Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00338

 

Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дүгээр шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

Т Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Д, Ц.Г, Х.Бнарт холбогдох, 

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 39.065.460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Ц.Г-ийн өмгөөлөгч З.Х, хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Т Д ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Т Д ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29.111.900 төгрөгийг дутагдал илэрсэн. Уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 20160700009 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Т Д ХХК-д 29.089.220 төгрөгийн хохирол учирсан болохыг Улаанбаатар аудит ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 193 тоот аудитын дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон боловч хариуцагч тус бүр хэзээ, яаж, хэдэн төгрөгний хохирол учруулсныг шинжээчийн болон аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй, хариуцагч тус бүрийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой биш гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр эрүүгийн хэргийг прокуроын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид нь байгууллагад 29.111.900 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсоны үндсэн дээр байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д.Дамидмаа аудиторын ажлын хөлс 616.700 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 400.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар аудит ХХК-иар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 3.500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 2.400.000 төгрөг, нийт 6.916.700 төгрөгийг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн. Иймд байгууллагад учирсан нийт хохирол 36.005.920 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12.001.980 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түгээгч Х.Б 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Т Д ХХК-д бичгээр гаргасан тайлбартаа Могойн бор харилцагчаас хувийн дансандаа барааны үнэ 3.059.520 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж бичсэн ч төлөлт хийгээгүй болно. Иймд Х.Боос дээрх 12.001.980 төгрөг дээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Могойн бор харилцагчид нийлүүлсэн барааны хувийн дансандаа шилжүүлэн авсан 3.059.520 төгрөг, нийт 15.061.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус компанийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гэнэтийн тооллогоор 29.111.900 төгрөгийн дутагдал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж бидний хууль бусаар бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг уг компани нь дутагдлаа төлөхөө зөвшөөрвөл цаашид ажиллаад хохирлоо барагдуул, шүүх цагдаа гэхгүй өнгөрнө гэж биднийг хуурч төлөх баталгаа бичүүлж авсан боловч хууль хяналтын байгууллагад өгсөн байсан. Мөн намайг ажиллуулахгүй байгаа боловч чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, тушаал шийдвэр гардуулаагүй байгаа болно. Иймээс бид ямар учраас хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн, хэрхэн ямар учраас дутагдсан болох нь ч тогтоогдоогүй, уг дутагдалд намайг гэм буруутай болохыг өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд миний бие нь ямар үндэслэлээр надаас 12.001.980 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасангийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Х.Б нь энэ компанид түгээгч хийдэг байсан бөгөөд түүнийг хэдэн сарын хэдний өдөр ямар ямар бараа аваад, түгээлтийн хугацаанд ямар ямар бараагаа дутагдуулаад энэ 12.000.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тогтоогдохгүй байна. Тухайн үед Х.Б нь бараа аваад буцаагаад бэлэн мөнгөөр нь болон өөрийнхөө дансаар эсхүл авсан байгууллагууд нь дансаар хийгээд явдаг байсан. Х.Бын агуулахаас авсан барааны юу, юу дутагдсан юм бэ гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ нь үе дамжсан өр бөгөөд би анх ажилд орохдоо ийм өртэй зүйл дээр орсон. Өмнө нь Дөрвөн өвөлжөө компанийн гэрээт байхдаа ийм өртэй байсан юм билээ. Энэ бол программын алдаа байх гэж бодож байна. Яагаад гэхээр би ороод жил ч болоогүй байхад ингэж их өр үүсэж байна. Үүнийг хэлж илрүүлээгүй байсан бол цаашаа даамжраад яваад байх байсан учраас эрт хэлж арга хэмжээ авахуулъя гэж бодсондоо хэлж илрүүлсэн. Иймд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Дгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Миний бие анх 2007 онд Зүүн хараа трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр компанийн нэр Т Д ХХК болж өөрчлөгдсөн. Миний бие 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын ахлахаар томилогдон ажиллаж байгаа болно. Ингээд 2016 оны 6 дугаар сараас энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд намайг эрүүгийн хэрэг шалгах хугацаанд миний ажлыг түдгэлзүүлээгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй өдий хүрсэн бөгөөд миний буруутай үйлдлээс мөнгө дутагдсан нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагч Б.Дгийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, манай компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй өөрөөр хэлбэл, Т Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаас хариуцаж байсан эд хөрөнгийнх нь үнэ буюу хохирлыг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан Б Д, Ц Г, Х Б нараас байгууллагад учруулсан хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай Т Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Дгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу гэм хорын хохирол нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр учруулсан байх нөхцөлийг хуульчилсан байна. Хариуцагч нарын хувьд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүд болон Прокурорын тогтоолоор байгууллагад 29.111.900 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогддог. Тухайн үед байгууллагын хохирол учирсан объектыг хариуцагч Б.Д, Ц.Г, Х.Бнар хариуцан ажиллаж байсан. Байгууллагад учирсан дутагдлыг бүгд мэддэг, хэрхэн шийдэхээ хоорондоо ярилцдаг, хоосон хайрцаг тоолуулах, шинэ орлогоороо хуучин \өөрсдийн хувьдаа завшсан мөнгийг\ дутагдлаа нөхөх зэргээр зөрчлөө нуун дарагдуулдаг байсан тухайгаа анхан шатны шүүх хурал дээр тодорхой тайлбарлаж ярьсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан. Хуульд заасан “...нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэдгийг Улсын Дээд Шүүх гэм хор учруулахад нөлөөлсөн тэдний оролцоог үл харгалзан гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээнд хариуцуулна гэж тайлбарласан. Байгууллагад учирсан 29.111.900 төгрөгийн хохирлыг хариуцагч нар нэг санаа зорилготойгоор, хамтарч учруулсан болох нь тэдний шүүх хуралдааны явцад өгч байсан тайлбар, санхүүгийн албанд өгсөн өргөдөл, дутагдлаа хамтран нуун дарагдуулж байсан үйлдэл зэргээс тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл хууль бус үйлдлээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь прокурорын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, хариуцагчдын өөрсдийнх нь тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог ч анхан болоп давж заалдах шатны шүүхээс эдгээр нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хариуцагч Б.Д, X.Баттогтох, Ц.Г нартай Т Д ХХК-ийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлнйн 8.3 дах хэсэгт ажилтан нь өөрийн буруутай үйлдлийн улмаас ажил олгогчид болон гуравдагч этгээдэд эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд бусад шийтгэл оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй л бол ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль тогтоомжинд энэ тухай нарийн заасан зохицуулалт байхгүй байхад хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан Б.Д, Ц.Г, Х.Бнараас байгууллагад учруулсан хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай “Т Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэжээ. Гэтэл Нэхэмжлэлийн шаардлага нь “Ц.Г, Б.Д нараас байгууллагад учруулсан хохирол болох тус бүр 12,001,980 төгрөг, Х.Багтогтохоос 15,061,500 төгрөг гаргуулах” байсан ба шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар тайлбарлан мэтгэлцдэг. Өөрөөр хэлбэл анхнаасаа Хөдөлмөрийн гэрээнд үндэслэж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх бус хууль бус үйлдлийнхээ үр дүнд байгууллагын эд хөрөнгөнд учруулсан хохирлоо барагдуулах нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Үүнээс анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огт нарийвчлан авч үзээгүй төдийгүй, үүнд үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөвхөн хөдөлмөрийн гэрээ түүнд үндэслэн байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж харж эрх ашгийг нь хохироосон, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнээс бусад шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй болох нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад Х.Боос “Могойн бар” харилцагчаас хувийн дансаар авсан 3.059.520 төгрөгийг гаргуулах гэсэн байдаг. Хариуцагч энэ мөнгийг авсан гэхдээ буцаагаад төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг байгууллагад төлөөгүй бөгөөд Х.Б төлсөн гэдгээ ямар ч баримтаар нотолдоггүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч буцааж аваагүй гэдгээ нотолж чадахгүй байна гэж үзэж хангахгүй орхихоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлох нь хариуцагчийн үүрэг билээ. Давж заалдах шатны шүүх үүнд мөн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нар нь байгууллагад хохирол учруулсан нь Аудитын байгууллагын дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хариуцагч нарийн өөрсдийнх нь шүүх хуралдаан дээр ярьсан яриа, тайлбар зэргээр тодорхой тогтоогддог. Хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагын Говь-Алтай аймаг дах салбарын, салбарын ахлагч, агуулахын нярав, түгээгчээр ажилладаг байсан бөгөөд ямар нэр төрлийн бүтээгдэхүүн хэдий хэмжээгээр дутагдсан болон ямар үнэлгээтэй талаар нэхэмжлэгч байгууллагаас тооллого хийн, баримтжуулсан баримт хэргийн материалд байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэн нь ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөртөө авсан зарж борлуулсан байгууллагад ямар хэмжээний хохирол учруулсан талаар баримт шаарддаг. Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагаас дээрх гурван хариуцагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсаныг тогтоох боломжгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд иргэний журмаар нэхэмжлэх тухай Проурорын тогтоолд заасан байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг зөв хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс үнэн зөв үнэлээгүй, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүргээ биелүүлээгүй байх тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож байгууллагад учирсан хохиролыг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т Д ХХК нь Б.Д, Ц.Г, Б.Б нараас  байгууллагад учирсан хохиролд нийт 39.065.460 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Д.Д Т Д ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт  Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  холбогдох зохицуулалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Т Д ХХК-ийн Говь-Алтай салбарын эд хөрөнгөөс тодорхой хэмжээний дутагдал гарсныг хариуцагч нар үгүйсгээгүй боловч дутагдлыг тухайн салбарын ахлагч Б.Д, агуулахын нярав Ц.Г, түгээгч Х.Б нарын хэний үйлдэлтэй холбоотой гэж үзэх, хохирол хэзээ, хэрхэн учирсан, дутагдлыг хариуцагч нар тэнцүү хуваан төлөх үндэслэл байгаа эсэхэд зохигч маргажээ.

Эрүүгийн хэргийн журмаар эд хөрөнгө үрэгдүүлж, завшсан гэх асуудлыг шалгахдаа хэн, хэзээ, хэрхэн дутагдал гаргасныг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн хэдий ч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ хариуцагч нар ажлын байрны тодорхойлолтод зааснаар ямар ажил үүргийг гүйцэтгэсэн, хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан, дутагдлыг илрүүлсэн гэх тооллого ямар баримтын үндсэн дээр хийгдсэн, бараа бүтээгдэхүүнийг төв байгууллагаас хэн, хэрхэн хүлээн авдаг, агуулахын барааг нярав ямар баримтаар түгээгчид хүлээлгэн өгдөг, ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх үндэслэлтэй эсэхийг тогтооход ач холбогдол бүхий нөхцлүүдийг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

Иймд хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх  боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасныг зөрчөөгүй боловч сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй, “авч хэлэлцэхгүй орхисон” байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхих” ойлголт зохицуулагдаагүй бөгөөд харин сөрөг нэхэмжлэлийг шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамт нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ үндэслэл шүүх хуралдаанаар илэрсэн бол сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 353.280 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ