Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00997/И |
Дугаар | 001/ХТ2019/00070 |
Огноо | 2019-01-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2019/00070
Г.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1696 дугаар магадлалтай,
Г.Ц-гийн нэхэмжлэлтэй
ЭМХТ-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамцын гарын үсэгтэй 03 дугаартай байгууллагын хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж, зарим ажлын байрны орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэж Эм, Эмнэлгийн хэрэгслэлийн албаны даргын ажлын байрны орон тоо хамрагдаж, Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцлах болсон тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 5 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр миний ажлыг Ш.Энхзаяад өгөхөөр комисс ажиллаж түүнд хүлээлгэн өгсөн. Гэвч намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, цалинг хэвээр олгосон. Ийнхүү намайг орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн мэдэгдэл өгөөд тушаал гаргаагүй байхдаа миний ажлыг мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяад хүлээлгэн өгсөн нь хууль бус байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 3 дугаарын 01-ний өдрийн А/70 дугаартай тушаалаар ЭМХТ-ийн бүтцэд өөрчлөлт оруулж миний удирдан ажиллаж байсан Эм эмнэлгийн хэрэгслэлийн албыг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл 2 албыг нэгтгэж 1 алба болгосноор 1 албаны даргын орон тоо цөөрсөн гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох журамтай. Гэтэл ажиллаж байсан 2 албаны даргын хооронд сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргын албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн. Иймд ЭМХТ-ийн ерөнхий захирлын М.Энхзаяаг Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар томилсон тушаалыг хүчингүй болгож намайг тус албаны даргаар томилохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, ЭМХТ-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай, мөн сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар хуучнаар Эм, эмнэлгийн хэрэгслийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэн шинээр Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг зохион байгуулсан. Энэхүү албан тушаалд тухайн үед ажил олгогчоор ажиллаж байсан Ерөнхий захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц нь байгууллагадаа ажиллаж байгаа албан хаагчдаасаа ажлын туршлага, боловсролын зэрэг, ур чадвар болон бусад шалгууруудыг харгалзан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Энхзаяаг төрийн албаны мерит зарчмыг баримтлан томилсон. Г.Ц-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.9-д заасны дагуу ажилтныг 3-аас доошгүй ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэх чадвартай болгох, ажилтны мэдлэг, ур чадварыг нь хэрэгцээтэй ажил үүрэгт ашиглах, ажлын байран дээр суралцах тогтолцоог хэвшүүлэх зорилгоор байгууллагын хэрэгцээ, ажлын шаардлагыг үндэслэн өөрчлөх эрх нь ажил олгогчид байдаг. Хөдөлмөрийн гэрээний хувийг банкны зээлэнд хамрагдах зорилгоор өөрөө авсан/ Г.Ц-д мэдэгдэх хуудас өгч, өмнө хийж байсан ажлыг нь хүлээж авахдаа Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалуудаар төвийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн Эм, эмнэлгийн хэрэгслийн алба байхгүй болсныг баримтлан цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Дээрхи нөхцөл байдлын улмаас Г.Ц-д Мэдэгдэх хуудас өгч, ажлыг нь хүлээж авсан байна.
Ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй дараах шалтгаан нөхцөл байсан. Мэдэгдэх хуудас өгөөд 1 сарын хугацаа дуусаагүй байсан бөгөөд Г.Ц-г өөр албаны даргаар ажиллуулах саналыг өмнөх ажил олгогчийн зүгээс тавьж харилцан тохиролцсноор Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилохоор нэр дэвшүүлж, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 291 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Албан бичгийн хариу нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын гарын үсэгтэйгээр Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05/2375 дугаартай албан бичгээр ирсэн. Өмнөх удирдлага Авлигатай тэмцэх газрын албан бичигтэй 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцан, холбогдох албан тушаалтанд тушаал гаргах үүрэг өгч цохолт хийж, Г.Ц-г Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар томилохоор тушаалын төсөл боловсруулан холбогдох албан тушаалтнуудаар хянагдан тойрч байх хугацаанд тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Содномжамц нь албан томилолтоор ажилласан. Эрүүл мэндийн сайд 2018 оны Б/28 дугаар тушаалаараа Э.Содномжамцыг 2018.04.02-ны өдрөөс ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд ЭМХТ-ийн Ерөнхий захирлаар хүн томилогдоогүй байсан. Эрүүл мэндийн сайдын 2018.04.17-ны өдрийн Ажилд томилох тухай Б/31 дүгээр тушаалаар Д.Ганцэцэгийг төвийн Ерөнхий захирлаар томилсон. Г.Ц- нь Э.Содномжамцтай өөр албан тушаалд томилогдохоор харилцан тохиролцсон нь ЭМХТ-ийн АТГ-т явуулсан болон АТГ-аас ирүүлсэн бичгээр нотлогдож байгаа тул Г.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Цэцэнсанааг хариуцагч ЭМХТ--ийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭМХТ--д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.442.451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэцэнсанаад олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн хийхийг хариуцагч ЭМХТ-д даалгаж, нэхэмжлэгч Т.Цэцэнсанаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭМХТ--с улсын тэмдэгтийн хураамжид 38.029 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1696 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ЭМХТ- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Эрүүл мэндийн сайд “ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2018.01.31-ний өдрийн А/21, “ЭМХТ-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” 2018.03.01-ний өдрийн А/70 дугаар тушаалаараа Эм, эмнэлгийн хэрэгслийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба гэсэн 2 албыг нэгтгэн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба болгон зохион байгуулсан тул ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц ажлын туршлага, боловсролын зэрэг, ур чадвар болон бусад шалгууруудыг хангасан мэргэжилтэн Ш.Энхзаяаг тухайн албаны даргаар томилсон. Нэхэмжлэгч Г.Ц-г Эрүүл мэндийн мэдээллийн албаны даргаар ажиллуулах саналыг ажил олгогчийн зүгээс тавиад харилцан тохиролцсоны үндсэн дээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2018.03.14-ний өдрийн 291 дугаартай албан бичгийг хүргүүлснээр нь Авлигатай тэмцэх газраас “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 2018.03.21-ний өдрийн 05/2375 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Энэ үед Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Содномжамц нь Эрүүл мэндийн сайдын А/78 дугаар тушаалаар Эстони улсад 2018.03.24-31-ний өдөр, мөн сайдын Б/24 дүгээр тушаалаар 2018.04.02-05-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод тус тус албан томилолтоор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд нь Эрүүл мэндийн сайд 2018 оны Б/28 дугаар тушаалаараа 2018.04.02-ны өдрөөс Э.Содномжамцийг ЭМХТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд ЭМХТ-ийн Ерөнхий захирал томилогдоогүй байж байгаад Эрүүл мэндийн сайд 2018.04.17-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаараа Д.Ганцэцэгийг тус төвийн Ерөнхий захирлаар томилсон. Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц Г.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал шийдвэр гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан байгаад гомдолтой байна. Харин ажил олгогч ажлын байраар хангах талаар харилцан тохиролцсон нь хэргийн нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд хэрэгт холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн хянан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.Ц-, хариуцагч ЭМХТ-д холбогдуулан тус төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т анхан шатны шүүх хэргийн талаар “нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзвэл тэрээр байгууллагын бүтэц зохион байгуулалтаар түүний ажиллаж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн албыг, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нэгтгэсэн тул шинээр бий болсон “Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргаар тогтоолгох”-ыг хүсчээ. Харин шүүх нэхэмжлэгчийг “эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргаар” тогтоож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
2. Ажилтанд хүргүүлсэн ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот мэдэгдэлд ЭМХТ-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний А/21 тоот тушаалаар байгууллагын орон тоог цөөрүүлсний дотор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны даргын орон тоо хасагдсан талаар дурдаад, нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй ажлыг урьдчилан хүлээн авч, харин гэрээг 1 сарын дараа цуцлах, энэ хугацааны цалин олгох болохыг заасан байх бөгөөд шүүх эдгээр нөхцлийг хэрхэн үгүйсгэснээ шийдвэр, магадлалдаа тодорхой заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Шүүх орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн ба энэ талаар тодруулж үйл баримтыг зөв тогтоох боломжтой байжээ. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21 тоот, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 тоот тушаалаар ЭМХТ-ийн бүтэц, орон тоо хэрхэн өөрчлөгдсөн, шинээр байгуулагдсан гэх Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны даргыг хэрхэн томилсон нь тодорхой бус байх тул хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэж гэж үзнэ.
4. Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасан зохицуулалтыг нэхэмжлэлийг хангах үндэслэл гэж үзсэн нь буруу байна. Тухайн зохицуулалтад ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах ажил олгогчийн үүргийг заасныг шүүх анхаараагүй байна. Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ.
Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/01073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1696 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ