Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1456

 

 

  

 

 

 

 

  

 

2017 оны 05 сарын 22 өдөр          Дугаар 181/ШШ2017/01456            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 9, МҮЭТЗ гудамж, 30 тоотод оршин суух, Мянган овогт Чимэдцэеэгийн Нарангэрэл /РД:УО70101301/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 10 гудамж, 614 тоотод оршин суух, Боржигон овогт Ганжингийн Түмбаяр /РД:ДЮ70083002/-т холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,569,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Г.Түмбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.    

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлсүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь зээлдэгч Г.Түмбаярт өөрийн бизнест нь хэрэглүүлэх зорилгоор 2014, 2015 онд зээлийн гэрээг амаар байгуулж, мөнгө хэсэгчлэн зээлдүүлсэн байх бөгөөд зээлдэгч Г.Түмбаяр нь нэгж талбарын 18643315217103 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 386 м.кв газрыг өмчлөх эрхийн 000032552 дугаартай гэрчилгээг барьцаалсан боловч хуульд зааснаар бүртгүүлээгүй байна.

Зээлийг дараах байдлаар хэсэгчлэн олгож Г.Түмбаярын Хаан банкны 5031113456 тоот дансанд шилжүүлэх болон бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн байдаг. Үүнд:

1. 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 1,000,000 төгрөг,

2. 2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 2,000,000 төгрөг

3. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг

4. 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,920,000 төгрөг,

5. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 2,200,000 төгрөг,

6. 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 1,000,000 төгрөг,

7. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 14,120,000 төгрөг өгсөн.

Гэтэл зээлдэгч Г.Түмбаяр нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийтдээ 4,551,000 төгрөгийг эргүүлж төлсөн байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдлийг өнөөдөр болтол төлж дуусгаагүй байна. Иргэд хоорондын зээлийн гэрээнд хүү тогтоосон бол бичгээр хийх тухай хуулийн шаардлагыг урдаа барин тохиролцсон хүүгээ төлөхгүй гэж байгааг нэхэмжлэгч мэдсэн ч анх авсан үндсэн зээлийн үлдэгдлийг удаа дараа шаардсан ч үүргээ биелүүлсэнгүй.

Зээлээ төлөхийг шаардахад янз бүрээр арга саам хийж, элдэв зүйлээр тайлбарладаг, одоо бэлнээр өгсөн 5,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байна. Тэрээр бэлнээр болон дансаар авсан мөнгөө баталгаажуулж тэмдэглэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан боловч одоо өөрийн гарын үсэг биш гэж маргаж байна. Зээлдүүлэгчийн тухайд бэлэн өгсөн мөнгийг тухайн өдөр өөрийн харилцах банкны данснаас зарлагын гүйлгээг хийж, түүнд зээлж байсан нь баримтаар нотлогдож байгаа тул зээлдэгчээс шаардах эрхтэй.

Иймд Г.Түмбаяраас зээлийн үлдэгдэл 9,569,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би Ч.Нарангэрэлээс 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,920,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 2,200,000 төгрөгийг тус тус түүний Хаан банкны 5031113456 тоот дансаар шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5032361124 дансаар авсан. Нийт 9,120,000 төгрөг зээлсэн. Бэлнээр мөнгө аваагүй.

Би авсан зээлээс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 120,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 71,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 640,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 40,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 50,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг буюу нийт 5,101,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл нь 4,019,000 төгрөг байгааг төлнө.

Тэмдэглэлийн дэвтэр дээрх гарын үсэг минийх биш, бэлнээр мөнгө өгснөө нэхэмжлэгч нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний гар хугарсан, одоо ч хэвээр, удахгүй дахин хагалгаанд орох болсон тул би юм бичиж чадахгүй байгаа. Хэрэгт хуулбар нь байгаа газрын гэрчилгээний эх хувь Ч.Нарангэрэлд байгаа тул түүнээс гэрчилгээгээ гаргуулмаар байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь хариуцагч Г.Түмбаяраас зээлийн гэрээний үүрэгт 9,569,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 4,019,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийн, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийн, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,920,000 төгрөгийн, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 2,200,000 төгрөгийн буюу нийт 9,120,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, мөн өдрүүдийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Г.Түмбаярын Хаан банкны 5031113456 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

Талууд энэ үйл баримтад маргаагүй тул шүүх нотлох шаардлагагүй болно.

 

Харин нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн эсэх талаар маргасан.

 

Нэхэмжлэгч энэ 5,000,000 төгрөгт холбогдох шаардлагаа нотлох зорилгоор хариуцагч Г.Түмбаярын гарын үсэг бүхий гэх тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргасныг хариуцагч өөрийн гарын үсэг биш гэж маргасан тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, “тэмдэглэлийн дэвтэр дээрх бичвэрүүдийг Г.Түмбаяр бичсэн эсэх”-ийг тодруулахыг хүссэн боловч хариуцагч Г.Түмбаярын гар хугарснаас гарын үсэг, бичгийн хэвийн загварыг чанарын адилтгалын шинжилгээний шаардлага хангасан байдлаар шинжээчид хүргүүлэх боломжгүй болсон ба энэ шалтгаанаар захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй, улмаар нэхэмжлэгч гаргасан хүсэлтээсээ татгалзсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргэж, үргэлжлэн явагдсан байна.

 

Нэгэнт тэмдэглэлийн дэвтэр дээрх бичгийн хэв хариуцагчийн бичгийн хэвтэй тохирч байгаа эсэхийг шинжээчээр тодруулах боломжгүй болсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэж, үнэлсний үндсэн дээр тухайн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан

1. Ч.Нарангэрэл нь 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Ариг банк дахь зээлийн 2102011507 тоот дансаар 300,000 төгрөгийн, 2102011505 тоот дансаар 850,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байдал болон тэмдэглэлийн дэвтрийн 6 дахь хуудсанд “1 сая –> 2.2 – 3.2 Г.Түмбаяр” гэх бичвэр;

2. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Ч.Нарангэрэлийн 459009122 тоот данснаас 1,450,000 төгрөгийн, Хаан банк дахь Ч.Нарангэрэлийн 5032361124 тоот хугацаагүй хадгаламжийн данснаас 1,650,000 төгрөгийн зарлага тус тус гарсан байдал болон тэмдэглэлийн дэвтрийн 7 дахь хуудсанд “3 сая => 2.12 – 3.12 => Г.Түмбаяр /г.гэрчилгээ/” гэх бичвэр зэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 614 тоотын 386 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь Г.Түмбаяр, Ө.Энхбаатар, Э.Гансэлэм нар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000032552 тоот гэрчилгээний хуулбар /хх-ийн 8 тал, баримтын үнэн зөвд талууд маргаагүй тул үнэлсэн/, хариуцагчийн өөрийн гараар бичигдсэн “Г.Түмбаяр” гэх /хх-11, 15, 20 тал/ бичвэрийн бичгийн хэв, талуудын тайлбараар тогтоогдсон 2015 оны 1 дүгээр сарын 14-ний 2,000,000 төгрөг, 15-ны 3,000,000 төгрөг, 26-ны 2,200,000 төгрөгийн талаар тус тус тэмдэглэлийн дэвтрийн 2, 3, 5 дугаар хуудсанд тэмдэглэж, Г.Түмбаяр гэх нэр бичигдсэн байдал зэргийг харьцуулан үзвэл шүүх зохигчид шилжүүлсэн зээлийн хэмжээ, хугацааг тэмдэглэж, дэвтэр дээр авсан өгснөө баталгаажуулж гарын үсэг зурдаг байсан гэх дүгнэлтэд хүрч байх тул нэхэмжлэгчийн гаргасан “2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлдэгч Г.Түмбаярт шилжүүлэн өгсөн, үүнийгээ баталгаажуулж тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасанд үндэслэн зохигчдын хооронд 13,120,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Хуульд зээлийн гэрээг заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул шүүх зохигчдын хооронд амаар байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч буцаан өгөх үүрэгтэй.

 

Зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, талууд гэрээг ямар хугацаагаар байгуулсан талаар тайлбарлаагүй, нэхэмжлэгч зээлийг буцаан шаардсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх Г.Түмбаяраас зээлийн төлбөр гаргуулах иргэний хэрэгт өөрийгөө З.Хүрэлсүхээр төлөөлүүлэх итгэмжлэлийг Ч.Нарангэрэлээс олгосон 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг зээлийг буцаан шаардсан өдөр гэж үзэж, Г.Түмбаярыг үүнээс хойш 1 сар буюу 2016 оны 4 дүгээр сарын 25-ны дотор авсан зээлээ төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэв.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс зээлээ буцаан шаардсан даруйд хариуцагч нь тохирсон, эсхүл хуульд заасан хугацааны дотор авсан зээлээ эгүүлэн төлсөн бол нэхэмжлэгч түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг шүүхээр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэл гаргахгүй, шүүхийн ажиллагаанд өөрийгөө бусдаар төлөөлүүлэх итгэмжлэл олгохгүй байсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх итгэмжлэл олгосон өдрийг зээл буцаан шаардсан өдөр гэж үзсэн болно.    

 

Хэргийн баримтаар хариуцагч Г.Түмбаяр нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 120,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 71,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 640,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 40,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 100,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 50,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг буюу нийт 5,101,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Нарангэрэлийн Хаан банк дахь 5032361124 тоот дансаар дамжуулан төлсөн болох нь Г.Түмбаярын Хаан банк дахь 5031113456 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгчээс авсан 13,120,000 төгрөгийн зээлээс хариуцагч 5,101,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч одоо үлдэх 8,019,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд шүүх хариуцагч Г.Түмбаяраас 8,019,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь Г.Түмбаяр, Ө.Энхбаатар, Э.Гансэлэм нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002897 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 614 тоотын 386 м.кв газрын өмчлөх эрхийн 000032552 тоот гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн тайлбар гаргасан ч энэ талаар шаардлага гаргаагүй тул шүүх энэ асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдая.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Түмбаяраас 8,019,000 төгрөгийг гаргуулж Ч.Нарангэрэлд олгож, Ч.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА