Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00038

 

Ц.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/00804 дүгээр шийдвэр,

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

        2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1446 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ц.Т

         Хариуцагч: “... сүлжээ” ТӨХК-д холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “... “... сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор ажиллаж байсан бөгөөд 5024614 кодтой хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 2016-10-20-ны өдөр хүлээн авч 2016-10-24-ний өдөр тушаасныг Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж халсан. Би Эрчим хүчний яаманд уг асуудлаар гомдол гаргаж, гомдлын хариуг 2017-06-17-нд хүлээн авсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017-06-16-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2017-07-06-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн. Би ажлыг цаг тухайд үр дүнтэй гүйцэтгэж, үүрэг даалгаврыг биелүүлж байсан бөгөөд ямар нэг  алдаа, дутагдал гаргаагүй. Намайг үндэслэлгүй ажлаас халж 2016 оны 11 сараас 8 сар ажилгүй хохироож байна. Иймд 2016 -11-21-ний өдрийн Б/693 тушаал хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: “...Ц.Т хэрэглэгчтэй харилцах албанд ажиллаж байсан бөгөөд үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлаа хийдэггүй, цагаа бүртгүүлэхгүй зөрчил гаргаж олон удаа арга хэмжээ авагдаж байсан. Дээрх нөхцөл байдлаас болж түүний ажлын байрыг өөрчлөх зорилгоор Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор шилжүүлж ажиллуулсан. Гэтэл алдаа дутагдал нь байнга давтагдаж, хэрэглэгчээс цахилгааны төлбөрийг аваад 4 хоногийн дараа тушаасан зөрчил гаргасан. Хэрэглэгч цахилгаан хэрэглэсний төлбөрөө төлсөн байтал мөнгийг тушаахгүй олон хоног болсон талаар гомдол гаргаснаар уг зөрчил илэрсэн. Энэ нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил тул гүйцэтгэх захирлын 2016-11-21-ний өдрийн Б/693 дугаар тушаалаар халсан. Тушаал гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан  бөгөөд шаардлага гаргах хугацаа дууссан байна. Ц.Тын зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулсан, гомдол гаргах хугацаагаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/00804 дүгээр шийдвэрээр Ц.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1446 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/00804 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 129 дүгээр зүйлийн 129.2 гэснийг ... 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Ц.Тын гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: “... Нийслэлийн Иргэний Давж заалдах шатны шүүхээс №1446 тоот магадлалыг хүлээн аваад энэхүү гомдлыг бичиж байна. Уг магадлалын тогтоох хэсгийн 1-д заасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/00804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 129 дүгээр 129.2 гэснийг ...128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 гэснийг өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэжээ. Мөн 3-р заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын гомдол гаргах хугацааг тогтооход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэжээ. Эдгээр заалтууд нь миний хүсэлтийг хүлээн авч гомдлыг барагдуулсан шийдвэр биш байна. Нэхэмжлэгч Ц.Т би 2016-11-21-ний өдөр ажлаас халагдах тушаал авч, эхлээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад намайг үүдэнд нь өргөдөл гомдол хүлээн авдаг, бүртгэдэг 2 хүнтэй шилэн кабины 2 хүний нэг нь материал бүрдсэн эсэхийг лавлаад бүрдүүлэх материалын жагсаалын товхимолыг өгсөн. Уг товхимолд ажлаас халагдсаны дараа дээд шатны байгууллагад хандаж хариу авсан байх ёстой гэсний дагуу би ЭХЯ-д гомдол бичиж хариугаа хүлээн хугацаа алдаад, гомдлын хариуг 2017-06-17-нд авч. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017-07-06-ны өдрийн 128/ШЗ2017/14440 тоот захирамжаар нэхэмжлэлээс татгалзан Иргэний хэргийн шүүхэд ханд гэж хэлсэн.       Захиргааны хэргийн шүүхэд шуудхан хандаагүй гэж намайг хэлсэн тул товхимолд гуйж дардас даруулсан юм. Учир нь уг товхимол миний халагдсанаас хойш нэг сар долоо хоногийн дараа өөрөөр хэвлэгдэн өгөгдөх болсон нь миний энэ хугацаанд хандсаныг харуулах болов уу гэснийх. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүгч маань түр Улаанбаатарт Дорноговиос ирж ажиллаж байгаа гэж өмгөөлөгч Ням хэлсэнээ хэрэг хувиарлахад өмгөөлөгч хүн өөрөө шүүгчээ сонгодог юм байна гэсэн ойлголт төрүүлсэн тэр амралттай байгаа шүүгч Урангуад хувиартайг надад мэдэгдсэн. Хуулийн мэдлэг бага надад тааруулан хариуцагч, шүүгч, шүүгчийн туслах, өмгөөлөгч маань... яагаад онц ноцтой зөрчил гэсэн юм бэ. Ямар зөрчлийг ноцтой гэж үздэг акт бичиг байдаг уу гэсэн асуултанд ийм зүйл яриад хэрэггүй гэсэн хариуцагчийн үгээр дуугаа хураацгаасан зэрэг байдлаас хуйвалдсныг мэдэн дараагийн шүүх хуралдаанаас өөрийн хувийн амьдрал олон жилээр нөхрийн мөнгөтэй сүлбээтнүүдийн дарамт хахалтаар, мөн өөрийн 2016-11-21-ний өдрөөс хойш өнөөдрийн хүртэл ажилгүй өрх толгойлсон зэргээс санхүүгийн дарамтанд орсон хүнд өмгөөлөгч сэлгэж хөлслөх боломж байсангүй. Энэ нь хариуцагчийн анхнаасаа зорилгодоо хүрсэн, зайлуулахад торох зүйлгүй гэсэн алсын хараанд нь тов тод байсан гэхэд эргэлзэхгүй байна. Тухайн Урангуа шүүгч дээр бүтэн 3 сар хуйвилдагч өмгөөлөгчийн зааварчилсан тэдний тохиролцоогоор бичгээр үйлдэн худал хугацаа алдуулсаар эцэст нь үнэхээр миний тусын тулд гаргуулах баримт болох яриа дууны бичлэгүүд дээр татгалзсан, өөрөө олж авах гэхээр байгууллагаас надад гаргаж өгөх хүн яаж байхав. Энэ бүгдээс бодлоготойгоор ухаан бодлыг минь барьцаалсан гэсэн сайрхаж ярьдаг хүмүүстэй холбоо сүлбээтэйгээр, хаашаа гарч орж хэнтэй уулзаж учирч, утсаар холбогдож байгааг зөвхөн ажил дээр хянаж байсныг жил ирэх тусам мэдэж цагдаа тагнуул бүр хууль сахиулах байгууллагаар шат дараалан халагдахаасаа өмнө яваад, тэр бүрдээ гүтгэсэн доромжилсон арга хэмжээнд өртлөө, зохиомол ажиллагаанд нь өртөж, мөн сэрэмжлэл болгоомжлол урьдаас харсан нарийвчилсан ажиллагааг явуулахад нь хүргэдэг байсан нь гэрчилнэ. Дуудлагын төвөөс гэнэт Баянзүрх дүүргийн ХҮТ салбар руу шилжүүлэхэд ч мөн хүний нөөцтэйгээ намайг дагалдаж тог тасралт, утас цохилт, мөнгө тараалт болж байгаагаас төвөг учирч байгаагаа мөнгө тараалтыг мэдсэн тухайгаа өөр хүнтэй мессеж бичсэний төлөө дуудагдан ам зөрсөн билээ. Энэхүү тараагдаж буй мөнгөнд оногдон хөлжиж бэлжихийг хүссэн хамт ажиллагсад, түүнтэй хуйвалдагч хэрэглэгчид багагүй зөрчилд унагахыг эрмэлзүүлэн үйлддэг байсан. Энэ тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий прокурорт бичээд байна. Миний гаргасан онц ноцтой зөрчил гэгч хэрэглэгчээс (хоёр сараар төлбөрөө төлөөгүй 39,000 төгрөг) бэлнээр авч компанийн кассанд тушаасан явдал юм. Үнэндээ бол авлага барагдуулах хэсгийн авлага барагдуулагч монтёр би өртэй хэрэглэгчийн өрийг л барагдуулсан. Хэдийгээр бэлнээр мөнгө авдаггүй, би энэ нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй нь үнэн гэдгийг л хүлээн зөвшөөрсөн. Бэлнээр мөнгө авах асуудал байгууллагуудын (дүүрэг бүрийн) монтёруудын хувьд ердийн байнга үйлддэг л асуудал учир нь төлөвлөгөө биелүүлж салбараараа шагналын хувиа алдахгүй тулд төлбөрөө төлөх хугацаа нь болсон айлуудаасаа цаг нь тулчихсан учир шууд бэлнээр цуглуулаад ороод ирдэг (миний ажиллаж байхад) одоо ч би санаандгүй таарсан. Энгийн үед ч ажил алба нь давхцсан, хүн бүл цөөтэй, холын станцын хэрэглэгч гэх мэт элдвийн амьдралын шалтага тоочсон гуйсан хэрэглэгчүүдээс мөнгийг нь бэлнээр аваад л байдаг юм билээ. Миний ирээд удаагүй учраас мөнгө авдаггүй байсан. Харин энэ хэрэглэгч жирэмсэн хоёр бага насны хүүхэд дагуулсан учирлаад гуйхад нь би хоёр хорьтын дэвсгэрт аваад тогийг нь таслалгүй, компанийн кассанд 4 хоногийн дараа тушаасан. Дээрх мөнгө авдаг гэдгийг баталгаажуулах баримт болгож намайг дуудлагын төвд (төвийн) ажиллаж байхад хэрэглэгчээс ирдэг дуудлагад цах төлбөрөө өгөөд явуулсан орсон эсэх яагаад тушаахгүй байна эсвэл шинэ монтёр байсан мөн үү цаашид манай станцаар явах уу гэхчилэн, эсвэл бүр гомдлол ихээр таарч байсан. Тухайн үед хэсгийн ахлахууд тийм хэрэглэгчийн ярианы ангиллыг гомдлоор бүртгэж болохгүй шүү бас тодорхой тоод хүртэл цалингаасаа хасуулчихна шүү гэж захидаг нэг удаад л ажлаас халдаг гэж дурдагдаагүй. Дуудлагын төвд 30 мэргэжилтэн суудаг ганц надад тийм яриа таардаггүй байсан байх. Иймд тохиолдол багагүй гардаг гэж бодож байна. Энэхүү бичлэг (дууны) бичвэрүүд хадгалагдаад үлдсэн байдаг. Үүгээр баримт болгоё; мөн өглөө нь 3 станцын захиалга өгч өртэй хэрэглэгчийн мэдээг аваад гарч 2 оор яваад байтал, хууль сахиулах байгууллагаас дуудагдан 3 дахь станцаар яваагүй байтал, энэ станцын хэрэглэгчээс намайг очсон мэтээр нэр дээр минь гомдол ирсэн удаатай. Мөн өөрийн хувиартай станцаар явж байхад таслуулах тоонд байгаа хэрэглэгч төлбөрөө өчигдөр уржигдар 2 хүнд өгсөн гэхчилэн өөдөөс хэлдэг. Яг үүнтэй адилаар энэ ноцтой зөрчил гэгчийн дараагаар миний нэр дэр мөн гомдол өгнө бэлэн мөнгө авсан гэж гүжирдсэн зэргийн эзнийг нь амархан тодруулж болх баримтыг гаргуулах гэхэд татгалзсан. Миний энэ ноцтой зөрчлийг үйлдүүлсэн хүн, намайг шинэ байцаагч авж байсан дараа нь энд ирэх үү мөн үү л гэж лавласан байх гэж бодож байна. Надаас тогоо тасдуулахгүйн тулд тэгтлээ гуйж учирласан шүү дээ. Харин би мөнгийг ажлын хувцасны энгэрийн халаасанд хийгээд товчилсон шонд авирч буух учир. Тухайн өдөр оройтсон мартсан санасан ажлын бус амралтын өдөр тохиогоод 4 хонуулж тушаасан хэрэв олон хэрэглэгчээс их мөнгө өгч карма түнтийсэн бол мартахгүй байсан байх аа. Монтёроор удаагүй өөрийн хувиартай станцаараа нэгд нэгэнгүй явж ажлуудтайгаа щиттэйгээ танилцдаг байснаас оройтдог байсан. Тухайн жирэмсэн хэрэглэгч олон дахин өдөр бүр залгаж гомдоллоод байсан бол санаатайгаар урхидсан байх гэж дээрх тохиолдлуудаас үзэж болох юм. Энэ нь намайг Баянзүрх ХҮТ-д хүрээд ирээд хөдөлмөрийн гэрээнд халагдах өдрийн өглөө гарын үсэг зуруулсан явдлаас харахад хүсэн хүлээсэн төвөөсөө даалгавартай байсныг харуулж байдаг. Би ахин хөдөлмөрийн гэрээ бичдэгийг мэдэж, нэг эргэлзээд гарын үсэг зурсан. Гэтэл араас нь төвөөс таныг дуудуулсан гэж хэлээд тэнд халагдах тушаалаа авсан. Дараахнаар нь Баянзүрхийн хүний нөөц гарын үсэг зуруулагч солигдож, БЗ-дуудлага хүлээн авагч тодорхой шалтгаанаар ажлаас халагдсан байна лээ. Шүүх хурлууд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувийн ашиг сонирхолтой юм уу гэмээр элий балай буруутгах үг, үйлдлийн талаар түрүүчийн өргөдлүүд дээр бичсэн байгаа. Ингээд намайг төдийгөөс өдий хүртэл ажилгүй суулгаж, амьдрал ахуй ажил албаар минь хохироосон. Хүний ажил алба бол хоёрдогч гэр орон байх ёстой байтал би бол тэдний, мөнгөжих танил талтай болох хэрэгсэл болон хувирсан. Иргэн миний шүүхийн шат болгонд гомдолсныг минь уншиж бодолцон, хохирлыг барагдуулаасай. Харин тэдний дараа дараагийн хэргээ төвөггүй шийдэх танилын хүрээгээ өргөтгөсөн асуудалд бүү өртөөсэй гэж найдан бичлээ. Би ОХУ-ын УТИ-д цахилгааны инженер мэргэжлээр төгссөн ч тухайн нөхцөл байдал шударга бус санагдаж хуулийн мэдлэг дутуугаас Баянзүрх ХҮТ-рүү шилжигдэхдээ дуугай зөвшөөрсөн. Тэгээд ч гэр маань хажууд нь хэдэн алхмын зайд байсан билээ. Одоог хүртэл хяналт, хяхалт, тагналт, чагналт, ажилгүйдэлт эд бүгдийн ард гарахыг эрмэлзэж хуулийн үнэн зөвийг тогтооход, төрийн хууль цаазтайд итгэхийг хүсч хяналтын дээд шатны та бүхэнд бичлээ.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ц.Т 2017-08-02-ны өдөр “... сүлжээ” ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-н ажилд эгүүлэн тогтоолгох,олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих        дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зөрчил гаргасан тул ажлаас халсан... түүнчлэн нэхэмжлэгч нь гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн ...” гэж маргасан байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахдаа Ц.Тын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзжээ.    

         Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         1.Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ зохигч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх,үүргийг тайлбарлан өгсөн /хх 17/ байна.Түүнчлэн, Ц.Тын нэхэмжлэлтэй энэ хэргийг шүүх анх 2017-10-30-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 180/ШШ2017/02331 дугаар шийдвэр гаргасан /хх 66-67/ боловч уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2017-012-25-ны өдрийн 04 дүгээр магадлалаар хүчингүй болсон /хх 77-81/ бөгөөд үүнээс хойш шүүх талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар дахин тайлбарлан /хх 84/ хэргийн баримттай танилцуулжээ. /хх 86, 98/

        Нэхэмжлэгч, хариуцагч тал шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд шүүх зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.   

        Тодруулбал, хэрэгт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 128/ШЗ2017/4440 дүгээр захирамж /хх4-7/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх8/, ажил олгогчийн 2016-11-21-ний өдрийн б/693 дугаар тушаал /хх9/ бөгөөд уг тушаалыг гардан авсан баримт/хх37/, хариуцагчийн 2017-05-30-ны өдрийн 6/1497 дугаар албан бичиг /хх10/, Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017-06-07-ны өдрийн 1/1866 дугаар албан бичиг /хх11/, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх12/, ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны 2016-12-08-ны өдрийн тойрох хуудас /хх36/, байгууллагын дотоод журам/хх45-55, ажлын байрны тодорхойлолт/хх56-60/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “мэдээлэл” /хх 89-90/ болон зохигч талуудын тайлбар, хүсэлт авагдсан бөгөөд эдгээрийн хэмжээнд хяналтын гомдлын талаар тус шүүхээс дүгнэлт хийнэ.

         2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан байна. Ц.Т 2016-11-21-ний өдрийн б/693 дугаар тушаалаар Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-ийн ажлаас  халагдсан /хх 9/, уг тушаалын хувийг 2016-11-22-ны өдөр хүлээн авсан /хх 37/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017-06-30-ны өдөр нэхэмжлэл гаргасан /хх 4/-г шүүх 2017-07-06-ны өдрийн 128/ШЗ2017/4440 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан /хх 4-7/, иргэний хэргийн шүүхэд 2017-08-02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

        Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан, Ц.Т “..өргөдлөө холбогдох дээд байгууллагад гарга гэсний дагуу гаргасан.хууль мэдэхгүйгээс хугацаа алдсан ...” гэх боловч энэ нь хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүй байна. Түүнчлэн, захиргааны хэргийн шүүхэд 2016-11-25-ны өдөр гаргасан нэхэмжлэл хэрэгт авагдаагүй тул “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “мэдээлэл” гэх баримтыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд нийцэхгүй.

         Эрчим хүчний яамны 2017-06-07-ны өдрийн 1/1866 дугаар албан бичиг, хариуцагч 2017-05-30-ны өдрийн 6/1497 дугаар албан бичиг үйлдэгдсэн огноог нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан үзвэл, Ц.Т 2016-11-21-ний өдрийн б/693 дугаар тушаалтай холбоотой гомдлыг 2016-12-22-ны өдрийн дотор “...яаманд гаргасан...” гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 129 дүгээр зүйлийн 129.2-г зөрчөөгүй байна.       

           3. “... сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/693 дугаартай тушаал гаргаж /хх 9/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн гэж Ц.Тыг Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-ын ажлаас халжээ.  

         Нэхэмжлэгч нь хэрэглэгчээс цахилгааны төлбөрийг бэлнээр хүлээн авсан, авсан мөнгөө тодорхой хугацааны дараа зохих газар тушаасан зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил гүйцэтгэсэн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. 

         Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1446 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ