Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 503

 

МАГАДЛАЛ /өөрчлөлт/

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.С, З.Э нарт

           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ........................ даргалж, шүүгч .........................., ............................ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.О,

Цагаатгагдсан этгээд З.Э,

Шүүгдэгч Б.С, цагаатгагдсан этгээд З.Э нарын өмгөөлөгч Д.Э,

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Ш.Б,

Нарийн бичгийн дарга ............................... нарыг оролцуулан,

........................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ...................-ын даргалж хийсэн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, З.Э нарын өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.С, З.Э нарт холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг ... оны ... дугаар сарын ...-ний өдөр хүлээн авч, шүүгч ....................-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.С, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, ам бүл ..., ..., ...-ийн хамт ....................... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ...-... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

Эрүүдэн овгийн З.Э, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..., ...-ийн хамт ...................... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ...-... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .................../,

Б.С нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 22 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав худалдааны төвийн автобусны буудлын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.02 хувийн согтолттой үедээ Тоёота Приус-30 маркийн 22-26 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Аюул саад бий болсон нөхцөлд жолооч зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Л-ийг мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт,

З.Э нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “би автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ойролцоогоор 40 гаран км/цагийн хурдтай явж байгаад баруун гар тийш Саппоро-гоор эргэж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гэрлүүгээ харихаар замын гуравдугаар эгнээгээр Цамбагаравын автобусны буудал өнгөрөөд явж байтал гэнэт машины зүүн урд талд тас түс гээд явсан. Тэр үед манай нөхөр надад “чи хүн дайрчихлаа зогсоорой, зогсоорой” гээд хувцасны ар хэсгээс татсан. Тэгээд би цааш очоод нэгдүгээр эгнээнд зогссон. Би 40 гаран км/цагийн хурдтай явж байсан. Би явган зорчигчийг огт хараагүй гэнэт автомашины зүүн урд талд түс тас хийх чимээ гарсан. Тэр үед манай нөхөр “чи хүн дайрчихлаа зогсоорой” гэж хэлсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар, З.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүдэн овогт З.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Боржигон овогт Б.С-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.С-оос 10.000.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 16-09 тоотод оршин суух Х.О /РД: ШЕ63113005/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.С, З.Э нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэг, HP маркийн 4GB хэмжээтэй флаш диск 1 ширхэг, шинжээчийн дүгнэлтийн хавсралт DVD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн Б.С-ын 529407 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, З.Эийн 873892 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, Б.С-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Э, Б.С нарт тус тус буцаан олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.С--од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С, цагаатгагдсэн этгээд З.Э нарын өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч З.Эт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосоныг хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.С-ын зүгээс хохирогчид учруулсан оршуулгын зардал болон бусад зардал болох 13.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Шүүх хуралдаанаар сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг нэхэмжилснээс 10.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүх тогтоосон. Шүүхээс тогтоосон 10.000.000 төгрөгийг шүүх хуралдааны дараа 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч талд төлсөн. Хүний амь нас хохирсон тал дээр маргахгүй, маш их харамсаж байгаа. Шүүгдэгч Б.С-оос өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байдаггүй. Эхнэр нь тодорхой хэмжээний хөдөлмөрийн чадвар алдалттай. Үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, шүүгдэгч Б.С-д оногдуулсан хоёр жилийн ялыг нэг жил болгон өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв. 

 

Цагаатгагдсэн этгээд З.Э тус шүүх хуралдаанд: “Тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан саналтай ижил саналтай байна. Шүүгдэгч Б.С нь 2-6 насны хоёр хүүхэдтэй. Мөн цалингийн зээлтэй амьдралын хэцүү байдалд байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг мөрдлөгө болгон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, мөн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Б.С нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цаг 22 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагарав худалдааны төвийн автобусны буудал орчмын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.02 хувийн согтолттой үедээ “Тоёота Приус-30” загварын 22-26 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-д заасан “Аюул саад бий болсон нөхцөлд жолооч зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Л-ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ийн мэдүүлэг /хх-118-124-1хх/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /хх-50-1хх/, гэрч Д.Ч-ийн мэдүүлэг /хх-51-52-1хх/, гэрч Н.А-ийн мэдүүлэг /хх-137-138-1хх/, шүүгдэгч Б.С-ын мэдүүлэг /хх-5-7, 8-10-2хх/, шинжээч эмч Р.Ц-ийн мэдүүлгүүд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-92-93-1хх/, жолоочийн согтуурал шалгасан лавлагаа /хх-14-1хх/, шинжээчийн 280, 2164 дугаартай дүгнэлтүүд /хх-202, 147-149-1хх/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 651 дугаартай дүгнэлт /хх-184-185-1хх/, зам тээврийн осол, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл /хх-95-102-1хх/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөн З.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулж байцаалт авахдаа гэрчээр татаж, хууль сануулж эрх зүйн ач холбогдол үүсгэлгүйгээр байцаалт авсан байх тул түүнийг “мөрдөн шалгах ажиллагааны үед ...зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, З.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Шүүгдэгч Б.С болон цагаатгагдсан этгээд З.Э нарын өмгөөлөгч Д.Э-ийн гаргасан “...Б.С нь бага насны 2 хүүхэд, группэд байдаг эхнэрийн хамт амьдардаг бөгөөд ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон эдийн бус сэтгэл санааны хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирол бүрэн төлөгдсөн /хх-244-2хх/ талаар баримт гаргасан, шүүгдэгч Б.С болон цагаатгагдсан этгээд З.Э нар нь 4-6 насны 2 хүүхэдтэй, эхнэр З.Э нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалттай зэрэг хувийн байдлууд болон гэмт хэрэг гарахад хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал нөлөөлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иймд шүүгдэгч Б.С, цагаатгагдсан этгээд З.Э нарын өмгөөлөгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, ...................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .......................... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 .............................

 

                                      ШҮҮГЧИД                                                    .............................

 

                                                                              .............................