Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00263

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01509 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2065 дугаар магадлалтай,

Б.Оийн нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, ”А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхтөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хариуцагч “А” ХХК болон Монэнзим ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж, харилцан үүрэг хүлээсэн. 2015 оны байдлаар “А” ХХК 128 440 000 төгрөгийн хөрөнгөтэй, 7 гишүүнтэй байсан бөгөөд миний бие уг компанийн 4 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Энэ 4 хувийн хувьцаа нь 5 137 600 төгрөг болно. Миний бие болон манай гэр бүл нь Монэнзим ХХК-ийг үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигч нар юм. Ийм учраас дээрх гурван талт гэрээгээр “А” ХХК-ийн хүлээсэн үүрэг бол миний үүсгэн байгуулсан МонэнзимХХК-д өөрийн эзэмшлийн газраас 5394 м.кв талбай бүхий газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх байсан. Гурван талт гэрээнээс харахад гэрээний талууд бүгд үүрэг хүлээсэн мэт харагдах боловч үндсэн үүргийн харилцаа нь “А” ХХК болон миний хооронд үүссэн харилцааг зохицуулахад чиглэсэн болно. Өөрөөр хэлбэл гурван талт гэрээ нь агуулгын хувьд 3 этгээд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэхээсээ илүү “А” ХХК болон миний хооронд байгуулсан гэрээ гэж үзэхээр юм. Иймд МонэнзимХХК болон миний бие хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэрээний дээрх агуулга нь гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй бол харилцан өгсөн авсан зүйлээ буцаах тухай тохирсон. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хариуцагч ”А” ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ миний өмнө болон Монэнзим ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй. Бид ”А” ХХК-иас газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. МонэнзимХХК болон ”А” ХХК нарын хооронд үүссэн үүргийг Б.О шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Гэрээний гол талуудын хүсэл зориг юу байсан бэ гэхээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахыг хүссэн болохоос бичиг баримтыг шилжүүлж авахыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл газрыг Монэнзим ХХК-д шилжүүлж өгөхийг хүссэн. Үүний төлбөрт “А”ХХК-ийн 4 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн. “А” ХХК-ийн Б.Од өгсөн мөнгө бол хувьцааны үнэ биш. Харин миний “А” ХХК-д зээлсэн мөнгөний 50 хувьд хүрэхгүй мөнгийг эгүүлэн өгсөн. Гурван талт гэрээний дагуу “А” ХХК газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө Монэнзим ХХК-ийн хуулийн зөвлөхөд хүлээлгэн өгнө гэж үүрэг хүлээлгээгүй. “А” ХХК нь Нийслэлийн газрын албанд Монэнзим ХХК-д газраа шилжүүлнэ гэсэн бүх баримт бичгийг Газрын албанд шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байсан. Тэгэхээр эдгээр бичиг баримтыг н.Энхчулуун гэгч хүнд хүлээлгэн өгснөөр 3 талт гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. 3 талт гэрээний дагуу бид нар маргаан гаргахгүй гэж тохирсон тул шүүхэд хандах эрхгүй гэж байна. Энэ заалт нь хууль зөрчсөн заалт учир хүчин төгөлдөр биш юм. Гурван талт гэрээний дагуу 4 хувийн хувьцаагаа “А” ХХК шилжүүлэн авсан мөртлөө гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр буст тооцуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн тул үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд хариуцагчтай эвлэрсэн үү гэдэг бидэнд хамаагүй. Гол нь бодит байдал дээр 3 талт гэрээний дагуу газрын албанд Монэнзим ХХК-д газар шилжүүлэх талаарх материалыг өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй тул гурван талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.6, 2.9 дэх хэсэгт заасны дагуу Б.Оийн “А” ХХК-д зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 27 900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61 617 ам.долларыг буцаан төлөх үүргийг хүлээсэн. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ”А” ХХК бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.Оийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156 535 ам.долларыг Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосон. Гэрээгээ байгуулснаас хойшхи тооцоог бүгдийг шилжүүлсэн. Газартай холбоотой асуудлаар 3 талт гэрээний 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар ”А” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг Монэнзим ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт Газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. ”А” ХХК нь 3 талт гэрээ байгуулсныхаа дараа буюу мөнгөө шилжүүлснийхээ маргааш нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монэнзим ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримт бичгийг акт үйлдэн нотариатаар баталгаажуулж шилжүүлэн өгсөн. Газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ хүртэл өгсөн. Энэ бичиг баримтын дагуу Монэнзим ХХК Нийслэлийн Газрын албанд хандахгүй жил гаран алга болсон тул бид гайхаад араас нь сураг тавихад Нийслэлийн Газрын албанд хандалгүй, харин ч Монэнзим ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг буюу Б.Оийн гэр бүлийн хүн ажлаас чөлөөлөгдсөн байхдаа Монэнзим ХХК-д газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн газар шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан. Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, “А” ХХК хүртэл газаргүй болсон байсан. Ингээд сунгуулахаар хүсэлт гарган шийдвэрлүүлсэн. Монэнзим ХХК ч гэсэн бид нарын хооронд янз бүрийн асуудал байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг “А” ХХК-д дахин гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж бичиг өгсний дагуу Газрын албанаас дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Иргэн Б.О Монэнзим ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн 3 талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй гэж тохиролцоод Б.Оийн 5 137 600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133 595 022 төгрөгөөр худалдан авч, харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ ”А” ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Ийм үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монэнзим ХХК нь 3 талт гэрээний нэг тал бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд иргэний хэргийн хариуцагч байх ёстой. Энэхүү гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр гэрээгээр манай байгууллага ямар нэг хэмжээгээр эрх, үүрэг хүлээсэн байгаа. Талууд гэрээний дагуу өөрийн шаардах эрхийнхээ дагуу шаардах ёстой. Монэнзим ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ ”А” ХХК-ийг биелүүлсэн гэж тооцож байна. Гэрээнд заасныхаа дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бичиг баримт, хүсэлтийг шилжүүлж өгсөн боловч манай компанийн дотоод асуудал, ажиллагаа, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шилжүүлж авч чадаагүй. Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01509 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4 дэх хэсгийг баримтлан “А” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 4 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2065 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүх: 1. Талуудын хооронд хоёр талын гэрээ байгуулагдсан... Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдол бүрт гэрээнээс татгалзах эрхтэй биш зөвхөн хоёр талын харилцан хүлээх үүргийн харилцаанд л хамаарах юм. Өөрөөр хэлбэл хоорондоо хамаарал бүхий үүргийн тухайд гэрээнээс татгалзах эсэх асуудал хамаарна. Талуудын хооронд байгуулагдсан Гурван талт гэрээний 6.6-д ... зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд шаардлага гаргах эрхтэй ч хариуцагчийн мөн гэрээний 2.1-д заасан, С тал буюу Монэнзим ХХК д газар шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй явдалд Б тал буюу нэхэмжлэгч Б.Оийн эрх ашиг хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 2.1-д заасан үүрэг нь А тал буюу “А” ХХК, Б тал буюу Б.О нарын харилцан хүлээх үүргийн харилцаа биш байна...” гэж дүгнэсэн. Гурван талт гэрээнээс харахад 3 тал бүгд үүрэг хүлээсэн мэт боловч гэрээний үндсэн үүргийн харилцаа нь хариуцагч ““А”” ХХК нь гуравдагч этгээд буюу “Монэнзим” ХХК-д өөрийн эзэмшиж, ашиглаж буй газраас 5394 м.кв талбай бүхий газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх /гэрээний 2.1/. Үүний үндсэнд нэхэмжлэгч Б.О нь өөрийн эзэмшлийн 4 хувийн хувьцааг буцаан худалдах харилцааг зохицуулахад чиглэгдсэн болно. Мөн шүүхээс “Талуудын хооронд 2 талт гэрээ байгуулагдсан...” гэж дүгнэсэн. Энэ нь 3 талт гэрээ нь ““А”” ХХК болон Б.О нарын хооронд хоёр талын үүргийн харилцааг зохицуулахад чиглэсэн гэдэг нь тогтоогдож байна. Гэтэл шүүх хоёр талт гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа Б.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, Б.Оийн үүрэг ““А”” ХХК-ийн үүрэгтэй харилцан хамааралгүй гэж үзсэн нь буруу байна. Хоёр талын гэрээнд талууд бие биенийхээ өмнө харилцан үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл Б.О нь 4 хувийн хувьцаагаа өгч, оронд нь газар эзэмших эрхийг “Монэнзим” ХХК-руу шилжүүлж авах хүсэлтэй байсан. Гурван талт гэрээний гол зохицуулалт нь дээр дурдсан үндсэн үүргийн харилцаа бөгөөд шүүх “...Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдол бүрт гэрээнээс татгалзах эрхтэй биш...” гэж үзэх нь учир дутагдалтай юм. 2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар уг гэрээний 2.1 дэх заалт биелэгдээгүй үйл баримт тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 225.1.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн /хуулийн заалт буруу 225.4.1/ бол гэрээнээс татгалзаж болохгүй байхаар хуульчилсан, түүнчлэн харилцан үүрэг хүлээсэн С тал буюу Монэнзим гомдол гаргаагүй, гэрээний үүргийг биелэгдсэн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.О уг гэрээнээс татгалзах эрхгүй байна гэж үзсэн. Хариуцагч тал гэрээний хавсралт 1-д заасан кадастрын зурагт заасан А цэгт 3320 м2, С цэгт 890 м2, О цэгт 1184 м2 газар буюу нийт 5394 м2газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгнө гэж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 4 хувийн хувьцааг худалдахаар тохиролцсон. Шүүх ““А”” ХХК-г энэхүү үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна гэсэн боловч үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 225.4.1-т зааснаар “үүргээ ялимгүй зөрчсөн” гэж үзэж байгаад нь гомдолтой байна. Ямар үндэслэлээр үүргээ ялимгүй зөрчсөн гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. 3. Эрх бүхий байгууллагаас холбогдох баримтууд ирсний дараа нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хувьд танилцаж үзээд хүсэлтүүд гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Тухайлбал: - Газрын албанаас лавлагаа гаргуулах нь хэрэгт хамааралтай, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Гэвч шүүх газрын албанаас лавлагаа шаардлагагүй гэж үзсэн нь хэргийн талаар шийдэл урьдчилсан дүгнэлтэнд хүрсэн байсан гэж үзэхээр байна. - Хариуцагчийн тайлбар гаргаж өгсөн баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр өмгөөлөгчийн зүгээс ““А”” ХХК-ийн татварын байгууллагад өгсөн тайлан блансыг гаргуулан авах хүсэлт гаргасан. Энэ нь уг иргэний хэргийг шийдвэрлэхэд хариуцагчаас Б.Оийн авах авлагын хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Гэтэл шүүх энэ хүсэлтийг мөн л хангалгүй орхисон нь нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах эрхийг хязгаарласан. Давж заалдах шатны шүүх: Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 3 талт гэрээ гэж үзсэн бөгөөд “Монэнзим ” XXX нь дээрх гэрээний талаар маргаангүй, гэрээний үүрэг биелэгдсэн гэж тайлбарлаж байхын зэрэгцээ “Монэнзим ” ХХК нь шаардах эрхээ нэхэмжлэгч Б. Одгэрэлд шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ““А”” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх гэрээнээс татгалзах үндэслэлгүй юм.” гэж дүгнэсэн байна. 3 талт гэрээ нь ““А”” ХХК нь “Монэнзим” ХХК-д газар шилжүүлэх үүрэг хүлээсэн нь нэхэмжлэгчийн хүсэлтээр гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээхээр тохирсон, Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээдэд ашигтай гэрээ тул хариуцагчаас “Монэнзим” ХХК болон Б.О нарын аль нь ч гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хэдийгээр “Монэнзим” ХХК нь өөрийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүхэд тайлбарласан боловч энэ нь Б.Оийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Талуудын байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.3 дахь заалтаар ““А”” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор өөрийн эзэмшиж буй газраас нийт 5394 м.кв газрыг гуравдагч этгээд “Монэнзим” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл ““А”” ХХК нь гэрээний 2.3-д заасан бичиг баримтуудыг Нийслэлийн Засаг даргад бус “Монэнзим” ХХК-ийн өмгөөлөгч Н.Энхчулуунд хүлээлгэж өгсөн. Мөн ““А”” ХХК нь одоог хүртэл “Монэнзим” ХХК-д өөрийн эзэмшиж буй газраас 5394 м.кв газрыг шилжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх гэрээний үүрэг биелэгдсэн гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхээс хүсэх нь: Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, “А” ХХК-д шилжүүлсэн 4 хувийн хувьцааг буцаан авах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүх маргааны зүйлийг оновчтой тодорхойлоогүйгээс зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурван талт гэрээний хүчин төгөлдөр байдлыг зохигчид маргаагүй ба “А” ХХК гэрээний дагуу үүргээ биелүүлсэн эсэх, үүргээ зөрчсөн эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон  Монэнзим ХХК нь 3 талт гэрээний оролцогч бөгөөд “А” ХХК-ийг газар эзэмших эрх шилжүүлэх бичиг баримтыг хүлээлгэн өгч, үүргээ биелүүлсэн гэж үзэж, хариуцагчийн байр суурийг дэмжиж, тайлбар гаргажээ.

Б.О, “А” ХХК, Монэнзим ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.О нь өөрийн эзэмшиж буй “А” ХХК-ийн 4 хувийн хувьцааг 67 018 ам.доллараар “А” ХХК-д худалдаж, холбогдох бичиг баримтуудад гарын үсэг зурж, шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор гаргаж өгөх, мөн 4 хувийн хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 443 337 528 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах,

“А” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас нийт 5394 м.кв газрыг Монэнзим ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргах, Монэнзим ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Монэнзим ХХК-д шилжүүлэх, Б.Оийн эзэмшлийн 4 хувийн хувьцааны үнэ, ногдол ашиг болон зээлдүүлсэн үндсэн зээл, хүүд нийт 156 535 ам.долларыг шилжүүлж, Б.Оийг хувьцаа эзэмшигчээс хасуулах бүртгэлийг хийлгэх,

Монэнзим ХХК нь Хан-Уул дүүрэг 3-р хороо, Эв нэгдлийн гудамж хаягт орших өөрийн эзэмшлийн барилга, газар эзэмших эрхийг худалдах бол А тал буюу “А” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгох, “А” ХХК-тай найрсаг хөршийн харилцаатай байх зарчмыг баримтлах үүргийг тус тус хүлээжээ. /хх-7-11,16-18 /

Нэхэмжлэгч Б.О нь “А” ХХК-ийг Монэнзим ХХК-д гэрээнд заасан газар эзэмших эрхийг шилжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, уг үйл баримтыг гэрээнээс татгалзах үндэслэлээ болгосон, нэхэмжлэлийн үндэслэл нь дээрх гурван талт гэрээ байхад анхан шатны шүүх хоёр талт гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, уг гэрээгээр Б.О, “А” ХХК-ийн хооронд үүссэн үүргийн хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх гэрээг, гурван талт гэрээ болохыг тодорхойлсон боловч гэрээний агуулга, зорилгыг тодруулаагүй, гэрээний зүйл, талуудын эрх үүргийн талаар дүгнэлт өгөөгүй нь алдаатай болжээ.

Гурван талт гэрээний 1.1-д гэрээний зүйл нь “Энэхүү гэрээгээр “Б” талын эзэмшлийн ““А”” ХХК-ний 4 ширхэг хувьцааг буцаан худалдаж авах, хувьцааны үнийг төлөх, түүний “А” талд зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх, “А” тал нь өөрийн ашиглаж буй газраас 5394м2 газрыг “С” талд шилжүүлж өгөх хүсэлт гаргах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар Худалдаа Хөгжлийн банкинд албан бичиг өгөх асуудалтай холбоо бүхий харилцааг зохицуулна” гэж тодорхойлсон болохыг шүүх анхаараагүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь “А” ХХК-ийг гэрээний нэг тал болох Монэнзим ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлээгүй гэсэн бол Монэнзим ХХК нь холбогдох бичиг баримтыг шилжүүлсэн, “А” ХХК үүргээ биелүүлсэн гэж мэтгэлцснээс үзвэл гэрээний зорилго, гэрээний агуулга, гэрээний зүйлийг тодруулж, зохих хууль зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай байжээ.

Гэрээнээс татгалзах шаардлага гаргаж байгаа тохиолдолд уг шаардлага нь гэрээний талуудад шууд хамааралтай тул Монэнзим ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах нь зохистой эсэх, хариуцагч байж болох эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах нь хууль зөрчихгүй болно.

Гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар “А” ХХК, Монэнзим ХХК хоорондоо маргаангүй хэдий ч газар эзэмших эрхийг бодитой шилжүүлэх нь гэрээний зорилгод нийцэх эсэх, энэ нь маргаанд ач холбогдолтой эсэх талаар зохигчид бүрэн мэтгэлцээгүй байна.

Хэлбэрийн хувьд гэрээний 2.3-д заасан бичиг баримтуудыг “А” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монэнзим ХХК-д хүлээлгэн өгсөн баримт байх боловч энэ нь гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл гэхэд эргэлзээтэй, газар эзэмших эрхийг бодитой шилжүүлээгүй нь нэхэмжлэгч талд ямар байдлаар нөлөөлж, эрх ашгийг нь хөндсөн болохыг тодруулах шаардлагатай байжээ.

Дээрх тохиолдолд хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд  маргааны үйл баримтыг дүгнэлт өгч, хууль хэрэглэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01509 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2065 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 152 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА