Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2018/00319

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Т.Т-ийннэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.Д, Х.Б, Ц.Г нарт холбогдох

байгууллагад учруулсан гэм хорын хохирол 39.065.460 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Б.Д-ийн ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч Ц.Г, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Б.Д-ийн өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТД” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТД” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг дутагдал илэрсэн. Уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 20160700009 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад “ТД” ХХК-д 29.089.220 /хорин есөн сая наян есөн мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хохирол учирсан болохыг “Улаанбаатар аудит” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 193 тоот аудитын дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон боловч хариуцагч тус бүр хэзээ, яаж, хэдэн төгрөгний хохирол учруулсныг шинжээчийн болон аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй, хариуцагч тус бүрийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой биш гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэргийг прокуроын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид нь байгууллагад 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/  төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсны үндсэн дээр байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Дамидмаа аудиторын ажлын хөлс 616.700 /зургаан зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар аудит” ХХК-иар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг, нийт 6.916.700 /зургаан сая есөн зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөгийг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн. Иймд байгууллагад учирсан нийт хохирол 36.005.920 /гучин зургаан сая таван мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12.001.980 /арван хоёр сая нэг мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Түгээгч Х.Б 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “ТД” ХХК-д бичгээр гаргасан тайлбартаа “Могойн бор” харилцагчаас хувийн дансандаа барааны үнэ 3.059.520 /гурван сая тавин есөн мянга таван зуун хорин/ төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж бичсэн ч төлөлт хийгээгүй болно. Иймд Х.Б-с дээрх 12.001.980 төгрөг дээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын “Могойн бор” харилцагчид нийлүүлсэн барааны хувийн дансандаа шилжүүлэн авсан үнэ 3.059.520 төгрөг, нийт  15.061.500 /арван таван сая жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагад нийт 39.065.465 төгрөгийн хохирол учруулсан. Түүнийг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. “ТД” ХХК-ийн салбарын ахлах Б.Д, түгээгч Х.Б, агуулахын нярав Ц.Г нарт холбогдох 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дутсан материалын дутагдал байгаа гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ТД ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Тус ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэнэтийн тооллогоор 29.111.900 төгрөгийн дутагдал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж бидний хууль бусаар бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг уг компани нь дутагдлаа төлөхөө зөвшөөрвөл цаашид ажиллаад хохирлоо барагдуул, шүүх цагдаа гэхгүй өнгөрнө гэж биднийг хуурч төлөх баталгаа бичүүлж авсан боловч хууль хяналтын байгууллагад өгсөн байсан. Мөн намайг ажиллуулахгүй байгаа боловч чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, тушаал шийдвэр гардуулаагүй байгаа болно. Иймээс бид ямар учраас хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн, хэрхэн ямар учраас дутагдсан болох нь ч тогтоогдоогүй, уг дутагдалд намайг гэм буруутай болохыг өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд миний бие нь ямар үндэслэлээр надаас 12.001.980 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Б нь энэ компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөггүй. Ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа бэ гэхээр Х.Б нь энэ компанид түгээгч хийдэг байсан. Тэгэхээр Х.Б-ын энэ компаниас хэдэн сарын хэдний өдөр ямар ямар бараа аваад, түгээлтийн хугацаанд ямар ямар бараагаа дутагдуулаад энэ 12.000.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тогтоогдохгүй байна. Тухайн үед Х.Б нь бараа аваад буцаагаад бэлэн мөнгөөр нь болон өөрийнхөө дансаар эсхүл авсан байгууллагууд нь дансаар хийгээд явдаг байсан. Х.Б-ын агуулахаас авсан барааны юу, юу дутагдсан юм бэ гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Могойн бор харилцагчид нийлүүлсэн барааг хувийн дансанд шилжүүлж авчихаад байгууллагад өгөөгүй гэж байна. Х.Б-ын дансанд энэ мөнгө орсон юм уу, Х.Б энэ мөнгийг компанид төлөөгүй юм уу гэдэг талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ мөнгийг Х.Б нь миний дансанд орох нь орсон гэхдээ би буцаагаад төлсөн гэдэг. Өмнө нь Цагдаагийн байгууллагад ч энэ талаарх мэдүүлгээ өгөөд дансны хуулгаа аваад өгч байсан юм. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ мөнгийг Х.Бтөлөх учиргүй юм гэв.

Хариуцагч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр энэ үе дамжсан өр, би анх ажилд орохдоо ийм өртэй зүйл дээр орсон. Өмнө нь “Дөрвөн өвөлжөө” компанийн гэрээт байхдаа ийм өртэй байсан юм билээ. Энэ бол программын алдаа байх гэж бодож байна. Яагаад гэхээр би ороод жил ч болоогүй байхад ингэж их өр үүсэж байна. Үүнийг хэлж илрүүлээгүй байсан бол цаашаа даамжраад яваад байх байсан учраас эрт хэлж арга хэмжээ авахуулъя гэж бодсондоо хэлж илрүүлсэн. Ажилд орохдоо л ийм өрөн дээр орсон. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Д миний бие нь анх 2007 онд Зүүн хараа трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр компанийн нэр “ТД” ХХК болж өөрчлөгдсөн. Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын ахлахаар томилогдон ажиллаж байгаа болно. Ингээд 2016 оны 06 дугаар сараас энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд намайг эрүүгийн хэрэг шалгах хугацаанд миний ажлыг түдгэлзүүлээгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй өдий хүрсэн бөгөөд миний буруутай үйлдлээс мөнгө дутагдсан нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Д-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, манай компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй өөрөөр хэлбэл, “ТД” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаас хариуцаж байсан эд хөрөнгийнх нь үнэ буюу хохирлыг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д, Ц.Г, Х.Б нараас  байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

ТД ХХК-иас Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд  29.111.900 төгрөгийн дутагдал илэрсэн, уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6.916.700 төгрөг, нийт 36.005.920 төгрөгийг хариуцагч Б.Д, Ц.Г, Х.Б нараас тус бүр 12.001.980 төгрөгийг, Х.Б-с харилцагчаас хувийн дансандаа шилжүүлэн авсан 3.059.520 төгрөгийг нэмж 15.061.500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

ТД ХХК-д хариуцагч Б.Д нь Говь-Алтай аймаг дахь салбарын ахлахаар, Ц.Г нь агуулахын няраваар, Х.Б нь түгээгчээр тус тус ажиллаж байсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б13/681 дугаартай хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлт, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б16/10 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б14/086 дугаартай хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлт, MCS дистрибюшин ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 001 дугаартай тушаал, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 474 дугаартай тушаал, 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 495 дугаартай тушаал, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай тушаал, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б13/681 дугаартай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай тушаал, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол гаргуулах гэж нэхэмжилсэн байгаа боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу гэм хорын хохирол нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан байх нөхцлийг хуульчилсан байна. Хариуцагч нарын хувьд хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа хууль бус үйлдлээс гадна өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн хүлээлгэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм.

 Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч талаас хариуцагч нар нь 29.111.900 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр “Тотал дистрибюшин ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан өргөдөл”-ийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарлаж байх боловч уг төлбөр хэний, ямар буруутай үйлдлээс болж, хэзээ, хэнд, хэдий хэмжээний хохирол учирсныг нотолж чадахгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заажээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ нэхэмжлэгчид учруулсан бодит хохирол, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний талаар тусгасан байгаа боловч ажилтантай бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Д-н гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд шаардлага тодорхой бус байх тул сөрөг нэхэмжлэлийг шүүх хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Э.Наранбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй тул оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн, зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан Б.Д, Ц.Г, Х.Б нараас байгууллагад учруулсан хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай “Тотал дистрибюшин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Д-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                   

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

 

                                      ШҮҮГЧИД                                     Т.БАЛЖИННЯМ

 

                                                                                           Б.ӨЛЗИЙХИШИГ