д 1 760 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл буюу 18 сарын хугацаанд нийт 31 680 000 төгрөгийг А.Эийн өмнөөс төлж хохироод байна. Хариуцагч А.Эээс нийт 134500 000 төгрөгийг Д.Пүрэвдаваад шилжүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны дүнг ярьж байна вэ гэхээр энэ хооронд манайд 64 000 000 төгрөг төлөх ёстой учраас бид 64 000 000 төгрөгөө авсан зүйл ярьсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64 000 000 төгрөг авснаас хойш нийт 112 042 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ хоёр мөнгийг хооронд нь хасвал 22 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Ийм байтал 64 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учраас авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ.

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж хэлэхээсээ илүүтэйгээр өөрийн авсан мөнгөө тогтоосон хугацаандаа төлөх, авсан мөнгийг буцаан өгөх үүргийг биелүүлэхгүй учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасан хугацаа хэтрэх үр дагавар бий болсон. Үүрэг үүсээгүй гэж үзэж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 заасан мөнгө шилжсэнээр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол үүргийн асуудал яригдана. Иймд А.Эийн авсан 64 000 000 төгрөг, Ариг банкны хүүд төлсөн 31 680 000 төгрөг, нийт 95 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “М” ХХК нь Ариг банкны 2105008805 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны 5042277070 тоот дансанд 64 000000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Ийнхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт нь зээл байгаагүй бөгөөд миний бие хэзээ ч “М” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан зээл авч байгаагүй. Нэхэмжлэгч “М” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд захирал Д.Дэнсмаа гэх эмэгтэй ажилладаг ба миний бие энэ хүнтэй хэзээ ч уулзаж, зээл хүсч зээл авч байгаагүй.

Дээр дурдсан “М” ХХК-ийн захирлаар ажилладаг Д.Дэнсмаа нь миний бага ангидаа хамт сурч байсан найз Д.Пүрэвдаваагийн ээж юм. Д.Пүрэвдаваа надтай харилцаа холбоотой байж, надаас байнга мөнгө зээлж буцаан төлдөг байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сард мөнгөө буцаан авах талаар шаардахад 2015 оны 10 дугаар сард ээжийнхээ нэр дээр байдаг “М” ХХК-иар зээл авахаар болсон, зээл бүтэнгүүт хамгийн түрүүнд чиний мөнгийг буцааж өгнө гэснийхээ дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны 5042277070 тоот дансанд 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Пүрэвдаваа ийнхүү зээлээ төлж 64 000 000 төгрөгийг ээжийнхээ компанийн данснаас шилжүүлсний 3 хоногийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин мөнгөний хэрэг гарлаа гэж надаас буцаагаад 50 000 000 төгрөг зээлсэн. Миний дансанд “М” ХХК-иас 64 000 000 төгрөг шилжиж орж ирсэн шалтгаан ийм учиртай. Түүнээс хойш Д.Пүрэвдаваад урьдын адил мөнгө зээлдүүлж, Д.Пүрэвдаваа нь зээлээ эргүүлэн төлөх зэргээр явсан ба сүүлд миний 160 000 000 төгрөгийн үнэ бүхий 4 хөөрөг авч залилсан тул Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Пүрэвдаваад холбогдуулан гомдол гаргасны дагуу түүнд залилангийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Энэ талаар Баянгол дүүргийн Прокурорын газраас хэд хэдэн удаагийн албан бичиг болон надад 64 000 000 төгрөг зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргаад буй “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаа, түүний хүү надаас мөнгө зээлдэг байсан Д.Пүрэвдаваа нарын мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна. Гэтэл Д.Пүрэвдаваа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэнгүүт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөртөө шилжүүлсэн 64 000 000 төгрөгийг “М” ХХК-иас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж тус компаниас зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргуулсан юм. Энэ нь хэрэгт ирсэн Д.Дэнсмаа болон Д.Пүрэвдаваа нараас авсан мэдүүлгийн он сар болон “М” ХХК-иас надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан цаг хугацааны дарааллаас харагдана. Д.Пүрэвдаваад холбогдох гомдлыг 2016 онд гаргаж Д.Дэнсмаагаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр, харин Д.Пүрэвдаваагаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр тус тус байцаалт мэдүүлэг авсан байна. Харин тэд үүний дараа буюу 2017 оны 05 дугаар сард надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ хэрэг маргаан өмнө нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд буцаж ирсэн. Нэгэнт нэхэмжлэгч нь надад зээл олгосон гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг үүссэн гэдгээ нотолж чадаагүй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хавтаст хэргээс харагдахгүй. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй болох нь:

1. Зээлийн бичгээр хийгдсэн гэрээ байхгүй. Зээлийн гэрээг амаар байгуулж болох ч “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаатай миний бие огт уулзаж байгаагүй, танихгүй.

2. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга нь “Материалын тооцоо” гэсэн утгаар шилжүүлсэн. Ийм утгаар шилжүүлэх болсон шалтгаан нь банкнаас зээл авахдаа хуулгаа үзүүлэхэд тодорхой бизнесийн орлоготой гэж харагдуулах үүднээс ийм утгаар бие биендээ шилжүүлдэг байсан юм. Д.Пүрэвдаваа нь өөрийнхөө зээлийн төлбөрийг төлж шилжүүлсэн учраас бидний ярьж тохиролцож байсны дагуу ажлын хөлс гэж хийсэн ба энэ шилжүүлэг нь Д.Пүрэвдаваад хамааралгүй, үнэхээр зээл байсан бол утгыг зээл гэж бичих нь ойлгомжтой.

3. Мөн нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа А.Э мөнгө хэрэгтэй байна зээл аваад өгөөч гэж гуйхаар нь арга буюу банкнаас хүүтэй мөнгө зээлж аваад зээлдүүлсэн, тэгээд мөнгөө өгөөгүй учраас бид хүүнд хохирсон гэж тайлбарлаж, хүүнд төлсөн гэх төлбөрийг шаардсан байна. Гэтэл “М” ХХК нь бусдад хүүгүй мөнгө зээлдүүлэхийн тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй, энэ тайлбараа нэхэмжлэгч нотолж чаддаггүй.

4. Дээр дурдсанаар миний бие үнэхээр мөнгө зээлээч гэж гуйсан юм бол 2015 оны 10 дугаар сарын 21-нд мөнгөгүй байх ёстой. Мөнгө байсан ч яаралтай хэрэглэх гэж зээл авсан юм бол дансанд орж ирсэн даруйд шаардлагатай зүйлд хэрэглэж тухайн мөнгө буцаад ямар нэгэн байдлаар зарцуулагдсан байх ёстой. Гэтэл тухайн үед надад ямар ч мөнгөний хэрэг байгаагүй. Тиймдээ ч “М” ХХК-иас орж ирсэн 64 000 000 төгрөг миний дансанд 3 хоносны дараа 50 000 000 төгрөгийг Д.Пүрэвдаваад буцаагаад дахин зээлдүүлсэн. Энэ нь миний ХААН банкны 5042277070 тоот данснаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50 000 000 төгрөгийг Д.Пүрэвдаваад түүний ХААН банкны 5099116979 тоот дансанд буцаан шилжсэн баримтаар нотлогдоно. Хүүд нь 50 000 000 төгрөгийг зээлдүүлэхийн тулд ээжээс нь 64 000 000 төгрөгийн зээл авах нь утгагүй юм.

5. Нэхэмжлэгч нь надад зээл олгосон бол нэг ч удаа эргэн шаардалгүй бүтэн 2 жил шахуу явах боломжгүй. Энэ хооронд надаас болж авсан гэх зээлээ Ариг банкинд төлж хохирсон гэж тайлбарлаж байгаа атлаа надад холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй юм. “М” ХХК нь Ариг банкнаас 200 000 000 төгрөгийн зээлийн эргэлтийн хөрөнгө хийх зорилгоор авсан байгаа нь зээлийн гэрээнээс харагдах бөгөөд үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан 2020 он хүртэлх хугацаатай авсан зээлээ хугацаанаас өмнө бүрэн төлж дуусгасан байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Мөн хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэж намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 64 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зээлийн гэрээний харилцаа гэсэн хэвээр байгаа ч хэрэв үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл бий эсэх талаар дүгнэлт өгөх тохиолдолд дараах үндэслэл, тайлбар, нотлох баримтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүйг нотолж байна.

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл нь тухайн этгээд бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж үзэж хөрөнгө шилжүүлсэн ч тэдний хооронд үүссэн гэж үзэж байсан үүрэг үүсээгүй байсан тохиолдолд буцаан шаардахаар байна. Харин бидний тохиолдолд “М” ХХК нь иргэн Д.Пүрэвдаваагийн надад төлөх төлбөрийг төлж, түүний өмнөөс 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул би үндэслэлгүй хөрөнгөжөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлсэн бөгөөд би буцаан төлөх үүрэг хүлээгээгүй болно.

2. Миний бие “М” ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй болох нь Д.Пүрэвдаваагийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа сэжигтнээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваа нь А.Э надтай байнгын зээлийн харилцаатай байснаа дэлгэрэнгүй дурдаж 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний ХААН банкны 5042277070 дансанд шилжүүлсэн 64 000 000 төгрөгийг өөрийнхөө зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан. Хэдийгээр 64 000 000 төгрөгийг ээжийнхээ компанийн данснаас шилжүүлсэн ч уг мөнгийг Д.Пүрэвдаваа миний бие А.Эт өгсөн гэдгээ хэлж, улмаар уг мөнгийг өгөхийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ариг банкинд барьцаанд тавьж 200 000 000 төгрөгийг банкнаас зээлж байснаа мэдүүлж байсан байна. Энэ нь надаас нэхэмжилж буй 64 000 000 төгрөгийг “М” ХХК-иас надад зээл олгоогүй, харин тус компанийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа нь надад төлөх төлбөртөө тооцон шилжүүлж өгсөн гэх миний тайлбар бодит үнэнд нийцэж байгаа нь нотлогдож байна.

3. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 64 000 000 төгрөгийг манай компаниас зээлсэн гэх “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаа нь Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэгтээ Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа надад төлөх төлбөрөө ээжийнхээ компаниас шилжүүлсэн, уг мөнгийг миний бие буцаан төлөх үүрэггүй болохыг харуулж байна.

4. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлаас зээл бус харин надаас мөнгө байнга зээлдэг Д.Пүрэвдаваа нь зээлсэн мөнгөө ээжийнхээ нэр дээрх компаниас шилжүүлсэн болох нь улам бүр нотлогдож байна.

5. Д.Дэнсмаа нь өөрийн эзэмшдэг компаниасаа 64 000 000 төгрөгийн төлбөрийг миний данс руу хариу төлбөргүй, хүүгийнхээ төлөх төлбөрт тооцон шилжүүлсэн атлаа хүүд нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэнгүүт хүүтэйгээ хуйвалдан надад зээл олгосон гэж бодит үнэнд нийцэхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад миний бие харамсаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч миний бие зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээний хариу төлбөр төлөх үүрэггүй, мөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваа нь надад төлөх төлбөртөө тооцон өөрийн төрсөн ээж Д.Дэнсмаагийн нэр дээр “М” ХХК-ийн данснаас 64 000000 төгрөгийг шилжүүлсэн, уг төлбөрийг миний бие буцаан төлөх үүрэггүй болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Эээс 64 000 000 /жаран дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 31 680 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 477 950 /дөрвөн зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/09124 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1596 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1596 тоот магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн тухайд:

1. Хуульд зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх журамтай ба хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад холбогдуулан тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгч, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.

“М” ХХК нь иргэн А.Э надаас зээлийн гэрээний үүрэгт 95 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотлогдохгүй болох нь доорх тайлбар баримтаар нотлогдоно.

Үүнд: Нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаа нь хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Эт мөнгө хэрэгтэй болоод байна, мөнгө зээлээч банкинд төлөх хүүг нь төлнө гэсэн тул Ариг банкнаас 2,75 хувийн хүүтэйгээр 200 000 000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 64 000 000 төгрөгийг А.Эт зээлж, материалын ажлын хөлс нэртэйгээр шилжүүлсэн, энэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ А.Э нь биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Зээлийн гэрээний үүрэг шаардсан энэ үндэслэл нь дараах баримт, тайлбараар няцаагдана.

“М” ХХК-иас огт зээл аваагүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Х.Хурцболд, Д.Пүрэвдаваа нарын “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пүрэвдаваа нь Х.Хурцболд болон А.Э нараас байнга мөнгө зээлж, эргүүлэн төлдөг найз нөхдийн харилцаатай байсан гэх тайлбар, хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар П.Пүрэвдаваа нь нийтдээ А.Э Х.Хурцболд нараас нийтдээ 390 920 000 төгрөгийг авч 395 693 000 төгрөгийг эргүүлэн төлсөн нь нотлогдох ба энэ зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн төлбөрт Д.Пүрэвдаваагийн “М” ХХК гэх нэрээр шилжүүлсэн 64 000 000 төгрөг орж байгаа.

Мөн “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаа Цагдаагийн байгууллагад хууль сануулан өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Манай хүү Д.Пүрэвдаваа нь А.Эээс мөнгө зээлээд Бат-Ирээдүй гэх хүнд алдчихсан. Д.Пүрэвдаваа нь зээлсэн мөнгөө тодорхой хүүгийн хамт төлсөн ба миний нэр дээр байдаг “М” ХХК-ийг барьцаалж зээл авч, 64 000 000 төгрөгийг нь тухайн өдөр А.Эт өгсөн байдаг” гэж мэдүүлсэн байдаг.

Ямар ч хүн ялангуяа хуулийн этгээд хэн нэгнээс өндөр хүүтэй мөнгө зээлж, хүний өмнөөс хүү төлнө гэдэг ашгийн төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдүүдийн хувьд ямар ч боломжгүй. Мөн хэрэв би “М” ХХК-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар хүүг нь бусдад төлөх үүрэг хүлээсэн юм бол намайг түүний мөнгө зээлсэн газар болох Ариг банкинд 2015 оноос хойш нэг удаа ядаж мөнгө төлсөн баримтыг гаргаж нотлох хэрэгтэй. Надад мөнгө зээлэх гэж 200 000 000 төгрөгийг 2.75 хувийн хүүтэй зээлсэн юм бол 2015 оноос хойш ядаж надаас нэг удаа зээлсэн мөнгө шаардаж байсан үйл баримтаа нотлох хэрэгтэй, ядаж би нэг удаа буцаан төлөлт хийсэн байх ёстой тэр баримтаа нэхэмжлэгч нотлох ёстой.

2. Гардуулан өгсөн нэхэмжлэлийн шаардлага дээр гагцхүү зээлийн гэрээний үүрэг, хохирол нэхэмжилсэн байсан ба шүүгч санаачлагаараа гэрээний бус үүргийн тайлбар хийж, нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж, гэрээний бус үүрэг гэж дүгнэж гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлох, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд мэтгэлцэх зэрэг зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн байна.

Шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ зээлийн үүрэг гэж тодорхойлж байсан атлаа, мөн хажуугаар нь түр авч тендерт хэрэглэчхээд буцаагаад өгье гэж энэ мөнгийг авсан, харилцан тохиролцсоноос нь харахад хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэх мэт өөр үндэслэл гаргаж ойлгомжгүй нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр бий болгосон. Хэрэв нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн гэж шүүгч үзсэн бол шүүгч энэ талаар тодруулах, тайлбар авах, дахин гардуулах ажиллагаа хийж, тайлбар гаргах, зохих баримт бүрдүүлэн өгөх зэрэг хуульд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ мөн ноцтойгоор зөрчсөн.

3. Шүүх хүчингүй болж ирсэн хэрэг, маргааны хувьд хүчингүй болсон үндэслэлийг арилгах, асууж тодруулах зэрэг хэргийн нөхцөл байдал дээр тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай.

Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2017/01601 тоот тогтоолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байгаа талаар харж, энэ нөхцөл байдлыг шүүх дүгнээд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй, тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй, дээр дурдсан нөхцөл байдалтайгаар маргааныг шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн 001/ХТ2017/01601 тогтоолд дурдагдсан зөрчил арилаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн ноцтой зөрчил гаргасан гэж тус тус үзэж байна.

Материаллаг хууль хэрэглээний хувьд:

Нэхэмжлэгч гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохирол шаардаж байхад шүүх гэрээний бус үүрэг буюу хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаагаар маргааныг шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн системчлэлээс харвал Иргэний хуулийн 8.1.1-8.1.8 дахь хэсэгт заасан бүх үндэслэлүүд нь бие даасан үүргийн харилцаа бөгөөд харилцаа тус бүр дээр бүгд өөр өөрийн онцологтой, энэ онцлогтой нь холбоотойгоор тухайн харилцаанд оролцогч харилцаа тус бүр дээр өөрийн гэсэн эрх үүрэгтэй, шаардах эрхтэй мөн нотлох чиг үүргийн өөр өөр хувиаралалтайгаар оролцдог.

Хариуцагчид гардуулсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ийн харилцаа үүссэн гэж тодорхойлж, гэрээний үүрэг буюу Иргэний хуулийн 281.1, 222.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан.

Хариуцагч энэ шаардах эрхийн хүрээнд тайлбар өгч, мэтгэлцсэн болно. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1- ээр үүссэн харилцаан дээр 281.1 дэх хэсэгт заасан зүйлчлэл дээр мэтгэлцсэн байхад шүүгч хуулинд заасан үүрэг буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 492.1-ээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж хууль зөрчсөн гэж үзнэ.

Шүүгч 8.1.6-г хэрэглэж, хуульд заасан үүргийн харилцаа гэж үзэж байгаа бол зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэхийн зэрэгцээ мөн хуулийн 8.1.1-ээр үүсэх Иргэний хуульд заасан бусад бүх гэрээ, хэлцлийг үгүйсгэж байж энэ хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл бий болно.

Зээлийн гэрээг шүүх үгүйсгэж байгаа бол зөвхөн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж шийдвэрлэхээс бус харин зээлийн гэрээг үгүйсгэнэ гэдэг нь бусад бүх гэрээ, хэлцлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар “М” ХХК болон түүний захирал Д.Дэнсмаа, хүү Д.Пүрэвдаваа нар нь бүгд нэг ашиг сонирхолтой, хэн аль нь тухай үед зээл төлөх хүсэл зоригтой байсан, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогддог.

Шүүгч Т.Энхжаргал нь нэхэмжлэгчийн үндэслэл шаардлагаас хальж, тодорхой гэрээний үүрэг дээр үүсэх бүх харилцааг ямар ч мэтгэлцээн, нотлох баримтгүйгээр үгүйсгэж, мэтгэлцээгүй үйл баримт дээр ямар ч үндэслэл, тайлбар дүгнэлт, хийлгүйгээр хууль буруу хэрэглэж гэрээний маргаанд гэрээний бус үүрэг буюу хуулинд заасан үүргийн заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь үүргийг тусгаарлах, хариуцлагыг тусгаарлах, эрх зүйн этгээд хооронд үүссэн харилцааны бие даасан байдлыг алдагдуулах зэрэг Иргэний хуулийн үндсэн суурь зарчмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.

Энэ нь өөрөө хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ материаллаг хуулийн буруу хэрэглээ нь процессийн хууль буюу нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын хүрээд талууд мэтгэлцэх, шүүгч хөндлөнгийн байх зэрэг суурь зарчмуудыг алдагдуулж, хариуцагч миний мэтгэлцээгүй, нотлох үүрэг хүлээгээгүй харилцаан дээр шүүх дүгнэлт хийн энэ маргааныг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” нь Иргэний хуулийн 8.1.6-д заасан гэрээний бус хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаа байна.

Өөрөөр хэлбэл 8.1.6-д заасан хуульд зааснаар үүсэх үүрэг нь талуудын хүсэл зоригоос гадуур хийгддэг тодорхой үйл баримт дээр тулгуурлагддаг, хүсэл зориг үгүйсгэгдэг үйл баримт байдаг.

Шүүгч ямар мэтгэлцээн, ямар нотлох баримтад үндэслэн, ямар үйл баримтад ямар дүгнэлт хийж 492.1.1-ээр маргааны шийдвэрлээд байгаа гэдэгтээ үндэслэл бүхий тайлбар хийх ёстой. Иргэний хуулийн 3 дэд бүлэгт байрлах Үндэслэлгүй хөрөнгөжих хэсэг нь дотроо өөр өөрийн онцлог бүхий хэд хэдэн зохицуулсан заалттай буюу зүйлчлэл тогтоосон заалттай. Гэтэл шүүгч энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй, яагаад 492.1 Л-дэх хуулийн зохицуулалтаар энэ шийдвэрээ гаргах болсон үйл баримт, нотлох баримтыг огт дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтад нийцээгүй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдэд хуульд нийцүүлэн дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

М ХХК нь иргэн А.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95 680 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээл аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 64 000 000 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүйгээс нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Д.Дэнсмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хүү Д.Пүрэвдаваагийн танил А.Э нь мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч, банкинд төлөх ёстой хүүг нь төлнө гэсэн тул “Ариг банк”-аас авсан 200 000 000 төгрөгийн зээлнээс А.Эийн дансанд 64 000 000 төгрөгийг шилжүүлсэн, түүний хүсэлтээр гүйлгээний утгыг “материалын хөлс” гэж бичсэн. А.Эээр ямар нэг ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдаж аваагүй. А.Э нь ямар ч төлбөр төлөөгүй тул 64 000 000 төгрөгийн зээлийн хүүд сар бүр 1 760 000 төгрөгийг, 18 сарын хугацаанд нийт 31 680 000 төгрөгийг А.Эийн өмнөөс төлж хохироод байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч А.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө: “..”М” ХХК-иас 64 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримттай маргахгүй боловч энэ нь зээл байгаагүй. Д.Дэнсмаа нь “М” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, түүний хүү Д.Пүрэвдаваатай бага ангидаа хамт сурч байсан найзууд. Д.Пүрэвдаваа нь байнга мөнгө зээлж, буцааж төлдөг байсан. 2015 оны 10 дугаар сард мөнгөө буцаан авахаар шаардахад “зээл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтэхээр нь өгнө гэж явсаар, ээжийнхээ компанийн нэр дээр зээл авахаар боллоо, хамгийн түрүүнд чиний мөнгийг буцааж өгнө гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр минийн дансанд ээжийнхээ компанийн данснаас мөнгө шилжүүлсэн. 3 хоногийн дараа мөнгөний хэрэг гарлаа гээд надаас буцаагаад 50 000 000 төгрөгийг зээлж авсан. ...Ингээд урьдын адил Д.Пүрэвдаваа нь мөнгө зээлдүүлж, зээлээ эргүүлэн төлсөөг явсан ба хамгийн сүүлд миний 160 000 000 төгрөгийн 4ш хөөргийг авч залилсан тул би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад надаас мөнгө зээлсэн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн данснаас иргэн А.Эийн дансанд мөнгө шилжсэн үйл баримттай хариуцагч маргаагүй үндэслэлээр шүүх хариуцагч А.Эийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт авагдсан баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Зөвхөн мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч нь: “...хариуцагчийн хүсэлтээр 64 000 000 төгрөгийг зээлдүүлсэн тул  зээлсэн мөнгийг хүүгийн хамт гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус мөнгийг зээлдүүлсэн, буцаан төлөх нөхцөлтэйгээр шилжүүлсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гарах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Мөн шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг  биелүүлээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 10 дугаар сард 64 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч шүүхэд нэхэмжлэл гаргах 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг буцаан шаардаагүй байна.

Хариуцагч А.Э нь нэхэмжлэгчийн хүү Д.Пүрэвдаваад эд хөрөнгөө алдсан үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч Д.Дэнсмаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус хэрэгт гэрчээр мэдүүлэг гаргахдаа: “...манай хүү Д.Пүрэвдаваа нь А.Эээс мөнгө зээлээд Бат-Ирээдүй гэж хүнд алдчихсан. Д.Пүрэвдаваа нь зээлсэн мөнгөө тодорхой хүүгийн хамт төлсөн ба миний нэр дээр байдаг “М” ХХК-ийг барьцаалж, зээл авч 64 000 000 төгрөгийг нь А.Эт өгсөн байдаг...” гэж мэдүүлсэн /хэргийн 2 дугаар хавтас, 197 дугаар талын ар тал/, сэжигтэн Д.Пүрэвдаваагийн : “Би А.Эт 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн, уг мөнгийг Ариг банкнаас 200 000 000 төгрөгийг зээлж авсан байснаас өгсөн ...” /хэргийн 2 дугаар хавтас, 201 дүгээр хуудасны ар тал/ гэж тус тус мэдүүлж байжээ.

Д.Дэнсмаа нь тухайн мэдүүлэг гаргасныг дараа А.Эт холбогдуулан дээрх үнийн дүн бүхий мөнгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нотлох баримтыг цаг хугацаа, үйл баримттай харьцуулан үндэслэл бүхий үнэлж, дүгнэсэнгүй.

Нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Эийн дансанд шилжүүлсэн 64 000 000 төгрөг хариу төлбөртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тус мөнгийг буцаан шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй...” гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Дэнсмаа нь “М” ХХК-ийн данснаас 64 000 000 төгрөгийг хүү Д.Пүрэвдаваагийн зээлийн төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1596 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч А.Эээс зээлийн гэрээний үүрэгт 95 680 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагч А.Эийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч А.Эээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД