Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 415

 

                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Л.Мд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Мд холбогдох эрүүгийн 1709011650097 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж нар овогт Лувсандамдингийн Л.М, 1900 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000000501/,       

 

             Л.М нь:

            1. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 67 дугаар гудамжны 898 тоотод амьдрах иргэн Ё.Цгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч зурагт, компьютерын дэлгэц, гар утас, булган шуба, дээл, куртик, архи, вино, виски зэрэг эд зүйл хулгайлан авч 2.480.000 төгрөгийн хохирол,

            2. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 55 дугаар гудамжны 758 тоотод амьдрах Д.Лхагвасүрэнгийн гэрээс хууль бусаар “Самсунг” загварын 32 инчийн зурагт, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2017 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лайк” нэртэй хуушуурын газраас нууцаар 500.000 төгрөг хулгайлан авч О.Хд хохирол учруулсан,

            4. 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Туул голын эрэг дээр Г.Згийн хэтэвчнээс Хаан банкны 415.000 төгрөгтэй виза картыг хууль бусаар хулгайлан авч картнаас нь 415.000 төгрөгийг хулгайлан авч бусдад нийт 3.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2017 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-78 тоотод оршин суух Б.Быг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн “Айфоне-5” загварын rap утсыг залилан авч 220.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Л.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Л.Мг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Мд оногдуулсан 450,000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.М цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Мгаас 80,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагвасүрэнд олгож, шүүгдэгч Л.Мг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.М миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлчлэгдэн 2 жил нээлттэй хорих ял, мөн 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн 160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Л.М миний бие ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Ээж маань өвчтэй, хөгшин настай тэтгэврийн хүн байдаг. Л.М би хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас мөн прокурор надад 2 жилийн тэнсэх ял өгнө гэсэн үгэнд итгэн өмгөөлөгчгүй хуралд оролцож өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Л.М би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Лхагвацэрэнд олгох 80,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хийсэн хэрэгтээ гэмшин алдаа дутагдлаа хүлээж байгаа байдал, хувийн зан байдлыг харгалзан үзэн надад оногдуулсан ялыг хянан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 160 тоот шийтгэх тогтоолтой танилцаад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Миний үйлчлүүлэгч Л.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад үнэн зөвөөр нь мэдүүлж өөрийн гэм бурууг хүлээдэг боловч хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж өөрийн хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд илэрхийлж чадалгүйгээр өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгч сонгож авах боломжоор хангаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд Л.Мгаас өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргуулан авсан нь хэдийгээр хуульд заасны дагуу гэж үзэх үндэстэй ч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгчийг хуульд заасан өмгөөлөгч авах эрхээр нь хангах талаар бодит арга хэмжээ аваагүй, шүүхээс чамд 2 жилийн тэнсэн өгнө гэж прокурорын хэлсэн үгэнд Л.М итгэн өөрийгөө хорих ял авахгүй намайг тэнсэх юм байна гэсэн ойлголтоор шүүхэд дээрх хүсэлтийг гаргаж өгсөн гэж хэлдэг.

Л.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан хүсэлтийг гаргаж мэдүүлэг өгөхөд түүний хууль, эрх зүйн талаар анхан шатны мэдлэггүй байдал, хангалттай мэдлэг боловсрол эзэмшээгүй зэрэг нь нөлөөлсөн. Өмгөөлөгч авснаар өөрийн эрх зүйн байдлаа дордуулахгүй байх чухал ач холбогдолтойг ойлгоогүй. Дээрх нөхцөл байдал нь прокуророос шүүгдэгч Л.Мд үйлдсэн гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулж түүнийг тэнсэж хянан харгалзах санал гаргаснаар нотлогддог. Улсын яллагч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх нь хуульчийн хувьд ноцтой алдаа юм. Л.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор хөнөөлийг ухамсарлан ойлгож гэмшиж, харамсаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан юм.

2. Шийтгэх тогтоолын “Тодорхойлох хэсэг”-ийн 2-т буюу 6 дугаар хуудсанд “Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнсэх хуулийн зохицуулалт байхгүй болно.” гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6.2-д дээрх төрлийн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байна гэж заасан байдаг. Анхан шатны шүүх Л.Мд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж улсын яллагчийн хувьд үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь миний алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч Л.Мгийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ хувийн байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                          

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Л.М нь:

             2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 67 дугаар гудамжны 898 тоотод амьдрах иргэн Ё.Цгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч зурагт, компьютерын дэлгэц, гар утас, булган шуба, дээл, куртик, архи, вино, виски зэрэг эд зүйл хулгайлан авч 2.480.000 төгрөгийн хохирол,

            2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 55 дугаар гудамжны 758 тоотод амьдрах Д.Лхагвасүрэнгийн гэрээс хууль бусаар “Самсунг” загварын 32 инчийн зурагт, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лайк” нэртэй хуушуурын газраас нууцаар 500.000 төгрөг хулгайлан авч О.Хд хохирол учруулсан,

            2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Туул голын эрэг дээр Г.Згийн хэтэвчнээс Хаан банкны 415.000 төгрөгтэй виза картыг хууль бусаар хулгайлан авч картнаас нь 415.000 төгрөгийг хулгайлан авч бусдад нийт 3.775.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

           

            2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-78 тоотод оршин суух Б.Быг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний өмчлөлийн “Айфоне-5” загварын rap утсыг залилан авч 220.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ё.Цгийн “...Байшингийн салхивчны дотор цонх хагарсан байхаар нь байшин дотроо ороход байшингийн 2 давхарт байсан 32 инчийн “Тошиба” загварын ЭлСиДи зурагт хулгайд алдсан байсан. Мөн компьютерийн дэлгэц, “Айфоне-4” гар утас, үстэй дээл, булган шуб, хавар намрын куртик 2 ширхэг, 1 шил улаан вино, виски, 40-50 мянган төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Би өөрийн зээ охин Л.Мг сэжиглэж байна. Урьд нь 10 гаран удаа гэрээс жижиг эд зүйлийг байнга хулгайлаад явчихдаг байсан. Л.М миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. Миний өөрийн өсгөсөн охин болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-45-53/,

Хохирогч Д.Лхагвасүрэнгийн “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Би өглөө 10 цагт гэрээсээ гарсан юм. Тэр үед манай хүү Өнөрсайханы найз охин болох Л.М нь манай гэрт байсан. Таныг ирэхээр явна гээд үлдсэн. Манай хүү Өнөрсайхан ажилд орно гээд явсан юм. Би хоёр хүүхдээ дагуулаад явсан юм. Тэгээд тэр өдөр 15 цагийн үед иртэл гэр цоожтой байсан. Л.М байхгүй байсан. Тэгээд гэртээ ортол манай зурагт, манай охины “LG X2” гэсэн гар утас хоёр байхгүй байсан. Зурагт нь “Самсунг” маркийн 32 инчийн ЭлСиДи зурагт байсан...” /хх-56-59, 60-61/,

Хохирогч О.Хгийн “...2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр үл таних өөрийгөө Л.М гэх бичиг баримтгүй нэг охин манайд зөөгчөөр ажилд орно гэж ирсэн юм. Тэгээд өдөр нь манай зөөгчийг дагалдаж ажиллаад шөнө нь бие дааж ганцаараа ажиллана гэж үлдээд шөнийн гурван цагийн үед бие засна гэж хэлээд паскаа үлдээгээд гадуур хувцасаа өмсөөд гарсан гэсэн. Тэгээд тэр чигээрээ алга болсон байсан. Бид нар маргааш нь камераар харахад текний доор сууж байгаад орлого болох 500,000 төгрөгийг өөрийн хувцасны халаасанд хийгээд хэсэг байж байгаад паскаа тогоочид өгөөд хувцасаа өмсөөд гарсан байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” /хх-64-67, 210-211/,

Хохирогч Б.Бын “...Л.М надад хэлэхдээ “Би машинтай найзыгаа дуудчихъя. Хүүхдийг чинь дүүргийн эмнэлэг дээр аваачиж үзүүлье” гээд утсаа өгчих гээд миний “Айфоне-5” маркийн утсыг аваад гараад явсан. Тэгээд тэр чигтээ явчихсан байсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” /хх-126-129/,

Хохирогч Г.Згийн “...Батбаярын найз ирэхээр нь би өөрийн картаа өгөөд кодоо хэлээд явуулсан. Тэгээд нөгөө залуу миний захисан юмыг авч ирээд миний картыг өгөөд явсан. Би удалгүй машин дотроо унтсан байсан. Унтахдаа картаа хэтэвчиндээ хийгээд хэтэвчээ халаасандаа хийгээд унтсан. Маргааш нь хэтэвчнээсээ картаа авах гэтэл байхгүй байсан. ...2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Хаан” банкны төв дээр очиж хяналтын камерыг шүүлгэхэд Лхагвасүрэнгийн найз охин миний картнаас 100.500 төгрөг аваад дэлгүүрээс миний картыг уншуулж 95.500 төгрөгөөр юм авсан байсан. Маргааш нь 13 цагийн орчим үлдэгдэл 220.000 төгрөгийг авсан байсан. ...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан...” /хх-182-189/,

Иргэний нэхэмжлэгч Г.Алтангэрэлийн “...Л.М УШ 96011501 гэсэн бичиг баримтаар зурагтаа тавьсан. Л.М гэх эмэгтэй хоёр удаа өөрийнхөө бичиг баримтаар 2 удаа зурагт тавиад 210.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-71, 216-217/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы “...Лувсандамдингийн Л.М гэдэг эмэгтэй өөрийн бичиг баримтаар манай ломбарданд “Айфоне-4с” маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай 60.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /хх-76-77/,

Гэрч Л.Өнөрсайханы “...Л.М нь “Ахтайгаа хамт Нисэхэд зураг зурдаг. Гандигийн сургуульд багш хийдэг. Манай ээж сувилалд явсан. Гэрийн түлхүүр байхгүй байна” гээд манайд хоносон. Би ажилдаа явсан хойгуур манай ээж, дүү нарыг явахад үлдээд манай зурагт, гар утас хоёрыг авч явсан байсан...” /хх-83-84/,

Гэрч А.Лхагвасүрэнгийн “...Л.Мгийн утас руу залгаж “Золбоогийн мөнгийг өг” гэж хэлсэн. Тэгтэл өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй...” /хх-196-197/,

Гэрч Н.Батцэцэгийн “...Шөнө 03 цаг 50 минутын үед Л.М бие засна гэж хэлсэн. Би түүнд “Чи мөнгөтэй цүнхээ орхиод яваарай” гэсэн. Тэр охин “Би мөнгөтэй цүнхээ үлдээчихлээ” гээд бас өөрийнхөө ноосон цамцыг бас үлдээгээд гадуур хувцасаа өмсөөд гарсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь мөнгөтэй цүнхийг үзтэл мөнгө нь байхгүй байсан. ...Хоол зарсан биллээ шалгахад 450.000 орчим болсон байсан. Тэгээд түүнээс хойш 03 цаг хүртэл мөн хүн орж ирсэн 10 гаран мянган төгрөг орсон...” /хх-214-215/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 5501 дүгээр дүгнэлтийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн 3, 4, 5 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Л.Сувд-Эрдэнийн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 6 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн 3, 5 дугаартай гарын мөр санд МN 000510021046 дугаараар бүртгэгдсэн Лувсандамдингийн Л.Мгийн зүүн гарын дунд хуруугаар, 4 дугаартай гарын мөр Л.Мгийн зүүн гарын чигчий хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-99-103/, эд зүйлийн үнэлгээ /хх-85-86, 115, 141/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-123-124, 212, 218, 229/, эд зүйл хураан авсан тухай баримт /хх-180, 209/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-19, 23-25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-36-37/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-39-43/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Л.М гаргасан давж заалдах гомдолдоо “...Л.М би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Лхагвацэрэнд олгох 80,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хийсэн хэрэгтээ гэмшин алдаа дутагдлаа хүлээж байгаа байдал, хувийн зан байдлыг харгалзан үзэн надад оногдуулсан ялыг хянан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэж, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх Л.Мд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Л.Мгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Л.М нь 2 дугаар хавтаст хэргийн 8 дахь талд “...миний бие нь өмгөөлөгч авахгүйгээр шүүх хуралдаанд оролцоно. Шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно...” гэж өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэснийг зөрчөөгүй гэж үзэхээр байна.  

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Д.Лхагвасүрэнд төлөхөөр заасан 80,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ