Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 469

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Р.Машлай,

насанд хүрээгүй хохирогч С.Аын хууль ёсны төлөөлөгч А.К, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Ц,

цагаатгагдсан этгээд М.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, М.Э,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Машлайн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Кгийн өмгөөлөгч Ц.Цийн гаргасан давж заалдах гомдлоор М.Бт холбогдох 201601080015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

К овогт  М.Б, 1972 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................. тоотод суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

М.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан дотор байрлах цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.Аын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн М.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Бийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан эрүүгийн 201601080015 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор Р.Машлай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...   Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

          1. Шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт эмнэлгийн баримтуудыг цаг хугацаагаар дурдаж, шинжээчийн мэдүүлгээс ишлэж, үгүйсгэгдэж байна гэж дурдсан атлаа цагаатгасан үндэслэлээ бүрэн тайлбарлаагүй. Үгүйсгэгдэж байгаа нотлох баримтууд нь эсрэгээрээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа өвчний илрэх шинжийг хангалттай нотлож байна гэж үзэхээр байна.

          Шинжээч эмч С.Т-ийн “дээрх гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, нүд бүрэлзэх, толгой эргэх, явах үед гуйвах зэрэг шинж тэмдэг илэрч болно... Амь насанд аюултай байдалд хүрэх хүртэл идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд илүү урт хугацаагаар идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Учир нь хүүхдийн тархи, гавал ясны бүтэц зэрэг нь насанд хүрсэн хүнийхээс онцлогтой байдаг. Хүүхдийн хувьд гавал яс нимгэн, тархинд үзүүлж байгаа даралт нь бага байдаг учир шинж тэмдэг удаан илэрдэг юм... гэх мэдүүлэг,

          Гэрч Б.А-ийн “...   С.Аын хувьд 2014-2015 оны хичээлийн жилд зүгээр хичээлдээ сурсан. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхэлсэн ба 9 дүгээр сарын хэдэн гэдгийг санахгүй байна, С.Аын нүд, нүүр нь улайгаад, хичээлдээ идэвхигүй болчихсон байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сард С.Аын нүдний улайлт нь улам нэмэгдээд, хичээлээ ч хийхгүй, ширээгээ дэрлэж хэвтээд байхаар нь ээж рүү нь залгаж хэлээд, явуулж байсан. Маргааш нь С.А эмнэлгээр үзүүлж байна гээд хичээлдээ ирээгүй. Тэр өдрөөс хойш 5 хоног хичээлдээ ирэлгүй чөлөөтэй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хичээлдээ ирээд, дахин бие нь өвдөөд ээжийг нь дуудаад өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш хичээлдээ бараг ирэхгүй байсаар байгаад хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

          Гэрч А.Кгийн “... Манай хүү нь М.Бт 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр алгадуулснаас хойш нүд нь улайж, бага зэрэг солийж, бас толгой нь өвдөж бөөлжих болсон. Тэгээд зовиур бага багаар илэрч байгаад 2015 оны 10 дугаар сард өвчин нь хүндэрч эмнэлгээр явж үзүүлж эхэлсэн юм. 2015 оны 12 дугаар сард гэмтлийн эмнэлэгт хэвтэхдээ өвчин хэзээнээс эхэлсэн бэ гэж хэлсэн болохоор өвчний түүх дээр тэгж бичсэн байх. 2015 оны 10 дугаар сард эх нялхаст үзсэн эмч нь картан дээр нь эмчилгээ бичсэн байгаа. М.Бт цохиулснаас хойш хичээлд нь явуулчихаад л гэрээс гаргадаггүй байсан. С.А ч өөрөө бие нь өвдөөд хэвтээд байдаг байсан ...” гэх мэдүүлэг,

          Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1153 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт, шинжээч эмч Т.Амартүвшингийн “хатуу бүрхүүлийн архаг цусан хурааг ном бичигт хурц, архаг, хурцавтар гэж 3 ангилдаг. Хурц цусан хураа нь 3-7 хоногийн дотор, хурцавтар цусан хураа нь 14 хоног, архаг цусан хураа нь 6 сараас 1 жилийн хугацаатайгаар үргэлжилнэ” гэсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч С.А нь 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн эмнэлгийн хяналтад орсон. 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойш 11, 12 дугаар саруудад хичээлд суугаагүй, өвчтэй байсан талаарх ирцийн бүртгэл зэргээс гэмтэл авсны дараа дээрх гэмтлийн улмаас илрэх шинжүүд хохирогчийн биед бүрэн илэрсэн, хэрэг болсон гэх цаг хугацаа, өвчний шинж тэмдэг, илрэх хугацаа, эмчилгээ хийлгэсэн хугацаа зэрэг нь тохирч байна гэж дүгнэн үзэх боломжтой байхад үндэслэлгүйгээр цагаатгасан .

           Мөн шүүгдэгч М.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хохирол төлбөрт нийт 5.138.270 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэснээс үзэхэд тодорхойлох хэсгээр хэргийг шийдвэрлэхийн өмнө дүгнэлт хийсэн. Тогтоох хэсгээр шийдвэрлэхээс өмнө тодорхойлох хэсгээр дүгнэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй буюу тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдээгүй байна.

          Нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ гэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг удирдлага болгон хуулийг буруу хэрэглэсэн байна.

           Мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг тогтоох хэсгээр шийдвэрлээгүй орхигдуулсан зэргээс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоол нь 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Кгийн өмгөөлөгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “... М.Бт холбогдох хэргийг шүүх хянаад “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэзээ гарсан, гэмт хэрэг хэн яаж үйлдсэн зэрэг нотолбол зохих байдал нотлогдоогүй байна” гэж дүгнэснийг огт зөвшөөрөхгүй байгаа төдийгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

          Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас зөвхөн шүүгдэгчийг цагаатгах, хөнгөрүүлэх шинжтэй үг, өгүүлбэрийг сонгон авч тогтоолынхоо үндэслэл болгосон байна гэж үзлээ.

          Хавтаст хэрэгт авагдсан гэрч М-ийн мэдүүлгийг яагаад эх сурвалжаа зааж чадаагүй гэрч гэж шүүх тодорхойлсон нь ойлгомжгүй байна.

          Тухайн хэрэг гарсан өдөр хажуу хашаанд нь М юм угаагаад сууж байсан ба С.Аыг уйлахаар нь харахад М.Б түүнийг алгадаж байсан. Мөн араас нь хашаанд нь хөөж орж ирээд цохисныг харсан байдаг.

          Мөн С.Атой хамт тоглож байсан насанд хүрээгүй гэрч М.Е , З.А  нарын мэдүүлгээр М.Б нь С.Аын баруун гараас нь барьж аваад зүүн шанаа руу нь алгадсаныг яг хажууд нь байж байгаад харсан, гэр лүү нь очиж С.Аыг том хүн зодож байгаа талаар аав, ээжид нь хэлсэн, дээрх хүүхдүүд шүүх хуралдаан дээр ч шүүгдэгчийг шууд зааж, С.Аыг зодсон хүн гэдгийг хэлдэг.

          Насанд хүрээгүй гэрч З.А  “...   Ердосыг барьж аваад аавынх нь нэрийг асуусан. Дараа нь С.Аыг барьж аваад аавынх нь нэрийг асуусан.Тэгээд цохисон.  С.Аын цамцных нь захнаас барьж аваад толгой руу нь цохисон. С.А уйлсан. Тэр өдөр амралтын өдөр байсан. Е бид хоёр айгаад гүйж, гэрт нь очиж, С.Аыг нэг хүн цохичихлоо гэж хэлсэн. Цохиулсны дараа С.Аын хацар улайсан байсан” гэх мэдүүлэг,

          Насанд хүрээгүй гэрч М.Е “...  С.Аыг барьж аваад “яагаад зооринд шил хийж байгаа юм бэ” гээд нүүр лүү нь зүүн гараараа алгадсан. Нүүрэн дээр нь гарын хээ гарсан байсан. Азамат бид хоёр гэрт нь гүйж очоод С.Аыг том хүн зодож байна гэж ээжид нь хэлсэн. С.А зодуулаад уйлсан. М эгч С.Аыг зодуулахыг харсан.  Майра эгч хашаанд хирээ угааж байсан...” гэх мэдүүлэг өгдөг ба энэ бол шууд гэрчилсэн мэдүүлгүүд юм.

          Хохирогч шүүх хуралдаан дээр М.Бээс айгаад юу ч хэлж өгөхгүй байсан, түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргасны дараа зодсон, цохисон талаар ярьдаг.

          3 жилийн өмнөх зарим асуудлыг санахгүй байна гэдгээ хэлдэг. Тухайн үед хохирогч дөнгөж 7 настай байсан ба мэдүүлэгтээ: “... Гэрээсээ гараад танихгүй айлын хашаанд найз нарынхаа хамтаар тоглож байхад уг айлын эзэн гэх том биетэй ах архины шил хагалж нүх рүү хийлээ гээд намайг барьж авангуутаа миний толгой руу гараараа цохисон. Тэгэнгүүт би зугтаагаад аавын төрсөн дүү Майра эгчийн хашаанд гүйгээд ороход нөгөө ах хойноос гүйж ирээд намайг барьж авангуутаа дахиад гараараа толгой руу цохисон. Намайг уйлангуут Майра эгч салгаж аваад би гэр лүүгээ явсан. Аав, ээждээ хэлсэн. Тухайн үед миний толгой өвдөж байгаад гайгүй болсноо хэд хоногийн дараа дахин маш их өвдөж, бөөлжсөөр байгаад эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлдэг.

          Мөн ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Х-ийн өгсөн“... уг гэмтэл нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үүсэх боломжтой. Хохирогч тухайн цаг хугацаанд гэмтэл аваад эмчилгээний үр дүнд 3-4 сар удааширсан байж болно” гэх мэдүүлэг,С.Аын ангийн журналын ирцийн бүртгэл, С.Аын эрүүл мэндийн дэвтэр зэргээр хэрэг хангалттай тогтоогддог.

          Гэтэл   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан нотолбол зохих хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцын алинд ч бүрэн нотлогдохгүй байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулж, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байгаа тул Багануур, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Тус шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж ямар ч боловсролгүй, ямар ажил хийж байгаагаа ойлгоогүй хүнийг оруулж, зориудаар гэм буруугүй гэж хэлүүлж байгаа гэж ойлгогдохоор байгааг мөн дурдаж байна ...” гэв.

          Насанд хүрээгүй хохирогч С.Аын хууль ёсны төлөөлөгч А.К тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би маш их гомдолтой байгаа. Энэ хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байхад энэ хүнийг шүүх цагаатгаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж харагдаж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

          Цагаатгагдсан этгээд М.Бийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Энэ гэмт хэргийг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байдаг ба гэрч, оролцогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Хэрэг учрал болсон өдөр яаралтай түргэн тусламжийн төвд очиж үзүүлсэн гэдэг боловч тэр талаар баримт байхгүй. Тэгэхээр уг хэрэг хэзээ гарсан нь тодорхойгүй тул шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна ...” гэв.

          Цагаатгагдсан этгээд М.Бийн өмгөөлөгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  ...” гэв.

          Цагаатгагдсан этгээд М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би С.Аын гараас нь бариад хэний хүүхэд вэ гэж асуусан болохоос хацар руу нь алгадсан асуудал байхгүй. Зоорь цөмөрч орохоос сэргийлж л зоорин дээрээс буулгасан ...” гэв.

                                                                     ХЯНАВАЛ:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр М.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

 Хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.

 Шүүхээс М.Бт холбогдох үйлдлийг нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудын талаар няцаалт хийсэн дүгнэлт нь цагаатгах тогтоолд авагдаагүй байна.

Тухайлбал М.Бт нь хохирогч С.Аыг хацар луу нь алгадаж байсныг болон уг гэмт хэргийн үйлдэгдсэн байдал болон цаг хугацааны талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, нөгөөтэйгүүр С.А нь архаг явцтай тархины уйланхай өвчтэй байсан боловч түүний тархинд гэмтлийн улмаас цусан хураа үүссэн, үүссэн цусан хураа, уйланхай хоёр нь хоорондоо шалтгаант холбоогүй талаар шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Т “... уйланхай өөрөө архаг өвчин байгаа юм, хохирогчид учирсан архаг цусан хураа нь гэмтлийн гаралтай үүсдэг учир уйланхай өвчин гэмтэлд нөлөөлөх зүйлгүй, ямар ч хамаа байхгүй” гэж мэдүүлсэн байгаа зэрэгт үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.8 дахь заалтуудыг удирдлага болгож шийтгэх тогтоолын хэлбэрийг баримтлан хуулийн зүйлчлэл буруу хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Канягийн өмгөөлөгч Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдол нь тус тус үндэслэлтэй байх тул   хүлээн авч,  Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 2. Хэргийг шүүхэд очтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН