Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00463

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01828 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2200 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

ЭМЯ-анд холбогдох, 

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дуаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх үүрэгтэй гэж заасан эрхээ хамгаалахын тулд буюу уг эрхэд минь халдаж буй Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анар нарт хариуцлага тооцож, огцруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж өлсгөлөн зарласан. Иргэн Б.Б- миний бие нь өлсгөлөн зарлах тухайгаа Чингэлтэй дүүргийн засаг даргад урьдчилж мэдэгдсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1747 тоот албан бичгээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй тул бүртгэж авах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иймд үзлэг шинжилгээ хийлгэж, хяналт тавиулахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандахад, төвийн зүгээс Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зааврын 2 дугаар зүйлийн 2.1-д Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дүгнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эмнэлгийн байгууллага зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ гэж заасан заалтын дагуу хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авчирч байж, бид хяналтаа тавина гэсэн. Өлсгөлөнгийн үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар зохицуулаагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дээд хэлбэр юм. Гэтэл Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай зааврын 2.1 дэх заалт Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, 3.1 дэх заалтуудад Өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэний, 3.3 дахь заалт Өлсгөлөнд оролцох зөвшөөрөл авсан гэж тус тус заасан нь хуулиар хориглоогүй асуудлаар буюу өлсгөлөн зарлах зөвшөөрөл хэнд хандаж хаанаас авах нь тодорхойгүй, Монгол Улсын хууль дүрэмд заагаагүй юм. Ингээд өлсгөлөн зарласан 2 хоногт эмнэлгийн байгууллагын хяналт огт байгаагүй бөгөөд харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140/5013 тоот албан бичгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд явуулж байж, уг төвд 17 цагийн орчим үзлэг шинжилгээ, хяналтад орсон. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 360 тоот албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/698 тоот захирамжаар албадан эмчилгээ хийх нэрийн дор хүчээр эмнэлэгт хэвтүүлсэн. Гэвч энэ үед миний биеийн байдал сайн байсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах гэсэн эрхийнхээ хүрээнд албадан эмчилгээнд оролгүйгээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 29 хоног үргэлжлүүлсэн. Эрүүл мэндийн сайд нь 2010 оны 233 дугаар тушаалдаа 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2-т заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаасан байдаг. Уг хуулийн 8.1.2-т заасан заалт нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгоогүй, нийтээрээ буюу бусад төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөх заавар юм. Уг тушаалын 2 дугаарт нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай гэсэн нь нийтээрээ дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох нь тодорхой байна гэж миний бие үзээд 2010 оны 233 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2017/0847 дугаартай тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалтын дагуу гомдол гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан тул Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харъяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар юм. Жагсаал, цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, 9.3-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. Иймд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар нь хууль зөрчөөгүй бөгөөд өлсгөлөн зарлах нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл учрах аюултай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн заавар юм. Б.Б-ийн өлсгөлөн зарласан үед төрийн байгууллагуудын явуулсан үйлдлүүд нь уг зааврыг хэрэгжүүлэхэд шууд шалтгаант холбоо байхгүй. Иймд Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч ЭМЯ-анд холбогдуулан гаргасан, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2200 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан ЭМЯ-анд холбогдох Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дуаар тушаалаар батлагдсан Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зааварыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний зүгээс энэ журмыг Захиргааны ерөнхий хуульд заагдсан хэм хэмжээний акт гэж үзэж хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн маргаан бус гэж үзсэн учраас Иргэний хэргийн шүүхэд хандсан байхад Иргэний хэргийн давж заалдах шүүхээс Иргэний хэргийн маргаан биш гэж үзсэн нь “Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт заасан шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалтын зөрчиж байна. Монгол улсад эрүү иргэн захиргааны гэсэн 3 шүүх байдаг бөгөөд захиргаа болон иргэний хэргийн шүүх нь харьяалалын бус гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Б-, ЭМЯ-анд холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан, Б.Б-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

1.Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Б- нь анх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, ЭМЯ-анд холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШЗ2017/1821 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. /хх-12-13-р тал/

Б.Б-ийн гомдлоор дээрх захирамжийг тухайн шүүх хянаж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2017/0847 тоот тогтоолоор давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. /хх-15-16-р тал/

Б.Б- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлтэй адил буюу энэхүү нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх “хэргийн харъяалал зөрчсөн” гэсэн дүгнэлт хийж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШЗ2017/1821 тоот захирамж, уг захирамжийг хянасан тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2017/0847 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тухай баримт хэрэгт авагдаагүй тул захирамж, тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд эдгээр эрхийн актаар Б.Б-ийн нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш  гэж үзсэн атал Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн харъяаллын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй  болжээ.

2. Анхан шатны шүүх  Б.Б-ийн, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар баталсан “Өлсгөлөнгийн үед эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг бүрэн тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч тухайн зааврыг бүхэлд нь эсхүл зааврын зарим зохицуулалтыг хүчингүй болгуулахаар шаардсан аль нь болох нь тодорхой бус байна.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан үндэслэлд “...өлсгөлөн зарлах тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргад мэдэгдэхэд ...хуулиар зохицуулаагүй гээд бүртгэж аваагүй,  ...Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандахад ...зааврын 2.1-г зааж  хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөлтэй үед хяналт тавина гэсэн, ...өлсгөлөн зарласнаас хойш 2 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс албан бичиг ирүүлж байж үзлэг шинжилгээ, хяналтад орсон, ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар албадан эмчилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн, ингэхдээ ...зааврыг баримталсан ...эрүүл мэндийн хувьд өлсгөлөн зарлаж болохгүй гэсэн хориг тавьсан боловч харшлах зүйл байгаагүй” гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь ...зааврын зарим зохицуулалт нь иргэний тэмцлийн нэг хэлбэр болох өлсгөлөн зарлах, өлсгөлөнгийн үед эрүүл мэнддээ хяналт тавиулах эрхэд саад болж өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн гэх агуулгатай байх боловч уг зааврыг хүчингүй болгосноор ямар эрх зүйн үр дагавар шаардаж буй нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон зааврыг Эрүүл мэндийн сайд нь 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2 дахь хэсгийг хэрэгжүүлэхээр гаргасан хэдий ч 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэн батлагдснаар өмнөх хууль хүчингүй болсноос зааврыг хүчинтэй гэж үзэх эсэх, түүнчлэн уг заавар нь нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт бөгөөд захиргааны актыг Хууль зүйн яаманд бүртгүүлснээр хүчинтэй болох журмыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Анхан шатны шүүх дээрх байдлуудыг тодорхой болгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, улмаар хэргийн харъяаллын талаар, зохигчийн хооронд үүссэн маргаанд аль хуулийг хэрхэн хэрэглэх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2200 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ