Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 555

 

                                                                                                                                                                                                                                              

                                                                    

 

 

 

 

 

 

 

           П.Гд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Дэлгэрмаа,

Хохирогч М.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн болон хохирогч М.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Гд холбогдох эрүүгийн 1803000010065 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Пүрэвсүрэнгийн П.Г, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: /,

  

   П.Г нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Шижир” хүнсний дэлгүүрийн баруун замд П.Ган-Эрдэнийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 49-11 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: П.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Гантулгыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Гантулгын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Г, иргэний хариуцагч П.Ган-Эрдэнэ нараас 667.434 /зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч М.Ц  /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочины 1 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, РД: ХЖ73011803/-д олгож, хохирогч М.Ц ажилгүй байсан хугацааны   цалин, бусад хохирол, хор уршигтай холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч П.Гантулгын жолоочийн В ангиллын 1091149 дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох П.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээр шийтгүүлсэнд туйлаас гэмшиж харамсаж байна. Миний бие энэ хэрэгт холбогдсонд өөрийн бурууг ойлгож анхнаас нь гэм бурууг хүлээж, байцаагчид үнэн зөвөөр мэдүүлж, хохирогч эмэгтэйг эмнэлэгт эргэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Миний бие шүүхээс надад оногдуулсан ялыг эсэргүүцэж гомдоллоогүй. Би 2017 оны 5 дугаар сард цэрэгт явж алба хааж байх хугацаанд аав минь тал цус харваж, эхнэр, нялх хүүхэдтэйн улмаас ар гэрийн гачигдлаар 2017 оны 12 дугаар сарын 7-нд цэргийн албанаас халагдаад удаагүй энэ хэрэгт холбогдсон юм. Одоо аав минь эмнэлгийн хяналтад байдаг, хүүхэд минь эхийнхээ байнгын асрамжид торниж байна. Та бүхэн П.Г надад холбогдсон хэргийг хянан үзэж нас өндөр бие муутай аав, нялх балчир үр, хань ижлийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэлээр хөнгөлж өгнө үү гэж чин сэтгэлийн угаас хичээнгүйлэн хүсэж буйг минь хүлээн авна уу...” гэв.

 

Шүүгдэгч П.Гантулгын өмгөөлөгч Г.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс П.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар жолоодох эрх хасаж, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Автотээврийн ослын гэмт хэрэг нь тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон явган зорчигчийн анхаарал болгоомжтой холбоотой үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ тухай би шүүх хуралдаанд хэлсэн. Хохирогчийн зүгээс буруу ойлголттой байх шиг байсан. Үүнийг зөв ойлгох байх гэж би бодож байна. Хохирогч анх 18.350.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Бодит хохирлыг тухай асуудлыг шүүх хавтаст хэрэгт цугларсан материалд түшиглэн 2.418.608 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон. Үүнээс шүүгдэгчийн хувьд 1.748.174 төгрөгийг төлсөн байсан. Шүүх нотлох баримтад дүгнэлт хийгээд 667.434 төгрөгийг хохирлын үлдэгдэл байна гэж анхан шатны шүүх тогтоож, хохирогчид 667.434 төгрөгийг хохирол нэмж гаргуулах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Энэ хохирлыг давж заалдах гомдол гаргахаас өмнө буюу хохирогч М.Цын дансанд 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төлсөн. Энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хохирогчийн давж заалдах гомдлоос дүгнэхэд “Шүүх надад 667.434 төгрөгийн хохирол гаргаж өгсөн. Ийм байхад шүүгдэгчид ийм ял шийтгэл оногдуулсан” гэж ойлгоод байх шиг байна. Мөн шүүгдэгч П.Гантулгын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн цаг үеэсээ эхлээд цагдаагийн байгууллага, түргэн тусламжийг дуудсан, эмнэлэгт аваачсан, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь эргэж тойрч байсан, эмчилгээний төлбөрийг нь төлж байсан гэх мэт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Нөгөө талаар анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээсэн, гэм буруугийн асуудалд маргаагүй, ямар нэгэн төлбөр гарсан тохиолдолд төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал байсан. Мөн П.Гд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглээгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад хохирол арилаагүй гэх байдлаар шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж П.Гд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогч М.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх хуралд өөрийн санаагаа илэрхийлж чадаагүй. Би одоо ч гэсэн энэ гэмт хэргийн шокноос гараагүй байгаа. Би маш их гомдолтой байна. Миний хөл байнга өвддөг. Би шөнө унтаж чадахгүй байгаа. Хамгийн түрүүнд шүд, хөлөө эмчлүүлмээр байна. Надад одоохондоо эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй. Шүүгдэгчийн зүгээс надад 1.700.000 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь зөвхөн шинжилгээ, оношлогоонд л зарцуулагдсан. Би эмнэлэгт байх хугацаандаа шүүгдэгчийг өөрөө байнга дуудаж эдгээр мөнгийг авдаг байсан. Би түрүүлж өөрөө мөнгө өгч эмчилгээ хийлгээд дараа нь энэ хүнээс мөнгөө авдаг байсан. Энэ хүн надад сэтгэлээрээ ирээд нэг удаа уучлалт гуйж, уулзаж, миний биеийн байдлыг асууж үзээгүй. Хагалгаанд орох үед ч гэсэн “надад хагалгаанд орох мөнгө хэрэгтэй байна” гэхэд “надад байхгүй эгчээ, би дараа нь өгье” гэж хэлж байсан. Би одоогоор хөл, шүд эмчлүүлэх 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ энэ хохирлыг төлөхгүй бол энэ хүнийг эдлэх ялаа эдлээд гараасай гэж хүсэж байна” гэв.

 

Хохирогч М.Цын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар тусгасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзвэл өмгөөлөгчийн тооцоогоор эмчилгээний зардалтай холбоотой баримт 2.835.457 төгрөг байдаг. Үүнийг анхан шатны шүүхэд 1.300.000 төгрөгийн хохирлыг үнэлсэн. Хохирогч хөлөө хугалсан. Өөрөө явж чадахгүй сахиулж байсан. Үүнтэй холбоотой гарсан зардал буюу шатахууны зардал буюу 724.300 төгрөг гарсан. Мөн хохирогч нь тухайн үед ажил эрхэлдэг байсан. Энэ талаар ажиллаж байсан газрын тодорхойлолт хавтаст хэрэгт байдаг. Мөн нэг сарын хугацаанд дүү нь ажлаасаа чөлөө авч асарсан байдаг гэх мэт энэ байдалтай холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүхээс нийгмийн даатгалын дэвтэрийг нотлох баримтаар шаардсан. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан. Энэ нь хор уршгийг арилгахад гарсан зардлыг тогтооно гэсэн утгатай. Тэгэхээр хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан. Ажилтай байсан бөгөөд 300.000 төгрөгийн цалин авдаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эмчилгээний зардалтай холбоотой баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн осолд орохоос өмнө “Номгон гол” ХХК-д ажилладаг байсан талаар хүсэлт, ажлын газрын тодорхойлолт, мөн хохирогчийн төлөөлөгч Даамай гэх хүний “Наран тойром” ХХК-д ажилладаг талаар өөрийн хүсэлт, ажлын тодорхойлолт зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан байсан. Хэрвээ нэг сарын цалин 300.000 төгрөг авдаг байсан талаар бодвол 1-6 сарын хугацаанд 1.800.000 төгрөг, иргэн Даамайгийн ажлаасаа чөлөө авч асарсан болон тооцоолоогүй гаргасан 1.300.000 төгрөгийн үлдэгдэл 1.535.457 төгрөг гарч байгаа юм. Эдгээр зардлуудыг харахад гэмт хэргийн улмаас учирсан бодит зардал нь 6.243.042 төгрөгийн зардал гарсан. Үүнээс шүүгдэгчийн хувьд 1.700.000 төгрөг, сүүлд нь 600.000 төгрөгийн төлсөн. Ийм үлдэгдэл хохирлыг нэхэмжилж байна. Мөн хохирогчийн гомдолтой санал нэг байна. Иймд хохирлын асуудлыг шийдвэрлэж, тухайн зүйл ангид заасан ялын хэмжээнд нь шүүгдэгчид ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “П.Гд холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцсон. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь өөрөө хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хохирогчийн биед учирсан хохирол, хор уршиг нь бүрэн арилаагүй гэсэн үндэслэлээр улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх санал гаргасан. Шүүхээс тухайн саналыг үндэслэлтэй гэж хүлээн авч улсын яллагчийн саналын дагуу шийдвэр гаргасан. Мөн энэ гэмт хэрэг нь иргэний нэхэмжлэл дээр маш цаг алддаг. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шинэчилсэн байцаалтаар хохирол баримтаар 2.415.608 төгрөгийн хохирол гарснаас мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч 1.748.000 төгрөгийг төлсөн байсан. Үлдсэн 667.434 төгрөгийг 6 сарын хугацаанд шүүгдэгчээр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Энэ хэрэгт хэргийн зүйлчлэл болон оногдуулсан хариуцлагын талаар шүүхээс хуулийг буруу хэрэглээгүй, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, шүүгдэгчийн хувийн байдлыг тохируулж, учирсан хохирлыг хэрхэн төлсөн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Г нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Шижир” хүнсний дэлгүүрийн баруун замд П.Ган-Эрдэнийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 49-11 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Цын мэдүүлэг /хх-23-24/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даамайгийн мэдүүлэг /хх-28-29/, иргэний хариуцагч П.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-58/, гэрч Х.Нарантуяагийн мэдүүлэг /хх-62/, гэрч Ц.Энхболдын мэдүүлэг /хх-65/, шүүгдэгч П.Гантулгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-93/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-68/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-74-83/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-13/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Гантулгын гаргасан “...П.Г надад холбогдсон хэргийг хянан үзэж нас өндөр бие муутай аав, нялх балчир үр, хань ижлийг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн шийтгэлээр хөнгөлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн гаргасан “...Гантулгын хувийн байдлууд болон бодит хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөлж, тэнсэж өгнө үү...” гэсэн,

хохирогч М.Цын гаргасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч П.Гас бүрэн гаргуулж, П.Гд оногдуулсан хорих ялыг тухайн зүйл ангид оногдуулсан ялын дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс П.Гд оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ...бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгч П.Гантулгын үйлдсэн гэмт хэрэгт хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ...тэнсэж болно.” гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй байна. Иймд шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Мөн анхан шатны шүүхээс хохирол төлбөрийн талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирлын асуудлыг зөв шийдвэрлэсэн байна. Мөн хохирогч М.Ц нь ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогч М.Цын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн болон хохирогч М.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ