Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00325

 

 

 

“Х” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/00649 дүгээр шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ний нэхэмжлэлтэй

“М” ХХК, “Г Т” ХХК-д тус тус холбогдох

2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл 567 068 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...”Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдахаар 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр ““Х”” ХХК нь “А” тал буюу худалдагч, “М” ХХК нь “Б” тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400 000 ам доллар буюу 577 544 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч “М” ХХК нь гэрээний үнэ болох 400.000 ам доллар буюу 577.544.000 төгрөгийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу “Х” ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн.Талуудын дунд байгуулсан 01 дугаартай “Худалдах, худалдах авах” болон 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-нүүд нь гэрээний зүйл болон төлбөрийн хэмжээ, цаг хугацаа зэрэг шинжээрээ Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний хэм хэмжээг агуулсан хүчин төгөлдөр хэлцэл болсон бөгөөд дээрхи гэрээ, хэлцлүүдээс үүдэлтэй аливаа маргаан бүхий асуудлууд нь Иргэний хуулийн 262, 263, 264 дүгээр зүйлүүдэд зааснаар зохицуулагдах үндэслэлтэй юм. “Х” ХХК-ий зүгээс гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг “М” ХХК-ий нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг үүгээр дуусгавар болсон. Харин хариуцагч “М” ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл худалдан авсан 400.000 ам долларын төлбөрийг хэсэгчилэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх байдлаар шинэчлэн тогтоож “Нэмэлт гэрээ”-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн. Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М” ХХК бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299;2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч “М” ХХК-ий зүгээс “Х” ХХК-иас худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч хариуцагч “М” ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш “Х” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж, улмаар 2016 онд “Г Т”" ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь “Х” ХХК-ий хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл болоод байна. Иймд Талуудын дунд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”-нүүдийг үндэслэж 567 068 580 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...”Х” ХХК нь манай компанид холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот худалдах-худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээ гэсэн баримтыг үндэслэн үлдэгдэл 166 000 ам доллар буюу 567 068 580 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ дор дурьдсан байдлаар тайлбарлаж байна. 1. Манай компани нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө-хэрлэн гол нэртэй газарт байрлах /511 кг алтны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий “Х” ХХК-ийн эзэмшилд байсан 7969А дугаартай лицензийг 400 000 ам доллараар худалдан авахаар тохирч гэрээ байгуулмагц 15 000 ам доллар болон 03 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам долларын төлбөрийг тус тус төлсний үндсэн дээр 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн лицензийг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн болно. Улмаар “М” ХХК нь гэрээний үүрэг ёсоор тус компанид 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 221 000 ам долларын төлбөрийг төлсөн боловч 2010 оны 04 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан. Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компаний худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хугацаанд “Х” ХХК, захирал Л.Сэргэлэн нар манайхаас 221 000 ам долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулан ашиглаж болохгүй хоосон лицензтэй үлдсэн. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох манай компаний худалдан авсан /511 кг алтны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий 7969А лицензийг үндэслэн олборлолт явуулах боломжгүй болж цаашид талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2015 онд УИХ-аас урт нэртэй хуульд зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг шинээр олж авсан болно. Шинээр гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дугаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202.7 гектар болгож өөрчилсөн. Эндээс үзэхэд “Х” ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг үндэслэн манай компаниас гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр гэх мэтчилэн төлбөр шаардах эрхгүй болно. 2. Өмнө дурьдсанчлан нэхэмжлэгч “Х” ХХК нь 2010 оноос хойш /хамгийн сүүлд 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авсан байна/ ямар ч холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод удаа дараа шаардлага тавьж байсан гэсэн зүйлийг нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 7969А дугаартай лицензийг худалдан авч 221 000 ам долларыг төлсөн нь манай компани, худалдан авсан лицензийг ашиглаж олборлолт явуулж чадахгүй 6-7 жил болж хохирсон нь мөн л манай компани бөгөөд харин ашиглаж болохгүй, хориглосон гэдгийг мэдсэн даруйдаа “Х” ХХК-ийн захирал Л.Сэргэлэнд мэдэгдэж асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцахыг хүссэн боловч тэрээр холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон юм. Энэ хугацаанд буюу 2010 оноос 2017 оныг хүртэл хугацаанд “Х” ХХК-ийн зүгээс манай компанид талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээтэй холбоотой ямар нэг шаардлагыг ирүүлж байгаагүй болно. Гэсэн атлаа 2017 оны хавраас эхлэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаар өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн явсан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг ба хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. “М” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс буюу 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолоход 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхаар байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд “Х” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж “Г Т” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ: ...Манай “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдах зорилгоор 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр манай “Х” ХХК нь А тал буюу худалдагч, “М” ХХК нь Б тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400 000 ам доллар байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч “М” ХХК нь гэрээний үнэ болох 400 000 ам долларыг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу “Х” ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор “М” ХХК нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн. Манай “Х” ХХК-ийн зүгээс гэрээний 3.4, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлж ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг дуусгавар болсон. Харин хариуцагч “М” ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400.000 ам долларыг хэсэгчилэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх байдлаар шинэчлэн тогтоож Нэмэлт гэрээ-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн. Хариуцагч “М” ХХК-ийн зүгээс 01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 5.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400 000 ам доллараас дараахь байдлаар төлж барагдуулсан. Тодруулбал: 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам доллар, 04 дүгээр сарын 10-ны өдөр 85 000 ам доллар, 05 дугаар сарын 01-ний өдөр 16 000 ам доллар, 05 дугаар сарын 26-ны өдөр 20 000 ам доллар, 05 дугаар сарын 30-ны өдөр 10 000 ам доллар, 06 дугаар сарын 18-ны өдөр 10 000 ам доллар нийт 166 000 ам долларыг худалдагч “Х” ХХК-д бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгосон бөгөөд үлдэгдэл 234.000 ам долларыг 2009 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд огт төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “М” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуульд бүхэлдээ багтсан учир төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг тавьсаар ирсэн. Монгол улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтанд 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч ”М” ХХК бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч “М” ХХК-ийн зүгээс “Х” ХХК-с худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч хариуцагч “М” ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж улмаар 2016 онд “Г Т” ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь “Х” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болоод байна. Иймд талуудын дунд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай худалдах-худалдан авах гэрээ 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээ-нүүдийг үндэслэж хариуцагч “М” ХХК болон хамтран хариуцагч “Г Т” ХХК-аас гэрээний үүрэгт 567 068 580 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч “М” ХХК нь гэрээний зүйл болсон 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд хамтран хариуцагч “Г Т” ХХК-д шилжүүлсэн, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хариу тайлбарт...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн төлбөр болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан үйл баримтыг...илтэд үгүйсгэж 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр тайлбарлан маргаж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ганбаттулга ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Г Т” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай Ганбаттулга ХХК-нь уг гэрээнд аль нэгэн тал болж оролцоогүй. Иймд гэрээг “Х” ХХК-тай байгуулсан зүйл байхгүй. Улмаар бидний хооронд уг гэрээнээс үүдэлтэй ямар нэгэн үүрэг яригдах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд үндэслэлгүйгээр гэрээний үүрэгт 567 068 380 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ерөө Хэрээн гол нэртэй газарт 265 гектар талбай бүхий газрыг 7969/А дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан. “М” ХХК-тай 2009 оны 02 сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийн эзэмшлийн 7969/А ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 400 000 ам доллараар худалдахаар тохиролцож, төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15 000 ам доллар, 2009 оны 03 сарын 10-ны өдөр 185 000 ам доллар, 2009 оны 04 сарын 15-ны дотор 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 15-ны дотор 100 000 ам доллар бэлнээр төлөхөөр тохиролцсон. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан байдаг. 2009 оны 03 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан. Төлбөрийн нөхцөлд гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15000 ам доллар төлсөн. 2009 оны 03 сарын 20-ны өдөр 10 000 амдоллар, 2009 оны 03 сарын 23-ны өдөр 5000 ам доллар, 2009 оны 04 сарын 01-ний өдөр 120 000 ам доллар, 2009 оны 04 сарын 20-ны өдөр 50 000 амдоллар, 2009 оны 05 сарын 10-ны өдөр 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 30-ны өдөр 100 000 ам доллар төлөхөөр нэмэлт оруулсан. “М” ХХК нь 2009 оны 03 сарын 20-ны өдрөөс 2009 оны 06 сарын 18 хүртэл 166 000 ам доллар төлсөн манайх хүлээн авсан. “Х” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 7969/А тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д шилжүүлсэн байтал хариуцагч 2009 оны 06 сараас хойш үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урт нэртэй хууль батлагдаж, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтоосон. Энэ заагт “Х” ХХК-иас “М” ХХК-д шилжүүлсэн 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан бөгөөд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М” ХХК бүртгэгдсэн байдаг. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт орж, нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж, 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч “М” ХХК-ний зүгээс “Х” ХХК-иас худалдан авсан 7969/А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглаж, улмаар 2016 онд “Г Т” ХХК-д шилжүүлсэн байдаг. Иймд “М” ХХК, “Г Т” ХХК-иас 7969/А тусгай зөвшөөрлийг худалдан авсан гэрээний үүрэгт 234 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төгрөгт тооцож 567 068 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Х” ХХК, “М” ХХК нь 2009 оны 02 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 265 гектар талбай бүхий 7969/А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 400 000 ам доллараар худалдах худалдан авах гэрээ байгуулсан.Энэхүү гэрээ болон төлбөрийн нөхцлийг шинэчлэн байгуулсан нэмэлт гэрээний дагуу “М” ХХК нь тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр бүртгүүлэн, нийт 221 000 ам долларыг “Х” ХХК-д төлсөн байдаг. Гэтэл 2009 онд урт нэртэй хууль батлагдаж 7969/А тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон, мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ үеэс эхлэн “Х” ХХК нь усанд хаясан чулуу мэт алга болсон. “М” ХХК нь ашиглаж, хэрэгжүүлэх боломжгүй 7969/А гэсэн тусгай зөвшөөрөлтэй л хоцорсон. Харин 2015 онд урт нэртэй хуульд өөрчлөлт орсноор “М” ХХК 7969/А тусгай зөвшөөрлийг шинээр эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл “Х” ХХК-иас худалдан авсан 265 гектар талбай 2015 онд 207 гектар талбай болж өөрчлөгдсөн байгаа. “Х” ХХК нь 2009 онд байгуулсан гэрээний үүргийг өнөөдөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан бөгөөд “Х” ХХК нь 2009 онд байгуулсан гэрээний үүргийн шаардлага гаргах хугацааг 2009 оны 05 сарын 31-нээс эхэлж тоолж үзвэл 2012 оны 05 сарын 31-нд дууссан байна. Харин энэ хугацаанаас хойш 2010 оноос 2017 оны хугацаанд “М” ХХК-иас үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж байсан эсэх талаар бичмэл нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....”Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2009 оны 01 тоот гэрээ, нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан өргөдөл, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолууд болон талуудын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд зөвхөн “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдох баримтууд байна. Эдгээр нотлох баримтуудаас харахад гэрээний үүрэг нь “Г Т” ХХК-д огт хамааралгүй бөгөөд “Х” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Иймд “Г Т” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

“Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа...”Х” ХХК-ийн захирал Л.Сэргэлэн нь “М” ХХК-ийн захирал Ц.Эрдэнээтэй төлбөрийн үлдэгдлийн нэхэмжилж утсаар удаа дараа ярьсан байдаг боловч үүнийгээ нотлох баримтаар баталгаажуулаагүй юм. Урт нэртэй хууль батлагдаж гэрээнээс татгалзах талаар санал тавьсан боловч “М” ХХК нь тусгай зөвшөөрлийг банкинд барьцаалсан нөхцөл үүссэн байсан. “М” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр 7969/А тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг дүгнэх ёстой. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй байж бусдад шилжүүлсэн байх тул Ганбаттулга ХХК-ийн хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа, маргаан бүхий нөхцөл байдал, гэрээ байгуулсан нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэл гаргах талаар хууль зөрчсөн зүйлгүй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч “М” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа: ...”Х” ХХК-тай байгуулсан 2009 оны гэрээний зүйл болох 265 гектар талбай нь 207 гэж, мөн 511 тонн нөөц нь 284 болж тус тус өөрчлөгдөж, 2015 онд “М” ХХК нь 7969/А тусгай зөвшөөрлийг шинээр бүртгэгдсэн байгаа юм. “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар маргаагүй, харин төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. 01 тоот гэрээний 3.6-д А тал нь 7969/А лицензийг Б талд шилжүүлж өгснөөр уг лицензтэй холбоотой аливаа эрх үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар “М” ХХК нь хууль ёсны эзэмшигч болж “Г Т” ХХК руу шилжүүлсэн байдаг. “М” ХХК нь гэрээнд заасан төлбөрөөс 221000 ам доллар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 74,75 дугаар зүйлд зааснаар дууссан. Харин үлдэгдэл төлбөрийг “М” ХХК-иас нэхэмжилж байсан эсэх, шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан талаар хэрэгт нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна. Мөн төлбөр төлөх нөхцөл байдал, төлбөрийг хойшлуулах талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэрээ байгуулах нөхцөл байдлын улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн нь нотлогдохгүй байна. Худалдах худалдан авах гэрээний шаардлага гаргах эрх нь 2009 оны 05 сарын 30-наас хэрэгжих бөгөөд Иргэний хуульд зааснаар 3 жилийн хугацаа нь дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч “Г Т” ХХК нэмэлт тайлбартаа: ...Гэрээний тал, төлбөр шилжүүлэх үүрэг хэнд үүсэж байгаа нь тодорхой харагдаж байна. Гэрээнд зааснаар Ганбаттулга ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Ганбаттулга ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/00649 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 567 068 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч Ганбаттулга ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 993 292 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, илүү төлсөн 6708 төгрөг, хариуцагч “М” ХХК-иас 2 993 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/00649 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3, 243.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 567 068 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож гэснийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК болон хариуцагч Ганбаттулга ХХК-т холбогдох 567 068 580 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж , шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 993 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6708 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-т буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хариуцагч “М” ХХК-ны 2 993 293 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж хяналтын гомдолдоо: Магадлалыг нэхэмжлэгч ““Х”” ХХКомпаний зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүх дараахь үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн зөрчил болно. Тодруулбал: Талуудын дунд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ”-нүүдийг байгуулсан. Гэрээний зүйл нь ““Х”” ХХКомпани эзэмшилд байсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, Ашигт Малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах, бусдад шилжүүлэх нийтлэг харилцаа нь УИХ-аас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталсан Ашигт Малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3, 49.4 дэх хэсгүүд болон Иргэний хууль, Компаний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулиудын холбогдох зохицуулалтаар зохицуулагддаг. Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дугаартай “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтоох тухай” тогтоол, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”, УИХ-аас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль оруулсан өөрчлөлт, тухайн нөхцөл байдлуудтай холбогдуулан Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж байгаа нөхцөл байдлууд, дээрхи хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж түүнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагавар зэрэг нь Ашигт Малтмалын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх үр дагавар үүсгэсэн юм. Талуудын дунд байгуулсан гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969 дугаартай тусгай зөвшөөрөл ч мөн 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилсэн хууль эрх зүйн нөхцөл байдлаас үүдэлтэй хязгаарлалтанд хамаарч тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу олгогдсон бүхий л хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь дээрхи хууль болон Засгийн газрын удаа дараагийн тогтоолуудын хүрээнд үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, дээрхи нөхцөлд анхан шатны шүүхээс талуудын дунд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байна гэж дүгнээд, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3 дахь хэсгүүдийг үндэслэж гэрээний үүрэгтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон нь хуульд харшлах зүйлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс ч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний зүйл болон хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тодорхойлж байгаагаа тодорхой дурьдаж өгснийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий асуудалд холбогдуулж 2016 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, тус Цагдаагийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ““М”” ХХКомпаний захирал Ц.Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр прокурорын 197 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол гарах хүртэл, цаашлаад прокурорын тогтоол хохирогчийн зүгээс гомдол гаргаж дээд шатны прокуророос хариу мэдэгдсэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаа зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгүүдэд заасан гэрээний үүрэгтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нөлөөлөх чухал шаардлагатай процесс юм. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7 дахь хэсэгт “...Тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно...” мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “...хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд байгуулсан гэрээний төрөл, гэрээний зүйл зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж анхан шатны шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3 дахь хэсгүүдийг хэрэглэсэн нь хууль зөрчсөн зөрчил болохгүй. Харин давж заалдах шатны шүүх гэрээний зүйл болон түүнтэй холбогдон гарсан хууль эрх зүйн зохицуулалт, түүнээс урган гарах эрх зүйн үр дагавар зэрэгт дүгнэлт хийлгүй “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх дүгнэлт хийж шийдвэрийг өөрчилж байгаа нь ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг зөрчсөн зөрчил болно. 2. Давж заалдах шатны шүүхээс магадлалын үндэслэх нь хэсэгт “...шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэж дүгнээд ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгүүдийг үндэслэн тогтоох хэсгийн 1.2 дахь заалтанд өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн зохицуулалт бус “...шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалтыг хэрэглэсэн байх бөгөөд энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үр дагавар үүснэ. Мөн дээрхи байдлаар үндэслэх нь хэсэгт дурьдсан “...Өөрчлөлт оруулах...” шаардлагатай гэж үзвэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 хэсгийг бус мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг хэрэглэж мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2 дахь хэсэгт заасан магадлал гаргах ёстой байхад хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүх “...Шүүх маргаантай харилцаанд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсгийн ...хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн атлаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасан ...хөөн хзлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхэлж тооцно... гэсэн өөр зохицуулалттай хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна...” гэж дүгнэсэн нь анхан болон давж заалдах шүүхийн шатанд явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд огтоос хэлэлцэгдэж хэрэглэгдээгүй хуулийн заалтыг үндэс болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлээ болгосон байгаа нь давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болно. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х” ХХКомпани худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 567 068 580 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Улсын Их Хурлаас хууль гаргаж, гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсноос үйл ажиллагаа явуулж чадахгүй хохирсон, тусгай зөвшөөрлийг буцааж авахад талбай болон алтны нөөцийн хэмжээ багассан гэж маргажээ. Гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлийн  эзэмших эрхийг олж авсан “Г Т” ХХК уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээ, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээ, гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн талуудын үүргийн талаар шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 49 дүгээр зүйлийн 49.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т заасан зохицуулалтын дагуу хийвэл зохих дүгнэлтийг хийсэн боловч гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хугацааг тоолох журам, хугацааг сэргээх үндэслэл, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ, гэрээний зүйл доголдолтой эсэх зэрэг зохигчдын маргасан эрх зүйн асуудлаар хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

“Х” ХХК 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах 265 гектар талбай бүхий 7969 А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлж үүргээ биелүүлжээ. Хариуцагч нь 400 000 ам.доллар төлөх үүрэгтэй боловч 206 000 ам.доллар төлсөн, үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, хуулийг хэрэгжүүлэн Засгийн газраас 2010, 2011 онуудад 174, 209 дүгээр тогтоолууд гарснаар “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Гэрээний зүйлтэй холбоотой дээрх нөхцөл байдал үүссэн байхад “Х” ХХК гэрээг дуусгавар болгох эсэх, “М” ХХК гэрээнээс татгалзах эсэх талаар аль аль нь санал гаргаж байгаагүй байв.

Үүнээс хойш 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их хурал дээрх хуульд өөрчлөлт оруулж, “М” ХХК 2016 оны 06 сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ авч, 2016 онд “Г Т” ХХК-д эрхийг шилжүүлжээ.

Маргаантай харилцаанд анхан шатны шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.7-д заасан “тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актыг түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно.” гэсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн боловч гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсон үйл баримт гэрээний талуудаас бус Улсын Их хурлаас хууль гаргасантай холбоотой эсэх, гэрээний үүргийг шаардах эрх нь хууль хэрэгжих, эсвэл хуульд өөрчлөлт оруулсан үйл баримттай хамааралтай эсэх, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...Улсын Их хурал урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хариуцагч тусгай зөвшөөрлөө авч, гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн...” гэсэн үндэслэлийг буюу тухайн нөхцөл байдлыг харгалзан үүргээ шаардаагүй гэсэн /хх-1, 212/ байхад давж заалдах шатны шүүх “...хууль, Засгийн газрын тогтоол нэхэмжлэл гаргахад нөлөөлөөгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь маргааны бодит байдалд нийцээгүй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгийг хэрэглэх эсэх талаар зохих дүгнэлтийг хийгээгүй гэж үзнэ.

Зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсвэл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг хуульд зааснаар тоолох ба харин хууль гарснаар гэрээний үүргийг шаардах эсэх нь хамааралтай болсон байдлыг хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэх үзэх шалтгаан гэж үзэх эсэх нь зайлшгүй хийх ёстой дүгнэлт юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг 2009.03.20-2009.06.18-ны хооронд 166 000 ам.долларыг өгсөн гэсэн бол хариуцагч нь гэрээг байгуулмагц 15 000 ам.доллар, 03 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам.долларыг төлсний үндсэн дээр 2009 оны 04 сарын 03-ны өдөр тусгай зөвшөөрлийг өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн, 511 кг алтны нөөцтэй 265 гектар талбайтай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчээс худалдаж авсан байхад 2016 оны 06 сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийг сэргээн олгох үед 202.7 гектар талбайтай болгож өөрчилснөөр алтны нөөцийн хэмжээ багассан гэж маргасан, энэ талаар баримт, нотолгоо гаргаж өгсөн байхад шүүх маргааны зүйлийг шүүх тодруулж, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчжээ.

Иймд маргааны үйл баримтыг тогтоож, холбогдох хэм хэмжээг хэрэглэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШШ2018/00649 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 993 292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА