Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 130/2014/00330/И |
Дугаар | 001/ХТ2018/01840 |
Огноо | 2018-12-13 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/01840
Баян-Өлгий аймгийн ОЦГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00069 дугаар магадлалтай,
Баян-Өлгий аймгийн ОЦГ-ын нэхэмжлэлтэй
Т.Е-д холбогдох,
Хууль бусаар эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Е-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн ОЦГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн Т.Е- нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь ОЦГ-ын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Е-д газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е- нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Т.Е-ы ОЦГ-ын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай захирамжийн дагуу томилогдсон шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржаны 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна. Тийм учраас Т.Е-ы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг ОЦГ-ын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Е-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 75.2.2-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолд үндэслэлтэй дүгнэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ОЦГ- нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир эзэмших эрх нь дуусгавар болсон. Нэхэмжлэгч ОЦГ- нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Айнагүлын шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е- бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Баян-Өлгий аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн 0198993 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраасаа 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хуульд заасны дагуу дурдсан гэрээ, хураамж төлсөн баримт бусад холбогдох материалуудыг бүрэн хавсарган бүрдүүлж өгсний үндсэн дээр хүү Ж.Дастанд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болно. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 000201395 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Дастан бид хоёрын нэр дээр гарсан. Мөн Засаг даргын 677 тоот захирамжид Т.Е-ы 4000 м.кв талбайгаас 416 м.кв нь хасагдсан тул үлдэж байгаа 3584 м.кв талбай газарт шинэ газар эзэмших гэрээ хийх, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгүүлэх, хувийн хэрэг нээхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон байсан. Үүнээс үзэхэд манай эзэмшсэн газар болох 416 м.кв талбай нь Т.Е-ы 4000 м.кв талбай газраас хасагдсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагчид эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газрын Засаг даргын захирамжид холбогдуулан түүнийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд гомдол гараагүй нь тус захирамж хууль зүйн үндэслэлтэй, эзэмшүүлсэн газар нь хууль ёсны эзэмшил хэвээр байх тул байршлын хувьд Т.Е-ы эзэмшлийн координатын 3 цэгээс дотогш буюу 4000 м.кв талбай бүхий газарт багтах манай эзэмшлийн 416 м.кв талбай газар ч мөн л хууль ёсны эзэмшил гэсэн дүгнэлт гарах юм. Манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хариуцагчийн эзэмшиж буй 4000 м.кв талбайн дотогш байршилтай гэдэг нь Ж.Дастаны /БЮ93041230/ эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас харагдана. Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар манай хууль ёсны эзэмшлийн 416 м.кв талбай газар нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг шаардаж буй 1563 м.кв газрын байршилд хамааралгүй болох нь, мөн хариуцагч Т.Е-ы эзэмшлийн 4000 м.кв талбай газар болон түүнээс шилжүүлэн авсан манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хууль ёсны болох нь хангалттай хэмжээнд бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Онцгой байдлын хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн 156З м.кв талбай газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Дастаны нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 90 дугаар зүйлийн 90.2-ийг тус тус баримтлан хариуцагч Төлек овогт Тилегений Ерланы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн ОЦГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00069 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.Е- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэлийн шаардлага болгож буй Өлгий сумын Засаг даргын 46 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж нь 2002 оны 6 сарын 27-ны өдөр гарсан ба өнөөдөр 16 жил, энэ эрхийн акт гарсанаас хойш 12 жилийн дараа гаргасан нэхэмжлэл байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэнийг шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь шүүх хуулийг ноцтой зөрчсөнийг илтгэж байна. Нэхэмжлэгч тал 2014 оны 4 дүгээр сард Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үед тухайн маргаан бүхий харилцааны хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн юм. Иргэний хэргийн шүүх 2014, 2015 онд хоёр удаа авч хэлэлцсэн боловч эцэслэн шийдвэрлээгүй. Мөн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэл нь батлагдахгүй болохоор Захиргааны хэргийн шүүх, Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч батлагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг үүнд уялдуулан хэд хэдэн удаа өөрчилсөн тодорхой байр суурьгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил гэж заасан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэсэн тул хөөн хэлэлцэх хугацааг 2002 оны 6 сарын 27-ны өдөр Өлгий сумын Засаг даргын 46 тоот захирамж гарсан мөчөөс эхэлж тоолох юм. Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Онцгой байдлын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь газар эзэмших гэрчилгээ олгосон огноо, тухайн шатны Засаг даргын захирамжаар нотлогдож байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эззмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заалт байдаг бөгөөд мөн хуулийн 40.1.3-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нөхцөлд хүчингүй болгох учиртай. Үүнийг шүүх анхаараагүйгээс болж бусдын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардах өмчлөгчийн эрх нь уг эд хөрөнгийг эзэмшиж байгаа бусдын хууль бус байхаас гадна эд хөрөнгө нь шаардаж буй этгээдийн өмчлөлийн зүйл болох нь тогтоогдсон нөхцөлд хангагдах үндэслэлтэй гэдэг заалт зөрчигдсөн магадлал гарсан. Тухайн үед Онцгой байдлын хэлтсийн эзэмшил газарт байршил болон кадастрын зурагт координатын тэмдэглэл хийж баталгаажуулснаар олгосон байтал үүнийг нуун дарагдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйл болон мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн иргэний маргааны шийдвэрлэсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа тогтоосон байх бөгөөд 75 дугаар зуйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил мөн хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг. Гэрээгээр ашиглаж байгаа газартай холбоотой маргаанд тухайн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллага, Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой боловч ОЦГ- шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Жандана хоршоо 1998 онд хашаа татаж эзэмшин 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Өлгий сумын засаг даргын 46 тоот захирамжаар хууль ёсны болгон баталгаажуулсан. Тухайн үед хүчин төгөлдөр байсан Газрын тухай хуулийн дагуу 030100694 тоот газар эззмших гэрчилгээ олгосон. 2002 онд Газрын тухай хууль шинэчлэн батлагдан гарч 2003 оны 01 сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан шинэ хуулинд нийцүүлэн газар эзэмших асуудлыг баталгаажуулах шаардлага гарсанаар 2006 оны 12 сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга 392 тоот захирамжийн хавсаралтын 89 дугаарт Жандана хоршооны үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4000 м2 талбайтай газрыг 2007 оны 9 сарын 18-ны өдрийн 0065920 дугаар газар эзэмших гэрчилгээг хууль ёсны баталгаажуулан олгосон. Энэхүү 2006 оны 12 сарын 26-ны 392 тоот захирамжаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс 7350 м2 талбайтай газрыг 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0065604 тоот газар эзэмших гэрчилгээг өөрсдөө хүлээн зөвшөөрөн авч Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан байгаа нь хэргийн баримтаар нотлогдож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 264 тоот шийдвэр үндэслэлтэй гарсан тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00039 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Баян-Өлгий аймгийн ОЦГ- Т.Е-д холбогдуулан 876 м.кв талбай бүхий газар чөлөөлүүлэх шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ж.Айнагүл /Ж.Дастан/ оролцож, тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хэлэлцэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.
Т.Е-ы магадлалыг эс зөвшөөрсөн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. “...Анхан шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 565 дугаар тогтоолд заасан үндэслэлүүд арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчсөн” тухай магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Гал түймэртэй тэмцэх алба /одоогийн ОЦГ-/ нь тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 12.495 м.кв талбай бүхий газрыг 1999 оноос эхлэн 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан, улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар дээрх газраас 4000 м.кв-г Жандана хоршоонд, үлдэх 8495 м.кв-г Гал түймэртэй тэмцэх албанд эзэмшүүлэхээр, дараа нь мөн аймгийн Өлгий сумын Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжаар ОЦГ-т 7350 м.кв газрыг 50 жил, Жандана хоршоонд 4000 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг тус тус гаргаж гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн ОЦГ- 7350 м.кв газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй байна.
Жандана хоршооны эзэн М.Тилегений бэлэглэлийн гэрээг үндэслэж хоршооны эзэмшиж байсан 4000 м.кв газрыг Т.Е-д шилжүүлж эрх бүхий этгээд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот захирамж гаргасан, Т.Е- өөрийн эзэмшиж буй газраас 416 м.кв-г Ж.Дастанд эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот гэрчилгээгээр Ж.Дастан тухайн газрын эзэмшигч болж, Т.Е-ы эзэмших газар нь 3584 м.кв болж өөрчлөгджээ.
Нэхэмжлэгч ОЦГ- нь хүчин төгөлдөр гэрчилгээгээр 7350 м.кв газар эзэмшихээс бодитойгоор 6804 м.кв газрыг эзэмшиж байгаа, 876 м.кв талбай нь Т.Е-ы эзэмшиж байгаа газарт орсон гэж уг газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч зохигчийн хэн алины бодитой эзэмшиж байгаа газрын хэмжээ зөрүүтэй, энэ байдал хэргийн баримтаар тодорхой болоогүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн хашаа барьж, бодитой эзэмшиж байгаа газрын хэмжээ шинжээчийн дүгнэлт, үзлэгээр 6818 м.кв, 6604.59 м.кв, 6629 м.кв, 6804 м.кв, 6748 м.кв гэж, хариуцагчийнх 5662 м.кв, 5632 м.кв, 5601.74 м.кв, Ж.Дастаных 412.7 м.кв, 416 м.кв гэж өөр өөрөөр тогтоогдсон байна. Мөн хариуцагч Т.Е-ы илүү эзэмшиж байгаа гэх газрын 787 м.кв талбайд цэвэр усны шугам байгаа нь тогтоогджээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчснөөс гадна өмнө нь дүгнэлт гаргаж байсан Х.Өмиржан дахин шинжээчээр ажилласан, мөн дүгнэлтээр тогтоосон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хэмжээ зөрүүтэй, эргэлзээтэй болсноос шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн шүүх маргаан бүхий газарт үзлэг хийхдээ хариуцагч Т.Е-ы газрыг хэмжиж, нэхэмжлэгч ОЦГ-ын эзэмшлийн газрыг хэмжээгүй байна.
Иймд зохигч, гуравдагч этгээдийн бодитоор эзэмшиж буй газрын хэмжээ зөв тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөөгүй нь буруу болжээ.
2. Анхан шатны шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 90 дүгээр зүйлийн 90.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус, хоорондоо зөрчилтэй болжээ.
а. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна, 90 дүгээр зүйлийн 90.2-т “шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтад шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр журамласан атал анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд ерөнхий болон тусгай хугацааны аль нь хамаарч буйг ялгаж зөв тодорхойлоогүй, эдгээр зохицуулалт аль аль нь хамаарах агуулгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.
Тухайлбал, энэхүү маргааны үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхтэй холбоотой боловч гэрээний үүргийн эрх зүйгээр зохицуулахгүйг шүүх анхаараагүй нь алдаатай болжээ. Нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай шаардлагад хөөн хэлэлцэх ерөнхий эсхүл тусгай хугацааны аль нь хамаарах эсэхийг шүүх хуульд нийцүүлэн дүгнэх байжээ.
б. Анхан шатны шүүх шаардлага гаргах хугацааг хэзээнээс, хэрхэн тоолох талаар хуульд нийцсэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
Нэхэмжлэгч талаас анх Т.Е-ы 4000 м.кв газрыг шилжүүлсэн үйлдлийн талаар маргаж байсан боловч одоогийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь 2007 онд гэрчилгээ олгож, эзэмшүүлсэн 7350 м.кв газар нь бодит байдалд уг хэмжээнээс дутуу, Т.Е-ы эзэмшиж буй газар нь эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас илүү байгаагаас зөрүү газрыг чөлөөлүүлэх талаархи маргаан юм.
Хариуцагч Т.Е-, 2002 онд Гал түймэртэй тэмцэх албаны даргаар ажиллаж байхдаа байгууллагын эзэмшиж байсан газраас 4000 м.кв-г өөрийн эцгийн Жандана хоршоонд эзэмшүүлэх хүсэлт гаргасан, тэрээр 2004 оны 4 дүгээр сар хүртэл тухайн албан тушаалд, уг хугацаанаас хойш 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тус албаны орлогч даргаар тус тус ажиллаж ажилласан нь тогтоогдсон байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Гал түймэртэй тэмцэх албаны эзэмшиж байсан газраас Жандана хоршоонд шилжүүлснийг болон үлдэх газрын хэмжээ, байршил, кадастрын зураг зэргийг мэдэх боломжгүй байсан, 2013 оноос шинээр томилогдсон дарга энэ талаар холбогдох баримтыг судалж эрх зөрчигдснийг мэдэж, 2013 онд газрын албанд, улмаар 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг анхан шатны шүүх хэрхэн үгүйсгэсэн нь тодорхой бус байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох, уг хугацаа өнгөрсөн гэж үзэх эсэх, сэргээх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 212/МА2018/00069 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ