Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 100

 

Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд,

И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Х.Ермекийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг,

шүүгдэгч Б.Явуухулангийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч И.Гомбо-Очирын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис,  

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар магадлалтай, 2014260000399 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг, шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Керейхаражанауле овогт Хайсагийн Ермек нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсгүүдэд заасан “Урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авах, хадгалах, борлуулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Энхтүвшингийн Агар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсгүүдэд заасан “Урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авах, хадгалах, борлуулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

2003 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялын зарим буюу 6 сарыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоног баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хонгорынхон овогт Баатарын Явуухулан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамжигчаар оролцох” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Баасангийн Энхболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамжигчаар оролцох” гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мандал овогт Ихбаярын Гомбо-Очир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мэргэн овогт Энх-Амарын Уянга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарын шүүгдэгч Б.Энхболдтой бүлэглэн И.Гомбо-Очирт “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан хэргээс шүүгдэгч Б.Энхболдтой бүлэглэсэн гэсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Э.Агарыг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт;

шүүгдэгч Х.Ермекийг ганцаараа болон урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт;

шүүгдэгч Б.Явуухуланг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

шүүгдэгч Э.Уянгыг “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ганцаараа болон бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

шүүгдэгч Б.Энхболдыг ганцаараа болон бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

шүүгдэгч И.Гомбо-Очирыг бүлэглэж “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 01 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 01 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланг 10 жил 01 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт тус тус оногдуулсан 1 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарт тус тус оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт тус тус оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: прокуророос Б.Явуухуланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон өөрчилж,

1 дэх заалтад “Х.Ермек, Э.Агар нар бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг хүчингүй болгож,

3 дахь заалтын “Б.Явуухуланг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,” гэснийг, “Б.Явуухулан нь ганцаараа болон бүлэглэн, давтан үйлдлээр “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Явуухуланг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял” гэж,

6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Явуухуланд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж,

7 дахь заалтын “...цагдан хоригдсон шүүгдэгч Х.Ермекийн 571 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэснийг “...цагдан хоригдсон шүүгдэгч Х.Ермекийн 572 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэж,

8 дахь заалтын “...эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone-5” гар утсыг улсын орлогод оруулсугай.” гэснийг “...ялтан Х.Ермекийн эзэмшлийн “Iphone 5S” загварын гар утсыг Х.Ермект буцаан олгосугай.” гэж,

9 дэх заалтын “...Б.Энхболд 168 хоног, Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 182 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэснийг “...Б.Энхболд 169 хоног, Э.Уянга 101 хоног, И.Гомбо-Очир 212 хоног, Б.Явуухулан 427 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, Б.Явуухуланг нэн даруй суллаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Ермек, түүний өмгөөлөгч, З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.Агар, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Бурмаа, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг, Б.Тэнгис, Ч.Баднайнямбуу, Л.Ганцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ермек хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын шатанд гэрч, сэжигтэн нарыг өмгөөлөгчгүй, айлган сүрдүүлэн зодож авсан мэдүүлгийг нотлох баримт болгон ялласан бөгөөд өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг өгсөн боловч авч хэлэлцээгүй. Мөрдөн байцаагч А.Амарбат нь Б.Явуухулан, Э.Уянга нарт “Х.Ермекийг яллах хэрэгтэй  байна, та хоёр зүгээр зохиомлоор явж байгаа” гэж хэлээд, тэр хоёроос “Ермекээс удаа дараа мансууруулах бодис авсан” гэх мэдүүлгүүдийг зохиомлоор авсан байдаг. Э.Уянга анх гэрчээр мэдүүлэгтээ: “Х.Ермек, Б.Явуухулан нараас тус бүр 2 удаагийн үйлдлээр мансууруулах бодис авсан” гэж мэдүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Э.Уянгын Б.Явуухулангаас 2 удаа авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон атлаа надаас 2 удаагийн үйлдлээр авсан гэх үйлдлийг  хэвээр үлдээж, хэт яллах талыг баримтласан. Э.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт болсон явдлыг үнэн зөвөөр “Х.Ермекийг зүс танина, харин мансууруулах бодис авсан зүйл огт байхгүй, Б.Явуухуланд мансууруулах бодис байсан, тэрийг Б.Явуухулантай хамт хоёр удаа хэрэглэсэн” гэж удаа дараа мэдүүлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй.

Мөн И.Гомбо-Очирт мансууруулах бодис зарсан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байдаггүй, би түүнд мансууруулах бодис зарж байгаагүй тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Б.Энхболдод 800,000 төгрөгөр мансууруулах бодис худалдсан гэж үзэж байгаа бөгөөд энэ тухай нотлох баримт байхгүй болно. Миний бие Б.Энхболдод мансууруулах бодис зараагүй, харин Б.Энхболд нь Х.Ермекээс мансууруулах бодис худалдаж аваагүй, “Чука” гэдэг хүнээс авч, хэрэглэсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн байх тул энэ үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие мансууруулах бодис  хууль бусаар олж авсан гэм буруутай юм. Анх удаа “Мөнгөн тойг” зочид буудалд Э.Агартай хамт мансууруулах бодис хэрэглэж үзсэн. Мөн Б.Явуухуулан надаас гуйсны дагуу түүнд үнэгүй өгсөн нь үнэн болно. Энэхүү гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэрийн хувьд өндөр настай эцэг, эх болон нялх хүүхэдтэй эхнэртэй, гэм буруугаа маш сайн ойлгож ухаарсан бөгөөд удаан хугацаанд цагдан хоригдож биеийн байдал маань дордсон. Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хэрэв шүүх гэмт хэрэгт нотлогдсон гэж үзвэл анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Х.Ермекийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: 1.Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1, 321.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу болсон. “Давтан үйлдлээр урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар, мөн “урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн. Тодруулбал, “Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэж давхардуулан буюу хоёр удаа зүйлчилснээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар “урьдчилан үгсэж тохиролцсон уу, эсвэл зохион байгуулалттай бүлэг үү, үгүй бол гэмт бүлэглэл үү гэдгийн аль болохыг ялгаж салгалгүй шүүгдэгч Х.Ермекийн эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буруу хэрэглэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасангүй. Тухайлбал, яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ялгаж салгасангүй. Ер нь Х.Ермекэд холбогдох эрүүгийн хэргийн “...мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэг талыг буюу хэт яллах талыг барьж, гүйцэд биш хийсэн, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” зэргээр хэргийн байдалтай нийцэхгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтуудыг зөрчлөө. Х.Ермекэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтооход онцгойлон ач холбогдол өгч анхаарсангүй.

Прокурор У.Дэндэвдорж нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 39 дүгээр яллах дүгнэлтдээ: Х.Ермекийг бусадтай бүлэглэн болон ганцаараа давтан үйлдлээр олон улсын нэршлээр “Iсе” мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар хоёр удаа, 192 дугаар зүйлийн 192.3.4, 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар нэг удаа тус тус яллах дүгнэлт үйлджээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.1, 214.1.2, 214.1.3, 214.1.4, 214.1.7 дахь хэсэгт заасныг сайтар хяналгүй, дутуу зүйлчиллээ.

 Анхан шатны шүүхээс Х.Ермекэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх эрүүгийн хэргийн зүйлчлэл тус бүрээр асуудлыг нэг бүрчлэн нягталж үзээгүй.Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Х.Ермекийг үйлдэл тус бүртээ яллагдахаар бичсэн байх ба шүүх прокурорын яллах дүгнэлтэд заасан үйлдэл тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдлүүдэд нь нэг удаа ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь “...Хэргийн зүйлчлэл тус бүрээр асуудлыг нэг бүрчлэн нягталж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 671 дүгээр магадлалын заалтын шаардлагыг хангаагүй. Энд тэмдэглэхэд, хамгийн сүүлд гарсан давж заалдах шатны шүүхийн 2017 оны 112 дугаар магадлалаар өмнөх 2016 оны 671 дүгээр магадлалын заалт хэрхэн биелсэн эсэхэд хяналт тавьсангүй.

Давж заалдах шатны шүүхээс Х.Ермек нарт холбогдох хэргийг хянаад, Х.Ермекэд анхан шатны шүүхээс зүйлчилж ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийн зарим болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсгээр зүйлчилсэн ял үлдсэн байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад ямар нэгэн өөрчлөлт оруулалгүй, хэвээр үлдээсэн нь буруу болсон гэж үзэж байна.

Х.Ермек сэжигтнээр анх байцаалт өгөхдөө: “Намайг мөрдөн байцаах газрын 1 өрөөнд оруулж, том биетэй гурван залуугаар зодуулж, найз чинь хэргээ хүлээсэн, хэргээ хүлээ гэхээр хүлээсэн” гэжээ. Х.Ермек ял сонсож яллагдагчаар байцаагдахдаа: “Нэг том биетэй залуу миний гарыг ард гавласан. Би гар утсыг н.Жавхлан гэдэг хүнээс худалдаж авсан. Харин Э.Уянгаас ямар нэгэн гар утас аваагүй" гэжээ. Мөрдөн байцаагч А.Амарбат хэргийг зохиомлоор бүрдүүлж, бүгдийг өөрийн дураар, хууль бусаар, хүчээр тулгасанд Х.Ермек гомдолтой байдаг. Тухайлбал, Э.Агар, Б.Явуухулан, Х.Ермек нарт зохиомол хэрэг хүлээхийг удаа дараа шаардаж, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, хуурч мэхлэх замаар мэдүүлэг авах зэргээр зодож нүдэн, ”Э.Агар хэргээ хүлээсэн, үйлдсэн хэрэг чинь нэгэнт тогоогдсон тул Х.Ермекийг хэргээ ярь” гэх зэргээр албадан мэдүүлгүүд авч байжээ. Энэ тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс болон прокурорын газарт гомдол гаргахад шалгаагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлж, мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулахдаа ... хүнлэг бус, хэрцгий харьцаж... мэдүүлэг, тайлбар авсан гэж мэдүүлцгээсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 92 дугаар зүйлийн 92.4, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх заалтуудын шаардлагыг зөрчжээ. Ийнхүү нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг онцгойлон анхаарч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна.

 Прокуророос Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцож мансууруулах бодисыг борлуулах зорилгоор Монгол Улсын хил нэвтрүүлсэн, “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Э.Уянга, И.Гомбо-Очир, Б.Энхболд, Б.Явуухуулан нарт борлуулсан гэж яллаж буйг хүлээн зөвшөөрөхгүй.

Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн мансууруулах бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэлд зөвхөн Х.Ермек, Э.Агар нарын мэдүүлэг авагджээ. Тэдгээр нь ямар төрлийн, тухайлбал “Iсе” мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар яаж нэвтрүүлснийг тогтоогоогүй байхаас гадна уг бодисыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ч аваагүй байж “Iсе” мансууруулах бодис гэж тогтоож байгаа нь эргэлзээтэй. Яллагдагч нарыг өөрсдийнх нь мэдүүлгээр яллаж, ял шийтгэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг зөрчиж байна. Иймээс энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Х.Ермек, Э.Агар нар “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсан тул уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн дээрх этгээдэд мансууруулах бодисыг борлуулсан гэж яллагдагч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан боловч уг бодис болон гар утас, мөнгө зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Түүнчлэн шинжилгээнд ч өгөөгүй байж “Iсе” мансууруулах бодис гэж тогтоож, яллаад байгаа нь эргэлзээтэй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар огт өөрөөр буюу эсрэгээр мэдүүлцгээдэг. Х.Ермек нь Э.Уянгыг зүс танина, гэхдээ түүнтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис өгөх гэж уулзаж байгаагүй гэж хэлдэг. Э.Уянга нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис татаж байгаад баригдсан байсан. Харин Б.Энхболдыг огт танихгүй гэж хэлдэг.

Х.Ермек нь И.Гомбо-Очиртой тоглож байгаад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис биш, харин давс булаалгуулсан гэж мэдүүлдэг. Эдгээрийг гаднаас нь харахад адилхан цагаан өнгөтэй. И.Гомбо-Очир нь тухайн үед Х.Ермекээс юу авснаа мэддэггүй, гэр рүүгээ явах замдаа хаясан гэдэг. Анхан шатны шүүхээс Б.Энхболдын бусадтай буюу Х.Ермек, Э.Агар нартай “урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон.

Х.Ермек анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохиролгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, урьд нь тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй зэрэг байдлууд тогтоогдож байна.

Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад бүхэлд нь дүгнэлт хийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Х.Ермекэд холбогдох хэргээс “Мөнгөн тойг” зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хэрэглэж байгаад баригдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэйг анхаарч, бусад хэргийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Ермекийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Х.Ермек нь шүүхийн шатанд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр оруулж нэвтрүүлсэн гэх үйлдэл болон хэргийн бусад байдлыг үнэн зөвөөр мэдүүлж хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн дугаар 02 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 112 дугаар магадлалд шүүгдэгч Х.Ермек нь бусдад төлөх төлбөргүй болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгааг тусгасан байх ба энэ нь Х.Ермекийн хувийн байдлын хувьд үйлдсэн хэрэгтээ хандаж буйг харуулж байна. Шүүгдэгч Х.Ермек нь хэрэгт холбогдохоосоо өмнө өндөр насны эцэг, эх, 01 насны хүүхдийн хамт амьдарч байсан, эцэг эх нь биеийн эрүүл мэндийн байдал муу, асаргаа сувилгаанд байдаг талаарх баримт хавтаст хэрэгт удаа дараа авагдсан байдаг.

Иймд дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын илрэл болсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас хөнгөрүүлж өгнө...” гэв.

Шүүгдэгч Х.Ермекийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2, 284.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй болох нь дор дурдсан байдлаар нотлогдоно. Тухайлбал: Х.Ермек нарт холбогдох хэргийг 3 жил гаран хугацаанд шалгаж, анхан шатны шүүхээс 3, давж заалдах шатнаас 2 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Энэ нь тухайн гэмт хэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүд нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шийдвэр болж чадаагүй юм. Х.Ермекийг Э.Агартай бүлэглэн Монгол Улсын хилээр мансууруулах бодис  оруулж ирсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байхад зөвхөн түүний анхны өмгөөлөгчгүй, мансуурсан байдалтай байхад өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байх тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, зөвхөн яллагдагч нарын эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэсэн нь учир дутагдалтай болсон. Э.Уянгын удаа дараагийн мэдүүлгийг анхаарч, дүгнэлт хийгээгүй. Хэрэгт Х.Ермек нь ямар төрлийн мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, хил нэвтэрсэн зэргийг тогтоогоогүй байхаас гадна эд мөрийн баримтаар хурааж аваагүй.

Иймд Х.Ермекэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Агарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Х.Ермек, Э.Агар нарт холбогдох Хятад улсад байх хугацаандаа мансууруурлах төрлийн бодис борлуулах зорилгоор олж авч хадгалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор яллах дүгнэлтэнд авагдсан Х.Ермектэй бүлэглэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бий болж байна.

Давж заалдах шатны шүүхээс Э.Агар нарыг Хятад улсад мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгоор олж авч хадгалсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн хэрнээ Х.Ермек, Э.Агар нар нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор “Ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд нь Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаа болон гэрч нарын мэдүүлэг, автомашин барьцаалсан зээлийн гзрээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн нь дээрх гаргасан шийдвэртэйгээ зөрчилдөж байна гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Ермек, Э.Агар нарын мөрдөн байцаалтын эхэн үед өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай. Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаа автомашин барьцаалсан зээлийн гэрээ зэрэг нь Х.Ермек, Э.Агар нарыг мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх нотлох баримт болохгүй бөгөөд яллах талын үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай болно.

Анхан шатны шүүхээс Э.Агарыг Х.Ермектэй бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзэж ял халдаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Б.Цэцэгмаа, Т.Цэрэнпагма, Н.Занабазар гэсэн нэр бүхий хэдэн залуус уг өрөөнд байсан ба Б.Оргил, Б.Цэцэгмаа, Т.Цэрэнпагма, Н.Занабазар нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт авагдсанаар бүгд нийлээд “мөс” хэмээх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж үзсэн байдаг. Уг бодисыг борлуулах буюу зарах үйлдэл байгаагүй болохыг мэдүүлж нотолсон байдаг. Э.Агар нь Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцож И.Гомбо-Очирт “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулахад хамтран оролцсон гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдоогүй. Х.Ермек, Б.Энхболд, И.Гомбо-Очир нарын мэдүүлэгт Э.Агарын оролцооны талаар тодорхой мэдээлэл, эх сурвалж байхгүй. Анхан шатны шүүхээс Э.Агарыг энэ үйлдэлд ямар оролцоотой оролцсоныг нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байгааг анхаарч үзсэнгүй.

Энэ талаар Э.Агарын мөрдөн байцаалтад өгсөн “...Х.Ермек намайг өөрийнхөө байранд хүрээд ирээч гэхээр нь 1 дүгээр хорооллын 24 дүгээр байрны гадаа очиход Х.Ермек гарч ирсэн бөгөөд надтай уулзаад би энэ хүмүүст юм зарах гэж байна гэж хэлээд 70-78 дугаартай “Бенз” маркийн саарал өнгийн машинтай залуучуудтай уулзсан, би очоогүй сүүлд нь тэр тухай мэдсэн...” гэх мэдүүлгээр түүнийг Х.Ермек, Б.Энхболд нартай урьдчилан үгсэн тохиролцсон, “мөс” борлуулахад хамтран оролцсон гэж үзсэн нь нотлох баримтад тулгуурласан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Мөн яллах дүгнэлтэд авагдсан үйлдлүүд болж буй гэх цаг үед Э.Агар нь 89981333 дугаарын гар утастай байсан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэргийн холбогдогч нартай холбогдсон удаа байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ тухай заахдаа “...шүүгдэгч нар бие биенээ танихгүй огт холбогдож байгаагүй гэх боловч шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, Б.Энхболд, И.Гомбо-Очир нар тэдэнд холбогдох тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өөр хоорондоо гар утсаар олон удаа мессэж бичсэн, залгасан нь нотлогдсон болно”...хэмээн дүгнэжээ. Энэ нь Э.Агарын дээрх үйлдлүүдэд оролцоогүйг нотолж байна хэмээн үзэхээр байна. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан “Яллагдагч нар нь өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэснийг шүүх зөрчсөн. Иймд Э.Агарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Э.Агар, Х.Ермек хоёрыг метамфетамин буюу олон улсын нэрлэснээр “Ice” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2014 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хэрэглэсэн буюу мансуурсан үед нь өмгөөлөгчгүйгээр хэд хэдэн эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчдын авсан мэдүүлэг, мөн Гаалийн Ерөнхий газраас хийсэн шалган нэвтрүүлэх албаны хяналт шалгалтаар илрүүлэх боломжгүй хууль бус арга хэрэглэсэн гэсэн хоёр нотлох баримтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Харин өмгөөлөгч би мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, өөрөөр хэлбэл мансуурсан үед нь авсан мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар олж авсан нотлох баримт гэж үзэхгүй байгаа болно. Мөн Гаалийн байгууллагаас шалган нэвтрүүлэх албаны хяналт шалгалтаар илрүүлэх боломжгүй арга хэрэглэсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Ийм учраас давж заалдах шатны шүүх Э.Агар, Х.Ермек хоёр нь бүлэглэн дээрх бодисыг борлуулах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож метамфетамин бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл БНХАУ-аас дээрх бодисыг олж авсан хадгалсан гэх үйлдэл хэрэгсэхгүй болсон. Э.Агарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг нэвтрүүлсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсноор Э.Агарт дээрх зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон болно.

Харин Э.Агар нь Х.Ермек, Б.Энхболд хоёртой бүлэглэн И.Гомбо-Очирт 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож дээрх бодисыг борлуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно. Гэтэл Э.Агар нь Б.Энхболд, И.Гомбо-Очир хоёрыг хэрэг үйлдсэн өдөр буюу 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр огт таньдаггүй, түүгээр ч барахгүй Б.Энхболд, И.Гомбо-Очирыг нэг ч хараагүй, өөрөөр хэлбэл Монгол Улсад Б.Энхболд, И.Гомбо-Очир гэдэг хоёр иргэн байдгийг мэддэггүй байсан хугацаа юм. Иймээс Х.Ермек, Б.Энхболд хоёртой урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэж И.Гомбо-Очирт сэтгэцэд нөлөөлөх бодисыг өгөх ямар ч боломжгүйгээс Э.Агар бусадтай бүлэглэн И.Гомбо-Очирт сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан гэх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэсгүй. Хэрэв дээрх гэмт хэргийг Э.Агарыг үйлдсэн гэж үзвэл И.Гомбо-Очирт ямар бодис, ямар хэмжээгээр өгсөн нь нотлогддоггүйг анхаарна уу. Мөн Э.Агарт 2014 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд Х.Ермектэй бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг давтан үйлдлээр борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл энэ өрөөнд хамт байсан гэх иргэд болох Б.Оргил, Б.Цэцэгмаа, Б.Цэрэнпагма, Н.Занабазар нарыг гэрчээр тогтоож дээрх бодисыг хэрэглэсэн гэж урьдчилан мөрдөн байцаалтад тогтоосон.

Хэрэв Э.Агар Х.Ермектэй бүлэглэн уг бодисыг дээрх иргэдэд борлуулсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх байсан. Иймээс Э.Агарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон өөрчилж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж Э.Уянгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарыг өөрсдийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэн гэм буруутай гэж үзэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийг зөрчсөн. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 431 тоот шийтгэх тогтоолоор 4 удаагийн үйлдэл, харин 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор 3 удаагийн үйлдлээр Э.Уянга нь Х.Ермек, Б.Явуухулан нараас олж авсан, хадгалсан, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 94 тоот шийтгэх тогтоолоор 4 удаагийн үйлдлээр гэж шийтгэх тогтоол тус бүрт өөр өөр дүгнэн шийдвэрлэсэн байдаг. Мөн Э.Уянгын 500,000 төгрөгөөр авсан гэх нэг үйлдэл нь огт дурдагдаагүй, хавтаст хэрэгт хэрхэн яаж шийдвэрлэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байдаг.

Э.Уянгын төлбөрийн хэрэгсэл болгосон гэх саарал өнгийн “I Phone-5” маркийн гар утас нь Х.Ермекийн хэрэглэж байсан гэх “IPhone-5S” маркийн хар өнгийн гар утас болон өөрчлөгдсөн. Хавтаст хэрэгт авагдсан “гар утас худалдан авсан баримтаас" үзэхэд Х.Ермекийн өөрөө худалдан авсан гар утас байдаг. Мөн хавтаст хэрэгт 8 удаагийн яллах дүгнэлт авагдсан байна. Эхний яллах дүгнэлтээр Э.Уянгыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэх зэргээр цаг хугацааг маш тодорхой бичиж байсан бол дараа дараагийн яллах дүгнэлтүүдэд хугацаа нь 2, 3 дугаар сар гэх зэргээр тодорхойгүй болж өөрчлөгдсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар дугаар зүйлийг зөрчсөн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Э.Уянгыг борлуулах зорилгогүйгээр олж авч хадгалсан гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 320, 321 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Уянгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Явуухулангийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Явуухулан болон миний зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй тул магадлалын Б.Явуухуланд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч И.Гомбо-Очирын өмгөөлөгч Л.Ганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: Хяналтын журмаар гомдол гаргаагүй учраас тусгайлан гаргах саналгүй байна гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, И.Гомбо-Очир, Э.Уянга нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлтүүд, утсан харилцаа холбоог шалгасан нотлох баримтууд болон бусад ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг хангалттай нотлон тогтоосон. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан нотлох баримт, үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруу, хувийн байдалд тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Энхболдод хамаарах заалтуудаас бусад хэсэг нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Ермек нь давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сард Б.Энхболдод мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 800,000 төгрөгөөр борлуулсан,

2014 оны 02 дугаар сард Б.Явуухуланд мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг борлуулсан,

2014 оны 02 дугаар сараас 2014 оны 03 дугаар сарын хооронд Э.Уянгад мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 400,000 төгрөгөөр борлуулсан,

шүүгдэгч Э.Агартай бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Э.Агартай бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Б.Явуухулантай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 2, 3 дугаар сард Э.Уянгад мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 300,000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрт авч, 2 удаа борлуулсан,

шүүгдэгч Э.Агар, Б.Энхболд нартай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр И.Гомбо-Очирт мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг борлуулсан,

Шүүгдэгч Э.Агар нь нэг удаагийн үйлдлээр Х.Ермектэй бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

шүүгдэгч Х.Ермек, Б.Энхболд нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг И.Гомбо-Очирт борлуулсан,

Х.Ермектэй бүлэглэн борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч Б.Явуухулан нь 2014 оны 02 дугаар сард метамфетаминыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Х.Ермектэй бүлэглэн давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сард метамфетаминыг 300,000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрт авч борлуулахад дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Э.Уянга нь давтан үйлдлээр 2014 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр метамфетаминыг 300,000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсаар худалдан авч Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан,

2014 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд борлуулах зорилгогүйгээр метамфетаминыг 400,000 төгрөг төлж Х.Ермекээс олж авсан, хадгалсан,

2014 оны 02 дугаар сард борлуулах зорилгогүйгээр метамфетаминыг Б.Явуухулангаас хууль бусаар олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч И.Гомбо-Очир нь Б.Энхболдтой бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр метамфетаминыг Х.Ермекээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Агар, Х.Ермек, Б.Явуухулан, Э.Уянга, И.Гомбо-Очир нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдалд нь тохирсон хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Явуухулан, И.Гомбо-Очир, Э.Уянга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас, шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн  188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Харин прокуророос шүүгдэгч Б.Энхболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын Б.Энхболдод холбогдох заалтуудыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нар гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой асуудлын талаар тохиролцсон буюу автомашинаа ломбарданд тавьж мөнгө босгож, уг мөнгөөр мансууруулах бодис олж авах зэргээр урьдчилан үгсэн тохиролцсон нь автомашин барьцаалсан зээлийн гэрээ, ХХЕГ-ын лавлагаа, шүүгдэгч нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх бөгөөд тэд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Метамфетамин буюу олон улсын нэршлээр “Ice” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, уг бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт бусдад борлуулах байдлаар гэмт үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарыг дээрх бодисыг “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд дахин хууль бусаар олж авсан, хадгалсан мэтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх зөвтгөөгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарын “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд Метамфетамин гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ч тэдгээр нь уг бодисыг хууль бусаар олж авах талаар Монгол Улсад урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын нутагт хэрэгжүүлсэн нь нотлогдсон тул хэргийн зүйлчлэл хөнгөрөн өөрчлөгдөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй Монгол Улсын иргэнийг энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул Х.Ермек, Э.Агар нарын борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон Метамфетаминыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарт холбогдох борлуулах зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, 2014 оны 02 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ руу гарч Метамфетамин хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг дээр дурьдсан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Явуухулан нь 2014 оны 02 дугаар сард метамфетаминыг борлуулах зорилгогүйгээр Х.Ермекээс хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн 2014 оны 02 дугаар сард 300,000 төгрөг, “Iphone 5S” загварын гар утсыг төлбөрт авч Э.Уянгад метамфетамин борлуулахад Х.Ермект дэмжлэг үзүүлж, давтан үйлдлээр мансууруулах бодис борлуулах гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байтал давж заалдах шатны шүүх Б.Явуухуланд холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Иймд энэ тухай магадлалын заалтыг хүчингүй болгож, түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг зөвтгөсөн 3 дахь заалтын 7, 9 дэх хэсэг болон шүүгдэгч Х.Ермекэд “Iphone-5S” гар утсыг буцаан олгосон 8 хэсгийг хэвээр үлдээж, магадлалын бусад заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг, шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар магадлалд “шүүгдэгч Б.Энхболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Агар, Х.Ермек, Б.Явуухулан, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох хэргээс шүүгдэгч Б.Энхболдод холбогдох хэргийг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Энхболдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй”,

- шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарт холбогдох хэргээс “Мөнгөн тойг” зочид буудлын 204 тоот өрөөнд Метамфетамин гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор давтан үйлдлээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

- магадлалын шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг зөвтгөсөн 3 дахь заалтын 7, 9 дэх хэсэг болон шүүгдэгч Х.Ермекэд “Iphone-5S” гар утсыг буцаан олгосон 8 хэсгийг хэвээр үлдээж, магадлалын бусад заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

шүүгдэгч Х.Ермек, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Р.Оюунцэцэг, Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Э.Агарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Д.Энхтунгалаг, шүүгдэгч Э.Уянгын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                Ч.ХОСБАЯР