Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01761

 
 

                                               

 


“Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр магадлалтай

            “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Э , Д , “З ” ХХК нарт холбогдох

            Буудайн үнэ болох 13,690,000600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч Д ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд, хариуцагч Д , хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие Х.Цэнд нь “Б ” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Манай компаниас Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн “Орбит комплек” ХХК, Монгол гурил үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52,2 тн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуудацгаа 16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалж байсан 68,2 тн буудайг 11 сарын 28-нд авч “Чого” ХХК-нд зарахаар очиход “Орбит Комплекс” ХХК, “Монгол Групп” гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э  нь Д той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр “Орбит Комплекс” ХХК-ийн захирал Хүрэлбаатарт Х.Цэнд гуай зар гэсэн гэж худал хэлж 11 сарын 26, 27-нд “З ” ХХК-д зарсан байсныг бид мэдэж буудайгаа авахаар хөөцөлдсөн боловч тухайн үед Д  болон “З ” ХХК-ийн захирал М.Золзаяа нь буудайг өгөлгүй надаас зарах үнийг мэдэж 2014 оны 12 сарын 10-ны дотор мөнгийг өгч, тооцоог дуусгана гэсэн боловч М.Золзаягаас 12 сарын 12-нд 2,000,000 төгрөг, Д оос 12 сарын 30, 31-нд 8,000,000 төгрөг, 2015 оны 05 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлж манай компанид өгсөн. Гэвч Д  “З ” ХХК-аас буудайны үнийг бүрэн авсан атлаа улаанбуудайн үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээ бизнесдээ ашиглан төлнө гэж худал хэлэн хугацаа алдагдуулан өдийг хүрсэн тул Д , Э  нараас буудайны үлдэгдэл мөнгө болох 19,372,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Д ын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э  тэжээлийн будаа зараад өгөөч гэж хэд хэдэн удаа ярьж мөн дээж, шинжилгээний бичгийн хамт авчран үзүүлээд “З ” ХХК-нд хандахад захирал М.Золзаяа өөрийн биеэр хүрэлцэн ирж үзээд 1 тонныг нь 300,000 төгрөгөөр тооцон худалдаа хийсэн бөгөөд тухайн байгууллага нь төлбөрийг бага багаар нь цувуулсаар хэдэн сарын дараа төлбөр төлөгдсөн, төлбөр надад ирэх тоолонд “Б ” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан. 2014 оны 11 сард тэжээлийн будаа 200,000-250,000 төгрөг байсан. Төлбөр төлөгдөөгүй явж байх хооронд буудайн хомсдол болж тэжээлийн буудай нэг тонн нь 450,000 төгрөг хүрч байсан энэ үед л гэнэт Х.Цэнд гэгч хүн нэг тонныг нь 500,000 төгрөгөөр үнэлээд их хэмжээний мөнгө нэхэж ирсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж би очиж тайлбар өгч байсан. 66 тонн буудайг 300,000 төгрөгөөр бодож 19,800,000 төгрөг “З ” ХХК-иас авсан нь үнэн. Үүнээс 14,000,000 төгрөгийг дансаар олгосон. Буудайг хотоос 120 км явж “З ” ХХК-д буулгах хүртэл тээврийн зардал, очиж буулгасан ажилчдын хөлс мөн дундын зуучлалын зардалд 50,000 төгрөгийг нэг тонн тутмаас хасаж 16,500,000 төгрөг олгох болсон. Гэвч Х.Цэнд зөвшөөрөхгүй хэрүүл хийж явсаар өдийг хүрлээ. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахад бэлэн байна. Буудайн үнийн өсөлтөөр далимдуулан их мөнгө олох гэсэн атаг санаагаар биднийг олон сар чирэгдүүлж буйд гомдолтой байна гэжээ.

          Хариуцагч Э ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Намайг Булган аймагт явж байхад Х.Цэнд 2014 оны 10 сарын сүүлчээр утсаар ярьж 300-400 тонн улаанбуудай байна боломжийн үнээр борлуулж өгөөч гэсэн. Би буцах замдаа бургалтайгаар дайрч Х.Цэнд гуайн үтрэм дээр Орбит комплексийн захирал Хүрэлбаатартай хамт будааг үзэж авсан. Цавуулаг нь 17%-20% цэвэрлэгээ нь ийм байвал 1 тонн нь 400,000 төгрөгөөр хорогдолгүй өөрсдийн тээврээр авъя гэж тохироод авсан юм. Нийт 360 гаруй тонн будааг Орбит комплексоос авахад 3 машин буюу 68 тонн буудай нь цавуулаг нь 12-14%-тай будааны халдварт өвчин байснаас гурил хийх стандартад тэнцэхгүй болсон. Ингээд шинжилгээний дүн гаргахаар нь Х.Цэнд гуайд хэлж будаагаа буцаан авахыг шаардсан. Буцаах талаар Э  болон лобрант Өлзийбаяр, нябо Одончимэг нар удаа дараа утсаар хэлсэн боловч авахгүй. Будааны дээжийг авч МХЕГ-н лавлагаа лаборторт дахин шинжлүүлж хүнсэнд тохирохгүй гэсэн баталгааг авсан. Нябо Одончимэг хурдан будааг авч зайлуул гээд надаас шаардаж байсан. Энэ үед Д  тэжээлийн будаа байна уу авах газар нь бэлэн байна гэхэд нь тус нотлогдсон тэжээлийн будааны дээжийг үзүүлээд зарж борлуулахаар болсон. Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн 150,000-200,000 төгрөгийн үнэтэй байсан. Нэг тонн 300,000 төгрөгөөр борлуулъя гэхэд нь би зөвшөөрсөн юм. Энэ тухай Х.Цэнд гуайд хэлж Д ын утасны дугаарыг нь авч яриулсан юм. Энэ үед тэжээлийн будааг “З ” ХХК-д өгсөн байсан. Дараа нь Х.Цэнд гуай Д  хоёр будааны тооцоогоо өөр хоорондоо өгөлцөж авч байсан ба будааны үнэ мөнгөнөөс аваагүй болно. Х.Цэнд гуай бид хоёр 30 гаруй жил бие биенээ мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д оос будааны үлдэгдэл тооцоогоо авахаар нэхэмжлэх ёстой. Дарханы шүүхээс нэхэмжлэл ирсний дараа буюу 2016 оны 02 сарын 05-ны өдөр Х.Цэнд гуай бид хоёр Улаанбаатарт уулзахад чамаас нэхэмжлэх зүйлгүй, Д оос үлдэгдэл мөнгөө авмаар байна гэж хэлж байсан. Д той энэ тухай утсаар ярихад нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй нэг тонн 300,000 төгрөгөөр тооцоо хийж үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Хэдэн төгрөг Х.Цэнд гуайд өгснийг нь би мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбоотой өргөдлөө Х.Цэнд гуай Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорт хоёр удаа гаргаж 2015 оны 06 сарын 09-ний 917 тогтоолоор хэрэгсэхгүй болсон юм. Энэ хэрэгт холбогдох баримт материал нь Сүхбаатар дүүргийн прокурорын архивд байгаа гэжээ.

          Хариуцагч “З ” ХХК-ийн төлөөлөгч М.Золзаяагийн гаргасан хариу тайлбарт: Манай компани нь 2004 оноос хойш гахайн аж ахуй эрхлэн явуулж байгаа бөгөөд фермдээ намрын ургацаас 1000 гаран тонн тэжээлийн будааг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдээс худалдан авч өөрсдийн хэрэгцээгээ хангадаг. 2014 оны намрын будаа авалт хийхээр гүйцэтгэх захирал М.Эрдэнэбаяр нь баруун бүсээр ажиллаж байгаад будаа худалдан борлуулдаг гэх Д той танилцан тэжээлийн будаа худалдан авахаар тохиролцон урьдчилгаа болгож 1,000,000 төгрөг өгсөн байдаг. Ингээд Д  нь будаа нийлүүлэхгүй 20 орчим хоногийн дараа буюу 2014 оны 11 сарын 26-ны өдөр танайд нийлүүлэх будаагаа үзэх үү гэж асуун өөрөө залгасан. Түүнийг ярьсны даруй тэр өдрөө би өөрийн биеэр газар дээр нь очоод анх удаа Д  гэдэг залууг харсан. Гэтэл тэр том хашаанд арваад хэсэг газар будаа нуруулдсан байсан бөгөөд тэндээс гол хэсэгт нь байсан хучлагагүй овоолсон будааг үзүүлэн энэ танайд нийлүүлэх будаа байгаа юм, болж байна уу гэж асуусан. Уг будаа нь манай тэжээлийн шаардлагад нийцэж байсан тул худалдан авахаар болсон. Тэр хашаанд өөр олон хүмүүс байсан ба тэр газрыг Д ын өөрийнх нь эзэмшлийн компани гэж бодож байсан. Ингээд Д ын тэнд үзүүлсэн будааны нэг тонн тутмыг нь тээврийн хөлсний хамт 350,000 төгрөгөөр худалдан авахаар болж төлбөр тооцоог нэг сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Тухайн үед уг тэжээлийн будаа нь үнэтэй ч биш хямд ч биш боломжийн үнэтэй байсан. Манай компани тохирсон хугацаандаа Д оос авсан 66,220 кг тэжээлийн будааны үнэ болох 23,177,000 төгрөгийг түүнд бүрэн төлж барагдуулсан. Энэ нэхэмжлэлд дурдагдаж байгаа Х.Цэнд, Э , н.Хүрэлбаатар нарыг огт танихгүй. Харин сүүлд манай компани дээр “Д ын танай компанид зарсан будааны жинхэнэ эзэн нь байна танайд хэдэн тонн будаа хэдэн төгрөгөөр өгсөн төлбөрийн үлдэгдэл байна уу төлбөр төлсөн баримтуудаа өгөөч” гэж Х.Цэнд гэх хүн ирэхээр нь бид таныг танихгүй учир таньд баримт гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж явуулсан. Х.Цэнд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “З ” ХХК-ийн захирал М.Золзаяа нь надаа будааны үнийг 2014 оны 12 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч 2014 оны 12 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Гэвч манай компани Х.Цэндтэй худалдаа хийж мөнгө шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй худал байна. Мөн нэхэмжлэлдээ Д  нь “З ” ХХК-аас будааны үнийг бүрэн авсан атлаа үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж дурдсан атлаа манай компанийг хамтран хариуцагчаар татаж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтэд дурдсанаар “2014 оны 12 сарын 29-ний өдөр “З ” ХХК-ийн гахайн ферм дээр улаан буудайгаа авахаар очиход хашаанд талыг савласан хагас нь хучлагатай агуулахад оруулаагүй байхад нь буудайгаа авъя гэж М.Золзаяа буудайг өгөхгүй гэж хэлсэн гэсэн байна. Үүнд тайлбар хийхэд манай компани жилд 1000 гаран тонн тэжээлийн буудай хэрэглэдэг энэ хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн шаардлагад нийцсэн буудайг худалдан авдаг эд будаа таталтын үед өдөрт хэдэн ч тонн буудай ферм дээр ирж бууж болно. Мөн Д оос 2014 оны 11 сарын 26, 27-ны өдрүүдэд худалдан авах будаагаа бүрэн татан авч дууссан байсан тул нэхэмжлэгчийн очсон гэх 2014 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл алдсан гэх буудай нь гадаа байж байх боломжгүй бөгөөд танихгүй хүн ирээд энэ миний буудай гэж хэлэхэд нь өгөөд явуулах үндэслэл байхгүй. Манай компани “Б ” ХХК, Х.Цэнд, Э , н.Хүрэлбаатар гэх этгээдүүдийг танихгүй, тэжээлийн буудай худалдан аваагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг бусадтай хуйвалдан бусдын будааг авч цааш худалдан борлуулдаггүй. Нэхэмжлэгчийн бусдаас буудайнхаа үнийг бүрэн авч чадаагүй хохирч байгаа нь манай компанийн гэм буруутай үйлдэл биш учир компанийн нэр төрд халдан хуулийн байгууллагуудаар явуулж байгаад харамсаж байна. Иймд “Б ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэндийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад: Манай компани “Орбит комплекс” ХХК-ийн хашаанд анх 68,2 тн будааг буулгасан. Манай компанийн ажилтан Энхбат, “Орбит комплекс” ХХК-ийн лобрант Лхагвасүрэн нар будаанаас дээж авч “Өгөөж” ХХК, “Сайхан хүнс” ХХК  гэх гурилын үйлдвэрт хүргүүлсэн. Учир нь манай будааны цавуулаг нь дангаар гурил хийхэд цавуулаг багатай байсан. Тэгээд “Орбит комплекс” ХХК-ийн захирал тус будааг өөрийнхөө хашаанд байлгаж байя гэсэн. 2014 оны 11 сарын 21-ний өдөр тус будааг Чойгоо гэх гахай, шувууны аж ахуйтай хүн үзээд нэг тонныг 450,000 төгрөгөөр авъя мөнгөө бэлдээд ирье гэж тохиролцоод явсан. 2014 оны 11 сарын 28-ны өдөр Чойгоо компанийн захирал будаа бэлэн байна уу гэхээр нь 2 хүн дагуулаад очсон чинь будаа байхгүй байсан. Тэгсэн “З ” гэдэг компанид Д  зарсан байсан. 2014 оны 11 сарын 29-ний өглөө будаагаа авъя гээд “З ” ХХК дээр очиход гадаа нь хүмүүс будаа шуудайлж байсан. Бид будаагаа авъя гэтэл “Би Д  гэдэг хүнээс 66,2 тн будаа авсан” гээд хэдэн төгрөгөөр авсан талаар хэлээгүй утсаа салгасан. Тэгээд  Д ын утасны дугаарыг өгсөн. Би Д той ярихад тэр “Би бас сая М.Золзаяатай ярьлаа, би таньд удахгүй хариу өгье” гэсэн. Дараа нь Д  надруу утасдаад “М.Золзаяа будааг хэрэглэсэн учир буцааж өгөх боломжгүй гэж байна. Таны ярьсан үнээр авъя” гэж хэлсэн. Д той ярихад М.Золзаяа таны мөнгийг 2014 оны 12 сарын 20-ны дотор өгч дуусна гэж байна гэж хэлсэн. Тухайн үед тэгж хэлэнгүүт М.Золзаяа руу утасдсан боловч утсаа аваагүй. Тэд нар ч бас байгууллагын хаягийг мэдэхгүй гээд уулзаж чадаагүй. Д , М.Золзаяагаас миний данс руу мөнгө хийгээд байсан. Нийт 17,000,000 төгрөг хийсэн. Би дараа нь Золбаяр захирлаас асуухад Би Д той наймаа хийсэн болохоор түүний дансанд мөнгө хийсэн гэсэн. Э , Д  нарыг хайгаад олоогүй. Одоо нийт 68,2 тн будааг 450,000 төгрөгөөр тооцож 30,690,000 төгрөг болсон. Үүнээс 2 тонн будааны үнэ 900,000 төгрөгийг Э аас, 66,2 тонн будааны үнэ 29,790,000 төгрөгөөс надруу Д оос шилжүүлсэн 17,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12,790,000 төгрөгийг Д , М.Золзаяа нараас нэхэмжилж байна. Будааны үнийг өнөөдөр нэг тонныг 450,000 төгрөгөөр бодож байгаа нийт нэхэмжлэлийн шаардлага нийт 13,690,000 төгрөг гэж багасгажээ.

       Хариуцагч Д ын гаргасан хариу тайлбарт: Миний бие хэдэн жилийн өмнө Эрдэнэбаяр гуайтай холбогдон тэжээлийн улаан будаа борлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Орбит комплексийн хашаанд байх будааг үзсэн ба Мэргэжлийн хяналтын шинжилгээний хариуны хамт үзэж судлаад М.Золзаяа захирлыг дуудаж үзүүлээд өглөө 10 цагаас эхлэн 2 өдөржин ачиж хүргэж дууссан. Хүргэсэн газар маань Гунийн бригад буюу “З ” ХХК-ийн байранд 150 км газар 2 удаа явж хүргэсэн. 1 тн будааг 350,000 төгрөгөөр борлуулсан. 66,8 тн байсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаад 2 жил болж байна. Хуулийн дагуу Зуучлах ажил хийсэн. Мөн хувийн машины түлш, зардал, ачих буулгах, цалин хөлс гээд хангалттай зардал гарсан. Нийт 23,300,000 төгрөгийг “З ” ХХК-ийн төлбөрт авсан. 19 сая төгрөгийг Х.Цэнд гуайд төлсөн. Үлдсэн нь 5 тн-ын даацтай 2 машин 2 удаа явсан тээврийн зардал 2 сая төгрөг, Орбит комплексийн ачих тоног төхөөрөмж ашигласны хөлсөнд 350,000 төгрөг, хувийн машин, түлш жолооч бусад хүмүүст 2 өдрийн турш хоол авч өгсөн. Ингээд өөрөө тодорхой хувийг нь авсан. Гэтэл гэнэт будааны үнэ өссөн. Үүнийг далимдуулан Х.Цэнд гуай үнэтэй зарах гэж байсныг чи Эрдэнэбаяраас хямд авсан байна гээд гэнэт яриад эхэлсэн. Хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Э ын гаргасан хариу тайлбарт: “Б ” ХХК-ийн будааны маргаан 4 дэх жилдээ буюу СХД-ийн цагдаад 2 жил шалгагдаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2 жил Дархан-Уул аймгийн шүүхээр яваад надад жингийн зөрүү 700,000 төгрөг Х.Цэнд гуайд өг гэсэн шийдвэр гарсан. Энэ тухайн Х.Цэнд гуайтай ярихад чи яахав бид учраа олно гол нь Д ын М.Золзаяагаас авсан мөнгийг бүрэн авмаар байна чи санаа зоволтгүй гэсэн. Бид 2 олон жил тариа будаа өгөлцөж авч бие биедээ тус дэм болж явсан найз нар тул эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч “З ” ХХК-ийн захирал М.Золзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манайх Төв аймгийн Баянцогт суманд 4000 толгой гахайтай. Намрын ургац хураалтаар 1000 гаруй тонн будаа авдаг. Ажилд гарч явахдаа Д  гэдэг залуутай танилцаад будаа авахаар тохироод түүнд 1 сая төгрөг өгсөн. Тэгээд Д  11 сард надруу залгаад танайд нийлүүлэх будаа байна уулзъя гэсэн. Тэгээд би түүнтэй орбит дахь өвсний фондын хашаад анх уулзсан. Хашаанд ороход хэсэг газар будааг тавьсан байсан. Д  тэр будааг миний будаа гэж хэлсэн. Тэгээд нэг тонн будааг 350,000 төгрөгөөр авахаар тохироод би ажилтай байсан тул түүнийг жинлүүлээд явуулчих гэж хэлсэн. Нийт 66,220 кг будааг авсан. Будааг 23,177,000 төгрөгөөр авахаар аман тохиролцоог хийсэн. Би Д  рүү дансаар нь мөнгө хийгээд байсан 2014 оны 11 сарын 26-нд 1 сая төгрөг өгсөн, 2014 оны 11 сарын 26-ны өдөр 300,000 төгрөг 2014 оны 11 сарын 27-ны өдөр 2 сая, 4 сая төгрөг, 2014 оны 12 сарын 04-ний өдөр 3 сая төгрөг, 2014 оны 11 сарын 30-ны өдөр 4,8 сая төгрөг, нийт 25,177,000 төгрөг өгсөн. Үүний 2 сая төгрөг нь өөр будааны мөнгө. Би энэ хүнээс бас араас нь өөр будаа авсан. Яригдаад байгаа Хүрэлбаатар, Э  нарыг танихгүй. Манайх өдөр болгон будаа авдаг байсан. Намайг хариуцагч болгож энд будааны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Х.Цэндэд мөнгө өгөхгүй гэсэн. Би энэ хүнийг танихгүй хэлцэл хийгээгүй учир би таньд өгөх боломжгүй гэсэн гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д оос 12,790,000 төгрөг, хариуцагч Э аас 900,000 төгрөг гаргуулан “Б  “ХХК-д олгож, хариуцагч “З ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,810 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 12,790,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 219,590 төгрөг, хариуцагч Э аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 900,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

             Хариуцагч Д ын өмгөөлөгч О.Нандинцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 61 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Э  нь 2014 оны 11 сард Д той холбогдон 66.2 тонн тэжээлийн улаан буудай байна, зарж борлуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьсаны дагуу тухайн буудайг очиж үзэн “З ” ХХК-д борлуулсан байдаг. Тухайн буудай нь чанарын шаардлага хангахгүй буудай байсан гэдэг нь 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 07/34/754 дугаартай мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Б ” ХХК-ийн 2014 онд тариалсан Улаан буудайн загвар дээж шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд Хүнсний улаан буудай техникийн ерөнхий шаардлагаар стандартын шаардлага хангахгүй” дүгнэлтээр тодорхойлогджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс тухайн үеийн буудайны үнийг тодорхойлуулах шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба тус дүгнэлтээр зөвхөн тухайн үеийн улаан буудайны үнийг тодорхойлох боломжтой бөгөөд будааны чанарын талаар дүгнэлт гаргах боломжгүй гэжээ. Гэтэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол үйл баримт болох улаан буудай нь чанарын шаардлага хангаж байх эсэх, түүний үнэлгээ хэд байсан талаарх дүгнэлтийг тодорхойлолгүйгээр зөвхөн тухайн үеийн ханшаар буудайны үнийг тогтоож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Д  нь Э ын хүсэлтийн дагуу тухайн буудайг худалдан борлуулсан, гэтэл “Б ” ХХК-ийн төлөөлөгч Х.Цэнд гэх хүн гэнэт гарч ирэн буудайны эзэмшигч гээд буудайг худалдан борлуулсан мөнгийг өөрийн данс руу шилжүүлэхийг шаардсан байдаг. Д  нь Х.Цэнд гэж хүнийг танихгүй бөгөөд урьд ямар нэгэн танилын харилцаа байгаагүй. Х.Цэндээс шаардсаны дагуу Д  нь Х.Цэнд рүү мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд энэ талаар талуудын тайлбар, хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар тодорхойлогддог. Гэтэл Д  анх буудайг зуучилж амаар тохиролцон хэлцэл хийхдээ зөвхөн Э  гэдэг хүнтэй харилцсан бөгөөд “Бургалтай Буудай” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Б ” ХХК нь “З ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй учраас гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзсэн мөртлөө Д оос “Б ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэрээний үүрэг үүсээгүй байхад эдгээр нэхэмжилсэн төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Д  нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт өгсөн байхад шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд тайлбар нотлох баримтыг гаргаж өгөх, шүүх хуралдаанд мэтгэлцэх тэгш эрхийн зарчмыг хангаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хэргийн нөхцөл байдлыг дутуу тогтоож, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч Э , Д , “З ” ХХК-д холбогдуулан 19,372,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13,690,000 төгрөг болгож багасгажээ.

Тэрээр улаан буудайн 1 тонныг 450,000 төгрөгөөр үнэлж, 68,2 тн буудайн үнийг нийт 30,690,000 төгрөг гэж тооцон, үүнээс 66,2 тонны үнэ 29,790,000 төгрөгөөс Д ын шилжүүлсэн 17,000,000 төгрөгийг хасч, үлдэх 12,790,000 төгрөгийг хариуцагч Д , “З ” ХХК-аас, 2 тонн улаан буудайн үнэ 900,000 төгрөгийг Э аас гаргуулна гэж шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч Д  нь “...66,8 тн будааг тонныг нь 350,000 төгрөгөөр борлуулж, 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, бусад нь зардал болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч “З ” ХХК-ийн захирал М.Золзаяа “...нэхэмжлэгч компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй, шаардлага үндэслэлгүй” гэж, харин хариуцагч Э  өөрт нь холбогдуулсан шаардлагад маргаагүй байна.  

Анхан шатны шүүх Д оос 12,790,000 төгрөг, Э аас 900,000 төгрөг гаргуулан “Б “ ХХК-д олгож,  “З ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Орбит Комплекс” ХХК-ийн хашаанд буулгасан “Б ” ХХК-ийн 68.2 тонн улаан буудайнаас 66,2 тонныг 350,000 төгрөгөөр тэжээлийн будааны зориулалтаар “З ” ХХК-д худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Б ” ХХК болон “З ” ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийсэн, үүрэг үүссэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул “З ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч Э т холбогдуулан гаргасан 900,000 төгрөгийн шаардлагад тэрээр маргаагүй тул энэ хэмжээнд шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцсэн, Э  нь энэ талаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй.

Хариуцагч Д ын өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээснийг буруу гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэг тонн будааг 350,000 төгрөгөөр үнэлэн, 66,2 тонн будааг хариуцагч Д  нь “З ” ХХК-д худалдсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тэжээлийн будааны тонн тутмыг 450,000 төгрөгөөр үнэлсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй, түүнчлэн хэрэгт 450,000 төгрөгөөр худалдах тухай тохиролцсон баримт, тайлбар байхгүй, хариуцагч үлдэгдэл мөнгийг хувьдаа ашигласан, завшсан гэх баримтгүй байхад хоёр шатны шүүх энэ үнийн дүнг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцээгүй байна.

Иймээс нэг тонн будааг борлуулсан 350,000 төгрөгөөр тооцоход 66,2 тонн будааны үнэ 23,170,000 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн хүлээн авснаа зөвшөөрсөн 17,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 6,170,000 төгрөгийг хариуцагч Д оос гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэсний дараа “...хариуцагч Д оос 6,170,000.00 төгрөг гаргуулан, үлдэх 6,620,000.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,...” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “Д оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 12,790,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 219,590 төгрөг” гэснийг “Д оос улсын тэмдэгтийн хураамж 113,670 төгрөг” гэж өөрчлөн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 211,590.00 /хоёр зуун арван нэгэн мянга таван зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН