Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00559

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00932 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар магадлалтай, 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

Ж.Д-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэл, зээлийн гэрээний үүрэгт 117.797.000 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч Ж.Д-, хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ж.Д-гаас 2016 оны 4 дүгээр сарын 06-нд 25.000.000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлээ сар бүр 1.500.000 төгрөг төлөөд явж байтал Ж.Д-гийн найз н.Атарцэцэг гэдэг эмэгтэй хамтарч баар нээе гээд тус бүр 20.000.000 төгрөг гаргая гэсэн санал тавьсан. Тэгээд би надад зээл олдохгүй байхаа гэсэн чинь Ж.Д-тай уулзаж надтай нийлж баар нээх гэж байгаа тухайгаа яриад 20.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Ж.Д- нь түүнд мөнгө зээлэхгүй. Харин барьцаа хөрөнгөтэй бол Н.Б-тай гэрээ хийнэ гэсэн байсан. Ингээд би зөвшөөрөөд Ж.Д-тай зээлийн гэрээ хийх гэсэн чинь өмнөх 25.000.000 төгрөгийг оруулаад 45.000.000 төгрөгөөр гэрээ хийнэ. Ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж мөнгө өгнө гэсэн шаардлага тавьсан. Би тус тусдаа төлөөд явъя гэсэн чинь н.Атарцэцэг төлөхгүй бол яах юм бэ гээд н.Атарцэцэг нь надаас гуйгаад эцэст нь би 2016 оны 10 дугаар сарын 26-нд 65.000.000 төгрөг зээлж авсан мэтээр гэрээ хийж, өөрийн өмчлөлийн 24 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан. Яагаад 65.000.000 төгрөгийн гэрээ хийсэн бэ? гэхээр нэмж 20.000.000 төгрөг аваад эргэлдүүлж байж өмнөх 25.000.000 төгрөгөө төлөхийг бодсон юм. Уг нь анх авсан 25.000.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1.500.000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон боловч сүүлийн 65.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 26-нд эргүүлж төлөхөөр болсон тул энэ 6 сарын хугацаанд нөгөө 25.000.000 төгрөг төлөхөд хэцүү байсан тул нэмж аваад эргэлдүүлж өсгөж нийтдээ 45.000.000 төгрөгийг төлье. Атарцэцэг 20.000.000 төгрөгөө төлнө биз гэхэд Ж.Д- зөвшөөрөөд би дахиж авсан 20.000.000 төгрөг өмнөх 25.000.000 төгрөг, Атарцэцэгийн авсан 20.000.000 төгрөгтэй нийлүүлээд 65.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Үнэн хэрэг дээрээ энэ өдөр 40.000.000 төгрөгийг л Атарцэцэг бид 2 тэнцүү хувааж авсан. Энэ 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийхийн өмнө нөгөө 25.000.000 төгрөг зээлийн төлөгдөөгүй хүүний үлдэгдэл гээд 13.570.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийнэ гэж Ж.Д- шаардаад зээлийн гэрээ хийсэн. Тэгээд би зээл, зээлийн хүү гээд шууд их хэмжээгээр мөнгө төлж чадахгүй явсаар бас Атарцэцэг авсан мөнгөө төлөөгүй байж байгаад гэрээний хугацаа дууссан. Ж.Д- надад барьцаалсан объектоо надад худалдсан мэт гэрээ хийе, би тэр объектыг чинь хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд тавьж зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хийгээд яв, нилээд урт хугацаатай авч өгье гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөөд нөгөө барьцаанд өмнө нь тавьсан Үйлчилгээний төвд байрлалтай 24 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө түүнд 50.000.000 төгрөгөөр худалдсан гэрээ хуурамчаар үйлдэж Ж.Д-гийн нэр дээр шилжүүлсэн. Тэр миний түүнд төлөх ёстой мөнгийг өөрөө тооцоолоод 110.000.000 төгрөг болсон байна гэсэн. Миний бие 2017 оны 8 сард Америк яваад ирэхэд миний объектыг түрээслэж байгаа хүмүүсийг албадан гаргуулахаар шүүхэд өгсөн байсан. Уг нь би тэр хүмүүстэй түрээсийн гэрээ хийсэн. Анх 25.000.000 төгрөгийн гэрээ хийснээс хойш нийтдээ 24.700.000 төгрөг төлсөн. Иймд бидний хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Д-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Н.Б- нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй худалдаа наймаандаа хэрэглэх зорилгоор 25.000.000 төгрөг жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж авсан. Энэ зээлийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 06-нд 900.000, 2016 оны 5 дугаар сарын 7-нд 600.000, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 900.000, 2016 оны 6 дугаар сарын 8-нд 100.000, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 1.200.000, 2016 оны 6 дугаар сарын 12-нд З00.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-нд 600.000, 2016 оны 9 дүгээр сарын 7-нд 400.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 5-нд 1.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-нд 700.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 400.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 400.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 400.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 17-нд 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-нд 200.000 төгрөг, 7-ны тооцоо гэсэн байна. 2016 оны 12 дугаар сарын 29-нд 2.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 4-нд 500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-нд 200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 5-нд 200.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-нд 200.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 5-нд 600.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-нд 300.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-нд 300.000 төгрөг 2017 оны 4 дүгээр сарын 17-нд 300.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг гэрээний дагуу хүү гэж өгсөн. Эдгээр өгсөн мөнгөнөөс 2.800.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч хүүнд 13.500.000 төгрөг үлдсэн юм. Энэ 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тусдаа урьд нь байгуулагдсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Атарцэцэг надруу ярьж би Оюунцэцэг эгчээс 215.000.000 төгрөгөөр баар худалдаж авсан. Н.Б- надтай хамтарч ажиллахаар болсон гэтэл хөрөнгө оруулалт хийх гэхээр мөнгөгүй болоод байна гэсэн. Би Н.Б-д Голомт банкнаас 40.000.000 төгрөгийн хадгаламжаа барьцаалан зээл авч, 23.000.000 төгрөгийг харилцах данснаасаа авч, 2.000.000 төгрөг нэмж 65.000.000 төгрөгийг Голомт банкин дээр Н.Б-ыг дуудаж өгсөн. Энэ 65.000.000 төгрөгийг авах үед Атарцэцэг огт байгаагүй. Н.Б-ыг надаас мөнгө авч явсны дараа Атарцэцэг утасдаад Н.Б- чамаас мөнгөө аваа юу? хаачсан юм бол утас нь холбогдохгүй байна гэж надруу залгасан. Би түүнд мөнгөө аваад явсныг хэлсэн. Ингээд 65.000.000 төгрөг зээлэн авснаас хойш би зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардахад Н.Б- надад баарны орлого шинэ жилийн үеэр ахицтай болохоор тооцно гэсэн боловч зээлээ төлөөгүй. Н.Б- дэлгүүрээ 100.000.000 төгрөгөөр зармаар байна авах хүн байвал мэдэж байгаарай гэж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түүний зээлсэн мөнгө бас хүүг нь тооцож тооцоо нийлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-нд авсан 65.000.000 төгрөг 2016 оны 4 дүгээр сард өгсөн зээлийн үлдэгдэл 21.800.000 төгрөг 65.000.000 + 21.800.000 = 86.800.000, 86.800.000 +13.600.000 /хүү/ =104.000.000 төгрөг гэж тогтон энэ өгөх ёстой өрөндөө худалдах худалдан авах гэрээгээр 2017 оны 5 дугаар сарын 17-нд өмчлөх эрхийг надад шилжүүлж өгсөн. Н.Б- өндөр үнийн дүнгээс татвар төлөх тул үнийн дүнг багасгаж, 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хийж, миний өмчлөлд шилжүүлсэн. Ингэж шилжүүлснийхээ хэд хоногийн дараа би АНУ-руу явах гэтэл зардал байхгүй тул З сар энэ хүмүүст түрээслэхээр болсон хугацаа дууссаны дараа чи өөрөө мэдээрэй гэж надад хэлсэн юм. Үнэхээр Н.Б-ыг гуйсан тул гурван сар би хүлээсэн. Тиймээс 50.000.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Өөрөөр хэлбэл авсан өр зээлээ төлж чадахгүй, ҮХЭХ болох өргөтгөл нь зарагдахгүй байсан тул надад өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өгөх ёстой өрөндөө тооцож өргөтгөлийнхөө өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Ж.Д-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч Н.Б- нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж аван сар бүр хүүг төлж байсан боловч үндсэн зээлээс 21.800.000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги тооцохоор гэрээндээ тусган тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлж зээлийн барьцаанд үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Н.Б- нь энэ хоёр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаар 2017 оны 4 дүгээр сарын 17-нд тооцоо нийлж 109.200.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр нэмэлт үүрэг хүлээсэн. Ингэж тооцоо нийлэхдээ 2 тал гэрээний хүү 5 хувь байсныг 3 хувь болгосон. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 24-нд би АНУ явах боллоо гээд үүргийн үнийн дүнд тооцон барьцаа хөрөнгөө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч уг тохиролцооноосоо буцаж худалдах худалдан авах гэрээ болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийг гаргасан тул 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг 21.800.000 төгрөг алданги 11.497.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг 65.000.000 төгрөг, хүү 19.500.000 төгрөг нийт 117.797.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Ж.Д- нь надад 25.000.000 төгрөг 20.000.000 төгрөг бүгд 45.000.000 төгрөг өгсөн. Түүний найз Атарцэцэг 20.000.000 төгрөг аваад хүүгүйгээр надаар дамжуулж өгсөн. Ж.Д- Атарцэцэг нарт 20.000.000 төгрөг өгөх гэхээр аваагүй. Тэр мөнгө нь надад байгаа. Ингээд би Ж.Д-гаас нийт 65.000.000 төгрөг л авсан. Нийтдээ 24.700.000 төгрөгийг төлсөн. Эхний 25.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр гэрээнд тохирсон. Би гэрээний дагуу 2.725.000 төгрөг төлөх ёстой. Хоёр дахь 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн ч өмнөх 25.000.000 төгрөг дээрээ 40.000.000 төгрөгийг Атарцэцэг бид хоёрт 20.000.000, 20.000.000 төгрөгөөр зээлж нийт 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үнэн хэрэг дээрээ би 20.000.000 төгрөг авсан надад бэлнээр өгсөн. Атарцэцэг өөрийн авсан 20.000.000 төгрөгөө Ж.Д-д өгөх гэтэл авахгүй Н.Б-д өг гэсээр байгаад Атарцэцэг нь миний данс руу хийсэн байсан. Энэ 20.000.000 төгрөгийг би Ж.Д-д өгнө. Би Атарцэцэгийн өмнөөс хүү төлж чадахгүй. Ингээд нийтдээ би Ж.Д-д 67.250.000 төгрөг төлөх ёстой. Би Ж.Д-д 24.700.000 төгрөг төлсөн. Үүнийг хасаад 42.550.000 төгрөг болж байгаа. Мөн миний дэлгүүрийн түрээс болох сарын 900.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Ж.Д- авч байгаа. 2018 оны 4 дүгээр сараас эхлэн одоо болтол 6 сарын түрээс 5.400.000 төгрөгийг би хасуулна. Ингээд нийт 37.150.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Н.Б-ын нэхэмжлэлтэй Ж.Д-д холбогдуулан гаргасан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д-гийн нэхэмжлэгч Н.Б-д холбогдуулан гаргасан 117.797.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Н.Б-ын төлсөн 961.150 төгрөг, Ж.Д-гийн төлсөн 746.935 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 961.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие Ж.Д-д өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлсэнийг дүр үзүүлэн хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх үүнийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь буруу. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ биш гэдгийг нотлох баримт хэрэгт байгаа бөгөөд энэ нь гэрээний үнэ гэж 50.000.000 төгрөг надад өгсөн гэдгээ Ж.Д- нотлоогүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн авсан гэдэг боловч зээлийн гэрээний үүрэгт тооцож шилжүүлээгүй тийм баримт байхгүй. Тийм ч учраас Ж.Д- зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан нь дээрхи худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Түүнээс гадна гэрч н.Оюунсайханы мэдүүлэг болон шүүхийн шийдвэр, түрээсийн гэрээ зэрэг баримтууд байгаа юм. Тиймээс бид нэг нь худалдах нөгөө нь худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Би 2016 оны 10 сарын 26-ны өдөр Ж.Д-тай хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцож өгөөч гэхэд шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ж.Д- нь 65.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Харин 40.000.000 төгрөг авсаныг нотлох баримт гэж өөрийн дансандаа тэр өдөр хийсэн 40.000.000 төгрөгийн дансны хуулгаа өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул 65.000.000 төгрөгийг надад өгсөн нь нотлогдохгүй тохиолдолд энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй юм. Ж.Д- нь 111.797.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгохдоо намайг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Д-гийн өмчлөлд шилжүүлж өгсөнөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үндэслэлээ заажээ. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийг авсан гэж үзэхгүйгээр зээлүүлсэн мөнгөө буцааж авъя гэж сөрөг нэхэмжлэл гаргаад байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрсөний шинж юм. Хүн өөрөө зөвшөөрөөд байхад шүүх тэс өөр дүгнэлт хийгээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч үндсэнд нь хүлээн зөвшөөрч харин үнийн дүн дээр маргаантай байхад шүүх зээлийн гэрээний үүрэгт надаас хэдэн төгрөг төлөх ёстойг баримтын хэмжээнд тооцоод нэхэмжлэгчээс гаргуулах ёстой байсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийг тодорхой хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Б-, Ж.Д-д холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, сөрөг нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 117.797.000 төгрөг шаарджээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 236 дугаар зүйлийн 236.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

1.Хэрэгт авагдсан Н.Б-, Ж.Д- нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “объект худалдах, худалдан авах” гэрээгээр буюу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-17 байр, үйлчилгээний төвийн 1 давхрын голын байрлалын дунд хэсгийн 24 м.кв үйлчилгээний зориулалт бүхий объектыг 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч Н.Б- хариуцагч Ж.Д-д сууцны үнэд 50.000.000 төгрөг төлөөгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэж үзэхгүй.

2.Нэхэмжлэгч Н.Б-, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үндэслэлээ, “...Ж.Д-гаас 2016.04.06-ны өдөр 25 сая төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн, Ж.Д-гийн найз н.Атарцэцэг хамтарч баар нээе, тус бүр 20 сая төгрөг гаргая гэсэн, Ж.Д-гаас бид мөнгө зээлээч гэхэд барьцаа хөрөнгөтэй тул надтай гэрээ хийнэ гэсэн, 2016.10.26-ны өдөр 40 сая төгрөг авч, өмнөх 25 сая төгрөгийг хамтатган 65 сая төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлээс 24.700.000 төгрөг төлсөн, хариуцагч нь барьцааны зүйлийг миний нэр дээр шилжүүлчих, зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хий гэсэн” гэж тайлбарласан бол хариуцагч Ж.Д- “...Н.Б- 2 удаа нийт 90 сая төгрөг зээлсэн, зээлээс 15 сая төгрөг төлсөн. Зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөртөө барьцааны зүйлийг шилжүүлсэн” гэж маргасан байна.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбараас үзвэл Н.Б-, Ж.Д- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, зээл бүрэн төлөөгүйтэй холбоотой худалдах-худалдан авах гэрээгээр барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогджээ.

Шүүх, Н.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон агуулгатай дүгнэлт хийж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар  үүрэг солигдсон бол өмнөх үүрэг дуусгавар болох хэдий ч өөр үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгч хүлээх ба ийм нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

3.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болдог байна.

Зээлийн гэрээний үүрэгт, барьцаа хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан агуулгаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах боломжтой ч зээлдэгч Н.Б- зээлийн гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ хэд болох нь тодорхой тогтоогдож, үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрч барьцааны зүйлийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  Тухайлбал, хэрэгт, зохигчийн хооронд байгуулагдсан 4 удаагийн зээлийн гэрээ авагдсан, нэхэмжлэгч нь “эхний гэрээний үүргийг хоёрдох гэрээний үүрэгтэй нэгтгэсэн бөгөөд гүйцэтгэвэл зохих үүргийг сүүлийн гэрээний нөхцлөөр тодорхойлно” гэж, хариуцагч нь “тусдаа 2 удаа зээлийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээний үүргийг нэгтгэж, хожим тооцоо нийлж шинээр гэрээ байгуулсан” гэж өөр өөрөөр тайлбарлажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт, талууд 3 удаагийн зээлийн  үүрэгт, тодруулбал, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 сая төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65 сая төгрөгийн зээлийн  үлдэгдэл 84.500.000 төгрөг дээр, мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн  зээлийн 86.800.000 төгрөг, хүү 22.2000.000 төгрөг, нийт 109.020.0000 төгрөгийг нэмж үүргийг барьцааны хөрөнгөөр гүйцэтгэсэн гэсэн буюу 3 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан агуулгатай дүгнэлт хийжээ. Дээрх байдлаас, талуудын хооронд хэдэн удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх, эдгээр гэрээгээр мөнгийг хэрхэн шилжүүлсэн, гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ хэд болох тухай хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т заасантай нийцүүлэн дүгнээгүй байна.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй гэх үндэслэлтэй.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00932 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 961.150 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                  ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ